Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 2437

 

 

 

 

 

 

 

 

 

Э ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Байгалмаа, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 101/ШШ2017/03071 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Э ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Г.Ут холбогдох  

 

Зээлийн гэрээний үүрэгт 56 298 000 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Лхагвасүрэнгийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Баяраа

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ж.Энэрэл нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Э ББСБ ХХКнь иргэн Г.Утай 2015 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 15/143 тоот зээлийн гэрээ, 15/143А тоот барьцааны гэрээ байгуулж 30 000 000 төгрөгийг 6 сарын хугацаатай, сарын 4.5 хувийн хүүтэй зээлүүлсэн. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо,14 дүгээр хороолол /13336/ хд36/б байр, 155 тоот (Ү-2204059918) 46.94м.кв бүхий иргэн Г.Уын өмчлөлийн 2 өрөө орон сууцыг барьцаалсан. Зээлдүүлэгч тал зээлдэгч Г.Ут зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг шаардаж удаа дараа уулзаж шаардлага, мэдэгдэл хүргүүлсэн боловч зээлдэгч нь өнөөдрийг хүртэл үүргээ зохих ёсоор биелүүлээгүй болно. Зээлийн гэрээний хугацаанд зээлдэгч Г.У нь зээлийн гэрээнд заасан хуваарийн дагуу буюу 2015 оны 05 дугаар сарын 26-ны өдрөөс 2016 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэлх хүүнд 15 удаагийн төлөлтөөр нийт 15 369 290 төгрөгийг төлсөн. Зээлийн гэрээний хугацаа 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр дуусгавар болсон хэдий ч зээлдэгч нь 2016 оны 05 дугаар сараас хойш зээл, хүүний төлбөрөөс огт төлөлт хийгээгүй байгаа нь байгууллагын хэвийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж байна. Иймд иргэний хуулийн 451 дүгээр зүйлд заасны дагуу иргэн Г.Уаас 15/143 тоот зээлийн гэрээний үүрэг болох үндсэн зээл 30 000 000 төгрөг, зээлийн хүү 21 915 000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4 383 000 төгрөг нийт 56 298 000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Зээлийн гэрээний үүргийг сайн дураар эс биелүүлсэн тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг нийслэлийн шийдвэр гүйцэтгэлийн албанд даалгаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч Г.У шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Э ББСБ ХХК-иас 2015 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 15-143 дугаартай зээлийн гэрээ, 15-143А дугаартай барьцааны гэрээ байгуулж 30 000 000 төгрөгийг 6 сарын хугацаатай 4.5 хувийн хүүтэй зээлсэн. Уг зээлийн гэрээ үйлчлэх хугацаанд хүүг зохих ёсоор төлж ирсэн. 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр зээлийн гэрээний хугацаа дууссан. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт заасан “Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана” гэж заасан байна. Иймд миний бие зээлийн гэрээний хүчин төгөлдөр хугацаанд зээлийн хүүг бүрэн төлсөн тул түүнээс хойш хугацаанд зээлийн үндсэн дүнд хүүгийн төлбөр төлөх үүрэг хүлээхгүй гэж үзэж байна. Зээлийн гэрээ дуусгавар болсоноос хойш миний бие нийт 7 764 290 төгрөгийг Э ББСБ ХХК-д төлсөн бөгөөд одоо зээлийн үлдэгдэл 22 235 710 төгрөгийг 3 сарын хугацаанд тус ББСБ ХХК-д төлөх болно гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-т заасныг баримтлан хариуцагч Г.Уаас 35 436 521 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Э ББСБ ХХК-д олгож, нэхэмжлэлээс 20 861 479 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Г.У шүүхийн шийдвэрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 14 дүгээр хорооллын ХД 36/б байрны 155 тоотод орших, 46.94 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2204059918 дугаартай, 2 өрөө орон сууцыг худалдан борлуулах замаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 439 440 төгрөгийг улсын орлогод үлдээж, нэхэмжлэгч Э ББСБ ХХК-иас 70 200 төгрөг нөхөн гаргуулж улсын орлогод оруулж, хариуцагч Г.Уаас 405 332 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Э ББСБ ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Лхагвасүрэн давж заалдах гомдолдоо: “...Шүүх зээлдэгч Г.Уын гэрээний хугацаа дууссан 2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс хойш нийт төлсөн дүн нь 7 773 290 төгрөг болж байгаа бөгөөд шүүх тооцооллын алдаа гаргаж 7 764 290 төгрөг хэмээн дүгнэжээ. Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4 дэх хэсэгт заасныг баримтлан үндсэн үүргээс хасаж тооцсонтой маргахгүй байна. Гэхдээ гэрээний хугацаа дууссанаас хойш төлсөн дүнг үндсэн үүргээс хассан атлаа 2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс 2016 оны 08 дугаар сарын 24-ний өдрийг хүртэлх 9 сарын хугацааны хүүг зээлдэгчээс тооцох эрхтэй гэдгийг мартсан байна. Шүүхээс нэхэмжлэгчийн хариуцагчаас нэхэмжилсэн хүүг үндэслэлгүйгээр бууруулснаас болж хуулиар нэхэмжлэгчид олгогдох ёстой нэмэгдүүлсэн хүүний дүн ч буруу гарсан байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хууль зүйн үндэслэлгүй хэсагдсан 16 493 133 төгрөгийг нэмж тооцон, шийдвэрийн дүнг 51 929 654 төгрөг болгож өгнө үү.

Түүнчлэн шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн улсын тэмдэгтийн хураамжтай холбоотой хэсэгт үг үсгийн алдаа /Ариг Банк г.м/, нэхэмжлэлийн шаардлагыг бууруулж хангасан мөртлөө дахин улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгчээр төлүүлэх тухай эргэлзээтэй дүн байх тул хянаж, залруулж өгнө үү” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

       Шүүхийн шийдвэрт тооцооллын хувьд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.

 

       НэхэмжлэгчЭ ББСБ ХХК нь хариуцагч Г.Ут холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 56 298 000 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч зээлийн гэрээний үүргээс 22 235 710 төгрөг төлөхийг зөвшөөрч, үлдэх хэсгийг төлөх үндэслэлгүй гэж маргажээ.

 

Талуудын хооронд 2015 оны 05 дугаар сарын 25-ны өдөр №15-143 дугаар зээлийн болон №15-143 А дугаартай барьцааны гэрээ байгуулагдаж, хариуцагч нь 30 000 000 төгрөгийг 6 сарын хугацаатай, сарын 4.5 хувийн хүүтэйгээр нэхэмжлэгчээс зээлж, үүргийн гүйцэтгэлийн биелэлтийг хангуулахаар үл хөдлөх эд хөрөнгийн Ү-2204059918 дугаарт бүртгэгдсэн Нийслэлийн Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 14 дугаар хороолол, ХД 36/б байрны 155 тоот байршилтай, 46.94 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг барьцаалсан болох нь хэрэгт авагдсан зээлийн болон барьцааны гэрээ, бэлэн мөнгөний зарлагын мэдүүлэг, үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ, зохигчдын тайлбар зэргээр тогтоогдсон, талуудын тохиролцоо Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2, 451 дүгээр зүйлийн 451.1, 451.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан байна. /хх 8-12, 14, 15, 42-44/

 

Шүүх зохигчдын хооронд байгуулсан гэрээний харилцааг зөв тодорхойлж Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн гэрээ гэж үзсэн нь үндэслэлтэй байна.

 

       Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэлээ “...Зээлийн гэрээний хугацаанд зээлийн хүүг зохих ёсоор төлж байсан. Зээлийн хугацаа дууссан тул Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй тул хүү төлөх боломжгүй” гэж тайлбарлажээ.

 

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар зээлдэгч нь “гэрээнд заасан бол зээл болон түүний хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх, авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү төлөх үүрэгтэй” гэж заасан бөгөөд Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 зүйлийн 3 дах хэсэгт “Зээлийг заасан хугацаанд төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн үндсэн хүү, гэрээнд заасан бол түүний хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлнө" гэж тус тус заасан.

       Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний хугацаа 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр дуусгавар болсон бөгөөд үүнээс өмнөх хугацааны зээлийн хүүгийн төлөлтийн талаар зохигчид маргаагүй ба Иргэний хуулийн 216 дугаар дугаар зүйлийн 216.4 дэх хэсэгт зааснаар 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс 2016 оны 08 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл хугацаанд төлсөн 7 772 930 төгрөгийг үндсэн зээлээс дараах байдлаар хасч, зээлийн гэрээний 4.8-д заасны дагуу үндсэн хүүгийн хэмжээгээр хүү тооцох үндэслэлтэй байна. Үүнд:

 

1. Зээлийн төлбөр 30 000 000 төгрөгөөс 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдөр төлсөн 1 368 360 төгрөгийг хасч, зээлийн төлбөрийн үлдэгдэл 28 631 640 төгрөгийн хүү 1 288 423 төгрөг,

 

2. Зээлийн төлбөр 28 631 640 төгрөгөөс 2016 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр төлсөн 1 395 000 төгрөгийг хасч, үлдэгдэл 27 236 640 төгрөгийн хүү 1 225 648 төгрөг,

 

3. Зээлийн төлбөр 27 236 640 төгрөгөөс 2016 оны 03 дугаар сарын 03-ны өдөр төлсөн 1 641 600 төгрөгийг хасч, зээлийн төлбөрийн үлдэгдэл 25 595 040 төгрөгийн хүү 1 151 776 төгрөг,

4. Зээлийн төлбөр 25 595 040 төгрөгөөс 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр төлсөн 1 544 184 төгрөгийг хасч, үлдэгдэл 24 050 856 төгрөгийн хүү 1 082 288 төгрөг,

 

5. Зээлийн төлбөр 24 050 856 төгрөгөөс 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдөр төлсөн 1 674 000 төгрөгийг хасч, үлдэгдэл 22 376 856 төгрөгийн хүү 1 006 958 төгрөг,

 

6. Зээлийн төлбөр 22 376 856 төгрөгөөс 2016 оны 08 дугаар сарын 24-ний өдөр төлсөн 150 146 төгрөгийг хасч, үлдэгдэл 22 226 710 төгрөгийн хүү 1 000 201 төгрөг,

 

7. 2016 оны 05 дугаар сарын 10-ны өдрөөс 2017 оны 07 дугаар сарын 21-ний өдөр хүртэл 14 сар 11 хоногийн хугацаанд 14 497 814 төгрөгийн хүү, 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс шүүхэд анх нэхэмжлэл гаргасан 2017 оны 07 дугаар сарын 21-ний өдрийг дуустал хугацаанд үндсэн зээл 22 226 710 төгрөг, зээлийн хүүд бүгд 21 253 108 төрөг, нэмэгдүүлсэн хүүд 4 250 621 төгрөг төлөх үүрэг үүсчээ.

 

 Иймд хариуцагч Г.Уаас нийт 47 730 439 төгрөг гаргуулан нэхэмжлэгч "Экокапитал ББСБ” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 8 567 561 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзэв. Түүнчлэн, шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт нэхэмжлэгчийн нэрийг “Экокапитал Аригбанк ХХК” гэж буруу бичсэнийг зөвтгөх нь зүйтэй.

Дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрт тооцооллын хувьд өөрчлөлт оруулж, хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 101/ШШ2017/03071 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...35 436 521 төгрөг...” гэснийг “...47 730 439 төгрөг...” гэж, “...20 861 479 төгрөг...” гэснийг “...8 567 561 төгрөг...” гэж,

шийдвэрийн тогтоох хэсгийн 3 дахь заалтыг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 439 440 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Г.Уаас 396 602 төгрөг гаргуулж нэхэмжлэгчЭ ББСБ ХХК-д олгосугай” гэж тус тус өөрчлөн, шүүхийн шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй..               

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжаар нэхэмжлэгчЭ ББСБ ХХК-ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 240 416 төгрөгийг буцаан олгохыг дурдсугай.

 

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

     ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                           ШҮҮГЧИД                                   Д.БАЙГАЛМАА

                                                                                   Д.ЦОГТСАЙХАН