Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Довчинсэнгээгийн Алтанжигүүр |
Хэргийн индекс | 187/2022/0446/Э |
Дугаар | 2022/ШЦТ/440 |
Огноо | 2022-06-07 |
Зүйл хэсэг | 27.10.2.2., |
Улсын яллагч | Д.Эрдэнэчимэг |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 06 сарын 07 өдөр
Дугаар 2022/ШЦТ/440
2022 06 07 2022/ШЦТ/440
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж, улсын яллагч Д.Э-эчимэг /томилолтоор/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Ж, шүүгдэгч Э.Б, түүний өмгөөлөгч Г.Сүхээ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Жавхлан нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хаалттай явуулсан хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч О овогт Э-ийн Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2203001900234 дугаартай хэргийг 2022 оны 5 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 2002 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ... оюутан, ам бүл 5, эцэг, эх, эгч, дүүгийн хамт ... тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, О овогт Э-ийн Б
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Э.Б нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ 2022 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 22 цаг 00 минутын орчимд Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах И-март худалдааны төвийн урд замд У.О-ийн эзэмшлийн Тоёота Приус маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй /жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/ тээврийн хэрэгсэл жолоодох, мөн дүрмийн 16.1-т заасан Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас зохицуулдаггүй явган хүний гарцаар зам хөндлөн гарч явсан явган зорчигч 15 настай, эмэгтэй Ж.А-г мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, шүүгдэгч нарын мэдүүлсэн мэдүүлэг:
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Ж: “...2022 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр 22 цагийн орчим манай охин машинд мөргүүлээд гэмтлийн эмнэлэг явж байна гэж надад хэлсэн. Намайг очиход шүүгдэгч манай охины рентген зургийг авхуулаад зогсож байсан. Тухайн үед эмч цууралт байж магадгүй, нарийвчилсан томограф зураг авхуул гэж хэлсэн. Тухайн үед шүүгдэгч цагдаад хэлэлгүй өнгөрөөчих хэрэгтэй байна гэж хэлэхэд нь би хүүхдийнхээ гэмтлийг харж байж болно гэж хэлсэн. Маргааш нь томограф зураг авхуулахад манай охины хөл нь 2 хугарсан байсан. Шүүгдэгч надад өөрийнхөө оюутан гэдгийг хэлсэн, би чи оюутан юм чинь хохирол төлөх боломж байхгүй гэж бодож байна, аав ээжийгээ надтай уулзуул гэж хэлэхэд манай аав, ээж хөдөө явсан, утас нь болохгүй байгаа гэсэн тул би цагдаад гомдол гаргасан. Үүний дагуу Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн дүгнэлт гаргуулахад хүндэвтэр гэмтэл гэж гарсан. 4 дүгээр сарын 15-ны өдөр хэргийн газар нөхөн үзлэг хийхэд оролцож цагдаагийн газар очиж мэдүүлэг өгсөн. Түүнээс хойш холбогдоогүй байж байгаад 5 дугаар сарын 22-ны өдөр шүүгдэгчийн аав нь ярьж хохирол төлөх гэсэн юм гэж уулзсан. ...Над руу 305.000 төгрөгийн баримтын зардлыг шилжүүлсэн байсан. Би хэргийн материалтай танилцахдаа нэхэмжлэлийн талаар юм яриагүй, 5 дугаар сарын 22-ны өдөр аавтай нь уулзахад би мэдээгүй байсан, манай хүүхэд надад хэлээгүй гэж надад хэлсэн. Тухайн үед би гарсан зардал нь энэ, цаашид ийм эмчилгээ хийлгэнэ, ойролцоогоор 4,650,000 төгрөг болно гэж хэлсэн байгаа гэхэд цагдаагаас надад хэлэхдээ 305,000 төгрөгийг төл гэхэд нь төлсөн. Би хохирлын талаар мэдээгүй гэж байсан. Надад ажилтай байсан, ажилгүй болсон, олон хүүхэдтэй гэж амьдралаа ярьсан учраас би манай охины хичээл сургууль завсардсан учраас давтан сургуульд явуулах гэж 1,200,000 төгрөг нэхэмжилж байсныг хасаж, эмчилгээ сувилгааны зардал 3,500,000 төгрөгийг өгчих гэхэд зөвшөөрөөд амьдрал хэцүү байна гэж гуйсан тул таны боломж ямар байна гэж асуухад 3,000,000 төгрөг байна гэхэд нь би авсан. Тэгээд би хохирол барагдууллаа гэсэн бичиг гаргаж өгсөн. Би хэргийн материалтай танилцахдаа шүүх хуралд оролцох хүсэлт гаргаж, гомдолтой байгаа үндэслэлүүдээ дурдсан. Шүүгдэгч сая хүүхэд хараагүй гэж мэдүүлж байна. Урьд өгсөн мэдүүлэгтээ хүүхэд гүйгээд гараад ирсэн гэж мэдүүлсэн байсан. Тухайн үед 4 настай хүүхэд хөтөлж явж байсан хүүхэд зам хөндлөн гарч гүйх үү. ...Хожим хойно аль нэг эрхтэнд нь нөлөөлөхийг үгүйсгэхгүй, аль нэг газар нь хялгасан судсыг нь тасалсан байхыг үгүйсгэхгүй. Энэ бүхэн дээр яагаад шинжилгээ хийж болохгүй байна вэ. Би эмнэлгээр явж шинжилгээний үнийг үзэхэд багцын шинжилгээ хямдардаг юм байна. Багцын шинжилгээ Сонгдо эмнэлэг 2,050,000 төгрөг, Интермед 3,800,000 төгрөг болдог юм байна. Үүн дээр нөхөн сэргээх тасгийн эмчилгээ гэж байна. Эмнэлгийн сайтад ярилцлага өгсөн эмчийн ярилцлагыг үзэхэд гэмтлийн дараа заавал нөхөн сэргээх эмчилгээ хийх шаардлагатай гэж байсан. Анхан шатны нөхөн сэргээх эмчилгээ хийгээгүй. Миний охин гэмтэл авснаас хойш хөдөлгөөнийг нь хорьсон. Одоо ч хөдөлгөөний хязгаарлалттай байгаа. Удаан хугацаанд хөдөлгөөн хоригдсон өсвөр насны 15 настай хүүхэд цаашид нөхөн сэргээх эмчилгээ хийлгэх зайлшгүй шаардлагатай. Хийхгүй бол биеийн хөгжилд нь нөлөөлнө гэж үзэж байна. Мөн томографын зураг тойгны ясны дээр сэтэрсэн 1.2 см яс байгаа. Хэрвээ өсөлтийн үед тийшээ орж гэмтэл авсан бол нэг талын хөл саажилт үүсдэг гэж байна. Тиймээс цаашид охиныхоо хэвийн өсөж байгааг мэдэхийн тулд томографын зураг авхуулах шаардлагатай. Аав нь ирж зовлонгоо тоочсон, хүүхдийн баяр болох гэж байна охинд бэлэг өгөх гэсэн юм, уулзах гэсэн юм гээд ирэхэд нь хүний сэтгэл юм гээд гомдол саналгүй гэдгээ илэрхийлсэн...” гэв.
Шүүгдэгч Э.Б: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй...” гэв.
Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд
Насанд хүрээгүй хохирогч Ж.А мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2022 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр ...гэр рүүгээ харих гээд найз Мөнгөнчимэг, дүү А нарын хамт И Март худалдааны төвийн баруун урд талын замаар ...урдаасаа хойшоогоо чиглэлтэй явж байсан автомашинууд зогсож зам тавьж өгөхөөр нь зам гараад зүүнээс баруун тийш явах чиглэлд иртэл 1 болон 3 дугаар эгнээнд явж байсан автомашинууд зам тавьж өгөхөөр нь зам хөндлөн гарах гээд явж байтал зорчих хэсгийн 2 дугаар эгнээгээр явж байсан тээврийн хэрэгсэл ирээд миний баруун тал руу мөргөчихсөн. Тухайн үед манай найз дүүг бариад явж байсан тул тэр 2 машинд мөргүүлээгүй, би машинд мөргүүлсэн. Би осол болох үед явган хүний гарцаар гарч байсан...” /хавтас хэргийн 21 дэх тал/ гэсэн,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Ж мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2022 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 22 цаг өнгөрч байх үед охин А руу манай эхнэр утсаар залгаад машинд мөргүүлсэн гээд жолооч нь гэмтлийн эмнэлэг авч явж байна гэж хэлсэн. Тэгээд би гэмтлийн эмнэлэг дээр очиж үзүүлээд маргааш нь буюу 04 дүгээр сарын 09-ний өдөр толгой, хөлд томограф хийлгээд 04 сарын 10-ны өдөр хариуг нь хартал хөлд нь хугарал үүссэн байсан тул 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр цагдаагийн байгууллагад бичгээр гомдол гаргасан...” /хавтас хэргийн 23 дахь тал/ гэсэн
Иргэний нэхэмжлэгч, хариуцагч Б.Э мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...... улсын дугаартай тээврийн хэрэгслийг ...Б дур мэдээд унаж явсан. Тэрнээс унаад явах зөвшөөрөл өгсөн зүйл байхгүй. ...Хүүгээ жолоо барих үнэмлэхтэй болох үед тухайн машиныг хүүдээ өгөх гэж байсан...” /хавтас хэргийн 34 дэх тал/ гэсэн,
Шүүгдэгч Э.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2022 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр ...машины түлхүүр байхаар нь би эгчийнхээ гэр рүү очих гээд Тоёота Приус маркийн ... улсын дугаартай автомашиныг жолоодоод явсан. Тэгээд Хан-Уул дүүргийн И Март худалдааны төвийн урд талын замаар зүүнээс баруун тийш чиглэлтэй явж байхад явган хүний гарцын өмнө 1-р эгнээнд нэг машин зогсчихсон, 3-р эгнээнд нэг машин зүүн тал руугаа дохио өгөөд зогсчихсон байхаар нь 2-р эгнээгээр урд талд ямар нэгэн машин байхгүй сул байхаар нь дундуур нь явтал зүүн талаас урдаасаа хойшоо чиглэлтэй нэг хүүхэд гүйгээд гараад ирсэн. Би тухайн хүүхдийг машиныхаа зүүн урд хэсгээр мөргөөд зогссон. Тэгээд машинаас бууж очоод хүүхдийг гэмтлийн эмнэлэг рүү авч явсан. ...Надад жолоо барих эрх байхгүй..” /хавтас хэргийн 82 дахь тал/ гэсэн мэдүүлгүүд,
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн шинжилгээний 2022 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 5635 дугаартай дүгнэлтэд:
1. Ж.А-гийн биед баруун шилбэний тахилзуур, шаант ясны далд хугарал, баруун шилбэ, баруун гуянд цус хуралт, баруун тохой, баруун шагайнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн осол болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна.
3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэг тогтоогдлоо.
4. Цаашид эрүүл мэнд ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн /хавтас хэргийн 51-52 дахь тал/,
- Автотээврийн үндэсний төв ТӨҮГ, Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн 2022 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 18472924 дугаартай дүгнэлтэд: “Шинжээчийн хариулт 1. Уг автотээврийн хэрэгсэл, зүүн талын арыг харах толь суурь хугарсан, зүүн урд карлон урд хэсгээр 20 см хонхойсон, хойд улсын дугаарын гэрэл асахгүй, зүүн урд ойрын гэрэл асахгүй, урд тэнхлэгийн хажуу гулсалтын хазайлтын хэмжээ +13,2 мм байгаа нь Автотээврийн хэрэгсэлд тавигдах стандартын шаардлага тэнцэхгүй байна.
2. Зүүн талын арыг харах толь суурь хугарсан, зүүн урд карлон урд хэсгээр 20 см хонхойсон, хойд улсын дугаарын гэрэл асахгүй, зүүн урд ойрын гэрэл асахгүй, урд тэнхлэгийн хажуу гулсалтын хазайлтын хэмжээ +13,2 мм байна.
3. Учирсан эвдрэл гэмтлүүд нь шинэ, хуучин аль нь болох эсэхийг техникийн хяналтын үзлэгээр тогтоох боломжгүй.
4. Зүүн талын арыг харах толь суурь хугарсан.
5.Техникийн хяналтын үзлэгээр тогтоох боломжгүй.
6. Уг автотээврийн хэрэгсэл нь шингэн ABS дамжуулгын бүхий тоормосны системтэй ба техникийн хяналтын үзлэгийн тоног төхөөрөмж дээр шалгаж үзэхэд хойд тэнхлэгийн дугуйн тоормосууд стандартын шаардлага хангахгүй байна.
7. Уг автотээврийн хэрэгсэл нь шингэн ABS дамжуулгын бүхий тоормосны системтэй ба автотээврийн хэрэгслийн хурд, замын нөхцөл байдал, цаг агаарын байдал зэргээс хамаараад тоормосны мөр зам дээр үүснэ.
8. Ач холбогдол бүхий зүйл илрээгүй болно...” /хавтас хэргийн 59-65 дахь тал/ гэсэн,
Тээврийн цагдаагийн албаны мөрдөгчийн 2022 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн магадлагаанд: “...6.1 Тоёота Приус маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Э.Б нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 16.1 Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө. Мөн дүрмийн 3.7 Жолоочид дараах зүйлийг хориглоно. а/тухайн ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй /жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/ ...үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтуудыг зөрчсөн гэх үндэслэлтэй байна.
6.2 Явган зорчигч Ж.А- нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн гэх үндэслэлгүй байна...” /хавтас хэргийн 69 дахь тал/ гэсэн дүгнэлтүүд,
- Өргөдөл /хавтас хэргийн 4 дэх тал/,
- Зам тээврийн осол, хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтас хэргийн 13-17 дахь тал/,
- Хохирлын баримтууд /хавтас хэргийн 27-29 дэх тал/,
- Осол гэмтлийн тохиолдлыг бүртгэх хуудас /хавтас хэргийн 31 дэх тал/,
- Шүүгдэгч Э.Бы хувийн байдалтай холбоотой гэрч Б.Мөнхзаяа, Б.Ганхүү нарын мэдүүлэг /хавтас хэргийн 42-46 дахь тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтас хэргийн 90 дэх тал/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хавтас хэргийн 88 дахь тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтас хэргийн 83 дахь тал/ зэрэг болно.
Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:
1. Шүүгдэгч Э.Б тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ 2022 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 22 цаг 00 минутын орчим Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах И Март худалдааны төвийн урд замд У.Оийн эзэмшлийн Тоёота Приус маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/. тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй /жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/ тээврийн хэрэгсэл жолоодох гэсэн, мөн дүрмийн 16.1-т явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас зохицуулдаггүй явган хүний гарцаар зам хөндлөн гарч явсан явган зорчигч 15 настай, эмэгтэй Ж.А-г мөргөж эрүүл мэндэд баруун шилбэний тахилзуур, шаант ясны далд хугарал, баруун шилбэ, баруун гуянд цус хуралт, баруун тохой, баруун шагайнд зулгаралт бүхий хүндэвтэр хохирол учирсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан насанд хүрээгүй хохирогч Ж.А-гийн “...2022 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр ...гэр рүүгээ харих гээд найз Мөнгөнчимэг, дүү Амин-Э-э нарын хамт И Март худалдааны төвийн баруун урд талын замаар ...урдаасаа хойшоогоо чиглэлтэй явж байсан автомашинууд зогсож зам тавьж өгөхөөр нь зам гараад зүүнээс баруун тийш явах чиглэлд иртэл 1 болон 3 дугаар эгнээнд явж байсан автомашинууд зам тавьж өгөхөөр нь зам хөндлөн гарах гээд явж байтал зорчих хэсгийн 2 дугаар эгнээгээр явж байсан тээврийн хэрэгсэл ирээд миний баруун тал руу мөргөчихсөн. Тухайн үед манай найз дүүг бариад явж байсан тул тэр 2 машинд мөргүүлээгүй, би машинд мөргүүлсэн. Би осол болох үед явган хүний гарцаар гарч байсан...” /хавтас хэргийн 21 дэх тал/ гэсэн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Жын “...2022 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 22 цаг өнгөрч байх үед охин А- руу манай эхнэр утсаар залгаад машинд мөргүүлсэн гээд жолооч нь гэмтлийн эмнэлэг авч явж байна гэж хэлсэн. Тэгээд би гэмтлийн эмнэлэг дээр очиж үзүүлээд маргааш нь буюу 04 дүгээр сарын 09-ний өдөр толгой, хөлд томограф хийлгээд 04 сарын 10-ны өдөр хариуг нь хартал хөлд нь хугарал үүссэн байсан тул 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр цагдаагийн байгууллагад бичгээр гомдол гаргасан...” /хавтас хэргийн 23 дахь тал/ гэсэн, иргэний нэхэмжлэгч, хариуцагч Б.Э-ийн “...... улсын дугаартай тээврийн хэрэгслийг ...Б дур мэдээд унаж явсан. Тэрнээс унаад явах зөвшөөрөл өгсөн зүйл байхгүй. ...Хүүгээ жолоо барих үнэмлэхтэй болох үед тухайн машиныг хүүдээ өгөх гэж байсан...” /хавтас хэргийн 34 дэх тал/ гэсэн, шүүгдэгч Э.Бы “...2022 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр ...машины түлхүүр байхаар нь би эгчийнхээ гэр рүү очих гээд Тоёота Приус маркийн ... улсын дугаартай автомашиныг жолоодоод явсан. Тэгээд Хан-Уул дүүргийн И Март худалдааны төвийн урд талын замаар зүүнээс баруун тийш чиглэлтэй явж байхад явган хүний гарцын өмнө 1-р эгнээнд нэг машин зогсчихсон, 3-р эгнээнд нэг машин зүүн тал руугаа дохио өгөөд зогсчихсон байхаар нь 2-р эгнээгээр урд талд ямар нэгэн машин байхгүй сул байхаар нь дундуур нь явтал зүүн талаас урдаасаа хойшоо чиглэлтэй нэг хүүхэд гүйгээд гараад ирсэн. Би тухайн хүүхдийг машиныхаа зүүн урд хэсгээр мөргөөд зогссон. Тэгээд машинаас бууж очоод хүүхдийг гэмтлийн эмнэлэг рүү авч явсан. ...Надад жолоо барих эрх байхгүй..” /хавтас хэргийн 82 дахь тал/ гэсэн мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн шинжилгээний 2022 оны 5635 дугаартай дүгнэлтэд: Ж.А-гийн биед баруун шилбэний тахилзуур, шаант ясны далд хугарал, баруун шилбэ, баруун гуянд цус хуралт, баруун тохой, баруун шагайнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн осол болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэг тогтоогдлоо...” /хавтас хэргийн 51-52 дахь тал/ гэсэн,
Тээврийн цагдаагийн албаны мөрдөгчийн 2022 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн магадлагаад: “...Тоёота Приус маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Э.Б нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 16.1 Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө гэсэн. Мөн дүрмийн 3.7 Жолоочид дараах зүйлийг хориглоно. а/тухайн ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй /жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/ ...үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтуудыг зөрчсөн гэх үндэслэлтэй байна...” /хавтас хэргийн 69 дахь тал/ гэсэн дүгнэлтүүд, зам тээврийн осол, хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтас хэргийн 13-17 дахь тал/ зэрэг хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Шүүх хуралдаанд шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан бөгөөд дээрх нотлох баримтуудыг үгүйсгэсэн, няцаасан баримт байхгүй ба тухайн баримтуудаар шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдахад хэргийн оролцогчийн хууль ёсны эрхийг зөрчсөн, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч Э.Б гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.
2. Шүүгдэгч Э.Б тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Ж-аас нэхэмжилсэн хохирлыг төлж барагдуулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд түүний үйлдэлд Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл тогтоогдохгүй байна.
Дээрх хөнгөрүүлэн үзэх нөхцөл, шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж, учруулсан хохирол, хор уршиг, шүүгдэгчийн насны болон хувийн байдал зэргийг харгалзан түүнд Э-ийн Б-д тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 02 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 01 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс явахыг хориглож, шүүгдэгч нь эрх бүхий байгууллагын зөвшөөрлөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг тус тус хүлээлгэж, зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулж мэдэгдэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-т зааснаар Э.Б-д шийтгэсэн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 02 /хоёр/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол гарсан өдрөөс буюу өнөөдрөөс эхлэн тоолох хууль зүйн үндэслэлтэй.
3. Гэмт хэргийн улмаас насанд хүрээгүй хохирогч Ж.А-гийн эрүүл мэндэд баруун шилбэний тахилзуур, шаант ясны далд хугарал, баруун шилбэ, баруун гуянд цус хуралт, баруун тохой, баруун шагайнд зулгаралт бүхий хүндэвтэр хохирол учирсан бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн шатанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Ж-д 3,000,000 төгрөгийн хохирол төлж барагдуулсан байх тул энэ шүүх хуралдаанаар гэм буруутай этгээдээс гаргуулах хохиролгүй байна. Шүүхээс гэмт хэргийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтэл, хохирогч насанд хүрээгүй нөхцөл зэргийг харгалзан насанд хүрээгүй хохирогч Ж.А-, түүний хууль ёсны төлөөлөгчөөс гэмт хэргийн улмаас учирсан хохиролтой холбоотой цаашид гарах эмчилгээний зардлын нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлтэй үлдээв.
Эрүүгийн 2203001900234 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Э.Б энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор гаргуулах хохирол үгүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Ж гомдолгүй гэснийг тус тус дурдаж шийдвэрлэв.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч О овогт Э-ийн Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан Авто тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй этгээд хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг 2.2-т зааснаар шүүгдэгч Э-ийн Б-д тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 02 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 01 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б-ыг Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс явахыг хориглож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэй оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэж, түүнд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулж мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б-д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 02 /хоёр/ жилийн хугацаагаар хассан ялыг энэ өдрөөс буюу 2022 оны 6 дугаар сарын 07-ны өдрөөс эхлэн тоолсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Ж-д 3,000,000 /гурван сая/ төгрөгийн хохирол төлсөн болохыг дурдаж, насанд хүрээгүй хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгчөөс гэмт хэргийн улмаас учирсан хохиролтой холбоотой цаашид гарах эмчилгээний зардлын нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг тайлбарласугай.
7. Эрүүгийн 2203001900234 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Э.Б энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор гаргуулах хохирол үгүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Ж гомдолгүй гэснийг тус тус дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Э.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АЛТАНЖИГҮҮР