Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 06 сарын 04 өдөр

Дугаар 22

 

Б-т холбогдох эрүүгийн

хэргийн талаар

 

 

226/2019/0022/Э

 

Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Дэнсмаа даргалж, шүүгч Я.Алтаннавч, Б.Сүргомбо нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “А” танхимд,

Нарийн бичгийн дарга М.Долгоржав,

Прокурор Т.Баярмаа,

Насанд хүрээгүй хохирогч С, түүний хууль ёсны төлөөлөгч Ц, Т,

Насанд хүрээгүй хохирогчийн өмгөөлөгч Б.Жавхлан,

Шүүгдэгч Б, түүний өмгөөлөгч Д.Гангантөгс нарыг оролцуулан хаалттайгаар,

Хэнтий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Мөнхтулгын даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 76 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б, түүний өмгөөлөгч Д.Гангантөгс нарын давж заалдах гомдлоор Б-т холбогдох эрүүгийн 1839005680290 дугаартай хэргийг 2019 оны 5 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Сүхгомбын танилцуулснаар хянан хэлэлцэв.

Хэнтий аймгийн Дадал суманд 1987 онд төрсөн, эрэгтэй, 32 настай, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Хэнтий аймгийн Дадал сумын “Агац” багт оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай гэх У овогт Г-н Б нь

2016 онд Хэнтий аймгийн Дадал сумын төвд өөрийн гэртээ, мөн 2018 оны 6 дугаар сард Хэнтий аймгийн Дадал сумын “Агац” багын нутаг “Читийн зуслан” гэх газарт байх зуны байшинд бага насны буюу гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай дагавар охин С-ийг удаа дараа хүч хэрэглэн хүчиндсэн гэмт хэрэгт холбогджээ.

Хэнтий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Ухаасай овгийн Ганболдын Б-ыг хүчиндэх гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б-ыг 18 /арван найм/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу шүүгдэгчид оногдуулсан 18 жилийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, шүүгдэгч Б-ын цагдан хоригдсон 117 хоногийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу эдлэх ялд оруулан тооцож, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг дурдаж, шүүгдэгч Б-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж тус тус шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б нь давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхээс надад 18 жилийн хорих ял оногдуулсан бөгөөд тус ял нь надад хүнд байна. Миний бие хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч, бусдад хохирол учруулсандаа маш их харамсаж байна.  Цаашид гэмт хэрэг үйлдэхгүй байж чадна.

Анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо төлж барагдуулсан, үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч, чин сэтгэлээсээ гэмшиж байгаа зэрэг нөхцөл байдлыг минь харгалзан үзэж анхан шатны шүүхээс оногдуулсан 18 жилийн хорих ялыг багасгаж, нээлттэй хорих ангид ял эдлүүлж өгнө үү гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Гангантөгс нь давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхээс миний үйлчлүүлэгчид хүнд ял оногдуулсан гэж үзэж байна.

Б нь хууль эрх зүйн мэдлэггүй, боловсролгүй, ухамсар дорой байдлаасаа болж жигшүүрт, хүний санаанд багтамгүй хэргийг үйлдсэн бөгөөд үйлдсэн хэрэгтээ чин сэтгэлээсээ гэмшиж, харамсаж явдаг.

Ар гэрийн хувьд эхнэр нь салаад олон сар болж байгаа бөгөөд Б-ын төрсөн эх дээр 12 настай хүү нь хүмүүжиж байна. Б-ын эх нь эрхэлсэн тодорхой ажилгүй, эмчийн байнгын хяналтад, группд байдаг. Б-ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн хор уршиг, бусдад учруулсан хохирлын эмчилгээний зардлыг бүрэн төлж барагдуулсан, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ чин сэтгэлээсээ гэмшиж байгаа байдал, залуу хүний хойшдын ирээдүйн амьдрал, ар гэрийн байдлыг харгалзан үзэж анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялыг багасгаж, нээлттэй хорих ангид ялыг эдлүүлж өгнө үү гэжээ.

Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Т.Баярмаа давж заалдах шатны шүүхэд гаргасан дүгнэлтдээ: Шүүгдэгч Б- нь өөрийн дагавар охин бага насны С-ийг удаа дараа хүч хэрэглэн хүчиндсэн гэмт хэрэг үйлдсэн.

Б нь анхан шатны шүүх хуралдаан дээр хийсэн хэргээ хүлээн зөвшөөрөхгүй байсан бөгөөд давж заалдах шатны шүүхэд хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч гомдол гаргасан байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хохирогч сэтгэл санаа болон бие махбодоороо хохирсон. Мөн хичээлдээ явах дургүй болсон. Цаашдын ирээдүйд нь хар ул мөр үлдээсэн тул гомдолтой байна гэжээ.

Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т  давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хохирогч сэтгэл санаа болон бие махбодоороо хохирсон. Ангийнх нь хүүхдүүд хэргийн талаар мэдсэн учир хичээлдээ явах сонирхолгүй болсон. Ангийнх нь хүүхдүүд шоолж,  зоддог болсон. Мөн охин маань ухаан алдаж унадаг бие махбод болон сэтгэл санааны хувь тогтворгүй болсон. Цаашид аль байгууллагад хандах талаар мэдэхгүй байна. Б манай охинтой 10 жил хамт амьдарсан хүргэн байгаа юм. Хэрэг гарснаас хойш би охиноо гэртээ авчирсан. Биднийг хамаатан садангүй болохоор доромжилж байна. Би хэргийг С-ийн ээжээс нууж байсан бөгөөд шүүхийн шийдвэрийг уншиж мэдсэн. С ааш зан нь өөрчлөгдөж, сэтгэл санаа нь тогтворгүй болсон гэжээ.

Насанд хүрээгүй хохирогчийн өмгөөлөгч Б.Жавхлан давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Анхан шатны шүүх хуралдаан дээр үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрөөгүй бөгөөд давж заалдах гомдол гаргахдаа хэргээ хүлээсэн байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй гэж үзэж байна гэжээ.  

 

ТОДОРХОЙЛОХ нь

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанаар Б-т холбогдох эрүүгийн хэргийг түүний давж заалдах гомдлоор хянан хэлэлцэж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Б нь 2016, 2018 онд Хэнтий аймгийн Дадал сумын төвд өөрийн гэртээ болон тус сумын “Агац” баг Читийн зусланд бага насны, дагавар охин С-ийг удаа дараа хүч хэрэглэн хүчиндсэн гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Насанд хүрээгүй хохирогч С-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...одоогоос 2 жилийн өмнө 2016 онд намайг 5 дугаар ангид байхад аав миний араар орж, хөнжилд унтсан. Гэтэл миний дээр гарчихсан, өмдийг маань тайлж, амыг гараараа таглаж, “ээждээ хэлбэл ална шүү” гээд өөрийнхөө бэлэг эрхтнийг минийх рүү хийсэн. Би түлхээд дийлээгүй. Дотуур өмдөнд цагаан өнгийн зүйл наалдсан. Тэр үед ээжид хэлээгүй. Мөн 2018 оны зун аав миний өмдийг тайлчихсан миний дээр гарчихсан байсан. Миний бэлэг эрхтэн рүү өөрийнхийгөө хийсэн. Хоёр удаа намайг хүчиндсэн. Согтуу байсан. Хүчиндсэнийхээ дараа ор хөнжлийн даавууг аав угаачихдаг байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 18-21, 24-25 хуудас/,

Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “ ...С нь эмээ Т-ын хамт Норовлин суманд амьдардаг. Охины эмчилгээ болон унааны зардалд 1500000 төгрөгийг Б- төлсөн. Иймд хохирогчийн эрх ашгийг хамгаалж өгнө үү...” гэх мэдүүлэг /хх-ийн 30-31 хуудас/,

Гэрч Б-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн “ ...С-оос чи бэлгийн харьцаанд орж байсан уу гэхэд толгой дохиод байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 43 хуудас/,

Гэрч Т-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “ ...охин маань аав Б намайг хүчиндсэн гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 73-74 хуудас/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож, тогтоогдсон талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалтай нийцсэн, үйлдлийг зөв зүйлчилж, шүүгдэгчид оногдуулсан ял нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэм бурууд нь тохирсон, ял эдлэх дэглэмийг зөв тогтоосон, шүүгдэгч Б нь давж заалдах шатны шүүх хуралдаанд гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй байна. Аймгийн Прокурорын газрын яллах дүгнэлтэд Б-ыг “гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг хүчиндсэн” гэж ирүүлсэн бөгөөд энэ талаар анхан шатны шүүх шийтгэх тогтоолдоо дүгнэлт хийгээгүй ч Эрүүгийн хуулийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсон нь үндэслэл бүхий байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага  болгон ТОГТООХ нь

1. Хэнтий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 2019 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 76  дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч  болон түүний  өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3-т зааснаар Б нь шийтгэх тогтоол гарснаас хойш 61 хоног цагдан хоригдсон болохыг дурдсугай.

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, хуулийн этгээд, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

                                ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Б.ДЭНСМАА

                                ШҮҮГЧ                                                 Я.АЛТАННАВЧ

                                                              Б.СҮХГОМБО