| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Довчинсэнгээгийн Алтанжигүүр |
| Хэргийн индекс | 187/2022/0423/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/415 |
| Огноо | 2022-05-30 |
| Зүйл хэсэг | 17.8.1., |
| Улсын яллагч | Б.Одонтуяа |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 05 сарын 30 өдөр
Дугаар 2022/ШЦТ/415
2022 05 30 2022/ШЦТ/415
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж, улсын яллагч Б.Одонтуяа, шүүгдэгч О.Н, нарийн бичгийн дарга Ц.Баасанцэрэн нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Б овогт О-ийн Н-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2110018690423 дугаартай хэргийг 2022 оны 5 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1999 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, ээж, дүүгийн хамт ... тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, Б овогт О-ийн Н
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч О.Н- нь 2021 оны 9 дүгээр сарын 27-ны шөнө Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Д хотхоны гадна байх тээврийн хэрэгсэл орж гардаг чиптэй хаалгыг эвдэж 1,050,000 төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгчийн мэдүүлсэн мэдүүлэг:
Хоёр: Шүүх хуралдаанд талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:
Хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Манайх оршин суугчдын тусламжтайгаар 2021 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр хотхон руу орж гардаг хаалга дээрээ чипээр өргөгдөж хаагддаг хаалт байрлуулсан. 2021 оны 9 дүгээр сарын 27-ны өглөө 06 цагийн үед хотхоны чиптэй хаалтын зүүн талын хаалгыг хүчээр түлхсэн байхаар нь чипээр буулгах гэхэд гацсан байсан...” /хавтас хэргийн 17 дахь тал/ гэсэн,
Гэрч Б.Т- мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2021 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр найз Н- болоон бид хоёрын найз хоёр эмэгтэй бид дөрөв 20 цагийн үед Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Д хотхонд байх айлд очоод би архи дарс уугаагүй тэд нар уусан. ...2021 оны 9 дүгээр сарын 27-ны өглөө 05 цагийн үед айлаас бид дөрөв гараад байрын хаалтаар гарах гэсэн хаалт онгойхгүй байхаар нь хүлээгээд сууж байгаад би бууж үзээд хүн гарч ирэхийг хүлээхээр шийдсэн. ...Н- машинаас буугаад хаалтыг гараараа өргөөд онгойлгохоор нь би машинтай гарсан...” /хавтас хэргийн 55 дахь тал/ гэсэн,
Шүүгдэгч О.Н мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...2021 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр би Т-, түүний найз нарын хамт найз охины ахын гэр болох ... 20 цагийн үед очсон. Тэгээд архи ууж идээд 2021 оны 9 дүгээр сарын 27-ны өглөө үүрээр 5 цаг өнгөрч байхад Т- бид дөрөв гэртээ харихаар гарсан. Тухайн үед Т-гийн хар өнгийн Оптима маркийн машинд суугаад байрнаас гарах гэхэд хаалт онгойхгүй байсан. ...Хүн гарч ирэх болов уу гээд 1 цаг орчим зогссон боловч Т- хаалтыг тойрч үзээд буцаж ирсэн, би хаалтыг нэг гараараа өргөөд хаалтыг хүчээр нээгээд Т- машинаа гаргаад суусан...” /хавтас хэргийн 49 дэх тал/ гэсэн мэдүүлгүүд,
- Өргөдөл /хавтас хэргийн 11-12 дахь тал/,
- Хөрөнгийн үнэлгээний тайлан /хавтас хэргийн 24-29 дэх тал/,
- Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хавтас хэргийн 32-33 дахь тал/,
- Шүүгдэгч О.Н-ын хувийн байдалтай холбоотойгоор гэрч А.Гандолгорын мэдүүлэг /хавтас хэргийн 57-58 дахь тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтас хэргийн 41 дэх тал/, байнгын оршин суугаа хаягийн тодорхойлолт /хавтас хэргийн 43 дахь тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтас хэргийн 40 дэх тал/, шийтгэх тогтоолын хуулбарууд /хавтас хэргийн 35-44 дэх тал/ зэрэг болно.
Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт
1. Шүүгдэгч О.Н нь 2021 оны 9 дүгээр сарын 27-ны шөнө Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Д хотхоны гадна байх тээврийн хэрэгсэл орж гардаг чиптэй хаалгыг хөшиж эвдэн “Азын Д” Сууц өмчлөгчдийн холбоонд 1,050,000 төгрөгийн хохирол учруулсан буюу бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Бийн “...Манайх оршин суугчдын тусламжтайгаар 2021 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр хотхон руу орж гардаг хаалга дээрээ чипээр өргөгдөж хаагддаг хаалт байрлуулсан. 2021 оны 9 дүгээр сарын 27-ны өглөө 06 цагийн үед хотхоны чиптэй хаалтын зүүн талын хаалгыг хүчээр түлхсэн байхаар нь чипээр буулгах гэхэд гацсан байсан...” /хавтас хэргийн 17 дахь тал/ гэсэн, гэрч Б.Т-ий “...2021 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр найз Н- болоон бид хоёрын найз хоёр эмэгтэй бид дөрөв 20 цагийн үед Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Д хотхонд байх айлд очоод би архи дарс уугаагүй тэд нар уусан. ...2021 оны 9 дүгээр сарын 27-ны өглөө 05 цагийн үед айлаас бид дөрөв гараад байрны хаалтаар гарах гэсэн хаалт онгойхгүй байхаар нь хүлээгээд сууж байгаад би бууж үзээд хүн гарч ирэхийг хүлээхээр шийдсэн. ...Н машинаас буугаад хаалтыг гараараа өргөөд онгойлгохоор нь би машинтай гарсан...” /хавтас хэргийн 55 дахь тал/ гэсэн, шүүгдэгч О.Н-ын “...2021 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр би Т-, түүний найз нар өөрийн найз охины ахын гэр болох Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Д хотхонд 20 цагийн үед очсон. Тэгээд архи ууж хоол идээд 2021 оны 9 дүгээр сарын 27-ны өглөө үүрээр 5 цаг өнгөрч байхад Т- бид дөрөв гэртээ харихаар гарсан. Тухайн үед Т-гийн хар өнгийн Оптима маркийн машинд суугаад байрнаас гарах гэхэд хаалт онгойхгүй байсан. ...Хүн гарч ирэх болов уу гээд 1 цаг орчим зогссон боловч Т- хаалтыг тойрч үзээд буцаж ирсэн, би хаалтыг нэг гараараа өргөөд хүчээр нээгээд Т- машинаа гаргаад суусан...” /хавтас хэргийн 49 дэх тал/ гэсэн мэдүүлгүүд, хөрөнгийн үнэлгээний тайлан /хавтас хэргийн 24-29 дэх тал/, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хавтас хэргийн 32-33 дахь тал/ хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүх хуралдаанд шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан бөгөөд дээрх нотлох баримтуудыг үгүйсгэсэн, няцаасан баримт байхгүй ба тухайн баримтуудаар шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдахад хэргийн оролцогчийн хууль ёсны эрхийг зөрчсөн, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч О.Н-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт нь шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байна.
2. Шүүгдэгч О.Н- тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн ангиллын гэмт хэрэгт холбогдсон нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болно. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл тогтоогдсонгүй.
Дээрх хөнгөрүүлэн үзэх нөхцөл, шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж, учруулсан хохирлын хэмжээ, хохирол төлөгдөөгүй, шүүгдэгч ажил хөдөлмөр эрхлээгүй зэрэг нөхцөлийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 350 /гурван зуун тавь/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэв.
3. Гэмт хэргийн улмаас “Азийн Д” Сууц өмчлөгчдийн холбооны эд хөрөнгөд 1,050,000 төгрөгийн хохирол учирсан, дээрх хохирол төлөгдөөгүй байх тул гэм буруутай этгээдээс гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй.
Эрүүгийн 2110018690423 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан сиди 1 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч О.Н- энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт О-ийн Н-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О-ийн Н-ыг 350 /гурван зуун тавь/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч О.Н-т оногдуулсан 350 /гурван зуун тавь/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Н-т оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулж мэдэгдсүгэй.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Н, .. тоотод оршин суух хаягтай/-аас 1,050,000 /нэг сая, тавин мянга/ төгрөг гаргуулж хохирогч “А Д” Сууц өмчлөгчдийн холбоо /.../-нд олгосугай.
6. Эрүүгийн 2110018690423 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан сиди 1 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч О.Н энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч О.Н-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
9. Давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Н-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АЛТАНЖИГҮҮР