Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 2022/ШЦТ/413

 

 

 

 

 

 

 

    2022          05              30                              2022/ШЦТ/413

 

 

 

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж, улсын яллагч Л.Төгсжаргал, хохирогч Т.Б-э, шинжээч Б.Сэргэлэн, шүүгдэгч Ц.М, нарийн бичгийн дарга Ц.Баасанцэрэн нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Б овогт Ц-ийн М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2210007880459 дугаартай хэргийг 2022 оны 5 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

М- Улсын иргэн, 1952 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Дорноговь аймагт төрсөн, 69 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, цахилгаан моторчин мэргэжилтэй, тэтгэвэрт, ам бүл 2, хамтран амьдрагчийн хамт ...тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, Б овогт Ц-ийн М

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Ц.М- нь 2022 оны 3 дугаар сарын 22-ны өдөр ... тоотод Т.Б-ийг “чи муу хөгшин төгцөг минь чи аятайхан байгаарай” гэж хэл амаар доромжиллоо гэх шалтгаанаар хувийн таарамжгүй харилцаа үүсгэж, зүүн хавирга хэсэгт нь хөлөөрөө нэг удаа өшиглөж эрүүл мэндэд нь зүүн 5 дугаар хавирганы хугарал бүхий хөнгөн хохирол санаатай учруулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

         

Нэг:  Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн хохирогч, шинжээч, шүүгдэгч нарын мэдүүлсэн мэдүүлэг: 

 

Хохирогч Т.Б-: “...Ж ганц бие хүн, тухайн өдөр Ж-ы дагавар хүү ирсэн. Хүн 5 килограмм бууз авна гэхээр нь бууз хийчхээд Ж-д аяга хоол оруулж өгье гээд хоол оруулж өгсөн. М-той Ж-ы үүдэнд таараад бид ар араасаа Ж-ы гэрт орсон. Ж хүүтэйгээ гэртээ сууж байсан. М- гараад хашаа онгойлгоодох гэхээр нь би энэ хүн таны зарц юм уу гэж хэлсэн. Би боол гэж хэлээгүй, зарц юм уу гэж хэлэхэд зуух тойрч ирээд том хар гутлаараа намайг эвхэртэл өшиглөсөн. Би хөгшин төгцөг гэж хэлээгүй, ямар их үг нэмж байна вэ, энэ хүн өшиглөчхөөд юу ч болоогүй юм шиг гараад явсан. Ам мурийсан зүйлгүй, хөгшин хүнтэй юу ярих вэ гэж бодсон. Цээжний зураг авхуулсан, 7-8 хоног эм  уусан. Намайг нэг сарын хугацаанд эм уугаарай гэж хэлсэн, эм уух хэрэгтэй байна, гомдолтой, ажилдаа явж чадахгүй байна...” гэв.

 

Шинжээч Б.Сэргэлэн: “...Тухайн хүн 3 дугаар сарын 24-ний өдрийн 15 цаг 10 минутад үзлэг хийлгэсэн байна. Үзлэг хийлгэхэд 3 дугаар сарын 22-ны өдөр зүс таних хажуу айлын М гэх хүнд өшиглүүлсэн. Зовуурийг нь асуухад хэвлийн зүүн хэсгээр өвдөнө, зүүн гар янгина, хэвлийгээр амьсгал авахад хатгуулж өвдөнө гээд хэсэг газрын үзлэгээр цээжний зүүн талын шугамын дунд 5, 6 дугаар хавирга эмзэглэлтэй. Энэ нь цочмог хугарлын гэмтэл авсан үед үүсдэг. Лазер мед эмнэлгийн надад үзүүлснээс 1 хоногийн дараа үзүүлсэн байна лээ. Үүн дээр зүүн 5 дугаар хавирга, эгэмний доод шугамаар зөрүүгүй хугаралтай гэж байна. Дүрс оношилгооны эмч бичихдээ хэсэг хугацаа өнгөрсөн бол бороололт явагддаг. Бороолсон бол тусгаж өгдөг тул түүн дээр үндэслэж тухайн өдөр гэмтсэн байна гэж үзсэн. Зөрүүтэй хугаралтай, бороолсон шинж тэмдэг гараагүй тул шинэ гэмтэл...” гэв.

 

          Шүүгдэгч Ц.М-: “...2022 оны 3 дугаар сарын 22-ны өдөр нүүрсний машин ирээд Ж-ы гэрт орсон нь үнэн. Ж энэ 3 байсан, Ж-аас хашааны хаалга онгойлгож өгөөч гэж гуйсан, Ж надад толгой дохиж байсан. Б-э халамцуу Ж чиний боол юм уу гээд зуухыг нь нар зөв тойрч ирээд Ж-ы зуухны өмнө алцайж суучхаад Ж чиний боол юм уу, чи аятайхан байгаарай, хөгшин төгцөг минь гэхээр нь өшиглөсөн нь үнэн. Б-ийн суга хавьцаа өшиглөсөн, сайн мэдэхгүй байна. Ж надад хашааны хаалга онгойлгож өгөөд дахин эднийхээр ороогүй, би машинд хүлээж байсан, хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Б-ийн цээж хавирга хавьцаа өшиглөсөн. Унасан гэсэн нь худлаа, уран сайхны хэтрүүлэгтэй хэлж байна. Б-э согтуу байсан тул унасан, унаагүйгээ мэдэхгүй байна, ёо ёо гээд эхэр татаж орилоод байсан. Уучлалт гуйгаагүй нь үнэн, би том хар гуталтай байсан. Б-э сандал дээр сууж байсан, зуухны өмнөөс алцайж суухад нь уур хүрээд өшиглөсөн нь үнэн...” гэв.

Хоёр: Шүүх хуралдаанд талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:

 

Хохирогч Т.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2022 оны 3 дугаар сарын 22-ны өдөр ...Ж болон түүний хүүхэдтэй хамт гэрт нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан ...нэг мэдэхэд М- гэх хажуу айлын өвгөн гэрт орж ирээд Ж ах руу гараад хашааны хаалга онгойлго гээд зандрангуй байдлаар хэлэхээр нь би М- гэх хүнд хандаж Ж ах таны зарц юм уу гэж хэлэхэд М- гэх өвгөн сууж байсан сандлаасаа босоод миний ...зүүн талын хавирга хэсэг рүү баруун талын том, хар гуталтай хөлөөрөө өшиглөсөн, би газар эвхрээд унахад ...гэрээс гараад явчихсан...” /хавтас хэргийн 8 дахь тал/ гэсэн,

 

Шүүгдэгч Ц.М мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...2022 оны 3 дугаар сарын 22-ны өдөр 17-18 цагийн үед хашааны хаалга онгойлгож нүүрсний машин оруулах гэж байхад чадахгүй болохоор хажуу айлын Ж гэх залуу гэрт нь ороод харахад Б гэх зүс таних эмэгтэй болон Ж хүүхдийнхээ хамт тэр гурав гэр нь байж байсан. Би тухайн үед Ж-ыг хашааны хаалга онгойлгоод өгөөч гэж хэлэхэд хажууд нь байсан Б гэх эмэгтэй надад хандаж чи муу хөгшин төгцөг, чи аятайхан байгаарай гэж намайг хэл амаар доромжлоод байхаар нь миний уур хүрээд тухайн үед би зузаан хаймер ултай гуталтай Б-ийн зүүн талын гэдэс, хавирга хэсэг рүү нэг удаа хүчтэй өшиглөсөн...” /хавтас хэргийн 36 дахь тал/ гэсэн мэдүүлгүүд,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн №4802 дугаартай дүгнэлтэд: “...Дүгнэлт 1. Т.Б-ийн биед зүүн 5-р хавирганы хугарал гэмтэл тогтоогдлоо.

2. 3. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг удаагийн үйлдлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.

4. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийн түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй...” /хавтас хэргийн 14-15 дахь тал/ гэсэн дүгнэлт,

 

- Дуудлагын лавлагааны хуудас /хавтас хэргийн 4 дэх тал/,

- Илтгэх хуудас /хавтас хэргийн 21 дэх тал/,

- Хохирлын баримтууд /хавтас хэргийн 28-30 дахь тал/,

- Шүүгдэгч Ц.М-ын хувийн байдалтай холбоотойгоор иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтас хэргийн 41 дэх тал/, байнга оршин суугаа хаягийн лавлагаа /хавтас хэргийн 40 дэх тал/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт /хавтас хэргийн 43 дахь тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтас хэргийн 46 дахь тал/ зэрэг болно.

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

 

1. Шүүгдэгч Ц.М нь нь 2022 оны 3 дугаар сарын 22-ны өдөр Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо, Хабитатын 2 дугаар гудамжны 4 тоотод Т.Б-ийг “чи муу хөгшин төгцөг, чи аятайхан байгаарай” гэж хэл амаар доромжиллоо гэх шалтгаанаар хувийн таарамжгүй харилцаа үүсгэж, зүүн хавирга хэсэгт нь хөлөөрөө нэг удаа өшиглөж эрүүл мэндэд нь зүүн 5 дугаар хавирганы хугарал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Т.Б-ийн “...2022 оны 3 дугаар сарын 22-ны өдөр ...Ж болон түүний хүүхэдтэй хамт гэрт нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай байж байсан ...нэг мэдэхэд М- гэх хажуу айлын өвгөн гэрт орж ирээд Ж ах руу гараад хашааны хаалга онгойлго гээд зандрангуй байдлаар хэлэхээр нь би М- гэх хүнд хандаж Ж ах таны зарц юм уу гэж хэлэхэд М- гэх өвгөн сууж байсан сандлаасаа босоод миний ...зүүн талын хавирга хэсэг рүү баруун талын том, хар гуталтай хөлөөрөө өшиглөсөн, би газар эвхрээд унахад ...гэрээс гараад явчихсан...” /хавтас хэргийн 8 дахь тал/ гэсэн, шүүгдэгч Ц.М-ын “...Орой 17-18 цагийн үед хашааны хаалга онгойлгож нүүрсний машин оруулах гэж байхад чадахгүй болохоор хажуу айлын Ж гэх залуугийн гэрт ороход Б-э гэх зүс таних эмэгтэй болон Ж хүүхдийнхээ хамт тэр гурав байсан. Би тухайн үед Жыг хашааны хаалга онгойлгоод өгөөч гэж хэлэхэд хажууд байсан Б-э гэх эмэгтэй надад хандаж чи муу хөгшин төгцөг, чи аятайхан байгаарай гэж намайг хэл амаар доромжлоод байхаар нь миний уур хүрээд тухайн үед би зузаан хаймер ултай гуталтай Б-ийн зүүн талын гэдэс, хавирга хэсэг рүү нэг удаа хүчтэй өшиглөсөн...” /хавтас хэргийн 36 дахь тал/ гэсэн мэдүүлгүүд, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны №4802 дугаартай дүгнэлтэд: “...Дүгнэлт: Т.Б-ийн биед зүүн 5-р хавирганы хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг удаагийн үйлдлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийн түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй...” /хавтас хэргийн 14-15 дахь тал/ гэсэн дүгнэлт, дуудлагын лавлагааны хуудас /хавтас хэргийн 4 дэх тал/, илтгэх хуудас /хавтас хэргийн 21 дэх тал/ зэрэг хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүх хуралдаанд шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан бөгөөд дээрх нотлох баримтуудыг үгүйсгэсэн, няцаасан баримт байхгүй ба тухайн баримтуудаар шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдахад хэргийн оролцогчийн хууль ёсны эрхийг зөрчсөн, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Хохирогч Т.Б-ийн эрүүл мэндэд учирсан “...зүүн 5 дугаар хавирганы хугарал...” бүхий хөнгөн гэмтэл нь шүүгдэгч Ц.М-ын түүнийг өшиглөсөн идэвхитэй үйлдлийн улмаас үүссэн бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл бүхий хохирол учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдож байна.

Шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь М- улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй гэмт үйлдэл болно.  

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Ц.М-ын хохирогч Т.Б-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна. 

 

Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Ц.М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт нь шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байна.

 

2. Шүүгдэгч Ц.М- нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэгт холбогдсон, гэмт хэрэг гарахад хохирогчийн зүй бус үйлдэл нөлөөлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болно. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл тогтоогдсонгүй.

Дээрх хөнгөрүүлэн үзэх нөхцөл шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж, учруулсан хохирол хор уршиг, гэмт хэрэг үйлдэгдэх болсон шалтгаан нөхцөл, шүүгдэгчийн өндөр настай, тэтгэвэрт байдаг, биеийн эрүүл мэндийн байдал зэрэг хувийн байдлыг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1  дэх хэсэгт зааснаар 01 /нэг/ сарын хугацаагаар зорчих эрх хязгаарах ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар уг ялаас чөлөөлж шийдвэрлэв.

 

3. Гэмт хэргийн улмаас хохирогч Т.Б-ийн эрүүл мэндэд зүүн 5 дугаар хавирганы хугарал бүхий хөнгөн хохирол учирсан, хохирогч гэмт хэргийн улмаас учирсан хохиролтой холбоотой зардалд баримтаар 240,000 /хавтас хэргийн 28-29 дэх тал/ төгрөг нэхэмжилснийг шүүгдэгч мөрдөн шалгах ажиллагааны явцад төлж барагдуулсан тул энэ шүүх хуралдаанаар шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөргүй байна.

Хохирогч Т.Б-э шүүх хуралдаанд эм тариа хийлгэх шаардлагатай байгаа учир эм тарианы төлбөр, мөн ажилгүй байсан хугацааны орлого нэхэмжилнэ гэсэн боловч энэ талаар баримт гаргаж өгөөгүй тул шүүх хэлэлцэхгүй орхиж, цаашид гарах эмчилгээний зардал, ажилгүй байсан хугацааны орлогын нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.

 

Эрүүгийн 2210007880459 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Ц.М энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Т.Б-э гомдолтой гэснийг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

М- улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овогт Ц-ийн М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц-ийн М-ыг 01 /нэг/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар шүүгдэгч Ц.М-ыг түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэсэн 01 /нэг/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаас чөлөөлсүгэй.

 

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.М- нь хохирогч Т.Б-д 240,000 /хоёр зуун дөчин мянга/ төгрөгийн хохирол төлсөн болохыг дурдаж, хохирогч Т.Б  цаашид гарах эмчилгээний зардал, ажилгүй байсан хугацааны орлогын нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсэн болохыг тайлбарласугай.

 

5. Эрүүгийн 2210007880459 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Ц.М- энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Т.Б гомдолтой гэснийг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ц.М-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

8. Давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.М-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Д.АЛТАНЖИГҮҮР