| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Довчинсэнгээгийн Алтанжигүүр |
| Хэргийн индекс | 187/2022/0418/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/409 |
| Огноо | 2022-05-27 |
| Зүйл хэсэг | 17.2.2., |
| Улсын яллагч | Б.Одонтуяа |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 05 сарын 27 өдөр
Дугаар 2022/ШЦТ/409
2022 5 27
2022/ШЦТ/409
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж, улсын яллагч Б.Одонтуяа, шүүгдэгч Б.Б-, нарийн бичгийн дарга Ц.Баасанцэрэн нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Ш овогт Б-ын Б-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1, 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2210000000313 дугаартай хэргийг 2022 оны 5 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1988 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, хувиараа такси үйлчилгээнд явдаг, ам бүл 4, эхнэр, хоёр хүүхдийн хамт ... тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд нь Хан-Уул дүүргийн шүүхийн 2007 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 86 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар 03 жил 01 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, уг ялыг тэнсэж, 02 жилийн хугацаагаар хянан харгалзсан, бие эрүүл, ухаан бүрэн, Ш овогт Б-ын Б
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Б- нь 2022 оны 02 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө ...улсын дугаартай тээврийн хэрэгслээр хувиараа такси үйлчилгээнд явж байхдаа Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Г.М-ийн Realme-7 загварын гар утас, хар өнгийн арьсан түрийвч 60,000 төгрөг зэргийг хүч хэрэглэхгүйгээр дээрэмдэж 942,700 төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,
Мөн 2022 оны 02 дугаар сарын 12-оос 13-нд шилжих шөнө ...улсын дугаартай тээврийн хэрэгслээр хувиасаа такси үйлчилгээнд явж байхдаа Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Ц.Б-ы уруул хэсэгт гараараа нэг удаа цохиж, Самсунг нөүт-10 плас загварын гар утас, 50,000 төгрөг зэргийг хүч хэрэглэн, хууль бусаар дээрэмдэж нийт 635,000 төгрөгийн хохирол учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгчийн мэдүүлсэн мэдүүлэг:
Шүүгдэгч Б.Б-: “...Хохирогч нарын хохирол, төлбөрийг төлж барагдуулсан, хуульд заасан хамгийн доод хэмжээгээр ял оногдуулж өгнө үү, гэм буруугаа хүлээн зөвшөөрч ойлгож байна...” гэв.
Хоёр: Шүүх хуралдаанд талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:
Хохирогч Ц.Б- мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2022 оны 02 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө 03 цагийн орчим ...найз М-ийн хамт ...такси барьсан. Тэгээд нэг таксинд суугаад эхлээд 100 айл орно, дараа нь Сансарын клонк орно шүү ахаа гэж хэлээд бид хоёр таксин дотроо тэр дороо унтчихсан. Тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн байсан тул жолооч ямар хүн байсан талаар мэдэхгүй. ...Унтаж байгаад нэг сэрсэн чинь махлагдуу залуу миний нүүр хэсэгт нэг удаа цохисон, миний халаасыг нэгжээд гар утсыг минь булааж авсан. ...Самсунг нөүт 10, дунд зэргийн алтан гинж, бэлэн 50,000 төгрөг эд зүйлсээ алдсан...” /хавтас хэргийн 12-13, 15 дахь тал/ гэсэн,
Хохирогч Г.М мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Төрсөн өдөр дээр 8 шил пиво уугаад тасарсан байсан, нэг ухаан ороход Хан-Уул дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтэс дээр ирсэн байсан. Тухайн үед Real Me 7 загварын мөнгөлөг өнгөтэй утас, матрын арьсан бор өнгийн түрийвч иргэний үнэмлэх, голомт банкны карт бэлэн 60,000 төгрөг зэрэг эд зүйлс алга болсон....” /хавтас хэргийн 17-18, 21 дэх тал/ гэсэн,
Гэрч Б.Билгүүн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2022 оны 02 дугаар сарын 17-ны өдөр надад таксинд явж байхад хоёр согтуу хүн таксины мөнгөө өгөхгүй, хаана очихоо хэлэхгүй байхаар нь би тэр хоёрын гар утсыг нь авсан байгаа гэж хэлсэн...” /хавтас хэргийн 25 дахь тал/ гэсэн,
Шүүгдэгч Б.Б- мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...2022 оны 02 дугаар сарын 12-оос 13-нд шилжих шөнө хорооллоос модны 2-н замаар доош уруудах замд хоёр залуу гараа өргөөд зогсож байсан тул би хажууд нь очиж тус хоёр залууг авахад архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн хүмүүс байсан, анх суухдаа 11-р хороолол орно гэж хэлсэн, хэсэг хугацааны дараа миний машинд унтсан, би тус хоёр залуугийн хэлснээр 11-р хорооллын 3 дугаар сургуулийн замын урд талын автобусны буудал дээр ирээд дээрх хоёр залууг сэрээх гэсэн боловч огт сэрэхгүй, ямар нэгэн үйлдэл үзүүлэхгүй байсан. Би тэр хоёрыг сэрээж чадаагүй тул би гэр рүүгээ харихаар Яармаг зүг рүү явсан, тэр хоёр залууг замд сэрж магадгүй гэж бодсон боловч сэрээгүй тул тус хоёр залууд таксигаар үйлчилсэн төлбөрөө авахаар Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Туул голын эрэг орчим цагаан өнгийн куртиктэй залууг буулгаж халаасныг ухаж үзэхэд куртикны халаасанд Самсунг нөүт-10 плас загварын гар утсыг авах үед миний гараас зуураад авахаар нь эргэж хараад нэг удаа цохиод машиндаа сууж явсан, дараачийн согтуу залуу унтаж байхад нь Баттулга ерөнхийлөгчийн ээжийнх нь амьдардаг хашааны арын гудамжинд машинаа зогсоогоод халааснаас нь Real Me нэртэй гар утас, хар өнгийн арьсан түрийвч зэргийг аваад Сансар худалдаан төвийн урд, Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлгийн баруун талд буулгаад явсан...” /хавтас хэргийн 78-79 дэх тал/ гэсэн мэдүүлгүүд,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн №3162 дугаартай дүгнэлтэд: “...Дүгнэлт 1. Ц.Б-ы биед дээд уруулын салстад өнгөц шарх гэмтэл тогтоогдлоо.
2. 3 Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
4. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй.
5. Ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” /хавтас хэргийн 29-30 дахь тал/ гэсэн дүгнэлт,
- Өргөдөл /хавтас хэргийн 7 дахь тал/,
- Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл /хавтас хэргийн 8-9 дахь тал/,
- Хөрөнгийн үнэлгээний тайлан /хавтас хэргийн 33-41 дэх тал/,
- Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хавтас хэргийн 46-48 дахь тал/,
- Эд зүйл хураан авсан, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хавтас хэргийн 49-51, 82-83 дахь тал/,
- Шүүгдэгч Б.Б-ын хувийн байдалтай холбоотойгоор эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтас хэргийн 52 дахь тал/, шийтгэх тогтоолын хуулбарууд /хавтас хэргийн 54-55 дахь тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтас хэргийн 60 дахь тал/, байнга оршин суугаа хаягийн тодорхойлолт /хавтас хэргийн 61 дэх тал/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт /хавтас хэргийн 63-69 дэх тал/ зэрэг болно.
Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт
1. Шүүгдэгч Б.Б- нь 2022 оны 02 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө ...улсын дугаартай тээврийн хэрэгслээр хувиараа такси үйлчилгээнд явж байхдаа Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Г.М-ийн Realme-7 загварын гар утас, хар өнгийн арьсан түрийвч 60,000 төгрөг зэргийг 942,700 төгрөгийн хохирол,
Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Ц.Б-ы уруул хэсэгт гараараа нэг удаа цохиж Самсунг нөүт-10 плас загварын гар утас, 50,000 төгрөг зэргийг 635,000 төгрөгийн хохирол учруулсан буюу бусдын эд хөрөнгийг авахаар хүч хэрэглэн довтолсон гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр үйлдсэн болох нь хохирогч Ц.Б-ы “...2022 оны 02 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө 03 цагийн орчим найз М-ийн хамт такси барьсан. Тэгээд нэг таксинд суугаад эхлээд 100 айл орно, дараа нь Сансарын клонк орно шүү ахаа гэж хэлээд бид хоёр тэр дороо унтчихсан. Тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн байсан тул жолооч нь ямар хүн байсан талаар мэдэхгүй. ...Унтаж байгаад нэг сэрсэн чинь махлагдуу залуу миний нүүр хэсэгт нэг удаа цохисон, миний халаасыг нэгжээд гар утсыг минь булааж авсан. ...Самсунг нөүт 10, дунд зэргийн алтан гинж, бэлэн 50,000 төгрөг эд зүйлсээ алдсан...” /хавтас хэргийн 12-13, 15 дахь тал/ гэсэн, хохирогч Г.М-ийн “...Төрсөн өдөр дээр 8 шил пиво уугаад тасарсан байсан, нэг ухаан ороход би Хан-Уул дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтэс дээр ирсэн байсан. Тухайн үед Real Me 7 загварын мөнгөлөг өнгөтэй утас, матрын арьсан бор өнгийн түрийвч иргэний үнэмлэх, голомт банкны карт бэлэн 60,000 төгрөг зэрэг эд зүйлс алга болсон...” /хавтас хэргийн 17-18, 21 дэх тал/ гэсэн, гэрч Б.Билгүүний “...2022 оны 02 дугаар сарын 17-ны өдөр надад таксинд явж байхад хоёр согтуу хүн таксины мөнгөө өгөхгүй, хаана очихоо хэлэхгүй байхаар нь би тэр хоёрын гар утсыг нь авсан байгаа гэж хэлсэн...” /хавтас хэргийн 25 дахь тал/ гэсэн, шүүгдэгч Б.Б-ын “...2022 оны 02 дугаар сарын 12-оос 13-нд шилжих шөнө хорооллоос модны 2-н замаар доош уруудах замд хоёр залуу гараа өргөөд зогсож байсан тул би хажууд нь очиж тус хоёр залууг авахад архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн хүмүүс байсан, анх суухдаа 11-р хороолол орно гэж хэлсэн, хэсэг хугацааны дараа миний машинд унтсан, би тус хоёр залуугийн хэлснээр 11-р хорооллын 3 дугаар сургуулийн замын урд талын автобусны буудал дээр ирээд дээрх хоёр залууг сэрээх гэсэн боловч огт сэрэхгүй, ямар нэгэн үйлдэл үзүүлэхгүй байсан. Би тэр хоёрыг сэрээж чадаагүй тул би гэр рүүгээ харихаар Яармаг зүг рүү явсан, тэр хоёр залууг замд сэрж магадгүй гэж бодсон боловч сэрээгүй тул тус хоёр залууд таксигаар үйлчилсэн төлбөрөө авахаар Туул голын эрэг орчим цагаан өнгийн хүрэмтэй залууг буулгаж халаасныг ухаж үзэхэд хүрэмний халаасанд гар утас байсныг авах үед миний гараас зуурахаар эргэж хараад нэг удаа цохиод машиндаа суугаад явсан, дараачийн согтуу залуу унтаж байсан бөгөөд Баттулга ерөнхийлөгчийн ээжийнх нь амьдардаг хашааны арын гудамжинд машинаа зогсоогоод халааснаас нь гар утас, хар өнгийн арьсан түрийвчийг аваад Сансар худалдаан төвийн урд, Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлгийн баруун талд буулгаад явсан...” /хавтас хэргийн 78-79 дэх тал/ гэсэн мэдүүлгүүд, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны №3162 дугаартай дүгнэлтэд: “...Дүгнэлт: Ц.Б-ы биед дээд уруулын салстад өнгөц шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” /хавтас хэргийн 29-30 дахь тал/ гэсэн дүгнэлт, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл /хавтас хэргийн 8-9 дахь тал/, хөрөнгийн үнэлгээний тайлан /хавтас хэргийн 33-41 дэх тал/, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хавтас хэргийн 46-48 дахь тал/, эд зүйл хураан авсан, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хавтас хэргийн 49-51, 82-83 дахь тал/ зэрэг хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүх хуралдаанд шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан бөгөөд дээрх нотлох баримтуудыг үгүйсгэсэн, няцаасан баримт байхгүй ба тухайн баримтуудаар шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдахад хэргийн оролцогчийн хууль ёсны эрхийг зөрчсөн, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон гэмт хэрэг нь шунахай сэдэлттэй иргэд, аж ахуйн нэгж байгууллагын эд хөрөнгө, эд юмс, түүнийг хамгаалж байгаа иргэдийн эрүүл мэнд, эрх чөлөөнд нэгэн зэрэг халдаж, заналхийлж довтолдог бөгөөд уг гэмт хэргийг үйлдэж байгаа этгээд бусдын эд хөрөнгө, эд юмсыг өөрийн мэдэлд авах гэсэн хүчирхийлсэн, довтолсон, заналхийлсэн шууд санаа, зорилгоор довтолгоон эхэлж, эзэмшигч болон бусад саад тотгорын эсрэг халдлага эхэлснээр бусдын амь бие, эрүүл мэндэд аюултайгаар хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж довтолсон нийгэмд аюултай идэвхтэй үйлдлээр илэрдэг, бусдын эд хөрөнгийг өөрийн мэдэлд оруулж авснаас үл хамааран довтолсон довтолгоогоор тухайн гэмт хэрэг төгсдөг хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг юм.
Шүүгдэгч Б.Б- нь хохирогч нарыг архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэж, биеэ хамгаалах чадваргүй байхад тэдэнд хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлэн довтолж, тэдний биед халдаж, эд зүйлсийг авч байгаа нь дээрх гэмт хэргийн шинжийг хангаж байна.
Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Б.Б-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөрүүлэн зүйлчлэх нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно...” гэж заасан бөгөөд шүүгдэгч Б.Б- нь хоёр удаагийн үргэлжилсэн үйлдлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлд заасан Дээрэмдэх гэмт хэргийг үйлдсэн байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр үйлдсэн гэж үзнэ.
2. Шүүгдэгч Б.Б- нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэгт холбогдсон, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлж барагдуулсан, гэмт хэрэг гарахад хохирогч нарын зүй бус үйлдэл нөлөөлсөн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.4-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болно. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл тогтоогдсонгүй.
Дээрх хөнгөрүүлэн үзэх нөхцөл, шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж, учруулсан хохирол, хор уршиг, хохирогч нарын хохирлыг төлж барагдуулсан, хохирогчид гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болон гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан нөхцөл, сэдэлт, зорилго, шүүгдэгчийн үйлдсэн хэрэгтээ чин санаасаа гэмшиж буй зэрэг хувийн байдлыг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 03 /гурав/ жил, 06 /зургаа/ сарын хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд зан үйлээ засах хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэж шийдвэрлэв.
3. Гэмт хэргийн улмаас хохирогч Г.М-ийн эд хөрөнгөд 942,700 төгрөгийн, хохирогч Ц.Б-ы эд хөрөнгөд 635,000 төгрөгийн хохирол тус тус учирсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч нь эд зүйлсийг биет байдлаар болон мөнгөөр буцаан өгсөн, хохирогч нар гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул энэ шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх хохирол төлбөргүй байна.
Эрүүгийн 2210000000313 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан сиди 1 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Б.Б-т энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Б.Б-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 болгон хөнгөрүүлэн зүйлчилсүгэй.
2. Шүүгдэгч Ш овогт Б-ын Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг авахаар хүч хэрэглэж довтолсон гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Б.Б-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 03 /гурав/ жил, 06 /зургаа/ сарын хугацаагаар тэнсэж, хянан харгалзсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар тэнссэн 03 /гурав/ жил, 06 /зургаа/ сарын хугацаанд шүүгдэгч Б.Б-т зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүргийг хүлээлгэсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б нь зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад үүргийг биелүүлээгүй болон санаатай гэмт хэрэг дахин үйлдсэн тохиолдолд шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг анхааруулж мэдэгдсүгэй.
6. Эрүүгийн 2210000000313 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан сиди 1 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Б.Б-т энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Ц.Б, Г.М- нар гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.Б-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
9. Давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АЛТАНЖИГҮҮР