Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 23 өдөр

Дугаар 2022/ШЦТ/77

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Сарантуяа даргалж

         Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Бямбадорж

         Улсын яллагч Ц.Батзаяа

         Шүүгдэгч Л.М, түүний өмгөөлөгч М.Энхзаяа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Л.Мд холбогдох 2216000000102 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 06 дугаар сарын 16-ны  өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, халх, ....ны өдөр төрсөн, 23 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 3, аав ээжтэйгээ, Төгрөг сумын 2-р багт оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, ... регистрийн дугаартай, Урианхай овогтой Л-н М гэв.

           Шүүгдэгч Л.М нь 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 10 цагийн үед Говь-Алтай аймгийн Төгрөг сумын Мааньт багийн байшин хороолол, Соёл спортын төв дотроос цэрэг татлагын эрүүл мэндийн үзлэгт орж байхдаа тухайн төвд үзлэгт орж байсан Г.Бийн цүнхэнд байсан түрийвчнээс 50.000 төгрөг, мөн redmi note 8 pro маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч нийт 500.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь хүний өмчлөх эрхэд халдаж, хохирол учруулсан шинжээрээ Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүх дүгнэлээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:

Тухайн гэмт хэрэгт шүүгдэгч Л.М гэм буруутай болох нь:

Шүүгдэгч Л.Мгийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрч байна гээд мэдүүлсэн “...2022 оны 04 сарын 25-ны өдөр цэрэг татлаг болсон юм. Тэндээс би тэр хулгайлсан эд зүйлээ аваад гарсан миний буруу. Хохирогч Г.Б эмчийн үзлэгт орж байсан. Ээжид нь хохирол 500.000 төгрөг төлсөн.  Г.Б нь Алтай сумын цэрэгт байгаа. Утас, 50,000 төгрөг авсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/,  

Хохирогч Г.Бийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн “...Би 2022 оны 04-р сарын 25-ны өглөө Төгрөг сумын төвд Цэрэг татлагын эрүүл мэндийн үзлэгт хамрагдах гээд хөдөөнөөс орж ирчихээд байж байсан. Тэгээд 15 цагаас тус сумын эрүүл мэндийн төвд эхлээд шээс, цусны шинжилгээ өгч, цээжний зураг авахуулчихаад, үргэлжлүүлээд 10 цагаас Соёлын төвд эрүүл мэндийн үзлэг /камесс/-т орж дуусаад хувцсаа өмсчихөөд утсаар ярих гээд цүнхнээсээ утсаа гаргах гэсэн чинь миний redmi note 8 pro маркийн гар утас мөн түрийвчин дотор байсан 83,000 мянган төгрөгнөөс 50,000 төгрөг нь байхгүй байсан...     Алдсан утсаа хүлээн авлаа. Одоо гомдол санал байхгүй гэсэн мэдүүлэг /ХХ27, 32/,

Гэрч Б.Э-н мөрдөн байцаалтад мэдүүлсэн “...Би 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Говь-Алтай аймгийн Төгрөг сумын төвд гэртээ байж байсан. ...Тэгээд гэртээ хариад байж байсан чинь Л.М гаднаас би гар утас оллоо гэж хэлээд гэрт орж ирснээ авчирсан гар утасныхаа сем картыг гаргахаар нь би тухайн үедээ гаргасан семийг нь аваад өөрийнхөө утсандаа хийгээд өөрийнхөө 85124751 дугаарын утас луу 300 нэгж шилжүүлээд тэгээд шууд семийг нь гэртээ хадгалчихсан... ” гэсэн мэдүүлэг /ХХ34/

         Гэрч Ж.Ч-н мөрдөн байцаалтад мэдүүлсэн “...2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр цэрэг татлагын эрүүл мэндийн үзлэгт хамрагдах гээд сумын төв дээр бид 2 ирсэн. Тэгээд өглөө нь үзлэгтээ орчихоод өдөр нь гэртээ ирэхдээ үзлэгтээ орчоод ирлээ, Сая Соёлын төвийн гаднаас гар утас оллоо гэж хэлсэн. Тэгээд хаанаас олсон талаар асуухад Соёлын төвөөс гараад доошоо эргээд явж байтал гар утас оллоо гэж хэлээд мөн гар утас нь кодгүй байна гэж хэлсэн. Тухайн үед номин ногоон өнгийн гар утас байсан. Гар утасны маркийн 6и сайн мэдэхгүй байна... ” гэсэн мэдүүлэг /ХХ42-43/

Гэрч Л.Б-н мөрдөн байцаалтад мэдүүлсэн “...Тухайн үед гаднаас манай хүү гэртээ орж ирэхдээ Соёлын төвийн гаднаас гар утас олсон гээд номин ногоон өнгөтэй л ухаалаг гар утас гаргаад ирсэн. Тухайн үед би олсон л гэж бодож байсан хүүдээ итгэсэн... ” гэсэн мэдүүлэг /ХХ45/,

       Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, түүний гэрэл зургийн үзүүлэлтүүд /ХХ04-09/, эд мөрийн баримтыг хураан авсан тэмдэглэл, түүний гэрэл зургийн үзүүлэлт /ХХ10-11/, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, түүний гэрэл зургийн үзүүлэлтүүд /17-21/, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /ХХ46/ зэрэг хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, бэхжигдсэн улсын яллагчийн хүсэлтээр шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүх хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд энэ хэрэгт хамааралтай,  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар бүлэгт заасан үндэслэл журмын дагуу хийгдсэн, уг хэргийг хянан шийдвэрлэхэд шаардлагатай үйл баримтуудыг хангалттай цуглуулж тогтоосон, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдохгүй байна гэж шүүх дүгнэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар оролцогч нараас шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.7 дугаар зүйлд заасны дагуу шүүхийн хэлэлцүүлэг явуулах дараалал тогтооход талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах талаар оролцогч нар ямар нэгэн хүсэлт гаргаагүй болно.

2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг дүгнэхэд шүүгдэгч Л.Мг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг нь тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэн дээр шүүгдэгч Л.Мг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр, шүүдэгч Л.Мг 1 жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэлээ.

Шүүхээс шүүгдэгч Л.Мг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогч Г.Бд 500.000 төгрөгийн хохирол төлсөн зэрэг байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзаж үзэв. Харин Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Энэ хэрэгт шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримт нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, шүүгдэгчийн эд хөрөнгийг битүүмжлээгүй, хохирогчид хохирлыг бүрэн төлсөн, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна

              Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Урианхай овогт Л.Мг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр, шүүдэгч Л.Мг 1 жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

3. Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч Л.Мд танилцуулсугай.

4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Л.Мд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

5.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн багаж болох дорцов 1 ширхэг, илжгэн чих 1 ширхэг зэргийг устгасугай.

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, шүүгдэгчийн эд хөрөнгийг битүүмжлээгүй, хохирогчид хохирлыг бүрэн төлсөн, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй зэргийг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

            8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардаж авсан өдрөөс хойш эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Л.Мд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                         Д.САРАНТУЯА