Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 20 өдөр

Дугаар 2022/ШЦТ/387

 

 

 

 

 

 

 

   2022          5           20                                      2022/ШЦТ/387

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж, Ерөнхий шүүгч Б.Батболор, шүүгч Т.Алтантуяа нарын бүрэлдэхүүнтэй, улсын яллагч Ч.Түмэн-Өлзий, иргэдийн төлөөлөгч Г.Чингүүн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Н, түүний өмгөөлөгч Ж.Баасанжав, шүүгдэгч Ц.А-, түүний өмгөөлөгч Д.Баттөмөр, нарийн бичгийн дарга Ц.Баасанцэрэн нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Б овогт Ц-ын А-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2210000000287 дугаартай хэргийг 2022 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

            Монгол улсын иргэн, 1989 оны 6 дугаар сарын 04-ний өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “М” ХХК-ийн захирал ажилтай, ам бүл 4, эхнэр, хоёр  хүүхдийн хамт .. тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Б овогт Ц-ын А

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Ц.А- нь 2022 оны 3 дугаар сарын 03-ны орой .. тоот өөрийн гэртээ Ш.Стай маргалдаж, улмаар түүний цээжинд хутгалж алсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

         

Нэг:  Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, шүүгдэгч нарын мэдүүлэг: 

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Н: “...2022 оны 3 дугаар сарын 03-ны орой 23 цаг өнгөрч байхад утсаар ярьсан, хэн ярьсныг мэдэхгүй, том асуудалд орлоо, ямар асуудал гэсэн амиа хорлосон гэж хэлсэн. Талийгаач шударга зантай, хүмүүстэй эвтэй байдаг, архи уухаараа агсам зан байхгүй, хохиролд нийтдээ 118,242,000 төгрөг авсан, гомдол санал байхгүй. Талийгаач амьд байсан бол бид орох оронтой болох байсан, одоо айлын хашаа түрээсэлж амьдарч байгаа, амьдрах байрыг бий болгож өгөөч гэж хэлээд энэ байдлыг хангаж өгсөн. Орон сууцны мөнгийг шилжүүлж авсан, бага насны хүүхдийн тэжээгчээ алдсан асуудлын хувьд Төрийн байгууллагад баримтаа өгсөн, шийдвэрлээгүй байгаа, зөрүүг нэхэмжлэх асуудлыг мөнгө авснаар хаачихсан гэж ойлгож болно...” гэв.

 

          Шүүгдэгч Ц.А-: “...Би энэ хэрэгт маш их гэмшиж байна, талийгаач манай компанид ажилладаг байсан, хэрэг болсон өдөр талийгаачид хандаж архи битгий уу, ажлаа тасалж болохгүй гэж шаардлага тавьсан, өөр байдлаар маргаагүй, хувийн таарамжгүй харьцаа байгаагүй, тухайн үед хэлсэн миний үгийг авалгүйгээс ийм байдалд хүрчихлээ. Талийгаачийн ар гэр болон аав ээжээс нь уучлал гуйя, 2022 оны 3 дугаар сарын 03-ны орой бид нар архи уусан, болсон зүйлийг санаж байгаа, талийгаач манайд эрүүл ирсэн, хэрэг явдал болохоос 10-20 минутын өмнө гэрт цуг байсан - ах харилаа, орцны хаалга олохгүй байна гэхэд би талийгаачийг Ц-тэй хамт буугаад гэртээ харь гэхэд гарч яваад эргээд ороод ирсэн байсан. Өмгөөлөгчөөрөө дамжуулаад ар гэрийхэнтэй нь уулзуулаад хохирол төлсөн. Талийгаач амиа хорлосон асуудал болоогүй, би 102 болон захирал Э-ийг дуудсан, айлгах гэж тухайн хутгыг авсан, биеэ хянах чадвартай байсан, болсон асуудлыг мэдэж байгаа...” гэв.

 

Хоёр: Шүүх хуралдаанд талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Манай нөхөр 2022 оны 3 дугаар сарын 03-ны өглөө 06 цаг өнгөрч байхад ажилдаа явсан, ...орой Дамба гэж хүн 23 цагийн орчимд утсаар С нэг том асуудалд орсон, өөрийгөө хутгалж амиа хорлосон гэж хэлсэн. Тухайн үед би бага хүүхэдтэйгээ эмнэлэгт хэвтэж байсан болохоор Сын төрсөн эгч рүү утсаар яриад манай инженертэй яриадах, нэг асуудал болсон гэж байна гэсэн. Маргааш өглөө нь буюу 2022 оны 3 дугаар сарын 04-ний өглөө цагдаагийн газраас залгасан...” /хавтас хэргийн 52 дахь тал/ гэсэн,

 

Гэрч А.Цмөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2022 оны 3 дугаар сарын 03-ны өдөр ...А- над руу залгаад манайд хүрээд ирээ хөгшөөн гэж ярихаар нь ...А-ийн гэр болох .. очсон. Намайг ороход А танихгүй хоёр залуугийн хамт суугаад архи ууж байсан, би хамт суугаад тал шилтэй архийг нь бид дөрөв хувааж ууж дуусгасан. Тэгэхэд А Соёрхол нэртэй архи гаргаж ирээд бид дөрөв хувааж уусан. А талийгаач хоёр хоорондоо маргалдаад байсан, А нь талийгаачийг чи 365 хоногийн 180 хоногт нь ажилдаа ирдэг, архи уухаараа намайг дандаа дарамталдаг гэж хэлээд хоорондоо хэрэлдээд маргалдаад байсан, би утсаа оролдоод сууж байхад А гал тогооныхоо өрөө рүү гүйсэн, гал тогооны өрөөнөөс хүрч ирэхэд талийгаач, А-ийн өөдөөс нь босоход А талийгаачийг цохих шиг болсон талийгаач газар унасан, цээжнийх нь зүүн тал хөхний доод талаас цус гарахаар нь би цусыг тогтоох гэж гараараа дараад А-ийг юу хийчих вэ, түргэн дуудаач ээ гэж хэлсэн, танихгүй ах над руу хоёр алчуур шидсэн А-ийн баруун гарт нь хутга байсан. А түргэн рүү залгаад утсаа авахгүй байсан, удалгүй гаднаас А-ийн ажлынх нь хүн болох танихгүй залуу орж ирснээ түргэн, цагдаа дуудчихсан гэж хэлснээ наадах чинь өөрөө өөрийгөө хутгалсан гэж хэлээрэй гэснээ А-ээс намайг энэ юун залуу вэ гэж асуухад А миний найз гэж хэлсэн, тэгсэн гаднаас орж ирсэн А-ийн ерөнхий захирал нь хутга хаана байна гэж асуухад А тэр байна гэж гал тогооны өрөөнд байх угаалтуурын хажуу руу заасан, тэгэхэд ерөнхий захирал нь надад хандан хутганы цусыг арчаад гарт нь хүргэчих гэж хэлэхээр нь би гал тогооны угаалтуурын хажууд байсан цустай хутгыг аваад цусыг шар өнгийн алчуураар арчаад хутгыг талийгаачийн зүүн талын гарт нь бариулаад ширээн дээр тавьсан хутга арчсан алчуураар нь өөрийнхөө гарын цусыг арчаад буйдан дээр тавьчхаад ариун цэврийн өрөө орж гараа угаасан...” /хавтас хэргийн 54-55 дахь тал/ гэсэн,

 

Гэрч А.С мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2022 оны 3 дугаар сарын 03-ны өглөө 06 цаг өнгөрч байхад захирал А- өөрийнхөө .. дугаарын утсаар миний .. дугаартай утас руу залгаж “манай гэрт хүрээд ирээ, хоёулаа ажил ярих хэрэгтэй байна” гэхээр нь би гэрээсээ 07 цаг өнгөрөөгөөд Шар хадны эцсээс такси бариад гэрт нь очсон, таксины мөнгө 30,000 төгрөг гарсан бөгөөд захирал А нь тухайн мөнгийг дансаар хийж шилжүүлэн төлсөн. Би 08 цаг 40 минутад захирал А-ийн гэрт ирээд ороход А захирал архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй, эхнэр, хоёр хүүхдийн хамт байсан. Надад эхнэр нь цай хийгээд бууз жигнэж өгөөд би идээд сууж байтал А захирал “чи манай компанид малчнаар ажилд орох уу?” гэсэн санал тавьсан бөгөөд би тухайн үед эхнэрээсээ асууж байж болно гэсэн хариуг өгсөн юм. Тухайн өдөр 13 цаг өнгөрч байхад захирал А тавиуран дээрээс 1 литрийн савлагаатай орос нэртэй архи гаргаж тэрийгээ задлаад бид хоёр тухайн архинаас ууж эхэлсэн юм. Бид хоёр 17 цаг хүртэл юм яриад сууж байтал захирлын эхнэр нь гэх эмэгтэй хүүхдүүдээ хувцаслаад 16 цаг өнгөрөөгөөд гараад явсан. Удалгүй захирал компанийн ажилчин Сыг утсаар нь ярьж “манай гэрт хүрээд ирээ, манай гэрээр нэг ороод гараач” гэж яриад байсан. С гэх залуу 17-18 цагийн үед захирлын гэрт ирээд бид нартай мэнд мэдээд суугаад цай уугаад байж байтал А- захирал тавиур дээрээ байсан бор өнгийн 0,5 литрийн савлагаатай архи ажилчиндаа задалж өгнө гэж хэлээд архиа задлахаар нь бид гурав тэр архинаас нь хувааж ууцгаасан. Бид нар архиа ууж сууцгааж байтал С захиралд хандаж “за за би явлаа” гэж 18 цаг өнгөрч байхад хэлэхэд захирал жоохон ууж суумаар байна гээд Сыг явуулахгүй байсан. Тэгтэл захирал утсаараа дахин нэг хүнтэй “Манай гэрт зураг зурдаг хэрэгслээ аваад ирээ, хөгшин чинь зураг зурах санал тавих гэсэн юм” гэж ярьсан бөгөөд тэр хүн нь надад сийлбэр хийж, зураг зурдаг хүн шиг санагдсан. Удалгүй захирлын утсаар ярьсан хүн нь 18 цаг 30 минутад ирээд задалсан архиа хуваагаад ууж байгаад хоорондоо нутгийн бөхүүдийг яриад сууж байсан. Нэг мэдсэн захирал А- ширээний урд босоод хундага бариад бүгдээрээ ажлаа сайн хийцгээнэ шүү гэх зэргээр ярьж инээж хөхрөлдөөд байж байсан, А- захирлын баруун талд С урдаас нь зураач гэх найз нь хараад сууж байсан. Тэгтэл А- захирал сууж байсан сандлаасаа босоод гал тогооны өрөөний шургуулгаас шар өнгийн иштэй жижиг хутга зүүн гартаа бариад С дээр очтол С сандал дээрээсээ босоод миний зүүн талд А- захирал Сын хажууд нь ирээд зогсоод цээжний зүүн дээд хэсэгт 1 удаа хутгаараа хутгалахаар нь би хөөш гэж хэлэхэд А- захирал гартаа байсан хутгаа гал тогооны хавьцаа шидэхээр нь би А- захиралд “чи хүн хутгалчихлаа шдээ” гэж хэлээд би Сыг харахад зүүн гараа дарж унаад татганаад цээжнээс нь их хэмжээгээр цус гараад байхаар нь би айсандаа ариун цэврийн өрөөнд нь ороод сууж байсан. Нэг сэрээд ариун цэврийн өрөөнд дотор талаас нь гадна юу болж байгааг сонсоход А- захирал өөр нэг хүн утсаараа дуудаад байх шиг байсан. Нөгөө хүнийг нь би хараагүй, гэхдээ захирлын гэрт орж ирсэн хүн нь хамт ажилдаг захирал Зоригоо /Э-/ захирал байх шиг байсан, орж ирээд А- захиралд хандаж хутгыг өөрт нь бариулаад өөрийгөө хутгалсан гэж хэлээрэй гэсэн байх, тэгээд би айсандаа ухаан алдаад нойлд унтаад өгсөн байсан. Нэг сэрсэн чинь цагдаагийн хэлтсийн үүдэн дээр нь сэрсэн...” /хавтас хэргийн 59-60 дахь тал/ гэсэн,

 

Гэрч Б.Э- мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2022 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн орой ...22 цаг 03 минутад А  дугаараас залгаад “Өвгөөн Сүхээ цус алдаад байна, хутгалчихлаа, эмнэлэг дуудаарай” гэж сандарч орилж хэлсэн. ...А-ийн ярианаас ноцтой зүйл болсныг ойлгож 22 цаг 04 минутад 103-т залгаж “хүн цус алдаад байна, хутгалуулсан байна” гэж хэлээд А-ийн амьдардаг .. тоот гэж хаягийг зааж өгч 2 минут ярьсан. ...Би А-ийн гэрт нь ороход Содоо ах надад хаалга онгойлгосон, би ороод харахад гал зуухны ширээний баруун талд А- зогсож байсан. Талийгаачийн хажууд зураач залуу суугаад сэргээх гэсэн байдалтай байсан, талийгаачийн хэвтэж байгаа газарт цус шалан дээр харагдаж байсан, би юу болсон бэ гэхэд А- “хутгалчихлаа” гэж хэлэхээр нь би өөрийгөө юм уу гэж асуухад хариу хэлээгүй. ...Цагдаа орж ирээд юу болсон талаар асуусан ба анх байсан хүмүүс юу ч дуугарахгүй байхаар нь би цагдаад “өөрийгөө хутгалсан юм шиг байна” гэж хэлсэн...” /хавтас хэргийн 64-67 дахь тал/ гэсэн,  

 

Шүүгдэгч Ц.А- мөрдөн шалгах ажиллагааны явцад сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...2022 оны 3 дугаар сарын 03-ны ....С бид хоёр ажил ярьж байгаад би Ст хандаж найзаа адилхан залуучууд хөгжөөд болоод байна, өөрийн гэсэн байр оронтой бол, жилийн 365 хоногийн 180 хоногт нь ажил хийж байна, тэгэхээр яаж хөгжих юм бэ гэж хэлсэн. Чи архи дарс уулгүй ажлаа хий гэхэд ...миний амьдрал чамд ямар хамаатай юм бэ гэхэд нь би уурлаад гал тогооны шургуулга онгойлгоод баруун гартаа шар өнгийн модон иштэй хутга аваад очоод сууж байхаар нь цээжний зүүн хэсэг орчим нэг удаа хутгалаад буцаад хутгыг угаалтуурын дэргэд тавиад эргэхэд харахад С ёо ёо гээд сандлаасаа босоод цонхны урд унасан...” /хавтас хэргийн 111-113, 118-120 дахь тал/ гэсэн мэдүүлгүүд,

 

- Шүүх сэтгэц, эмгэг судлалын 2022 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 253 дугаартай дүгнэлтэд: “...Дүгнэлт 1. Ц.А- нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна.

2. Ц.А- нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна.

3. Ц.А- нь үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна.

4. Ц.А- нь хэрэг хариуцах чадвартай байна.

5. Ц.А-д эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх шаардлагагүй байна.

6. Ц.А-д эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх шаардлагагүй байна.

7. Ц.А- нь өөрийн үйлдлийг удирдан жолоодох хянах чадвартай байна...” /хавтас хэргийн 94-95 дахь тал/ гэсэн,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2022 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн №811 дугаартай дүгнэлтэд: “...Дүгнэлт 1. 2. Талийгаач цогцост хийсэн шинжилгээгээр цээжний хөндийд нэвтэрч, үнхэлцэг, зүрхний орой, ховдол хоорондын таславч, зүүн уушги гэмтээсэн шарх, зүүн чамархай, хацарт зулгарал, зүүн шуунд цус хуралт, зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

3. Шарх гэмтэл нь ир үзүүр бүхий зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд үүсгэгдэн байх боломжтой шинэ гэмтэл, зүүн чамархай, хацрын зулгаралт гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн шүргэх, нидрэгдэх механизмаар нас барахаас өмнө 24 цагийн дотор, зүүн шууны цус хуралт, зулгаралт, гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн цохих, шүргэх, нидрэгдэх механизмаар нас барахаас 72 цагаас дээш хугацааны өмнө үүсгэгдсэн байх боломжтой.

4. Цээжний хөндийн нэвтэрч үнхэлцэг, зүрхний орой, ховдол хоорондын таславч, зүүн уушги, гэмтээсэн шарх гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар хүнд зэрэгт бусад зулгаралт цус хуралт гэмтэл нь эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэг тогтоохгүй.

5. 6. Шинжилгээгээр үхэлд нөлөөлөх өвчингүй байна.

7. Цээжний хөндийд нэвтэрч үнхэлцэг, зүрхний орой, ховдол хоорондын таславч, зүүн уушги гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шархны улмаас үнхэлцгийн хөндийнд цус хурж зүрх чихэлдэж нас баржээ.

8. 2022 оны 3 дугаар сарын 04-ний 04 цаг 05 минутын анхны үзлэгээр нас бараад 6-8 цаг болсон байжээ.

9. Талийгаачийн цусанд 3.0, ходоодны шингэнд 6.0, шээсэнд 3.1 промилли спиртийн зүйл илэрсэн. Ходоодны шингэнд САЗ-ын хүрээнд хорт бодис болон эмийн бодис, хүчтэй хүчил шүлт илрээгүй, Шээсэнд мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис илрээгүй.

10. Цусанд 3.0 промилли спиртийн зүйл илэрсэн нь хүнд зэргийн согтолтод хамаарна.

11.  Цусанд илэрсэн спиртийн зүйл үхлийн шалтгаанд нөлөөлөөгүй.

12. Талийгаач нь B /III/ бүлгийн цустай байна...”/хавтас хэргийн 97-106 дахь тал/ гэсэн дүгнэлтүүд,  

 

- Дуудлагын лавлагааны хуудас /хавтас хэргийн 5 дахь тал/,

- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтас хэргийн 6-18/,

- Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хавтас хэргийн 19 дэх тал/,

- Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл /хавтас хэргийн 20-36 дахь тал/,

- Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /хавтас хэргийн 37-40 дэх тал/,

- Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл /хавтас хэргийн 41 дэх тал/,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 986, 987, 988 дугаартай дүгнэлт /хавтас хэргийн 78-/,

- Шүүгдэгч Ц.А-ийн хувийн байдалтай холбоотойгоор гэрч Ц.Г, Ц.Ц- нарын мэдүүлэг /хавтас хэргийн 72-74 дэх тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтас хэргийн 126 дахь тал/, төрөл садангийн лавлагаа /хавтас хэргийн 127-128 дахь тал/, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хавтас хэргийн 146 дахь тал/, боловсролын гэрчилгээний хуулбар /хавтас хэргийн 154 дэх тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтас хэргийн 125 дахь тал/, шагнал урамшууллын хуулбар /хавтас хэргийн 170-177 дахь тал/ зэрэг болно.

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

 

1. Шүүгдэгч Ц.А- нь 2022 оны 3 дугаар сарын 03-ны орой .. тоот өөрийн гэртээ Ш.Стай маргалдаж, улмаар түүний цээжинд нэг удаас хутгалсны улмаас амь хохирогчийн биед цээжний хөндийд нэвтэрч, үнхэлцэг, зүрхний орой, ховдол хоорондын таславч, зүүн уушги гэмтээсэн шарх, зүүн чамархай, хацарт зулгарал, зүүн шуунд цус хуралт, зулгаралт гэмтэл учирч улмаар цээжний хөндийд нэвтэрч үнхэлцэг, зүрхний орой, ховдол хоорондын таславч, зүүн уушги гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шархны улмаас үнхэлцгийн хөндийнд цус хурж зүрх чихэлдэж нас барсан буюу хүнийг алах  гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Н-ын “...Манай нөхөр 2022 оны 3 дугаар сарын 03-ны өглөө 06 цаг өнгөрч байхад ажилдаа явсан, ...орой 23 цагийн орчим Дамба гэж хүн утсаар С нэг том асуудалд орсон, өөрийгөө хутгалж амиа хорлосон гэж хэлсэн. Тухайн үед би бага хүүхэдтэйгээ эмнэлэгт хэвтэж байсан болохоор Сын төрсөн эгч рүү утсаар яриад манай инженертэй яриадхаа нэг асуудал болсон гэж байна гэсэн. Маргааш өглөө нь буюу 2022 оны 3 дугаар сарын 04-ний өглөө цагдаагийн газраас залгасан...” /хавтас хэргийн 52 дахь тал/ гэсэн, гэрч А.Цэнгэндэлгэрийн “...А- талийгаач хоёр хоорондоо маргалдаад байсан, А- нь талийгаачийг чи 365 хоногийн 180 хоногт нь ажилдаа ирдэг, архи уухаараа намайг дандаа дарамталдаг гэж хэлээд хоорондоо хэрэлдээд маргалдаад байсан, би утсаа оролдоод сууж байхад А- гал тогооныхоо өрөө рүү гүйсэн, гал тогооны өрөөнөөс хүрч ирэхэд талийгаач, А-ийн өөдөөс нь боссон, А- талийгаачийг цохих шиг болсон, талийгаач газар унасан, цээжнийх нь зүүн тал хөхний доод талаас цус гарахаар нь би цусыг тогтоох гэж гараараа дараад А-ийг юу хийчих вэ, түргэн дуудаач ээ гэж хэлсэн, танихгүй ах над руу хоёр алчуур шидсэн А-ийн баруун гарт нь хутга байсан...” /хавтас хэргийн 54-55 дахь тал/ гэсэн, гэрч А.Содгэрэлийн “...А- ширээний урд босоод хундага бариад бүгдээрээ ажлаа сайн хийцгээнэ шүү гэх зэргээр ярьж инээж хөхрөлдөөд байж байсан, ...23 цагийн үед А- захирал сууж байсан сандлаасаа босоод гал тогооны өрөөний шургуулгаас шар өнгийн иштэй жижиг хутга зүүн гартаа бариад Сын хажууд ирээд зогсоод цээжний зүүн дээд хэсэгт 1 удаа хутгаараа хутгалахаар нь би хөөш гэж хэлэхэд А- захирал гартаа байсан хутгаа гал тогооны тэр хавьцаа шидэхээр нь би А- захиралд “чи хүн хутгалчихлаа шдээ” гэж хэлээд би Сыг харахад зүүн гараа дарж унаад татганаад цээжнээс нь их хэмжээгээр цус гараад байхаар нь би айсандаа ариун цэврийн өрөөнд ороод суусан. Нэг сэрээд ариун цэврийн өрөөнд дотор талаас нь гадна юу болж байгааг сонсоход А- захирал өөр нэг хүн утсаараа дуудаад байх шиг байсан. Нөгөө хүнийг нь би хараагүй, би айсандаа ухаан алдаад нойлд унтаад өгсөн байсан. Нэг сэрсэн чинь цагдаагийн хэлтсийн үүдэн дээр нь сэрсэн юм...” /хавтас хэргийн 59-60 дахь тал/ гэсэн, гэрч Б.Э-ийн “...2022 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн орой ...22 цаг 03 минутад А  дугаараас залгаад “Өвгөөн Сүхээ цус алдаад байна, хутгалчихлаа, эмнэлэг дуудаарай” гэж сандарч орилж хэлсэн. ...А-ийн ярианаас ноцтой зүйл болсныг ойлгож 22 цаг 04 минутад 103-т залгаж “хүн цус алдаад байна, хутгалуулсан байна” гэж хэлээд А-ийн амьдардаг хаягийг зааж өгч 2 минут ярьсан. ...Би А-ийн гэрт нь ороход Содоо ах надад хаалга онгойлгосон, би ороод харахад гал зуухны ширээний баруун талд А- зогсож байсан. Талийгаачийн хажууд зураач залуу суугаад сэргээх гэсэн байдалтай байсан, талийгаачийн хэвтэж байгаа газарт цус шалан дээр харагдаж байсан, би юу болсон бэ гэхэд А- “хутгалчихлаа” гэж хэлэхээр нь би өөрийгөө юм уу гэж асуухад хариу хэлээгүй...” /хавтас хэргийн 64-67 дахь тал/ гэсэн,  шүүгдэгч Ц.А-ийн “...2022 оны 3 дугаар сарын 03-ны ...С бид хоёр ажил ярьж байгаад би Ст хандаж найзаа адилхан залуучууд хөгжөөд болоод байна, өөрийн гэсэн байртай бол, жилийн 365 хоногийн 180 хоногт нь ажил хийж байна, тэгэхээр яаж хөгжих юм бэ, чи архи дарс уухгүй ажлаа хий гэхэд ...миний амьдрал чамд ямар хамаатай юм бэ гэхэд нь би уурлаад гал тогооны шургуулга онгойлгоод шар өнгийн модон иштэй хутга аваад очоод сууж байхаар нь цээжний зүүн хэсэгт нэг удаа хутгалаад буцаад хутгыг угаалтуурын дэргэд тавиад эргэхэд харахад С ёо ёо гээд сандлаасаа босоод цонхны урд унасан. ...” /хавтас хэргийн 111-113, 118-120 дахь тал/ гэсэн мэдүүлгүүд, Шүүх сэтгэц, эмгэг судлалын 2022 оны №253 дугаартай дүгнэлтэд: “...Дүгнэлт: Ц.А- нь хэрэг хариуцах чадвартай байна. Ц.А-д эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх шаардлагагүй байна. Ц.А-д эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх шаардлагагүй байна. Ц.А- нь өөрийн үйлдлийг удирдан жолоодох хянах чадвартай байна...” /хавтас хэргийн 94-95 дахь тал/ гэсэн,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2022 оны №811 дугаартай дүгнэлтэд: “...Дүгнэлт: Талийгаач цогцост хийсэн шинжилгээгээр цээжний хөндийд нэвтэрч, үнхэлцэг, зүрхний орой, ховдол хоорондын таславч, зүүн уушги гэмтээсэн шарх, зүүн чамархай, хацарт зулгарал, зүүн шуунд цус хуралт, зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Шарх гэмтэл нь ир үзүүр бүхий зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд үүсгэгдэн байх боломжтой шинэ гэмтэл, зүүн чамархай, хацрын зулгаралт гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн шүргэх, нидрэгдэх механизмаар нас барахаас өмнө 24 цагийн дотор, зүүн шууны цус хуралт, зулгаралт, гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн цохих, шүргэх, нидрэгдэх механизмаар нас барахаас 72 цагаас дээш хугацааны өмнө үүсгэгдсэн байх боломжтой. Цээжний хөндийн нэвтэрч үнхэлцэг, зүрхний орой, ховдол хоорондын таславч, зүүн уушги, гэмтээсэн шарх гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар хүнд зэрэгт бусад зулгаралт цус хуралт гэмтэл нь эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэг тогтоохгүй. Шинжилгээгээр үхэлд нөлөөлөх өвчингүй байна. Цээжний хөндийд нэвтэрч үнхэлцэг, зүрхний орой, ховдол хоорондын таславч, зүүн уушги гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шархны улмаас үнхэлцгийн хөндийнд цус хурж зүрх чихэлдэж нас баржээ. 2022 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 04 цаг 05 минутын анхны үзлэгээр нас бараад 6-8 цаг болсон байжээ...” /хавтас хэргийн 97-106 дахь тал/ гэсэн дүгнэлтүүд, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтас хэргийн 6-18/, эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хавтас хэргийн 19 дэх тал/, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл /хавтас хэргийн 20-36 дахь тал/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /хавтас хэргийн 37-40 дэх тал/, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл /хавтас хэргийн 41 дэх тал/ зэрэг хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүх хуралдаанд шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан бөгөөд дээрх нотлох баримтуудыг үгүйсгэсэн, няцаасан баримт байхгүй ба тухайн баримтуудаар шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдахад хэргийн оролцогчийн хууль ёсны эрхийг зөрчсөн, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Хүнийг санаатай алах гэмт хэрэг нь бусдын амь насыг хохирооход чиглэсэн санаатай үйлдэл хийсний улмаас хүн нас барсан байх бөгөөд шүүгдэгчийн гэмт үйлдлийн улмаас хохирогчийн амь нас хохирсон шалтгаант холбоо байх шинжийг заавал агуулсан байхыг шаарддаг бөгөөд шүүгдэгч Ц.А-, амь хохирогч Ш.С нар архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ маргалдаж, улмаар шүүгдэгч Ц.А нь амь хохирогчийн цээжинд хутгалсны улмаас Ш.Сын цээжний хөндийд нэвтэрч үнхэлцэг, зүрхний орой, ховдол хоорондын таславч, зүүн уушги гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шархны улмаас үнхэлцгийн хөндийнд цус хурж зүрх чихэлдэж нас барсан үйлдлийн хооронд шалтгаант холбоо тогтоогдож байх тул Ц.А-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүнийг алах” гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Ц.А-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт нь шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байна.

 

Шүүгдэгч Ц.А- нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүйг болон шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч Г.Чингүүн “архи согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэж хүний аминд хүрсэн гэм буруутай” гэсэн дүгнэлт гаргасныг шүүх хүлээн авсныг тэмдэглэх нь зүйтэй.

 

2. Шүүгдэгч Ц.А- нь тохиолдлын шинжтэй нөхцөлийн улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохиролтой холбоотой хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн нэхэмжилсэн төлбөрийг төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болно. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл тогтоогдсонгүй.

 

Дээрх хөнгөрүүлэн үзэх  нөхцөл, шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж, гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл, учруулсан хохирол, хор уршиг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж өгнө үү гэсэн хүсэлт гаргасан, шүүгдэгч үйлдсэн хэрэгтээ чин санаасаа гэмшиж байгаа зэрэг хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 08 /найм/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.А-ийн 2022 оны 3 дугаар сарын 04-ний өдрөөс өнөөдрийг хүртэл буюу 2022 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн хүртэл цагдан хоригдсон нийт 77 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

3. Гэмт хэргийн улмаас Ш.С-ын амь нас хохирсон, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Н-ын зүгээс оршуулгын болон сэтгэл санааны хохиролд нийтдээ 129,742,000 төгрөг нэхэмжилснийг шүүгдэгч мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн шатанд төлж барагдуулсан, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Н гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул энэ шүүх хуралдаанаар шүүгдэгч Ц.А-ээс гаргуулах хохирол төлбөргүй байна.

Эрүүгийн 2210000000287 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан  нэг ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар “Эд мөрийн баримт устгах комисс”-т шилжүүлж, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Ц.А- бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Баттөмөрөөс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг 1.4-т зааснаар хуульд зааснаас доогуур хорих ял шийтгэж өгнө үү гэснийг гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл, энэ гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон, Үндсэн хуулийн арван зургадугаар зүйлийн нэгд заасан хүний амьд явах үндсэн эрх зөрчигдсөн зэргийг харгалзан хүлээн авах боломжгүй гэж шүүх дүгнэв.

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овогт Ц-ын А-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг алах гэмт хэрэг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай. 

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч  Ц-ын А-ийг 08 /найм/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.А-д оногдуулсан 08 /найм/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.А-ийн цагдан хоригдсон 77 /далан долоо/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

 

5. Эрүүгийн 2210000000287 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан нэг ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Эд мөрийн баримт устгах комисст шилжүүлсүгэй.

 

6. Эрүүгийн 2210000000287 дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Ц.А бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.А хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Н-д 129,742,000 /нэг зуун хорин есөн сая долоон зуун дөчин хоёр мянга/ төгрөгийн хохирол төлсөн болохыг дурдсугай.  

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ц.А-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг 2022 оны 5 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн тоолсугай. 

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.А-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                                 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                      Д.АЛТАНЖИГҮҮР

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                              Б.БАТБОЛОР

 

 

 

ШҮҮГЧ                                                                                   Т.АЛТАНТУЯА