Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 21

 

Н, Э нарт холбогдох эрүүгийн

хэргийн талаар

 

 

226/2019/0021/Э

 

Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Дэнсмаа даргалж, шүүгч Я.Алтаннавч, Б.Сүхгомбо нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “А” танхимд,

Нарийн бичгийн дарга М.Долгоржав,

Прокурор Д.Энхжаргал,  

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Г.Ганбадрах

Шүүгдэгч Э, Н нарыг оролцуулан

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 19 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Э, Н, тэдгээрийн өмгөөлөгч Г.Ганбадрах нарын давж заалдах гомдлоор Э, Н нарт холбогдох эрүүгийн 1840000990063 дугаартай хэргийг 2019 оны 5 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Сүхгомбын танилцуулснаар хянан хэлэлцэв.

Дорноговь аймгийн Иххэт суманд 1992 онд төрсөн, эрэгтэй, 27 настай, дээд боловсролтой, барилгын техникч мэргэжилтэй, малчин, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Дорноговь аймгийн Иххэт сумын 2 дугаар баг “Цагаан толгой” гэх газар оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай гэх Ө овогт Б-н Э

Дорноговь аймгийн Иххэт суманд 1980 онд төрсөн, эрэгтэй, 39 настай, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 1, Дорноговь аймгийн Сайншанд сумын 2 дугаар баг Энхтайваны гудамж 06-09 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Дорноговь аймгийн Сум дундын 1 дүгээр шүүхийн 2002 оны 01 сарын 29-ний өдрийн 19 дүгээр таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 1231 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 02 жилийн хорих ялаар шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай гэх Б овогт Т-н Н  нар нь

Б-ын 11 тооны адууг 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдөр 20 цагийн орчим Хэнтий аймгийн Галшар сумын Эрээний уулын баруун урд бэлчиж байхад “Даюун” маркийн мотоцикл ашиглан хулгайлж 15250000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүх: Шүүгдэгч Ө овогт Б-н Э, Б овогт Т-н Н нарыг бүлэглэн, тээврийн хэрэгсэл ашиглаж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “Бусдын олон тооны малыг хулгайлсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ө овогт Б-н Э-ыг 2 /хоёр/ жил 5 /тав/ сарын хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б овогт Т-н Н-ийг 2 /хоёр/ жил 4 /дөрөв/ сарын хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн /2017 он/ 198 дугаар зүйлийн 198.2-т зааснаар шүүгдэгч Э-д оногдуулсан 2 /хоёр/ жил 5 /тав/ сарын хорих ялыг, шүүгдэгч Н-т оногдуулсан 2 /хоёр/ жил 4 /дөрөв/ сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, шүүгдэгч Э, Н нар нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, тэдний бичиг баримт шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3, 4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.3 дугаар зүйлийн 1, 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н-ийн эзэмшлийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан БНХАУлсад үйлдвэрлэсэн 800000 /найман зуун мянга/ төгрөгийн үнэтэй улсын дугааргүй “Даюун” маркийн мотоциклыг хурааж улсын орлого болгож, Б-н эзэмшлийн “Бонго-3” маркийн автомашиныг битүүмжилсэн тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээж, автомашины үнэ 8500000 /найман сая таван зуун мянга/ төгрөгийг хувь тэнцүүлэн шүүгдэгч Э-аас 4250000 /дөрвөн сая хоёр зуун тавин мянга/ төгрөгийг, шүүгдэгч Н-аас 4250000 /дөрвөн сая хоёр зуун тавин мянга/ төгрөгийг тус тус гаргуулж улсын орлого болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1, 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн тээврийн хэрэгслийн гэрчилгээ, татварын гэрчилгээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц өмчлөгч Б-д олгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан “CD”-г хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э, Н нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч тус тус шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Н нь давж заалдах гомдолдоо: Миний бие өөрийн мотоциклтой Э-ын хамт 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдөр үхэр эрэх зорилгоор Хэнтий аймгийн Баянмөнх сумын нутгаар өдөржингөө явсан боловч эрлээ олоогүй бөгөөд буцаж явахдаа Эрээн нуурын баруун урдаас буюу эзэнгүй зэлүүд газарт ямар ч хариулгагүй саарал азаргатай 11 тооны адуутай дайралдсан. Э “намайг 7 хоногийн өмнө явахад эдгээр адуу байсан, хүн хариулдаггүй, эргэж тойрдоггүй” гэж хэлсэн. Улмаар бид хоёр тэдгээр адууг тууж нутагтаа аваачиж, 8 адууг нь ажиллаж, саарал азарга, 2 даагыг нь үлдээсэн. Ажилласан адууны мах болон мөнгөнөөс аваагүй, мөн бид хоёр бусдын адууг ижил сүргээс нь таслан, бэлчээрээс нь хулгайлж аваагүй. Хохирогч Б нь Баянмөнх сумын “Цагаан толгой” гэдэг газраас 2018 оны 9 дүгээр сарын 10-ны үед адуугаа алдаад адууныхаа бэлчээр газруудаар хайгаад олоогүй гэдгийг сонссон. Хохирогч саарал азаргатай адуугаа алдсанаас хойш 20 гаруй хоногийн дараа бид хоёр дайралдсан байсан. Энэ бүгдийг харгалзан бидний үйлдлийг зөвөөр зүйлчилж өгнө үү.

Анхан шатны шүүх надаас 4250000 төгрөг гаргуулж шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би машины асуудалд огт оролцоогүй бөгөөд адууны мах, мөнгөнөөс хувьдаа аваагүй. Бид хохирогчид учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулсан. Мөн шүүх ял оногдуулахдаа тохиолдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн /үхэр хайж явсан болохоос хулгай хийх гэж яваагүй/ гэж дүгнэсэн. Би гэмт хэрэг үйлдсэндээ чин сэтгэлээсээ гэмшиж байна. Дахин гэмт хэрэг хийхгүй байж чадна гэжээ.

Шүүгдэгч Э давж заалдах гомдолдоо: Миний бие Дорноговь аймгийн Иххэт сумын малчин бөгөөд эхнэр, бага насны 2 хүүхдийн хамт амьдардаг. Намайг Н-тай хамтран Б-ын 11 тооны адууг хулгайлсан гэж үзэн 2 жил 5 сарын хорих ялыг оногдуулсныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би 2018 оны 9 дүгээр сарын 20-доор алдагдсан адуугаа хайж Сүхбаатар, Хэнтий аймгуудын нутгаар олон хоног явсан. 2018 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр Хэнтий аймгийн Галшар сумын нутаг Эрээн уулын баруун урд шалбааг усан дээр саарал азаргатай адуу байхтай тааралдаж байсан. Тэр  газар нь эзгүй, хүн амьтангүй, зэлүүд газар байсан. Би нутагтаа ирээд 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Н-ийг гуйж, түүний мотоциклоор нь алга болсон 4 бяруугаа хайхаар явсан. Орой 20 цагийн үед Эрээн уулын баруун урд нөгөө саарал азаргатай адуутай дахин тааралдсан. Би эдгээр адууг эзэнгүй, хариулгагүй юм байна гэж бодоод, бид хоёр 50-70 километр газар тууж нутагтаа авчирсан. Хэрэв хулгайлах санаа зорилготой байсан бол нутгаасаа 2 цаг гаруй яваад тэдгээр адуун дээр ирж хөөж явах байсан. Цаг хугацаа ч бага зарцуулах байсан. Бид хоёр хулгай хийх зорилгогүй, үхэр хайж байсан. Эдгээр адуу ижил сүргээсээ 2018 оны 9 дүгээр сарын 10-21-ний хооронд тасарсан байсныг сүүлд мэдсэн. Адуу эзгүй газарт хариулгагүй явж байсан болохоор тууж явсан. Иймд бидний үйлдлийг хууль зүйн дагуу зөвөөр зүйлчилж, зүйл ангийг өөрчилж өгнө үү.

Бидний хувьд алдуул мал ашигласан бөгөөд хэргийн улмаас учирсан хохирол, бусад зардал, хохирол болон өмгөөлөгчийн хөлс зэргийг бүрэн төлж барагдуулсан. Хохирогчоос албан ёсоор уучлалт гуйсан бөгөөд хохирогч гомдол саналгүй гэдгээ илэрхийлсэн. Миний бие анх удаа гэмт хэрэгт үйлдсэн бөгөөд нялх хүүхдүүдтэй, ар гэрээ тэжээн тэтгэж, авч явдаг. Гэмт хэрэг үйлдсэндээ чин сэтгэлээсээ гэмшиж байгаа учир дээрх нөхцөл байдлыг харгалзан үзнэ үү.

Анхан шатны шүүхээс надад оногдуулсан 4250000 төгрөгийн торгох ял оногдуулсан нь хүнд байна. Би гэмт хэрэг үйлдэхдээ мотоцикл ашигласан, машин ашиглаагүй. Би үйлдсэн гэмт хэргийнхээ талаар 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдөр гэрчээр мэдүүлэг өгөхдөө айж сандарсны улмаас зөрүүтэй мэдүүлэг өгсөн. Энэ мэдүүлгийг сайтар шалгаж, нягтлахгүйгээр түүнд тулгуурлан надад ял оногдуулсан. Миний бие шүүх хуралдаанд өөрийн биеэр оролцох хүсэлттэй байна гэжээ.

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Г.Ганбадрах давж заалдах гомдолдоо: Өмгөөлөгчийн хувьд шүүгдэгч нарын үйлдлийг “алдуул мал завших” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна.

Хохирогч Б нь “...манай адуу Хэнтий аймгийн Батмөнх сумын 3 дугаар багын нутагт “Цагаан толгой” гэдэг газарт бэлчдэг. Би 2018 оны 9 дүгээр сарын 10-даар өөрийн адууг бүртгэхэд бүрэн байсан. Тэгээд 2018 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр адуугаа хураахад нэг азаргатай 11 тооны адуу дутсан. Адуугаа бэлчдэг газраар нь хайгаад олгоогүй. Би алга болсон нэг азаргатай адууныхаа талаар 2018 оны 9 дүгээр сарын 21-ний өдрөөс хойш сураг гаргах гэж хайж байна...” гэж /хх-ийн 20-21 хуудас/, мөн “...2018 оны 12 дугаар сарын 13-ны өдөр ...бэлчдэг нутгаар нь хэд хоног хайгаад олдохгүй болохоор нь адуугаа хайж өөрийн автомашинаар Хэнтий аймгийн Баянмөнх, Галшар сумд, Дорноговь аймгийн Иххэт сумын нутгаар явсан. ...ер нь бол 300000 гаруй төгрөг зарцуулсан...” гэж /хх-ийн 59 хуудас/ тус тус мэдүүлжээ. Үүнээс үзэхэд хохирогч саарал азаргатай адуугаа 2018 оны 9 дүгээр сарын 10-21-ний хооронд бэлчээрээсээ алдсан байна. Гэхдээ хэдний өдөр алдсан гэдэг нь тодорхойгүй бөгөөд хавтаст хэрэгт авагдсан бүхий л нотлох баримтуудаар адуу алга болсон хугацааг 2018 оны 9 дүгээр сарын 10-даар гэх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн заалттай нийцэх юм. Энэ талаар мөрдөн байцаалтын шатанд гаргаж байсан өмгөөлөгчийн хүсэлт хавтаст хэрэгт авагдсан ба гомдолд хавсаргасан..

Б-ын саарал азаргатай 11 тооны адуу Баянмөнх сумын “Цагаан толгой” гэх газраас хөлөөрөө сүргээсээ тасран 20-25 километр зайд орших Эрээн уулын баруун урд 22 хоног байсныг Э-, Н- нар нь 2018 оны 10 дугаар сарын 02-ны орой 20 цагийн үед тааралдаж нутагтаа тууж авчирсан байдаг. Энэ талаар шүүх Э- нарыг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэсэн нь тэднийг анхнаасаа үхэр хайж явсныг зөвшөөрсөн атлаа мал хулгайлсан гэж үзсэн нь ойлгомжгүй байна. Хохирогч дээрх адуугаа алга болсон хугацаанд өөрийн адуу бэлчдэг бүхий л бэлчээр газраар хайгаад олдоогүй тухайгаа мөрдөн байцаалтын шатанд тодорхой мэдүүлдэг. Үүнээс харахад Эрээн уулын баруун урд газар нь хохирогч Б-ын адууны бэлчээр газар биш юм. Дээрх 11 тооны адуу хөлөөрөө 20-25 километр газар тасран гүйж, эзэнгүй ууланд ямар ч хариулгагүй 22 хонож байхад нь Э- нар тааралдсан байдаг. Мөн Э- нь 2018 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр адууны эрэлд явж байхдаа яг тэр газарт дээрх 11 тооны адуутай тааралдсан байдаг. Мөн 7 хоногийн дараа дахин тааралдсан.

Шүүх Э-ын 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдөр гэрчээр өгсөн мэдүүлгийн яг аль хэсэг нь нотлох баримтын шаардлагыг хангаж байгаа, хангахгүй байгааг ялгаж дурдахгүйгээр уг мэдүүлэгт тулгуурлан шүүгдэгч нарыг мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн нь буруу юм. Энэхүү мэдүүлэг нь Монгол Улсын Үндсэн Хуулийн 16 дугаар зүйлийн ...өөрийн болон ...эсрэг мэдүүлэг өгөхгүй байх ...өөрөө өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхийг шаардахыг хориглоно... гэснийг зөрчиж мэдүүлэг авсан байх тул нотлох баримтын шаардлага хангахгүй болно. Иймд Э-, Н- нарын үйлдлийг зөвтгөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өөрчлөн зүйлчилж өгнө үү.

Үүний зэрэгцээ анхан шатны шүүх хэрэгт битүүмжлэгдсэн байсан “Бонго-3” маркийн автомашины үнэ болох 8500000 төгрөгийг хувь тэнцүүлэн шүүгдэгч нараас гаргуулж улсын орлого болгохоор шийдвэрлэсэн нь хууль бус гэж үзэж байна. Учир нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт ...гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник хэрэгслийг ойлгоно... гэж тодорхой заажээ. Э нар нь гэмт хэрэг үйлдэх үедээ Н-ийн өмчлөлийн “Даюун” маркийн мотоциклтой явсан нь тогтоогддог. Харин Э нь гэмт хэрэг төгссөний дараа өөрийн эцэг Б-с түүний өмчлөлийн “Бонго-3” маркийн автомашиныг гуйж ашигласан байдаг. Э нар нь энэхүү автомашиныг ямар нэгэн гэмт хэрэг үйлдэхдээ ашиглаагүй, ашиглахыг завдаагүй тул тэднээс автомашины үнэ болох 8500000 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргаж улсын орлого болгохоор шийдвэрлэсэн нь хууль бус юм. Иймд Э, Н нараас тус бүрээс гаргуулахаар шийдвэрлэсэн 4250000 төгрөгийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.     

Хэнтий аймаг дахь Прокурорын газрын хяналтын прокурор Д.Энхжаргал давж заалдах шатны шүүхэд гаргасан дүгнэлтдээ: Шүүгдэгч Н алдуул мал ашигласан, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан буюу махыг ачиж явсан тээврийн хэрэгслийн үнийг гаргуулахыг хүлээн зөвшөөрөхгүй гэж давж заалдах гомдол гаргасан байна. Тухайн хэрэг зүйлчлэлийн хувьд маргаантай байгаа бөгөөд энэ талаар шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр хэлэлцэж шүүгчийн захирамжаар хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж байсан. Хэрэгт авагдсан шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлгүүдийг үндэслэн алдуул мал завших гэмт хэрэг биш бусдын малыг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэж зүйлчилсэн нь үндэслэлтэй байна. Хэргийн үйл баримтаас харахад саарал азаргатай 11 тооны адууг Галшар сумын нутгаас Дорноговь аймгийн Иххэт сум руу мотоциклтой тууж аваачсан байдаг. Газар орны хэмжээ, хязгаар, үхэр хайж явсан хүмүүс адуу дайралдахаар 50-60 километр газарт тууж явсан зэргийг харахад хулгайн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж байна.

Хохирогч 2018 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр адуугаа алдаад 10 дугаар сарын 07-ны өдөр Иххэт суманд Батбаяр гэх хүний хашаанд байсан гэж мэдүүлдэг. Хохирогч адуугаа алдсан гэж ярьдаг боловч алдуул адуу гэж бүртгүүлсэн зүйл байдаггүй. Иймд алдуул мал ашигласан гэж үзэх үндэслэл байхгүй, Э, Н нарын үйлдэл нь хулгайлах гэмт хэрэг бөгөөд гэмт хэргийн зүйлчлэлийг өөрчлөх боломжгүй юм.

Шүүгдэгч Э бусдын адууг ижил сүргээс нь тасалж аваагүй, 4250000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй гэж гомдол гаргасан байна. Ижил сүргээс нь тасалж аваагүй гэж Э хэлж байгаа боловч үүнийг тогтоосон, нотолсон зүйл байхгүй юм.

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Э-ыг гэрчээр хоёр удаа байцаасан мэдүүлэг зөрүүтэй байгаа учир нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаж байна. Гэтэл уг хүсэлтийг урьдчилсан хэлэлцүүлэгт уг хүсэлтийг гаргах боломжтой байсан. Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6.13-т энэ талаар тодорхой заасан байдаг бөгөөд дээрх мэдүүлгүүдийг шүүх нотлох баримтын хэмжээнд үнэлсэн нь үндэслэлтэй байна.

Гэмт хэрэг үйлдэхдээ 11 тооны адууг мотоциклоор тууж авчирсан байдаг ба адууг ажиллаад махыг нь Улаанбаатар хот руу автомашин ашиглаж ачиж явсан байдаг. Тус тээврийн хэрэгсэл нь Э-ын аавын эзэмшлийнх бөгөөд шүүх гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгсэл гэж үзэн үнийг шүүгдэгч нараас гаргуулахаар шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна.

Анхан шатны шүүх хэргийн материалд авагдсан гэрч, хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлгүүдийг шинжлэн судалж хэргийг Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна. Шүүгдэгч нарт ногдуулсан ялын хэмжээ гэмт хэргийн нөхцөл байдалтай тохирсон, Эрүүгийн хуулийн 7.5-д заасны дагуу тээврийн хэрэгслийг хураасан, үнийг гаргуулсан хууль зөрчөөгүй байна. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байх тул шүүгдэгч нарын болон тэдгээрийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанаар Э, Н нарт холбогдох эрүүгийн хэргийг түүний давж заалдах гомдлоор хянан хэлэлцэж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Прокурорын газрын газрын 2019 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 05, 06 дугаар тогтоолоор Э, Н нарыг яллагдагчаар татах тогтоолд өөрчлөлт оруулсан хэрнээ яллагдагч нарт эрх үүргийг танилцуулж, мэдүүлэг аваагүй, мөн хэргийн талаар харилцан эсрэг сонирхолтой сэжигтэн, яллагдагч байж болзошгүй байхад тэднийг нэг өмгөөлөгч өмгөөлж байгаа зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.3 дугаар зүйлийн 3.4, 10.8 дугаар зүйлийн 2-т заасныг тус тус зөрчжээ.

Нэгдүгээр хавтаст хэргийн 129, 131 дүгээр талд прокурор яллагдагчаар татах тухай тогтоолд Э, Н нарын гарын үсэг нь хавтаст хэрэгт байгаа яллагдагч нарын гарын үсгээс илтэд зөрүүтэй байгааг дурдах нь зүйтэй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Э, Н нарт холбогдох хэргийг прокурорт буцаах нь зүйтэй гэж үзэв.  

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.3, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага  болгон ТОГТООХ нь

1. Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 19 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Прокурорын газарт буцаасугай. 

2. Хэргийг прокурорт очтол Э, Н нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, хуулийн этгээд, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

                                ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Б.ДЭНСМАА

                                ШҮҮГЧ                                                Я.АЛТАННАВЧ

                                                             Б.СҮХГОМБО