Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 128/ШШ2021/0032

 

 

 

 

 

 

2021 оны 01 сарын 13 өдөр Дугаар Улаанбаатар хот

2021 01 13 128/ШШ2021/0032

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Адъяасүрэн би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч: Л.М /РД:**********/

Хариуцагч: Э Х Я

Нэхэмжлэлийн шаардлага: Э Х Яны Л.Мыг ажилд эгүүлэн томилохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасны дагуу урьд эрхэлж байсан ажил, албан тушаал буюу ахлах шинжээчийн албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, холбогдох дэвтэрт зохих нөхөн бичилт хийлгэхийг хариуцагчид даалгах

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ү, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Цэвэлмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Л.М шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Л.М нь 2013 оны 4 дүгээр сараас эхлэн Э Х Яны ахлах мэргэжилтэн, хуулийн хэлтсийн даргаар ажиллаж байсан бөгөөд 2016 онд тухайн үеийн Гадаад харилцааны яамны удирдлагууд харилцан зөвшилцсөний дагуу төрийн жинхэнэ албан хаагч түүний мэдлэг, боловсрол, мэргэжил, мэргэшил, ур чадвар, туршлага Гадаад харилцааны яаманд хэрэгцээтэй болсон албан ажлын зайлшгүй шаардлагыг үндэслэн намайг 2016 оны 8 дугаар сарын 1-ний өдрөөс Гадаад харилцааны яамны мэдэлд шилжүүлж, улмаар Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад суугаа ЭСЯ-ны Консулын хэлтсийн даргаар гурван жилийн хугацаатай томилон ажиллуулсан.

Л.М нь Дипломат албаны тухай хуульд заасан гурван жилийн томилолтын хугацааг дуусган эх орондоо 2019 оны 07 дугаар сарын 26-нд эргэн ирсэн бөгөөд 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдөр ГХЯ-д төрийн зохих албанд эргэж орох хүсэлтэй байсан боловч сул орон тоо байхгүй гэсэн шалтгааныг амаар хэлж, ... Консулын хэлтсийн даргын үүрэгт ажлаас 2019 оны 08 дугаар сарын 05-ны өдрөөр тасалбар болгон чөлөөлж, мөн өдрөөс үндсэн байгууллагын мэдэлд шилжүүлсүгэй. гэсэн агуулгатай Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн даргын 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн Б/149 дугаартай тушаалыг танилцуулан ажилд авахаас татгалзсан хариу өгсөн. Үүний дараа Э Х Яанд хандаж, ажилдаа эргэж орох, ажлын байраар хангуулах талаар хандсан боловч мөн л сул орон тоо байхгүй, төрийн албаны тухай хуулийн дагуу нөөцийн бүртгэлд авна гэсэн хуульд байхгүй, илт хууль бус хариуг өгч ажлын байраар хангахгүй өнөөдрийг хүрлээ.

Л.М Төрийн албаны зөвлөлд энэхүү асуудлаар гомдол гаргасан бөгөөд Төрийн албаны зөвлөлөөс миний урьд эрхэлж байсан албан тушаалтай дүйцэхүйц албан тушаалд томилж хариу ирүүлэхийг 2019 оны 11 дүгээр сарын 7-ны өдрийн 01/1379 тоот албан бичгээр Э Х Яанд мэдэгдсэн. Түүнчлэн ЭХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч М.Бд хандан ажилд авахыг удаа дараа амаар болон бичгээр хандсан боловч одоог хүртэл хариу өгөхгүй байгаа болно.

Нэхэмжлэгч Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд дээр дурдсан хоёр яамыг хамтран хариуцагчаар татаж, нэхэмжлэл гаргасан боловч шүүгч дээрх хоёр яамны алийг нь хариуцагч гэж үзэж байгаа түүнийгээ тодорхойл, 2 яамыг хамтран хариуцагчаар татах боломжгүй гэж удаа дараа нэхэмжлэлийг буцаасан тул аргагүйн эрхэнд эхний ээлжид Гадаад харилцааны яамыг хариуцагчаар дангаар нь тодорхойлж, миний нэхэмжлэлийг шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Гадаад харилцааны яаманд шилжүүлэн ажиллуулсан тушаалыг Э Х Яны удирдлага гаргахдаа Төрийн албаны тухай хуульд заасан төрийн албан хаагчийг сэлгэн ажиллуулах талаарх зохицуулалтыг баримталсан байдаг. Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1, 44.2-т заасан үндэслэл журмаар сэлгэн болон шилжүүлэн ажиллуулсан төрийн албан хаагчийг Төрийн албаны тухай хуульд заасны дагуу эрхэлж байгаа албан тушаалын ангилал, зэрэглэл, цалин хөлс, зэрэг дэвийг бууруулахгүй, ажил, албан тушаалд нь шууд үргэлжлүүлэн ажиллуулахаар зохицуулсан байх тул Э Х Я авч ажиллуулах үүрэгтэй болно.

Иймд Э Х Яны Л.Мыг ажилд эгүүлэн томилохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасны дагуу урьд эрхэлж байсан ажил, албан тушаал буюу ахлах шинжээчийн албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, холбогдох дэвтэрт зохих нөхөн бичилт хийлгэхийг хариуцагчид даалгаж өнгө үү. гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа:

... Л.М нь 2013-2016 оны хугацаанд Э Х Яанд хуулийн хэлтсийн ахлах мэргэжилтэн, хэлтсийн даргаар тус тус ажиллаж байсан ба нэхэмжлэгчийн өөрийн хүсэлтээр Э Х Яны Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 178 дугаар тушаалаар тус оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн Гадаад хэргийн яаманд сэлгэн ажиллуулсан байна.

Тус 178 дугаар тушаал нь тухайн үед үйлчилж байсан 2002 онд батлагдсан Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2 дахь заалтыг үндэслэсэн байна. Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлд Төрийн жинхэнэ албан хаагчийг өөр албан тушаалд шилжүүлэх, сэлгэн ажиллуулах талаар зохицуулсан ба тус зүйлийн 22.2 дахь заалтад Төрийн жинхэнэ албан хаагчийг өөрийнх нь зөвшөөрснөөр төрийн байгууллага хооронд тэдгээрийн удирдлагын харилцан тохиролцсоны дагуу ажлын тодорхой чиглэлээр 2 жил хүртэл хугацаагаар сэлгэн ажиллуулж болно. Хэрэв төрийн албан хаагч өөрөө буюу түүнийг сэлгэн ажиллуулж байгаа байгууллага хүсвэл анх илгээсэн төрийн байгууллага болон өөрийнх нь зөвшөөрснөөр сэлгэн ажиллуулах хугацааг 1 жил хүртэл хугацаагаар сунгаж болно. гэж зохицуулсан.

Дээрх 178 дугаар тушаалаас үзвэл сэлгэн ажиллуулах хугацааны хувьд 2016 оны 8 дугаар сарын 01-ний өдөр эхэлсэн ба 2002 онд батлагдсан Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2-т заасны дагуу үндсэн 2 жилийн хугацаагаар тооцож, тухайн харилцаа 2018 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөр дуусгавар болж байгаа юм. Харин төрийн албан хаагч болон сэлгэн ажиллуулж байгаа байгууллага хүсвэл анх илгээсэн байгууллага болох Э Х Яны зөвшөөрснөөр 1 жил хүртэл хугацаагаар сунгана.

Түүнчлэн тухайн үед үйлчилж байсан Монгол Улсын Засгийн газрын 1997 оны 253 дугаар тогтоолоор батлагдсан Төрийн захиргааны албан хаагчийг сэлгэн ажиллуулах журам-ын 3 дахь хэсэгт заасны дагуу сэлгэн ажиллуулах хугацаа нь Төрийн албаны тухай хуульд заасан хугацааны дотор байх ба талуудын хооронд хийгдэх гэрээнд хугацааг тохирох шаардлагатай. Гэвч анх илгээсэн байгууллага болох Э Х Яны зүгээс сэлгэн ажиллуулах хугацааг сунгахтай холбоотойгоор зөвшөөрөл олгоогүй байх тул тус хугацааг 1 жилээр сунгагдсан гэж үзэх хууль зүйн үндэслэл байхгүй байна. Тодруулбал нэхэмжлэгчийг өөр ажилд сэлгэн ажиллуулахтай холбогдох харилцаа хугацааны хувьд сунгагдаагүй ба 2018 оны 8 дугаар сарын 01-ний өдөр дуусгавар болсон байна.

Ийнхүү нэхэмжлэгч нь Э Х Яны зөвшөөрөлгүйгээр үргэлжлүүлэн 2019 оны 8 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл ажилласан нь үндэслэлгүй ба Төрийн албаны тухай /2002 он/ хуулийн холбогдох заалт болох 22 дугаар зүйлийн 22.2 дахь хэсгийг зөрчсөн үйлдэл болсон байна.

Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ 2019 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс Гадаад хэргийн яаманд ажиллах хүсэлтэй байсан тухайгаа илэрхийлсэн ба Гадаад хэргийн яамны зүгээс сул орон тоо байхгүй гэх хариу өгсөн байна. Иймд Э Х Яанд хүсэлт гаргасан гэх асуудал нь тухайн маргаанд ач холбогдолгүй байна. Дээр дурдсанчлан төрийн албан хаагчийг сэлгэн ажиллуулах хуульд заасан хугацааны дагуу нэхэмжлэгчийн зүгээс урьд эрхэлж байсан ажилдаа орох эрх нь 2018 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс эхэлсэн боловч 2019 оны 8 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл ямар нэгэн арга хэмжээ аваагүй байна. Үүнээс үзвэл нэхэмжлэгчийн зүгээс Гадаад хэргийн яаманд ажиллах хүсэлтэй байсан ба нөгөөтээгүүр Э Х Яанд ажиллах санаа сэдэлгүй байсан гэж үзэх боломжтой байна.

Тодруулбал нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ Гадаад хэргийн яамыг хариуцагчаар татсан нэхэмжлэлийг шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул Э Х Яанд холбогдуулан нэхэмжлэл гаргаж байна" хэмээн тусгасан нь Э Х Яанд ажиллах хүсэл зоригийн илэрхийлэл байхгүй байх ба Гадаад хэргийн яаманд ажиллах боломжгүй болсон учраас Э Х Яанд ажиллах болно гэсэн үүднээс хандаж буй нь үндэслэлгүй юм.

Иймд нэхэмжлэгч нь тухайн үед холбогдох асуудлаа шийдвэрлүүлэхээр Э Х Яанд хандаагүй байж, 1 жил гаруй хугацааны дараа ийнхүү хандаж буй нь бодит байдалд болон хүчин төгөлдөр үйлчилж буй хууль тогтоомжуудад нийцэхгүй юм.

Захиргааны ерөнхий хуулийн 33 дугаар зүйлийн 33.14, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1,2-т тус тус заасны дагуу Э Х Яыг төрийн албаны асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагаас гаргасан шийдвэрийг биелүүлээгүй гэж үзвэл 30 хоногийн дотор нэхэмжлэл гаргах шаардлагатай.

Э Х Яны зүгээс Төрийн албаны зөвлөлөөр хэлэлцэгдэн ирүүлсэн албан бичигт хуульд заасан үндэслэлийн дагуу хариу бичгийг боловсруулж, 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хүргүүлсэн. Үүнээс хойш 9 сарын дараа нэхэмжлэгчийн Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандаж, Э Х Яыг хариуцагчаар татсан байна. Иймд хөөн хэлэлцэх хугацааны асуудлыг анхаарч үзэх шаардлагатай.

Өнөөдрийн байдлаар Э Х Яанд Хуулийн хэлтсийн ахлах мэргэжилтэний орон тоо байхгүй байна. Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.4-т төрийн захиргааны төв байгууллагын зохион байгуулалтын бүтцийг тогтоон, тэдгээрийн орон тооны болон зардлын төсвийн хязгаарыг баталж, зохих шатны удирдах ажилтныг томилж, чөлөөлөх бүрэн эрхийг Засгийн газарт олгосон байна. Мөн Монгол улсын яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-т заасны дагуу яамны үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр болон зохион байгуулалтын бүтцийг Засгийн газар батална гэж заасан.

Ийнхүү Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 3 дугаар тогтоол болон 2019 оны 375 дугаар тогтоолоор тус тус Э Х Яны үйл ажиллагааны стратеги, бүтэц, орон тооны хязгаарыг баталсан.

Мөн Монгол Улсын Яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.8 дахь заалт, Э Х Яны Төрийн нарийн бичгийн даргын 2019 оны 331 дүгээр тушаалаар албан тушаалын орон тооны хязгаар, орон тооны жагсаалт батлагдсан ба тус яамны хуулийн хэлтсийн орон тоонд Ахлах мэргэжилтэн гэх албан тушаал байхгүй буюу сул орон тоо байхгүй байна.

Гагцхүү Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-т заасны дагуу Төрийн захиргааны албан тушаалд чадахуйн зарчмыг үндсэн шалгуур болгож, төрийн албаны нийтлэг ба тусгай шаардлагыг хамгийн сайн хангасан хүнийг томилох ба сул орон тоо гарсан тохиолдолд Төрийн албаны тухай хуульд заасны дагуу төрийн жинхэнэ албан хаагчийн сонгон шалгаруулалтад оролцох эрх нь нээлттэй юм.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлдээ өдгөө хүчин төгөлдөр үйлчилж буй Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь заалтыг гол үндэслэл болгосон байна. 2017 онд батлагдсан хүчин төгөлдөр үйлчилж буй Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т Төрийн жинхэнэ албан хаагчийг өөрийнх нь зөвшөөрснөөр төрийн байгууллага буюу тухайн байгууллагын нэгж хооронд тэдгээрийн удирдлагын харилцан тохиролцсоны дагуу ажлын тодорхой чиглэлээр 2 жил хүртэл хугацаагаар сэлгэн ажиллуулж болно. Хэрэв төрийн албан хаагч өөрөө буюу түүнийг сэлгэн ажиллуулж байгаа байгууллага хүсвэл анх илгээсэн төрийн байгууллага болон өөрийнх нь зөвшөөрснөөр сэлгэн ажиллуулах хугацааг 1 жил хүртэл хугацаагаар сунгаж болно. гэж 2002 оны Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2 дахь заалтын нэгэн адил зохицуулагдсан байна.

Иймд дээр дурдсанчлан нэхэмжлэгчийн сэлгэн ажиллуулах хугацаа 2018 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөр дууссан тул Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь заалтыг үндэслэх боломжгүй байна. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14 дэх заалтыг үндэслэн тус нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгчээс Л.Мыг ажилд эгүүлэн томилохгүй байгаа Э Х Яны эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасны дагуу урьд эрхэлж байсан ажил, албан тушаал буюу ахлах шинжээчийн албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, холбогдох дэвтэрт зохих нөхөн бичилт хийлгэхийг хариуцагчид даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.

Э Х Яны 2016 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 178 дугаар тушаалаар тус яамны Төрийн захиргааны удирдлагын газрын хуулийн ахлах мэргэжилтэн Л.Мыг 2016 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн Гадаад харилцааны яаманд сэлгэн ажиллуулахаар шийдвэрлэжээ.

Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн Б/151 дүгээр тушаалаар Л.Мыг 2016 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс Монгол улсаас Холбооны бүгд найрамдах Герман улсад суугаа Элчин сайдын яаманд зөвлөх бөгөөд консулын хэлтсийн даргаар томилж, 2019 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн Б/149 дүгээр тушаалаар Л.Мыг Герман улсын Элчин сайдын яамны Консулын хэлтсийн даргын үүрэгт ажлаас чөлөөлсөн байна.

Ийнхүү Л.М сэлгэн ажилласан үүрэгт ажлаас чөлөөлөгдсөн тул урьд эрхэлж байсан албан тушаалд томилуулах хүсэлтийг Э Х Яанд гаргахад тус яамны 2019 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн а/3356 дугаар албан бичгээр татгалзсан хариу өгсөн.

Хариуцагч Э Х Яны ... Л.Мын хүсэлтийг шийдвэрлээд 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хүргүүлсэн. Үүнээс хойш 9 сарын дараа нэхэмжлэгчийн Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандсан нь хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн гэх тайлбар үндэслэлгүй, өөрөөр хэлбэл Л.М уг асуудлаар эрхээ хамгаалуулахаар Төрийн албаны зөвлөл болон шүүхэд тасралтгүй хандаж, 2020 оны 8 дугаар сарын 12-ны өдөр Гадаад харилцааны яаманд холбогдуулан гаргасан нэхэмжлэлтэй хэргийг шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр гарснаас хойш Э Х Яанд холбогдуулан 2020 оны 8 дугаар сарын 17-нд тус шүүхэд нэхэмжлэл гаргасныг хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн гэж үзэхээргүй байна.

Төрийн албаны зөвлөлөөс 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 01/1379 дүгээр албан бичгээр ... Л.Мыг сэлгэн ажиллуулахад гэрээ байгуулаагүй нь түүнийг урьд ажиллаж байсан ажил, албан тушаалд эгүүлэн томилохгүй байх үндэслэл болохгүй. Иймд Л.Мыг урьд эрхэлж байсан албан тушаалтай дүйцэхүйц албан тушаалд томилох асуудлыг шийдвэрлэж хариу ирүүлнэ үү гэж,

Түүнчлэн Төрийн албаны зөвлөлийн 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 03/02 дугаар албан бичгээр Л.Мын төрийн албанд ажилласан хугацааг ... Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар болон төрийн захиргааны байгууллагын шийдвэрийг үндэслэн 1997 оны 5 дугаар сарын 30-ны өдрөөс 2019 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөр тасалбар болгон тооцоход та төрийн албанд нийтдээ 14 жил 5 сар 27 хоног, үүнээс улс төрийн албанд 1 жил 02 сар 20 хоног, төрийн жинхэнэ албан тушаалд 11 жил 03 хоног ажилласан болох нь тогтоогдож байна. Ахлах түшмэлийн болон түүнтэй адилтгах албан тушаалд ажилласан хугацаа 11 жил 03 хоног байх тул Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.2-т заасны дагуу та эрхэлсэн түшмэлийн албан тушаалд тавигдах ажилласан жилийн тусгай шаардлагыг хангаж байгаа болно. гэж тооцсон байна.

Тус шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 128/ШШ2020/0501 дугаар шийдвэрээр ... Дипломат албаны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.7-д дипломат ажилтны Дипломат төлөөлөгчийн газарт томилогдон ажиллах хугацаа 3 жил байна. гэж заасныг баримтлан Гадаар Хэргийн яамны дэргэдэх Төрийн албаны салбар зөвлөлийн 2019 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 01 дүгээр тогтоолыг үндэслэн Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн даргын 2019 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн Б/149 дүгээр тушаалаар Л.Мыг 2019 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс Монгол улсаас Холбооны бүгд найрамдах Герман улсад суугаа Элчин сайдын яамны зөвлөх бөгөөд консулын хэлтсийн даргын үүрэгт ажлаас чөлөөлж, мөн өдрөөс үндсэн байгууллагын мэдэлд шилжүүлж шийдвэрлэсэн нь Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4-т нийцсэн, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байна... гэж дүгнэсэн нь хуулийн хүчин төгөлдөр болсон.

Ийнхүү хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр Л.Мыг Дипломат албаны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.7-д дипломат ажилтны Дипломат төлөөлөгчийн газарт томилогдон ажиллах хугацаа 3 жил байна. гэж заасан хугацаанд сэлгэн ажилласныг тогтоосон байх тул нэхэмжлэгчийг өөр ажилд сэлгэн ажиллуулахтай холбоотой гэрээ байгуулаагүй, хугацаа сунгагдаагүй тул 2018 оны 8 дугаар сарын 01-ний өдөр дуусгавар болсон гэх хариуцагчийн тайлбар үгүйсгэгдэж байна.

Хариуцагчаас ... Э Х Яны Төрийн нарийн бичгийн даргын 2019 оны 331 дүгээр тушаалаар албан тушаалын орон тооны хязгаар, орон тооны жагсаалт батлагдсан ба тус яамны хуулийн хэлтсийн орон тоонд ахлах мэргэжилтэн гэх албан тушаал байхгүй буюу сул орон тоо байхгүй байна. гэсэн үндэслэлээр маргадаг.

Л.М нь Гадаад харилцааны яаманд сэлгэн ажиллахаас өмнө Э Х Яны Төрийн Захиргааны удирдлагын газрын хууль эрх зүйн асуудал хариуцсан ахлах мэргэжилтний албан тушаалд ажиллаж, ТЗ-8 ангилалд хамаарч байсан нь сэлгэн ажиллуулсан тушаал болон тус яамны Төрийн нарийн бичгийн даргын 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдөр ирүүлсэн албан бичгийн хавсралт тодорхойлолтоор нотлогддог.

Э Х Яны Төрийн нарийн бичгийн даргын 2020 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн Б/203 дугаар тушаалаар Э Х Яны албан тушаалын орон тооны хязгаар, орон тооны жагсаалт баталсан бөгөөд Хуулийн хэлтэс нь 4 орон тоотойгоор батлагдсан байна.

Тус яамны Хуулийн хэлтсийн ахлах шинжээч ажлын байрны тодорхойлолтод заасан албан тушаалын чиг үүрэг Л.Мын урьд эрхэлж байсан ахлах мэргэжилтний албан тушаалын чиг үүрэгтэй адил, харин ажлын байрны нэр ахлах шинжээч, албан тушаалын ангилал, зэрэглэл ТЗ-10 болж өөрчлөгдсөн боловч агуулгын хувьд хэвээр хадгалагдан үлдсэн гэж үзэх боломжтой.

Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т Төрийн жинхэнэ албан хаагчийг өөрийнх нь зөвшөөрснөөр төрийн байгууллага буюу тухайн байгууллагын нэгж хооронд тэдгээрийн удирдлагын харилцан тохиролцсоны дагуу ажлын тодорхой чиглэлээр 2 жил хүртэл хугацаагаар сэлгэн ажиллуулж болно. Хэрэв төрийн албан хаагч өөрөө буюу түүнийг сэлгэн ажиллуулж байгаа байгууллага хүсвэл анх илгээсэн төрийн байгууллага болон өөрийнх нь зөвшөөрснөөр сэлгэн ажиллуулах хугацааг 1 жил хүртэл хугацаагаар сунгаж болно., мөн хуулийн 44.4-т Энэ хуулийн 44.2-т заасан албан хаагчийг сэлгэн ажиллуулах хугацаа дуусмагц түүнийг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь шууд үргэлжлүүлэн ажиллуулна. гэж зааснаар Э Х Я нь Л.Мыг урьд эрхэлж байсан албан тушаалд томилох үүрэгтэй, нэхэмжлэгч нь мөн хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.1.энэ хуульд зааснаас бусад үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөгдөхгүй, халагдахгүй байх; нэмэгдэл баталгаагаар хангагдах эрхтэй.

Түүнчлэн Монгол улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн даргын 2019 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 34/31 дүгээр хамтарсан тушаалаар батлагдсан Төрийн жинхэнэ албан хаагчийг өөр албан тушаалд шилжүүлэх, сэлгэн ажиллуулах журмын 3.8-т Сэлгэн ажиллуулах хугацаа дууссан төрийн жинхэнэ албан хаагчийг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь шууд үргэлжлүүлэн ажиллуулна. Хэрэв төрийн жинхэнэ албан хаагч зөвшөөрсөн тохиолдолд төрийн албаны адил ангилал, зэрэглэлийн өөр албан тушаалд томилж болно, 3.9-т Төрийн жинхэнэ албан хаагчийг сэлгэн ажиллах хугацаанд анх илгээсэн байгууллага, нэгж татан буугдсан, өөрчлөн байгууллагдсаны улмаас тухайн албан тушаалын орон тоо хасагдсан бол тухайн байгууллагын харьяалах дээд шатны байгууллага, эсхүл чиг үүргийг шилжүүлэн авсан байгууллага урьд эрхэлж байсан албан тушаалтай адил ангилал, зэрэглэлийн ажлын байраар хангах үүрэгтэй гэж тус тус заажээ.

Гэтэл Л.Мыг сэлгэн ажиллуулах шийдвэр гаргасан Э Х Я нь сэлгэн ажиллах хугацаа дууссаны дараа урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд томилоогүй нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т Эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно. гэж заасан шинжийг агуулж байгаа бөгөөд Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасан төрийн алба мэргэшсэн, тогтвортой байх зарчмыг зөрчиж нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөнджээ.

Дээр дурдагдсан үндэслэлүүдээр хариуцагч Э Х Я нь нэхэмжлэгчийн урьд эрхэлж байсан ажлын байрны тодорхойлолтод заагдсан чиг үүргүүд хэвээр хадгалагдан үлдсэн байхад хуулийг буруу тайлбарлан албан тушаалын орон хасагдсан гэсэн үндэслэл зааж түүнийг урьд эрхэлж байсан албан тушаалд томилоогүй эс үйлдэхүй нь хууль бус болох нь тогтоогдож байгаа тул нэхэмжлэгч Л.Мыг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд томилохыг хариуцагчид даалгах үндэслэлтэй байна.

Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор олгоно гэж зааснаар нэхэмжлэгчийг эгүүлэн тогтоогоогүй боловч албан тушаалд томилох шийдвэр гаргахыг даалгаж шийдвэрлэсэн тул Л.Мын сэлгэн ажиллахын өмнө эрхэлж байсан Э Х Яны Төрийн захиргааны удирдлагын газрын ахлах мэргэжилтний албан тушаалын цалин 795000 төгрөг, зэрэг дэвийн нэмэгдэл 22 хувь, төрийн албан хаасан хугацааны нэмэгдэл 10 хувиар тооцогдож байсан цалин хөлсний дунджаар тооцон хариуцагчаас гаргуулах нь зүйтэй гэж үзэв.

Өөрөөр хэлбэл, Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн даргын 2019 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн Б/149 дүгээр тушаалаар Л.Мыг Герман улсын Элчин сайдын яамны Консулын хэлтсийн даргын үүрэгт ажлаас чөлөөлсөн тул уг хугацаанаас шүүхийн энэхүү шийдвэр гарах өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорыг хариуцагч Э Х Янаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй.

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д ажил олгогч болон ажилтан нь нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд заавал даатгуулж, хуульд заасан хувь хэмжээгээр сар бүр нийгмийн даатгалын шимтгэл төлөх үүрэгтэй., 46.2-д ажил олгогч нь ажилтанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр нээж, түүнд зохих журмын дагуу сар тутам шимтгэл хураамж төлсөн тухай бичилт хийх гэж зааснаар Л.Мын ажилгүй байсан хугацааны Эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, бичилт хийхийг даалгах нь зүйтэй.

Ингээд нэхэмжлэлийн шаардлагуудыг нэгтгэн дүгнэж, Л.Мыг урьд эрхэлж байсан ажил албан тушаалд томилохгүй байгаа Э Х Яны эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Л.Мын урьд эрхэлж байсан ажил, албан тушаалын чиг үүрэг, ангилал, зэрэглэл бүхий албан тушаалд томилохыг Э Х Яанд даалгах, Л.Мын ажилгүй байсан 17 сар 9 хоногийн цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор 22,911,629,00 /хорин хоёр сая есөн зуун арван нэгэн мянга зургаан зуун хорин ес / төгрөгийг хариуцагч Э Х Янаас гаргуулах, ажилгүй байсан хугацааны Эрүүл мэнд, нийтгмийн даатгалын шимтгэлийн нөхөн төлж, бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэлээ.

Э Х Я болон Гадаад харилцааны яамны хоорондын тохиролцоогоор Төрийн жинхэнэ албан хаагч Л.Мыг сэлгэн ажиллуулахаар шийдвэрлэсэн тул энэхүү хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдийг татан оролцуулах шаардлагагүй гэж үзсэн болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.4, 106.3.12-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4, 62 дугаар зүйлийн 62.1.1-т зааснаар нэхэмжлэгч Л.Мын нэхэмжлэлийг шаардлагыг бүхэлд нь хангаж, Л.Мыг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд томилоогүй Э Х Яны эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Л.Мыг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалын чиг үүрэг, ангилал, зэрэглэл бүхий албан тушаалд томилохыг Э Х Яанд даалгасугай.

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т зааснаар нэхэмжлэгч Л.Мын ажилгүй байсан 17 сар 9 хоногийн цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор 22,911,629,00 /хорин хоёр сая есөн зуун арван нэгэн мянга зургаан зуун хорин есөн/ төгрөгийг хариуцагч Э Х Янаас гаргуулж нэхэмжлэгчид олгох, уг хугацааны эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг хариуцагчаар нөхөн төлүүлж, дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгасугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр 114.1-т зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.АДЪЯАСҮРЭН