| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дэмчигийн Энхцэцэг |
| Хэргийн индекс | 183/2018/00634/И |
| Дугаар | 00610 |
| Огноо | 2018-03-16 |
| Маргааны төрөл | Даатгал, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 03 сарын 16 өдөр
Дугаар 00610
2018 оны 03 сарын 16 өдөр Дугаар 183/ШШ2018/00610 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Энхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч:, М ХХК /РД:/-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Б /РД://-т холбогдох,
даатгалын гэрээний хураамжийн төлбөрийн үлдэгдэл 188,742 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Оюунсайхан, хариуцагч Э.Б шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Туул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн төлөөлөгч Э.Оюунсайхан шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “М ХХК нь Э.Б гэх иргэнтэй Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийг үндэслэн 2015 оны 12 дугаар сарын 08-ны өдөр 1 жилийн хугацаатай тээврийн хэрэгслийн даатгалын гэрээ байгуулж, даатгуулагч нийт 545.880 төгрөгийн хураамж төлөхөөр тохирч, даатгуулсан. Гэтэл 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс 2016 оны 07 дугаар сарын 18-ны өдөр хүртэл нийт 357.138 төгрөгийн даатгалын хураамж төлсөн. Үүнээс үлдэгдэл 188.742 төгрөг төлөгдөөгүй учраас Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1, Даатгалын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.4 дэх хэсэгт заасны дагуу даатгалын хураамжийн үлдэгдлийг гаргуулж өгнө үү” гэв.
Хариуцагч Э.Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “Тухайн үед би Мтай гэрээ хийж, төлбөрийн нөхцөлийг улирлаар хийхээр тохирсны дагуу би улирлаар нь мөнгөө тушааж байсан. 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр машинаа зарсан. Улмаар худалдаж авсан хүнээсээ энэ даатгалыг үргэлжлүүлэх үү гэж асуухад уг даатгалыг үргэлжлүүлнэ гэсэн болохоор бид нар М дээр очиж, гэрээ болон тухайн үеийн даатгалынхаа баримтыг бүртгүүлж байсан. Үүнийг н.Аззаяа гэх анх надтай гэрээ хийж байсан хүн удаа дараа залгаж, байнга надтай холбоотой байсан учраас энэ асуудлыг маш сайн мэдэж байгаа. н.Аззаяатай би холбоо барихад бүх зүйлийг нягталж, эргээд холбогдъё гэсэн мөртлөө дахиж нэг ч залгаагүй. Одоо надад баримт гэвэл утсаар ярьсан бичлэг байна. н.Аззаяа нь өөрөө намайг даатгал руу оруулж, машин худалдаж авч байгаа хүндээ даатгалаа шилжүүлээрэй гэж надад хэлж байсан бөгөөд би даатгалыг үргэлжлүүлнэ гэж тэмдэглүүлж байсан. Ийм бичиг баримтууд Мд байх ёстой бөгөөд эдгээр бичиг баримтыг гаргаж өгнө үү гэж удаа дараа хүсэлт тавьсан боловч шаардлага хангасангүй. Одоо Мын ажилтан н.Аззаяа нь амралтаа авсан байгаа” гэв.
Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх М ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч даатгалын гэрээний дагуу төлөгдөөгүй төлбөр 188,742 төгрөг нэхэмжилсэн бөгөөд хариуцагч тал даатгуулсан автомашиныг өөр хүнд шилжүүлсэн тул гэрээ цуцлагдсан гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөөгүй байна.
Хэргийн баримтаас үзэхэд талуудын хооронд нэг жилийн хугацаатай байгуулсан 2015.12.09-ний өдөр тээврийн хэрэгслийн даатгалын гэрээ, жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын гэрээ, авлагын дансны хуулга авагдсан байх бөгөөд даатгалын гэрээ нь Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.4 дэх хэсэгт заасан нөхцөлийг тусгасан байна.
Даатгалын гэрээний хугацаа 2015.12.09-ний өдрөөс эхлэн 2016.12.08-ны өдөр дуусах байсан, хариуцагч Э.Б 2016.09.21-ний өдөр тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээг Ц.Норовсүрэнтэй байгуулж, автомашины өмчлөгч солигдсон гэх боловч тээврийн хэрэгслийн гэрчилгээнд өөрчилсэн тэмдэглэл хийгдээгүй байна.
Даатгалын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.3 дахь хэсэгт зааснаар даатгуулагчийн эрх, үүрэг шинэ эзэмшигчид шилжих тохиолдолд шинэ эзэмшигч гэрээнд өөрчлөлт оруулах саналыг даатгагчид тавих эрхтэй байна.
Гэрээний 4.4, 4.8-д зааснаар даатгуулагчийн эрх, үүрэг шинэ эзэмшигчид шилжих тохиолдолд шинэ эзэмшигч гэрээнд өөрчлөлт оруулах саналыг даатгагчид тавих, даатгалын зүйлийг бусдын өмчлөлд шилжүүлсэн бол ажлын 14 хоногийн дотор даатгагчид мэдэгдэх, даатгалын баталгаанд тусгуулах эрхээ Э.Б хэрэгжүүлээгүй, мөн гэрээний 8.1, 8.4-т зааснаар даатгуулагчийн эрх шинэ өмчлөгчид шилжсэнийг даатгагчид нэн даруй мэдэгдэх байсан байна.
Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсэгт “даатгалын гэрээгээр даатгагч нь даатгалын тохиолдол бий болоход даатгуулагчид учирсан хохирол буюу хэлэлцэн тохирсон даатгалын нөхөн төлбөрийг төлөх, даатгуулагч нь даатгалын хураамж төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заажээ.
Хариуцагч гэрээг цуцалсан, тээврийн хэрэгслийн өмчлөгч өөрчлөгдсөн талаар нэхэмжлэгч М ХХК-д мэдэгдсэн гэх боловч нотолсон баримтгүй тул Даатгалын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.4 дэх хэсэгт “Даатгалын хураамжийг хууль болон гэрээнд заасан хугацаанд даатгагчид төлөх” гэж заасны дагуу Э.Б нь даатгалын гэрээний хураамжийн үлдэгдэл төлбөр 188,742 төгрөгийг төлөх үүрэгтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1, Даатгалын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.4 дэх хэсэгт зааснаар Э.Боос даатгалын гэрээний хураамжийн үлдэгдэл төлбөр 188,742 төгрөг гаргуулж М ХХК /РД:5473489/-д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Э.Боос 6,312 төгрөгийг гаргуулж М ХХК-д олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид 2018.01.11-ний өдөр төлсөн 6,312 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигчид шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Д.ЭНХЦЭЦЭГ