Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 2022/ШЦТ/203

 

                                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Пагма даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дашням 

Улсын яллагч Д.Ганчимэг

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн******* овогт ******* *******т холбогдох эрүүгийн 2221000000198 дугаартай хэргийг 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1991 оны 05 дугаар сарын 13-ны өдөр Дорнод аймгийн ******* суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, хүүхдийн хамт Дорнод аймгийн ******* сумын 11 дүгээр баг, 92-36 тоотод оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй,с овогт ******* ******* /РД: *******/.

Шүүгдэгч ******* нь 2022 оны 05 дугаар сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө 01 цагийн үед Дорнод аймгийн ******* сумын 11 дүгээр баг, 92-36 тоотод орших гэртээ согтуугаар хамтран амьдрагч ******* таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, чих орчим гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ . /Яллах дүгнэлтэд бичсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Би цохъё гэж бодоогүй. Миний толгой руу цохиод байхаар нь алгадчихсан. Гэхдээ хийтэй алгадсан байх...” гэв. 

Хохирогч ******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдөр 21 цагийн орчим Дорнод аймгийн ******* сумын 11 дүгээр баг, 92-36 тоотод хамтран амьдрагч *******тэй үл ялих зүйлээс болж маргалдаж эхэлсэн. 2022 оны 05 дугаар сарын 10-ны шөнийн 01 цагийн орчим ******* нь гэнэт уурлаж босч ирээд тэсэхээ байлаа гээд миний зүүн хацар, чих орчим гараараа 2-3 удаа цохиод намайг “цагдаа дуудлаа шүү” гэхэд гараад явчихсан. ...миний зүүн хацар, шанаа хэсгээр хавдаж улайсан, зүүн чих юу ч сонсохгүй байна...” гэжээ. /хх-ийн 8-12/

Насанд хүрээгүй гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би усанд ороод байж байхад ээж ******* ах хоёр маргалдаад байсан. Уснаас гарсан чинь ээж “хувцсаа өмс явъя” гэсэн. Тэгээд ээж, хоёр дүүгийн хамтаар гадуур явж байгаад буцаад гэртээ очсон. Би хоёр дүүгийн хамт унтсан. Унтаж байхад чимээ шуугиан гараад би сэрэхэд ээж “явъя” гээд гэртээ харьсан. ...Намайг унтаж байхад ээжийг зодсон юм шиг байсан. Ээж хэнгэрэг хагарчихлаа гээд байсан...” гэжээ. /хх-ийн 14-15/

Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 378 тоот дүгнэлтэд:

1. *******гийн биед зүүн чихний хэнгэрэг хальсны цоорол, зүүн хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг болон түүнээс дээш удаагийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой байна.

3. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ болон эдгэрэлтээс хамаарна гэжээ. /хх-ийн 24-25/

******* мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “...Ингээд хэрүүлээсээ болж манай эхнэр нь намайг толгой руу цохих, хөл, гар руу өшиглөх зэрэг үйлдэл хийгээд байсан учир би түүнийг нь тэвчилгүй хоёр удаа гараараа зүүн хацар хэсэгт нь алгадсан. Намайг алгадсаны дараа  улам л над руу дайрч давшлаад байхаар нь би гэрээс гараад явсан бөгөөд гадаа хэсэг сууж байгаад гэртээ орж ирэхэд манай эхнэр цагдаа дуудсан байсан...” гэжээ. /хх-ийн 32-33/

Зөрчлийн талаар амаар болон харилцаа холбооны хэрэгслээр ирүүлсэн гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 6/

Прокурорын 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн “Хүнд холбогдуулан шинжилгээ хийлгэх тухай” 16 тоот зөвшөөрөл /хх-ийн 22/

Эмчийн үзлэгийн тодорхойлолт /хх-ийн 26/

*******ийн иргэний үнэмлэх болон гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хх-ийн 47-48/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 50/ болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалж хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр дотоод итгэлээр үнэлж шүүгдэгч *******т холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзлээ.

Хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл байх бөгөөд уг үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хохирол учирсан байх тул гэмт хэрэг гэж үзэв.

Шүүгдэгч Халх овогт ******* ******* нь 2022 оны 05 дугаар сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө 01 цагийн үед Дорнод аймгийн ******* сумын 11 дүгээр баг, 92-36 тоотод орших гэртээ согтуугаар хохирогч ******* таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, чих орчим гараараа цохиж түүний биед нь зүүн чихний хэнгэрэг хальсны цоорол, зүүн хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн шүүгдэгч *******ийн “...хэрүүлээсээ болж манай эхнэр нь намайг толгой руу цохих, хөл, гар руу өшиглөх зэрэг үйлдэл хийгээд байсан учир би түүнийг нь тэвчилгүй хоёр удаа гараараа зүүн хацар хэсэгт нь алгадсан. Намайг алгадсаны дараа улам л над руу дайрч давшлаад байхаар нь би гэрээс гараад явсан бөгөөд гадаа хэсэг сууж байгаад гэртээ орж ирэхэд манай эхнэр цагдаа дуудсан байсан...” гэх мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн хохирогч *******гийн “...2022 оны 05 дугаар сарын 10-ны шөнийн 01 цагийн орчим ******* нь гэнэт уурлаж босч ирээд тэсэхээ байлаа гээд миний зүүн хацар, чих орчим гараараа 2-3 удаа цохиод намайг “цагдаа дуудлаа шүү” гэхэд гараад явчихсан. ...миний зүүн хацар, шанаа хэсгээр хавдаж улайсан, зүүн чих юу ч сонсохгүй байна...” гэх, насанд хүрээгүй гэрч ийн “...Би усанд ороод байж байхад ээж, ******* ах хоёр маргалдаад байсан. Уснаас гарсан чинь ээж “хувцсаа өмс явъя” гэсэн. Тэгээд ээж, хоёр дүүгийн хамтаар гадуур явж байгаад буцаад гэртээ очсон. Би хоёр дүүгийн хамт унтсан. Унтаж байхад чимээ шуугиан гараад би сэрэхэд ээж “явъя” гээд гэртээ харьсан. ...Намайг унтаж байхад ээжийг зодсон юм шиг байсан. Ээж хэнгэрэг хагарчихлаа гээд байсан...” гэх мэдүүлэг, зөрчлийн талаар амаар болон харилцаа холбооны хэрэгслээр ирүүлсэн гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 378 тоот дүгнэлт, эмчийн үзлэгийн тодорхойлолт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч ******* нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлан хүний эрүүл мэндэд хохирол учрахыг мэдсээр байж зориуд хохирол, хор уршигт хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.

Шүүгдэгч *******ийн үйлдлийн улмаас хохирогч *******гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 378 тоот дүгнэлтээр тогтоогдож байх бөгөөд дээрх шинжээчийн дүгнэлт нь хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг гаргасан учир Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлэв.

Шүүгдэгч *******т холбогдох хэргийн талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч ******* *******ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүгдэгч *******ийн анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа, бусдад төлөх төлбөргүй зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******т 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж дүгнэлээ.

Шүүгдэгч *******ийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч *******гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх бөгөөд хохирогч нь эмчилгээний зардлаа нэхэмжилнэ гэх боловч холбогдох нотлох баримтыг мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн шатанд ирүүлээгүй тул шүүгдэгчийг энэ шүүх хуралдаанаар бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж, хохирогч *******гийн цаашид хийлгэх эмчилгээний болон бусад зардлыг холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээд *******өөс нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.

Шүүгдэгч ******* нь “Шүүх хуралдаанд өмгөөлөгч авахгүй, өөрөө өөрийгөө өмгөөлж оролцоно” гэсэн хүсэлт гаргасан тул  Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар тэдгээрийг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулсан болно.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Халх овогт ******* *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* *******т 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч ******* нь цаашид хийлгэх эмчилгээний болон бусад зардлаа холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээд *******өөс нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн ******* регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                П.ПАГМА