Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 02 өдөр

Дугаар    2022/ШЦТ/426

 

 

 

 

 

 

 

 

    2022          06          02                                       2022/ШЦТ/426

 

 

 

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж, улсын яллагч Э.Бадрал, шүүгдэгч П.М-, нарийн бичгийн дарга О.Жавхлан нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Б овогт П-ийн М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2210007150623 дугаартай хэргийг 2022 оны 5 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт.

 

Монгол Улсын иргэн, 1994 оны 6 дугаар сарын 04-ний өдөр Сэлэнгэ аймагт төрсөн, 27 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, аав, ээж, эгчийн хамт ... тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, Б овогт П-ийн М

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч П.М- нь Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, ... орон сууцыг иргэн Н.Ц-аас түрээсэлсэн байх хугацаандаа уг байрыг манай эгчийн байр гэж хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж зохиомол байдлыг зориудаар бий болгож хохирогч Г.У-д сарын 750,000 төгрөгөөр түрээсэлж улмаар 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр түрээсийн төлбөрт шилжүүлсэн 750,000 төгрөгөөс 250,000 төгрөгийг, 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр СӨХ-н төлбөр төлнө гэж 40,000 төгрөгийг, 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдөр эгч түрээсийн мөнгө нэхээд байна гэж 750,000 төгрөгийг Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрээс өөрийн ... дугаартай дансаар шилжүүлэн авч нийт 1,040,000 төгрөгийн хохирол учруулж залилсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

         

Нэг:  Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгчийн мэдүүлсэн мэдүүлэг:   

 

Шүүгдэгч П.М: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв учир шүүхэд нэмж мэдүүлэг гаргахгүй, саяхан би хуучин ажилдаа орсон, лангуу ажиллуулахаас өмнө би бааранд ажиллаж байсан, тэр баарныхаа захиралтай хоёр хоногийн өмнө утсаар ярихад захирал гэдсээ томортол ажлаа хийж болно гээд ажлаа хийж байгаа, хохирогчоос авсан мөнгийг лангуу ажиллуулдаг байсан учир бараандаа хэрэглэсэн, ашгаас нь өгнө гэсэн боловч чадаагүй, У-тай ярилцаж тохиролцсон байсан. Банкнаас зээл авах гээд орлого нотлохын тулд сууц өмчлөгчдийн холбооны төлбөрийг чихэвчний мөнгө гэж өөр утгатайгаар авч байсан, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, маргахгүй, эрх зүйн байдлаа ойлгож байгаа, хохиролд 540,000 төгрөг дутуу байгаа, би одоо жирэмсэн, 5 сартай...” гэв.

 

Хоёр: Шүүх хуралдаанд талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:

 

Хохирогч Г.У- мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, ... тоотод ....М- гэх эмэгтэйтэй уулзаж сарын 750,000 төгрөгөөр түрээслэхээр болж барьцаа 300,000 төгрөг М- гэх эмэгтэйн Хаан банкны 537хххх552 дугаартай дансанд хийж 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдөр нүүж орж амьдарсан. ...Анх ороход миний төрсөн эгчийн байр байгаа юм, би түрээсэлдэг, чи түрээсэлнэ гэвэл би эгчид хэлчихнэ гэж хэлээд мөнгө авсан. ...2021 оны 11, 12 дугаар сар, 2022 оны 01 дүгээр сарын түрээсийн мөнгийг М-аагийн дансанд хийж түрээсийн мөнгөө төлж байсан. ...2022 оны 02 дугаар сарын 01-ний өдөр байрны эгч түрээсийн мөнгөө нэхэж байна гээд над руу чат бичиж надаас 750,000 төгрөг, СӨХ-н мөнгө 40,000 төгрөг авсан. ...Мөн 2022 оны 01 дүгээр сарын эхээр 180,000 төгрөг зээлж аваад одоо болтол өгөөгүй. ...2022 оны 02 дугаар сарын 10-ны өдөр нэг хүн хаалга нүдээд байрны мөнгөө өгөөгүй гэж хэлсэн...” /хавтас хэргийн 50-5,1, 112 дахь тал/ гэсэн,

 

Гэрч Г.Нямхишиг мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...М- эгч тухайн үед түрээсэлсэн байрнаасаа гарах болоод найз У-д манай эгч байрнаасаа гарах гэж байгаа талаар хэлж байсан. ...У- над дээр 2022 оны 02 дугаар сард ...У- манай гэрт орж ирээд танай эгч М- чинь миний байрны түрээсийн мөнгийг өгөөгүй байна гэж хэлсэн...” /хавтас хэргийн 46 дахь тал/ гэсэн,

 

Гэрч Б.Ц- мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, ... тоот байрыг 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр худалдаж авсан. ...М-аа гэх охин ...түрээсэлж болох уу гэхэд болно гээд байрны мөнгөө сар сараар авахаар тохирч 2021 оны 10 дугаар сараас түрээслүүлсэн. ...М- цагаан сар хүртэл мөнгөө төлж байгаад гэнэт алга болчихоор нь ...байрандаа ирэхэд ...У- гэх охин М-аас түрээсэлсэн байсан. ...2021 оны 01 дүгээр сарын түрээсийг М-аас авч чадаагүй гэдгээ хэлэхэд У- 750,000 төгрөг өгсөн. ...Би гэрээ хийгээгүй амаар тохироод М-ын найз эмэгтэйг анх оруулж байсан, дараа нь М- дамжуулж амьдарч байгаад надад хэлэлгүйгээр У- гэх охинд түрээслүүлсэн байсан. ...Би байрны СӨХ-н мөнгө төлдөг бөгөөд М- нэг удаа өгч байгаагүй...” /хавтас хэргийн 50 дахь тал/ гэсэн ,

 

Шүүгдэгч П.М- мөрдөн шалгах ажиллагааны явцад сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...2021 оны 9 дүгээр сарын сүүлээр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, ... тоотод байх байрыг сарын 750,000 төгрөгөөр түрээсэлсэн. Тэгээд уг байранд 1 сар гаруй хугацаанд амьдраад гарахаар болоход ...У- зөрөөд оръё гэхээр нь байрыг суллаж түлхүүр өгч мөнгө аваад байрны эгчид дансаар мөнгийг дамжуулж өгдөг байсан. Ингээд сар бүр У- надад мөнгө өгдөг болж, би байрны эгчийн дансанд мөнгөө хийдэг болсон. ...2022 оны 01 дүгээр сар хүртэлх мөнгийг би сар сард нь өгч байгаад 2022 оны 01 дүгээр сарын мөнгөнөөс 250,000 төгрөгийг авч байрны эгчид 500,000 төгрөгийг шилжүүлсэн. ...Дараа нь 2 дугаар сарын мөнгийг би У-ас авч байрны эгчийн дансанд шилжүүлээгүй бөгөөд нийт 1,000,000 төгрөгийг байрны эгчид шилжүүлээгүй юм. Бас дараа нь СӨХ-ны мөнгө гэж У-ас чихэвч гэсэн гүйлгээний утгатайгаар авч байсан. Ингэхээр нь нийтдээ миний хувьд У-ад 1,040,00 төгрөгийн хохирол учруулсан...” /хавтас хэргийн 54 дэх тал/ гэсэн мэдүүлгүүд

 

- Өргөдөл /хавтас хэргийн 7 дахь тал/,

- Дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /хавтас хэргийн 8-37 дахь тал/,

- Шүүгдэгч П.М-ын хувийн байдалтай холбоотойгоор иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтас хэргийн 58 дахь тал/, төрөл садангийн лавлагаа /хавтас хэргийн 59-60 дахь тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтас хэргийн 63 дахь тал/ зэрэг болно.

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

 

1. Шүүгдэгч П.М- нь Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, ... тоот орон сууцыг иргэн Н.Ц-аас түрээсэлсэн байх хугацаандаа уг байрыг манай эгчийн байр гэж хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж зохиомол байдлыг зориудаар бий болгож хохирогч Г.У-д сарын 750,000 төгрөгөөр түрээсэлж улмаар 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр түрээсийн төлбөрт шилжүүлсэн 750,000 төгрөгөөс 250,000 төгрөгийг, 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр сууц өмчлөгчдийн холбооны төлбөр төлнө гэж 40,000 төгрөгийг, 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдөр эгч түрээсийн мөнгө нэхээд байна гэж 750,000 төгрөгийг Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрээс өөрийн ... дугаартай дансаар шилжүүлэн авч нийт 1,040,000 төгрөгийн хохирол учруулан залилсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Г.У-ын “...Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо ... тоотод ....М- гэх эмэгтэйтэй уулзаж сарын 750,000 төгрөгөөр түрээслэхээр болж барьцаа 300,000 төгрөг М- гэх эмэгтэйн Хаан банкны 537хххх552 дугаартай дансанд хийж 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдөр нүүж орж амьдарсан. ...Анх ороход миний төрсөн эгчийн байр байгаа юм би түрээсэлдэг чи түрээсэлнэ гэвэл би эгчид хэлчихнэ гэж хэлээд мөнгө авсан. ...2021 оны 11, 12 дугаар сарын, 2022 оны 01 дүгээр сарын түрээсийн мөнгийг М-аагийн дансанд хийж түрээсийн мөнгөө төлж байсан. ...2022 оны 02 дугаар сарын 01-ний өдөр байрны эгч түрээсийн мөнгөө нэхэж байна гээд над руу чат бичиж надаас 750,000 төгрөг, СӨХ-н мөнгө 40,000 төгрөг авсан. ...Мөн 2022 оны 01 дүгээр сарын эхээр 180,000 төгрөг зээлж аваад одоо болтол өгөөгүй. ...2022 оны 02 дугаар сарын 10-ны өдөр нэг хүн хаалга нүдээд байрны мөнгөө өгөөгүй гэж хэлсэн...” /хавтас хэргийн 50-5,1, 112 дахь тал/ гэсэн, гэрч Б.Ц-ын “...Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, ... тоот байрыг 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр худалдаж авсан. ...М-аа гэх охин ...түрээсэлж болох уу гэхэд болно гээд байрны мөнгөө сар сараар авахаар тохирч 2021 оны 10 дугаар сараас түрээслүүлсэн. ...М- цагаан сар хүртэл мөнгөө төлж байгаад гэнэт алга болчихоор нь ...байрандаа ирэхэд ...У- гэх охин М-аас түрээсэлсэн байсан. ...2021 оны 01 дүгээр сарын түрээсийг М-аас авч чадаагүй гэдгээ хэлэхэд У- 750,000 төгрөг өгсөн. ...Би гэрээ хийгээгүй амаар тохироод М-ын найз эмэгтэйг анх оруулж байсан, дараа нь М- дамжуулж амьдарч байгаад надад хэлэлгүйгээр У- гэх охинд түрээслүүлсэн байсан. ...Би байрны СӨХ-н мөнгө төлдөг бөгөөд М- нэг удаа өгч байгаагүй...” /хавтас хэргийн 50 дахь тал/ гэсэн, шүүгдэгч П.М-ын “...2021 оны 9 дүгээр сарын сүүлээр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, ... тоотод байх байрыг сарын 750,000 төгрөгөөр түрээсэлсэн. Тэгээд уг байранд 1 сар  гаруй хугацаанд амьдраад гарахаар болоход ...У- зөрөөд оръё гэхээр нь байрыг суллаж түлхүүр өгч мөнгө аваад байрны эгчид дансаар мөнгийг дамжуулж өгдөг байсан. Ингээд сар бүр У-д надад мөнгө өгдөг болж би байрны эгчийн дансанд мөнгөө хийдэг болсон. ...2022 оны 01 дүгээр сар хүртэлх мөнгийг би сар сард нь өгч байгаад 2022 оны 01 дүгээр сарын мөнгөнөөс 250,000 төгрөгийг авч байрны эгчид 500,000 төгрөгийг шилжүүлсэн. ...Дараа нь 2 дугаар сарын мөнгийг би У-ас авч байрны эгчийн дансанд шилжүүлээгүй бөгөөд нийт 1,000,000 төгрөгийг байрны эгчид шилжүүлээгүй юм. Бас дараа нь СӨХ-ийн мөнгө гэж У-ас чихэвч гэсэн гүйлгээний утгатайгаар авч байсан. Ингэхээр нь нийтдээ миний хувьд У-д 1,040,00 төгрөгийн хохирол учруулсан...” /хавтас хэргийн 54 дэх тал/ гэсэн мэдүүлгүүд, дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /хавтас хэргийн 8-37 дахь тал/ зэрэг хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүх хуралдаанд шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, тухайн хэрэгт хамааралтай, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан бөгөөд дээрх нотлох баримтуудыг үгүйсгэсэн, няцаасан баримт байхгүй ба тухайн баримтуудаар шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдахад хэргийн оролцогчийн хууль ёсны эрхийг зөрчсөн, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Залилах гэмт хэрэгт нь бусдын эд хөрөнгө, түүнийг эзэмших, өмчлөх эрхийг өөртөө авах, буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй байх гэсэн шунахайн сэдэлтээр хуурамч мэдээлэл, эд зүйл, бичиг баримт ашиглаж төөрөгдүүлэх, урьдын танил харилцааг ашиглах, итгэл эвдэх, худал амлах зэрэг аргаар эзэмшигч, өмчлөгчийг төөрөгдүүлж, өмчлөгч өөрийн хөрөнгийг өөрөө өгөхөд хүргэж, хохирол учруулдаг бөгөөд шүүгдэгч П.М- нь хохирогч  Г.У-д Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, ... тоот орон сууцыг өөрийн эгчийн байр гэж  гэж итгүүлэн, хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгож 1,040,000 төгрөгийг шилжүүлэн авч хувийн хэрэгцээндээ зарцуулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Залилах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

 

Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч П.М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт нь шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байна.

 

Шүүгдэгч П.М- нь хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

 

2. Шүүгдэгч П.М- нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл тогтоогдсонгүй.

 

Дээрх хөнгөрүүлэн үзэх нөхцөл шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж, учруулсан хохирол хор уршгийн хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэж, уг ялыг 04 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр хугацаа тогтоож шийдвэрлэв.

 

3. Гэмт хэргийн улмаас хохирогч Г.У-ын эд хөрөнгөд 1,040,000 төгрөгийн хохирол учирсан, шүүгдэгч нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирлын зарим хэсгийг буюу 500,000 төгрөгийг төлсөн тул төлөгдөөгүй үлдсэн 540,000 төгрөгийг гэм буруутай этгээдээс гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй байна.

 

Эрүүгийн 2210007150623 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч П.М- энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдав.

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овогт П-ийн М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бусдыг төөрөгдөлд оруулсны улмаас эд хөрөнгийг нь шилжүүлэн авч залилсан гэмт хэргийг үйлдсэн буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П-ийн М-ыг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх  хэмжээгээр буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3.  Шүүгдэгч П.М-д оногдуулсан 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх  хэмжээгээр буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.М- торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс хойш 04 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр хугацаа тогтоож, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.М ...-аас 540,000 /таван зуун дөчин мянга/ төгрөг гаргуулж хохирогч Г.У ... тоотод оршин суух хаягтай/-д олгосугай.

 

6. Эрүүгийн 2210007150623 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч П.М- энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.  

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч П.М-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.М-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                        Д.АЛТАНЖИГҮҮР