Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 03 сарын 16 өдөр

Дугаар 001/ХТ2021/00211

 

 *******гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Д.Цолмон даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч П.Золзаяа, Х.Сонинбаяр, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 183/ШШ2020/02284 дүгээр шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 2316 дугаар магадлалтай, 

*******гийн нэхэмжлэлтэй,

Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ТӨХК-д холбогдох 

Ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн дааталын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг  

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Алтангэрэлийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Х.Сонинбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.  

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2014 оны 12 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ТӨХК-ийн Говийн бүсийн салбарын шугам засварын монтёроор 2020 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийг хүртэл ажилласан. Ажиллаж байх хугацаандаа сахилгын шийтгэл хүлээж байгаагүй. Эрхэлсэн ажилдаа дуртай, хичээл зүтгэлтэй, тогтвортой ажиллаж ирсэн. Би 2020 оны 3 дугаар сарын 23-ны өдөр зайлшгүй шалтгаанаар ээлжийн амралтаа эдлэх шаардлага үүссэн. Учир нь миний төрсөн эгч Э.Сүрэнцэцэг нь хөгжлийн бэрхшээлтэй бөгөөд түүний бие 2020 оны 3 дугаар сарын 18, 19-ний үед муудаж, би эхнэртэйгээ хамт түүний оршин суудаг Дундговь аймгийн Говь-Угтаал сум руу 2020 оны 3 дугаар сарын 20-ны өдөр ажлаа тараад явсан. Миний эцэг, эх хоёр эгчийг минь харж, асардаг. Эгчийгээ асрахаар 4 дүгээр сарын 01-ний өдрөөс ээлжийн амралтаа авах хүсэлтээ удирдлагадаа гаргасан. Хүсэлтийг Засварын албаны дарга Ж.Шарав ээлжийн амралт олгож болох талаар цохож, улмаар Говийн бүсийн салбарын дарга С.Намжилцэрэн Судалж үзээд шийдвэрлэх тухай цохолтыг мөн хүсэлтэд тухайн өдөр хийж өгсөн. Би эхнэртэйгээ үл ялих зүйлээс маргалдсанаас болж шүүхийн шийдвэрийн дагуу 15 хоног баривчлагдсан. Энэ хугацаанд би ээлжийн амралттай байгаа тул чөлөө авах шаардлагагүйгээр баривчлагдах хугацааг дуусгаад ээлжийн амралтын хугацаагаа дуусгаад ажилдаа орсон. Гэтэл надад ээлжийн амралт олгохоор шийдвэрлэж байсан дарга маань хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан гэж үзээд намайг ажлаас халсан. Би хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил таслаагүй, хуулиар олгосон ээлжийн амралтаа эдлэхээр хүсэлтээ гаргаж, зохих шийдвэрийн дагуу ээлжийн амралтаа эдлээд ажилдаа орсон. Иймд өмнө нь эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, нийгмийн даатгалын дэвтэр, эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Алтангэрэл шүүхэд гаргасан тайлбартаа: *******гийн эгч Э.Сүрэнцэцэгийн биеийн байдал муудсан тул ээлжийн амралтыг 2020 оны 4 дүгээр сард авахыг хүссэн өргөдлөө Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ТӨХК-ийн Говийн бүсийн салбарт 2020 оны 3 дугаар сарын 23-ны өдөр дамжуулсныг салбарын захиргаа бүртгэлжүүлэн салбарын дарга С.Намжилцэрэнд танилцуулсан. Э.Алтанширээ нь өргөдөл гаргасан өдрөөс эхлэн ажилдаа ирэлгүй, хэл сураггүй болсон. Говийн бүсийн салбарын Захиргаа, аж ахуйн албанаас хуваарийн дагуу бус ээлжийн амралт авах өргөдлийг судлах явцад Дундговь аймгийн прокурорын "Зөрчил гарахад нөлөөлсөн шалтгаан нөхцөлийг арилгуулах тухай 2020 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 7 дугаар мэдэгдэл ирсэн. Дээрх мэдэгдэл ирснээр ******* өргөдлөө өөрөө биш тус салбарын Засварын албаны засварын монтёр П.Отгонтөгс, А.Дорждэрэм нараар бичүүлж дамжуулсан нь тогтоогдсон. Бичгээр гаргасан хүсэлтдээ ******* хөдөлмөрийн гэрээ, зааварчилгааны хуудсыг баталгаажуулах хуудаст өөрөө гарын үсэг зураагүй, эгчийн бие муудсан талаарх баримт, материалыг хүсэлтдээ хавсаргаагүй. Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2, 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт тус тус заалтыг хангаагүй, ******* ажил олгогчийн зүгээс өргөдлийг шийдэж, хариу өгөөгүй байхад ажпын байрыг дур мэдэн орхиж, ажил тасалсан, 4 дүгээр сарын 01-нээс ээлжийн амралт авахаар хүсэлт гаргасан атлаа 2020 оны дугаар сарын 23-ны өдрөөс 2020 оны дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацааны ажлыг тасалсан. Ээлжийн амралтын хувиараа өөрчлөх өргөдөл гаргасан боловч гаргасан хугацаа нь 4 сард ээлжийн амралт гаргаж өгнө үү гэсэн хүсэлттэй байгаа. Гэтэл Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэгт заасан хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой тооцох зөрчлийг гаргасан. Тийм учраас ажил олгогч тал Э.Алтанширээтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэлтэй гэж үзэж байна. Нэхэмжлэгч талын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ. 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 183/ШШ2020/02284 дүгээр шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг тус тус баримтлан *******гийн нэхэмжлэлтэй, Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ТӨХК-д холбогдох ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны олговорт 2 128 700 төгрөг гаргуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай гомдлыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дахь заалтыг тус тус баримтлан нэхэмжлэгчийн 2020 оны 5 дугаар сарын 29-ний өдөр төлсөн 49 010 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 2316 дугаар магадлалаар: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 183/ШШ2020/02284 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.2 дах хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгч *******г*******-ийн Говийн бүсийн салбарын Засварын албан шугам засварын монтёрын ажилд эгүүлэн тогтоож, хариуцагчаас ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 2 128 700 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.Гантулгад олгож, түүний нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих журмын дагуу шимтгэл, хураамж төлөхийг хариуцагч*******-д даалгасугай гэж, 2 дах заалтыг Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдаж, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 49 010 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулан олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт тус тус зааснаар хариуцагч*******-иас 49 009 төгрөгийг гаргуулж улсын орлого болгосугай гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдаж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Алтангэрэл хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 183/ШШ2020/0284 дугаартай шийдвэрт Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 2316 дугаар магадлалаар өөрчлөлт оруулсан тул дараах үндэслэлээр эс зөвшөөрч, хариуцагчаас хяналтын шатны журмаар гомдол гаргаж байна. Нэхэмжлэгч тал болох ******* нь 2014 оны 12 дугаар сарын 02-ны өдрөөс Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ТӨХК-ийн Говийн бүсийн салбарын Засварын албанд засварын монтёроор ажиллаж байгаад 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдрөөс 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийг дуустал хугацаанд ажлын 14 хоног ажил тасалсан тул компанийн гүйцэтгэх захирлын 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн Б/188 дугаар тушаалаар ажлаас халагдсан. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс гарсан магадлалд нэхэмжлэгч нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн зөрчлийн хэрэгт холбогдож, улмаар шүүхийн шийдвэрээр баривчлагдсан явдлыг ажилдаа ирэхгүй байх хүндэтгэн үзэх шалтгаанд хамааруулах үндэслэл болохгүй гэж дурдсан боловч ээлжийн амралтыг урьдчилан олгох талаар өргөдөл хүргүүлсэн, ажил олгогчийн эрх бүхий албан тушаалтнууд уг өргөдлийг шийдвэрлээгүй ч ажлыг зохицуулах боломжтой талаар цохолт хийснийг нэхэмжлэгч 3 ба түүнээс дээш өдрийн хугацаагаар ажил тасалсан гэж дүгнэх нь учир дутагдалтай гэж үзсэн. Ажил олгогч нь ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээ, Хөдөлмөрийн тухай хууль, компанийн хөдөлмөрийн дотоод журмын хүрээнд асуудлыг шийдвэрлэсэн болно. ******* нь 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдөр бусдаар дамжуулан өргөдөл хүргүүлэхдээ амралтын хуваарийг 4 сард болгож өгнөүү гэсэн хүсэлтийг илэрхийлсний дагуу салбарын удирдлагаас 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс аль болох ажлыг нь зохицуулж, ээлжийн амралтыг эдлүүлэх цохолт хийсэн нь ажилтны ээлжийн амралт эдлэх эрхийг хаагаагүй болохыг харуулж байна. Гэтэл ажилтан өөрөө гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, ёс зүйгүй үйлдэл гаргасны улмаас Зөрчлийн тухай хуулиар баривчлах арга хэмжээ авахуулж ажилдаа ирэх боломжгүй болсныг урьдчилан мэдээд худал өргөдөл хүргүүлсэн гэж дүгнэхээр байна. Учир нь ажилтны өргөдөл хүргүүлсэн хугацаа, ажилдаа ирэлгүй хэл сураггүй болсон хугацаа, мөн баривчлагдсан хугацаа нь бүгд давхцаж байгаа нь баримтаас илт харагдсан. Нэхэмжлэгч *******гийн дээрх өргөдөлд 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн ажлын 7 хоногийн хугацаанд ээлжийн амралт эсвэл захиргааны чөлөө авах талаар огт дурдаагүй. Ийм ажил олгогч ажил тасалсан ноцтойд тооцох зөрчил гаргасан *******д Хөдөлмөрийн тухай хууль, ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээ, компанийн дотоод журмыг тус тус үндэслэн ажлаас халах шийдвэр гаргасан. Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1 дэх заалтад ажил үүргээ гүйцэтгээгүй үед ажил, албан тушаалыг хэвээр хадгалах нөхцөлд шүүхийн шийдвэрээр баривчлах шийтгэл ногдуулсан нь хамаарахгүй бөгөөд нэхэмжлэгч *******д Зөрчлийн тухай хуулийн 5.4-т заасан Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчсөн үйлдэлд шүүхээс ногдуулсан шийтгэл нь *******гийн ажил олгогчтой байгуулсан хөдөлмөрийн гэрээний дагуу ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргээ гүйцэтгээгүйд ногдуулсан шийтгэл биш тул Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалд дурдсанчлан нэг зөрчилд давхардуулсан шийтгэл гэж үзэх үндэслэлгүй.

Иймд Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 172.2.1-т заасныг үндэслэн гаргасан гомдлыг харгалзан Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ 

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч*******-д холбогдуулан засварын монтёрын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговорт 2,128,700 төгрөг гаргуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч нэхэмжлэгчийн хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь Хөдөлмөрийн тухай хууль зөрчөөгүй гэж маргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх шийдвэрт өөрчлөлт оруулан, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Алтангэрэл нь давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргасан байна.  

Зохигч нь хяналтын шатны шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад харилцан тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулсан талаар шүүхэд мэдэгджээ.  

Нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Алтандөш, хариуцагч Цахилгаан дамжуулах Үндэсний сүлжээ ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Б.Нямсамбуу, хуулийн зөвлөх Г.Алтангэрэл нарын хооронд байгуулсан 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн Эвлэрлийн гэрээнд:

1.      ******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзаж, энэ талаар бичгээр Улсын Дээд шүүхэд 2021 оны 3 дугаар сарын 01-ний дотор хандах,

2.      ******* нь ажилгүй байсан хугацааны цалин, холбогдох шимтгэл төлөхийг*******-аас шаардахгүй бөгөөд энэ шаардлагаасаа мөн татгалзаж байгаа болно,

3.      Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ТӨХК нь *******г урьд эрхэлж байсан буюу*******-ийн Дундговь аймаг дахь салбарын монтёрын албан тушаалд томилох,

4.      Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ТӨХК нь *******гийн нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байгаа татгалзал, эвлэрлийн гэрээ болон холбогдох бусад баримтуудыг нэгтгэж, Улсын Дээд шүүхэд хүргүүлнэ гэж тохиролцсон байх бөгөөд гэрээнд зааснаар нэхэмжлэгч ******* 2021 оны 03 дугаар сарын 03-ны өдөр хүсэлтийг Улсын Дээд шүүхэд бичгээр гаргаж, энэхүү эвлэрлийн гэрээний хамт ирүүлсэн байна.

Зохигчдын эвлэрэл нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн эрхийг хөндөөгүй байх ба талууд ийнхүү эвлэрэн хэлэлцсэний эрх зүйн үр дагаврыг ойлгосон байх тул анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж дүгнэв.  

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.4., 176 дугаар зүйлийн 176.2.4.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:  

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 183/ШШ2020/02284 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 2316 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.  

 

                                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Д.ЦОЛМОН 

                                          ТАНХИМЫН ТЭРГҮҮН                               Г.АЛТАНЧИМЭГ  

                          ШҮҮГЧИД                                                     П.ЗОЛЗАЯА

Х.СОНИНБАЯР 

Г.ЦАГААНЦООЖ