Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 19 өдөр

Дугаар 2022/ШЦТ/384

 

 

 

 

 

 

 

    2022          05              19                              2022/ШЦТ/384

 

 

 

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж, улсын яллагч Т.Отгонтөгс, хохирогч М.Д-, шүүгдэгч С.С, түүний өмгөөлөгч У.Хүрэлсүх, нарийн бичгийн дарга Ж.Гандулам нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Ш овогт С-ын С-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2210000000392 дугаартай хэргийг 2022 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1995 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр Говь-Алтай аймгийн Цогт суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт ... тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 06 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1,000,000 төгрөгөөр торгох ялаар,

Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 2021/ШЦТ/85 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 01 жил 06 сарын хугацаагаар тэнсэж, хянан харгалзсан, Ш овогт С-ын С 

 

Холбогдсон хэргийн талаар:

 

          Шүүгдэгч С.С нь 2022 оны 3 дугаар сарын 04-ний өдөр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Хаппи апартмент хотхоны 111 дүгээр байрны 154 тоот гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай М.Д-г “ээж чинь цагдаад өгнө гэж хэлсэн” гэх шалтгааны улмаас гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож, эрүүл мэндэд нь баруун шанаа, зүүн нүдний дээд зовхи, хацар, шанаа, баруун бугалга, ахар сүүл орчимд цус хуралт дагзны хуйханд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

         

Нэг:  Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлсэн мэдүүлэг: 

 

Хохирогч М.Д-: “...Тухайн хэрэг гардаг өдөр ажил дээрээ байж байхад хадам ээж над руу залгаад “нөхөртөө яагаад хоол унд хийдэггүй юм бэ, шөнө хийсэн хоолноос 1 тавгийг үлдээж болдоггүй юм уу” гэж ярьсан. Орой ажлаасаа ирээд нээх юм бодоогүй, том охиныхоо хичээлийн хэрэгслийг бэлдээд байж байхад С.С дэлгүүрээс пиво бариад орж ирсэн. Манай ээж С.С-тай утсаар яриад “чи яагаад согтууруулах ундаа хэрэглээд байгаа юм бэ, чамайг цагдаад өгнө” гэж ярьсан гээд намайг цохисон. Би хүчээр дийлэхгүй учраас гэрээс гараад явахад ардаас гарч ирээд намайг дахин цохисон. Тэгээд би хадам ээж рүү залгаж хэлсэн “хүү тань архи уугаад намайг зодоод байна” гэж хэлэхэд хамаатны 2 залууг манай гэр рүү явуулсан. Тэр хоёр С.С-ыг дагуулаад бие засах өрөө орох хооронд би охиноо аваад дээд айлын хаалгыг тогшиж байхад С.С гэрээс гараад явахаар нь би найзыгаа дуудаад гэртээ орж ирээд “би зодуулчхаад байж байна” гэж ярьж байхад С.С эргээд ороод ирсэн. Тэгээд би зөрж гараад дээд айл руу орж цагдаа дуудсан...” гэв.

 

          Шүүгдэгч С.С: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэг өгөхгүй...” гэв.

Хоёр: Шүүх хуралдаанд талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:

 

Хохирогч М.Д мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Хадам ээж, манай ээж, нөхөр гурвын хооронд маргаан үүссэн. Би орой 17 цагийн үед ажлаа тараад гэртээ ирэхэд ээж рүүгээ явна гээд хувцсаа бэлдчихсэн сууж байсан. ...Тэгснээ гараад орж ирэхдээ 2,5 литрийн Сэрүүн нэртэй пиво хоёрыг авч орж ирээд уучихсан, дахиад нэг пиво задлаад ууж байсан. Тэгснээ манай ээжтэй утсаар яриад хэрүүл гуйгаад байсан. Тэгсэн бүр охинтой минь яриулахгүй утсаа тасаллаа гэхээр нь манай ээж уурлаад давраад байгаарай, чамайг цагдаад өгнө шүү  гэж хэлсэн. Тэгсэн чинь утсаа салгаад танай ээж яахаараа намайг цагдаад өгдөг юм бэ гээд намайг шууд 2-3 удаа алгадаад авсан, ...би гэрээс гарах гэтэл дахиад 5-10 минутын зайтай 5-6 удаа алгадсан, зүүн талын нүд рүү гараараа цохисон. ...Удалгүй хамаатны хоёр залуу ирээд манай нөхөр ариун цэврийн өрөө рүү орсон хойгуур би охиноо дагуулаад гэрээс гараад зугтсан...” /хавтас хэргийн 10-11 дэх тал/ гэсэн,

 

Гэрч Г.Гэрэлт-Од мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...С ах гэртээ орохоор нь бид хоёр араас нь орсон чинь ах, Цээгий эгч гэртээ байхгүй хүүхэд нь Цээгий эгчийн найзтай байж байсан, эгчийн найз хүүхдийг нь аваад гарсан чинь ах би хүүхдээ авч ирнэ гээд гараад дээд давхрын айлын хаалгыг чанга нүдээд байсан...” /хавтас хэргийн 16-17 дахь тал/ гэсэн,

 

Гэрч Г.Г мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2022 оны 3 дугаар сарын 04-ний орой 22 цаг өнгөрч байхад найз Д- над руу “Намайг хайж байгаа юм, битгий хаалга тайл” гэж мессеж бичсэн. Тэр үед би хүүхдээ унтуулаад хэвтэж байхад нөхөр хаалга тайлахад М.Д-гийн нөхөр Д-г байна уу гэхээр нь байхгүй гээд хаалга хаасан. ...Би Д- рүү чи хаана байгаа юм гэхэд 13 давхарт байна гэхээр нь би гэрээсээ гараад 13 давхарт гарахад Д- охинтойгоо хамт зогсож байсан. ...Гэр рүү нь ороход хүн байгаагүй, 10 орчим минутын дараа С ороод ирсэн, ...Д зөрөөд гүйгээд гарчихсан, ...би охиныг нь аваад зөрөөд гараад явчихсан...” /хавтас хэргийн 19-20 дахь тал/ гэсэн ,

 

Шүүгдэгч С.С мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...Би эхнэр Д-тэй маргалдаж байгаад нэг удаа алгадаад авсан, тэгсэн эхнэр гараад гүйхээр нь би араас нь гарч барьж аваад ярилцья гээд гэр рүүгээ буцаж оруулсан. ...Буцаад гэртээ ороход Д- найз Г-тай хамт гэрт байсан. ...Намайг ороод ирэхэд тэр хоёр зөрөөд гарсан, тэгэхээр нь би араас нь гараад Г-ын гэрт орсон байх гээд хаалгыг нь нүдэхэд нөхөр нь гарч ирээд Цээгий байна уу гэхэд тийм хүн байхгүй гээд хаалгаа хаачихсан. ...Хаалгаа тайлахгүй болохоор нь уур хүрээд заазуураар хаалгыг нь цохичихсон...” /хавтас хэргийн 28-29 дэх тал/ гэсэн мэдүүлгүүд,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 3 дугаар сарын 09-ний №3878 дугаартай дүгнэлтэд: “...Дүгнэлт 1. М.Д-гийн биед баруун шанаа, зүүн нүдний дээд зовхи, хацар, шанаа баруун бугалга, шилбэ, зүүн бугалга, ахар сүүл орчимд цус хуралт, дагзны хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгджээ.

3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй...” /хавтас хэргийн 22-23 дахь тал/ гэсэн дүгнэлт,

 

- Дуудлагын лавлагааны хуудас /хавтас хэргийн 3 дахь тал/,

- Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл /хавтас хэргийн 5-6 дахь тал/,

- Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл /хавтас хэргийн 63-64 дахь тал/,

- Илтгэх хуудасны хуулбар /хавтас хэргийн 66 дахь тал/,

- Шүүгдэгч С.С-ын хувийн байдалтай холбоотойгоор иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтас хэргийн 48 дахь тал/, байнга оршин суугаа хаягийн лавлагаа /хавтас хэргийн 49 дэх тал/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт /хавтас хэргийн 59 дэх тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтас хэргийн 32 дахь тал/, шийтгэх тогтоолын хуулбарууд /хавтас хэргийн 35-47 дахь тал/ зэрэг болно.

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

 

1. Шүүгдэгч С.С нь 2022 оны 3 дугаар сарын 04-ний өдөр .. гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай М.Д-г “ээж чинь цагдаад өгнө гэж хэлсэн” гэх шалтгааны улмаас гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож, эрүүл мэндэд нь баруун шанаа, зүүн нүдний дээд зовхи, хацар, шанаа, баруун бугалга, ахар сүүл орчимд цус хуралт дагзны хуйханд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч М.Д-гийн “...Хадам ээж, манай ээж, нөхөр гурвын хооронд маргаан үүссэн. Би орой 17 цагийн үед ажлаа тараад гэртээ ирэхэд ээж рүүгээ явна гээд хувцсаа бэлдчихсэн сууж байсан. ...Тэгснээ гараад орж ирэхдээ 2,5 литрийн пиво хоёрыг авч орж ирээд уучихсан, дахиад нэг пиво задлаад ууж байсан. Тэгснээ манай ээжтэй утсаар яриад хэрүүл гуйгаад байсан. Тэгсэн бүр охинтой минь яриулахгүй утсаа тасаллаа гэхээр нь манай ээж уурлаад давраад байгаарай, чамайг цагдаад өгнө шүү  гэж хэлсэн. Тэгсэн чинь утсаа салгаад танай ээж яахаараа намайг цагдаад өгдөг юм бэ гээд намайг шууд 2-3 удаа алгадаад авсан, ...би гэрээс гарах гэтэл дахиад 5-10 минутын зайтай 5-6 удаа алгадаж авсан, зүүн талын нүд рүү гараараа цохисон. ...Удалгүй хамаатны хоёр залуу ирээд манай нөхөр ариун цэврийн өрөө рүү орсон хойгуур би охиноо дагуулаад гэрээс гараад зугтсан...” /хавтас хэргийн 10-11 дэх тал/ гэсэн, гэрч Г.Г-ын “...С ах гэртээ орохоор нь бид хоёр араас нь орсон чинь ах, Цээгий эгч гэртээ байхгүй, хүүхэд нь Цээгий эгчийн найзтай байж байсан эгчийн найз хүүхдийг нь аваад гарсан чинь ах би хүүхдээ авч ирнэ гээд гараад дээд давхрын айлын хаалгыг чанга нүдээд байсан...” /хавтас хэргийн 16-17 дахь тал/ гэсэн, гэрч Г.Г-ын “...2022 оны 3 дугаар сарын 04-ний орой 22 цаг өнгөрч байхад найз Д- над руу “Намайг хайж байгаа юм, битгий хаалга тайл” гэж мессеж бичсэн. Тэр үед би хүүхдээ унтуулаад хэвтэж байхад нөхөр хаалга тайлахад М.Д-гийн нөхөр Д-г байна уу гэхээр нь байхгүй гээд хаалга хаасан. ...Би Д- рүү чи хаана байгаа юм гэхэд 13 давхарт байна гэхээр нь би гэрээсээ гараад 13 давхарт гарахад Д охинтойгоо хамт зогсож байсан. ...Гэр рүү нь ороход хүн байгаагүй, 10 орчим минутын дараа С ороод ирсэн, ...Д зөрөөд гүйгээд гарчихсан, ...би охиныг нь аваад зөрөөд гараад явчихсан...” /хавтас хэргийн 19-20 дахь тал/ гэсэн, шүүгдэгч С.С-ын “...Би эхнэр Д-тэй маргалдаж байгаад нэг удаа алгадсан, тэгсэн эхнэр гараад гүйхээр нь би араас нь гарч барьж аваад ярилцья гээд гэр рүүгээ буцаж оруулсан. ...Буцаад гэр рүүгээ ороход Д найз Г-тай хамт гэрт байсан. ...Намайг ороод ирэхэд тэр хоёр зөрөөд гарсан, тэгэхээр нь би араас нь гараад Гын гэрт орсон байх гээд хаалгыг нь нүдэхэд нөхөр нь гарч ирээд Цээгий байна уу гэхэд тийм хүн байхгүй гээд хаалгаа хаачихсан. ...Хаалгаа тайлахгүй болохоор нь уур хүрээд заазуураар хаалгыг нь цохичихсон...” /хавтас хэргийн 28-29 дэх тал/ гэсэн мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны №3878 дугаартай дүгнэлтэд: “...Дүгнэлт: М.Д-гийн биед баруун шанаа, зүүн нүдний дээд зовхи, хацар, шанаа баруун бугалга, шилбэ, зүүн бугалга, ахар сүүл орчимд цус хуралт, дагзны хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгджээ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” /хавтас хэргийн 22-23 дахь тал/ гэсэн дүгнэлт, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл /хавтас хэргийн 5-6 дахь тал/, аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл /хавтас хэргийн 63-64 дахь тал/, илтгэх хуудасны хуулбар /хавтас хэргийн 66 дахь тал/ зэрэг хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүх хуралдаанд шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан бөгөөд дээрх нотлох баримтуудыг үгүйсгэсэн, няцаасан баримт байхгүй ба тухайн баримтуудаар шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдахад хэргийн оролцогчийн хууль ёсны эрхийг зөрчсөн, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Хохирогч М.Д-гийн эрүүл мэндэд учирсан “...баруун шанаа, зүүн нүдний дээд зовхи, хацар, шанаа баруун бугалга, шилбэ, зүүн бугалга, ахар сүүл орчимд цус хуралт, дагзны хуйханд зөөлөн эдийн няцрал...” бүхий хөнгөн гэмтэл нь шүүгдэгч С.С-ын түүнийг алгадсан, цохисон идэвхитэй үйлдлийн улмаас үүссэн бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл бүхий хохирол учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдож байна.

Шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй гэмт үйлдэл болно.  

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч С.С-ын хохирогч М.Д-гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.   

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол...” гэж хүндрүүлэх бүрэлдэхүүнийг заасан бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-д “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэж заажээ. Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн гэж “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль”-ийн 3 дугаар зүйлд эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч …этгээдийг ойлгох ба Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэдгийг “...гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодох, харгис хэрцгий харьцах, догшин авирлах, тарчлаах, эд хөрөнгө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд нь халдах, сэтгэл санаанд нь дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие мах бодид халдсан үйлдэл, эс үйлдэхүйг” ойлгохоор хуульчилжээ.

Шүүгдэгч, хохирогч нар нь хамтран амьдардаг гэр бүлийн харилцаатай болох нь хэрэгт авагдсан хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлгээр тогтоогдох бөгөөд тэдгээрийн хэн аль нь энэ талаар маргахгүй тул С.С-ын хамтран амьдрагч М.Д-гийн биед хүч хэрэглэн халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэх тухайн гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжийг агуулж байна.

 

Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч С.С-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт нь шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байна.

 

2. Шүүгдэгч С.С-ын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл тогтоогдсонгүй.

 

Дээрх хөнгөрүүлэн үзэх нөхцөл шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж, учруулсан хохирол хор уршиг, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1,000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 1,000,000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял шийтгэв.

 

Шүүгдэгч нь С.С нь Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 2021/ШЦТ/85 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 01 жил 06 сарын хугацаагаар тэнсэж хянан харгалзсанаас 06 сар 08 хоногийн бүртгэл хяналтад орж, 11 сар 22 хоногийн хяналтын хугацааны үлдэгдэлтэй байгаа болох нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 3/10353 дугаартай албан бичгээр /шүүх хуралдаанд шинээр гаргаж өгсөн/ тогтоогдож байна.

Шүүгдэгч нь С.С нь Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 2021/ШЦТ/85 дугаар шийтгэх тогтоолоор ял оногдуулахгүйгээр 01 жил 06 сарын хугацаагаар тэнссэн хяналтын хугацаа дуусаагүй байхдаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” буюу санаатай гэмт хэрэг дахин үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 2021/ШЦТ/85 дугаар шийтгэх тогтоолын ТОГТООХ хэсгийн 2, 3 дахь заалтаас шүүгдэгч С.Сд холбогдох хэсгийг хүчингүй болгож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5,400 /таван мянга дөрвөн зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 5,400,000 /таван сая, дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт шүүх хэд хэдэн шийтгэх тогтоолоор хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан журмаар нэгтгэн, эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно гэсний дагуу шүүгдэгч С.Сд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 1,000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 1,000,000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял дээр, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан  5,400 /таван мянга дөрвөн зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 5,400,000 /таван сая, дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ялуудыг нэмж нэгтгэн түүний нийт биечлэн эдлэх ялыг 6,400 /зургаан мянга, дөрвөн зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 6,400,000 /зургаан сая, дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тогтоож, шүүгдэгчийн хувийн байдал, ажил хөдөлмөр эрхлэлт, арын гэрийн нөхцөл зэргийг харгалзан уг ялыг 01 /нэг/ жил, 03 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр хугацаа тогтоов.

 

3. Гэмт хэргийн улмаас хохирогч М.Д-гийн эрүүл мэндэд баруун шанаа, зүүн нүдний дээд зовхи, хацар, шанаа баруун бугалга, шилбэ, зүүн бугалга, ахар сүүл орчимд цус хуралт, дагзны хуйханд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учирсан, хохирогч гэмт хэргийн улмаас учирсан хохиролтой холбоотой зардал нэхэмжлээгүй, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж байх тул энэ шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх хохирол төлбөргүй байна.

 

Эрүүгийн 2210000000392 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч С.С нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Ш овогт С-ын С-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай

 

2. Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 2021/ШЦТ/85 дугаар шийтгэх тогтоолын ТОГТООХ хэсгийн 2, 3 дахь заалтаас шүүгдэгч С.С-д холбогдох хэсгийг хүчингүй болгосугай.

 

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С-ын С-ыг 1,000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 1,000,000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5,400 /таван мянга дөрвөн зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 5,400,000 /таван сая, дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан шүүгдэгч С.С-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 1,000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 1,000,000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял дээр, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 5,400 /таван мянга дөрвөн зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 5,400,000 /таван сая, дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг 6,400 /зургаан мянга, дөрвөн зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 6,400,000 /зургаан сая, дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тогтоосугай.

 

5. Шүүгдэгч С.С-д оногдуулсан 6,400 /зургаан мянга, дөрвөн зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 6,400,000 /зургаан сая, дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.С торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс хойш 01 /нэг/ жил, 03 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр хугацаа тогтоож, тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулж мэдэгдсүгэй.

 

7. Эрүүгийн 2210000000392 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч С.С нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч М.Д- гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч С.С-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

10. Давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.С-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Д.АЛТАНЖИГҮҮР