Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 2022/ШЦТ/408

 

 

 

 

 

 

 

    2022          05              27                              2022/ШЦТ/408

 

 

 

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж, улсын яллагч Б.Хурц, шинжээч Ч.Эрдэмболор, шүүгдэгч З.Д, нарийн бичгийн дарга Ц.Баасанцэрэн нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Б овогт З-ын Д-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн эрүүгийн 2210000000411 дугаартай хэргийг 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1968 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 53 настай, дээд боловсролтой, сэтгэл зүйч мэргэжилтэй, ам бүл 1, Ч ... тоотод оршин суух бүртгэлтэй боловч одоо ... тоотод түр оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд:

Баянгол дүүргийн шүүхийн 1996 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 282 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 239.3 дахь хэсэгт зааснаар 02 жилийн хугацаагаар хорих ялаар,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 2020/ШЦТ/814 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 жил 01 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэснийг

Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 40 дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 02 сар, 06 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнссэн суллаж, мөн хугацаагаар хянан харгалзсан, Б овогт З-ын Д

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Яллагдагч З.Д- нь 2022 оны 03 дугаар сарын 19-ний шөнө ... тоот дахь гэртээ согтуурсан үедээ Н.Б-той маргалдан биед нь халдан түүний биед ...дагзны баруун дээд хэсэгт няцарсан шарх, хамрын зүүн талд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

         

Нэг:  Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шинжээч, шүүгдэгч нарын мэдүүлсэн мэдүүлэг: 

 

Шинжээч Ч.Эрдэмболор: “...Шилбэний шарх, дагзны шарх тус тусдаа хөнгөн гэмтэлд хамаарна, хамрын зулгаралт гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Дагзны баруун хэсэгт няцарсан шарх нэг удаагийн мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой, дангаараа гэмтлийн хөнгөн зэрэг болно...” гэв.

 

          Шүүгдэгч З.Д: “...“...” ХХК-д жижүүр ажилтай, сарын орлого 600,000 төгрөг, ажилд ороод 3-4 хонож байгаа, Баяраа манайд ирсэн, ирэхдээ манайд тог тасарсан, танайд бууз аваад очъё, жигнэж идье гээд ирсэн, ирэхдээ бууз, архитай ирээд, Баяраа дүүгээ дуудна гээд нэг хүн дуудсан, Б- ирсэн, дэлгүүрээс гурван пиво, архитай орж ирсэн, Баяраа дүү ирчихлээ гээд гараад Б-ыг дагуулаад орж ирсэн, Б- 00 орсон, араас нь Баяраа орсон, тэгсэн жорлонгийн гадуур шээчихсэн байсан, тэгээд чи яагаад айл хүндлэхгүй байгаа юм бэ, чамд хоол хийж өгөөд архи ууж байхад 00-ын гадуур нь шээгээд байхдаа яахав дээ гэсэн. Тэгэхээр нь би толгой руу нь хоёр удаа цохисон, миний өөдөөс эсэргүүцэл үзүүлээгүй, өөрөө согтуу байсан, сандал дээр суусан, хийсэн хэрэгтээ гэмшиж байна, ах нь ажилд орсон байгаа...” гэв.

Хоёр: Шүүх хуралдаанд талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:

 

Хохирогч Н.Б- мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2022 оны 3 дугаар сарын 18-ны орой найз Баяраа намайг дуудсан, түүний дуудсанаар Д-гийн гэрт очиж архи уусан. Тэгтэл Д- ямар ч хэрүүл маргаангүйгээр миний толгой руу архины шилээр цохиж тархи хагалсан. ...Миний толгойн дагзны баруун хэсэгт хагарсан шарх учирсан байна, ...Д- гартаа юм атгаж байгаад цохисон, ...хөлд учирсан гэмтлийг Д- учруулаагүй.....” /хавтас хэргийн 7-8, 11 дэх тал/ гэсэн,

 

Шүүгдэгч З.Д мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...Б тэр Б гэх залууд гэрийн эзэн чамайг хоол ундаар дайлж байхад айл гэр хүндлэхгүй яаж байгаа юм гээд маргалдсан тэгэхээр нь би Б гэх залуугийн гуя руу нэг удаа өшиглөсөн чинь тэр залуу хойшоо унасан тэгээд босоод сандар дээр суухаар нь би толгой руу нь гараараа нэг удаа цохисон, ...гартаа асаагуур барьчихсан байснаараа цохичихсон тар залуугийн толгойноос цус гарсан...” /хавтас хэргийн 21-22 дахь тал/ гэсэн мэдүүлгүүд,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн №4642 дугаартай дүгнэлтэд: “...Дүгнэлт 1. Н.Б-ын биед баруун шилбэний урд дунд хэсэгт хатгагдаж зүсэгдсэн шарх, дагзны баруун дээд хэсэгт няцарсан шарх, хамрын зүүн талд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүдээс хатгагдаж зүсэгдсэн шарх нь ир үзүүр бүхий зүйлийн үйлчлэлээр, няцарсан шарх, зулгаралт нь мохоо зүйлийн үйлчлэлээр тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүснэ.

3. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид эрүүл мэнд, ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй...” /хавтас хэргийн 26-27 дахь тал/ гэсэн дүгнэлт,

 

- Дуудлагын лавлагааны хуудас /хавтас хэргийн 3 дахь тал/,

- Шүүгдэгч З.Д-гийн хувийн байдалтай холбоотойгоор иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтас хэргийн 30 дахь тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтас хэргийн 31 дэх тал/, шийтгэх тогтоолын хуулбарууд /хавтас хэргийн 35-44 дэх тал/ зэрэг болно.

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

 

1. Шүүгдэгч З.Д- нь 2022 оны 3 дугаар сарын 19-ний шөнө Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Туулын 1-3 тоот дахь гэртээ согтуурсан үедээ Н.Б-той маргалдан биед нь халдан түүний эрүүл мэндэд “...дагзны баруун дээд хэсэгт няцарсан шарх, хамрын зүүн талд зулгаралт...” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Н.Б-ын “...2022 оны 3 дугаар сарын 18-ны орой найз Баяраа намайг дуудсан, түүний дуудсанаар Д-гийн гэрт очиж архи уусан. Тэгтэл Д- ямар ч хэрүүл маргаангүйгээр миний толгой руу архины шилээр цохиж тархи хагалсан. ...Миний толгойн дагзны баруун хэсэгт хагарсан шарх учирсан байна, ...Д гартаа юм атгаж байгаад цохисон, ...хөлд учирсан гэмтлийг Д учруулаагүй.....” /хавтас хэргийн 7-8, 11 дэх тал/ гэсэн, шүүгдэгч З.Д-гийн “...Баяраа тэр Б гэх залууд гэрийн эзэн чамайг хоол ундаар дайлж байхад айл гэр хүндлэхгүй яаж байгаа юм гээд маргалдсан, тэгэхээр нь би Б- гэх залуугийн гуя руу нэг удаа өшиглөсөн чинь тэр залуу хойшоо унасан тэгээд босоод сандар дээр суухаар нь би толгой руу нь гараараа нэг удаа цохисон, ...гартаа асаагуур барьчихсан байснаараа цохичихсон тар залуугийн толгойноос цус гарсан...” /хавтас хэргийн 21-22 дахь тал/ гэсэн мэдүүлгүүд, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны №4642 дугаартай дүгнэлтэд: “...Дүгнэлт: Н.Б-ын биед баруун шилбэний урд дунд хэсэгт хатгагдаж зүсэгдсэн шарх, дагзны баруун дээд хэсэгт няцарсан шарх, хамрын зүүн талд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүдээс хатгагдаж зүсэгдсэн шарх нь ир үзүүр бүхий зүйлийн үйлчлэлээр, няцарсан шарх, зулгаралт нь мохоо зүйлийн үйлчлэлээр тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүснэ. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид эрүүл мэнд, ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй...” /хавтас хэргийн 26-27 дахь тал/ гэсэн дүгнэлт зэрэг хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүх хуралдаанд шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан бөгөөд дээрх нотлох баримтуудыг үгүйсгэсэн, няцаасан баримт байхгүй ба тухайн баримтуудаар шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдахад хэргийн оролцогчийн хууль ёсны эрхийг зөрчсөн, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Хохирогч Н.Б-ын эрүүл мэндэд учирсан “...дагзны баруун дээд хэсэгт няцарсан шарх, хамрын зүүн талд зулгаралт...” бүхий хөнгөн гэмтэл нь шүүгдэгч З.Д-гийн түүнийг унагаасан, толгой руу цохисон идэвхтэй үйлдлийн улмаас үүссэн бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл бүхий хохирол учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдож байна.

 

Шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй гэмт үйлдэл болно.  

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч З.Д-гийн хохирогч Н.Б-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна. 

 

Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч З.Д-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт нь шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байна.

 

2. Шүүгдэгч З.Д-гийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл тогтоогдсонгүй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана.” гэж заасны дагуу шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж, учруулсан хохирлын хэмжээ, шүүгдэгч өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч маргаагүй зэрэг нөхцөлийг харгалзан прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 /хоёр зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэв.

 

3. Гэмт хэргийн улмаас хохирогч Н.Б-ын эрүүл мэндэд дагзны баруун дээд хэсэгт няцарсан шарх, хамрын зүүн талд зулгаралт бүхий хөнгөн хохирол учирсан, хохирогч гэмт хэргийн улмаас учирсан хохиролтой холбоотой зардал нэхэмжлээгүй байх тул энэ шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх хохирол төлбөргүй байна.

Эрүүгийн 2210000000411 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч З.Д-, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Н.Б- гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч З.Д- шүүх хуралдаанд “...Хөл зүссэн шархыг учруулаагүй, тамхины асаагуураар толгой руу цохисон...” гэж мэтгэлцсэн бөгөөд хэрэгт авагдсан хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлгээр хохирогч Н.Б-ын эрүүл мэндэд “...баруун шилбэний урд дунд хэсэгт хатгагдаж зүсэгдсэн шарх, дагзны баруун дээд хэсэгт няцарсан шарх, хамрын зүүн талд зулгаралт...” бүхий хөнгөн гэмтлээс баруун шилбэний урд хэсэгт хатгагдаж зүсэгдсэн шарх шүүгдэгчийн үйлдлээс үүсээгүй нь тогтоогдож байх боловч хохирогчийн эрүүл мэндэд учирсан “...дагзны баруун дээд хэсэгт няцарсан шарх...” гэмтэл нь дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэж шүүх хуралдаанд оролцсон шинжээч Ч.Эрдэмболор мэдүүлж байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй.

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овогт З-ын Д-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З-ын Д-д 240 /хоёр зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч З.Д-д оногдуулсан 240 /хоёр зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.Д- оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулж мэдэгдсүгэй.

 

5. Эрүүгийн 2210000000411 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч З.Д, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Н.Б гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч З.Д-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

8. Давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч З.Д-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Д.АЛТАНЖИГҮҮР