Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 221/МА2023/0706

 

2023 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 221/МА2023/0706

Улаанбаатар хот

 

 

 

Ц.Жадамбын нэхэмжлэлтэй захиргааны

хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Д.Баатархүү,

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч С.Мөнхжаргал,

Илтгэсэн шүүгч Г.Мөнхтулга,

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Л***,

Хэргийн оролцогчид:

Нэхэмжлэгч Ц.Ж***,

Хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газар,

Гуравдагч этгээд Д.З

Нэхэмжлэлийн шаардлага: Ц.Ж*** миний зөвшөөрөл, хүсэлтгүй үүсгэн байгуулсан “Ж***” ХХК-ийн 55 хувийн хувьцаа эзэмшигчээр бүртгэсэн Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийг хүчингүй болгуулах,

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 128/ШШ2023/0680 дугаар шийдвэр,

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Л***,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Н***.

Хэргийн индекс: 128/2020/0015/З.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Ц.Ж***ас Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдуулан “Ц.Ж*** миний зөвшөөрөл, хүсэлтгүй үүсгэн байгуулсан “Ж***” ХХК-ийн 55 хувийн хувьцаа эзэмшигчээр бүртгэсэн Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийг хүчингүй болгуулах”-аар маргасан.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 9 дүгээр сарын 12-ны өдрийн 128/ШШ2023/0680 дугаар шийдвэрээр “Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн /2018 оны/ 19 дүгээр зүйлийн 19.4.5, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай /2003 оны/ хуулийн 7 дугаар зүйлийн 7.7-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ц.Ж***агийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж “Ж***” ХХК-ийн 55 хувийн хувьцаа эзэмшигчээр Ц.Ж***аг бүртгэсэн Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийг хүчингүй болгож” шийдвэрлэсэн.

3. Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргасан. Үүнд:

3.1 Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай /2003 оны/ хуулийн 22 дугаар зүйлд зааснаас үзвэл 2005 оны 5 дугаар сарын 11-ний өдөр “Ж***” ХХК-ийн 55 хувийн хувьцаа эзэмшигч Д.З*** нь өөрийн эзэмшлийн хувьцаагаа иргэн Ц.Ж***д шилжүүлснээр хуулийн этгээдийн үүсгэн байгуулах баримт бичиг, улсын бүртгэлийн жагсаалтад оруулсан өөрчлөлтийг бүртгүүлэхээр хандаж холбогдох баримт бичгийг хавсарган хүргүүлсэн нь хуульд нийцсэн. Улсын бүртгэгчээс мэдүүлгийг буцаах үндэслэл үүсээгүй тул хүлээн авч бүртгэсэн нь хууль зөрчөөгүй гэж дүгнэсэн боловч тухайн бүртгэлийг хүчингүй болгон шийдвэрлэж байгаа нь үндэслэлгүй,

 3.2 Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулиар үл хөдлөх эд хөрөнгийг бүртгэх харилцааг зохицуулсан байхад шүүх хувьцааны буюу хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулиар зохицуулах харилцааг шийдвэрлэж байгаа нь үндэслэлгүй зэрэг үндэслэлээр тайлбарлаж байна.

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор хянаад анхан шатны шүүх нэхэмжлэлийн үндэслэлд маргаагүй асуудлаар дүгнэлт хийсэн буюу иргэний хэргийн шүүхийн шийдвэрийн дагуу бүртгэлд өөрчлөлт оруулах эсэх талаар хэргийн оролцогчдын дунд маргаан үүсээгүй байхад дүгнэлт хийж, хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэв.

2. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд,  “Ж***” ХХК-ийн гүйцэтгэх удирдлага-Л.Аюураас бүртгэлийн байгууллагад хандан УБ-05 маягтаар гуравдагч этгээд Д.З*** тус компанид эзэмшдэг 550 ширхэг хувьцаагаа 2005 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн “Хувьцаа шилжүүлэн эзэмших тухай гэрээ”-ээр нэхэмжлэгч Ц.Ж***д шилжүүлсэн өөрчлөлтийг бүртгүүлэхээр хандсан.

Хариуцагч тухайн хүсэлт, холбогдох баримтыг үндэслэн “Ж***” ХХК-ийн 55 хувийн хувьцаа эзэмшигчээр нэхэмжлэгч Ц.Ж***аг бүртгэсэн.

Үүнтэй холбогдуулан нэхэмжлэгч Ц.Ж*** 2019 оны 12 дугаар сарын 19-ны өдөр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандан “...миний нэр дээр "Ж***" ХХК-ийг үүсгэн байгуулж, 55 хувийн хувьцааг Улсын бүртгэлийн Ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газраас бүртгэсэн болохыг мэдлээ. Ц.Ж*** миний бие "Ж***" гэх ХХК-ийг үүсгэн байгуулж байгаагүй бөгөөд компани үүсгэн байгуулах ямар нэгэн бичиг баримт дээр гарын үсэг зураагүй, мөн хүсэлт өгч байгаагүй. ... Иймд “Ж***” ХХК-ийн 55 хувийн хувьцаа эзэмшигчээр бүртгэсэн Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийг хүчингүй болгож өгнө үү” гэж нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Шүүхээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авч, шүүгчийн 2020 оны 128/ШЗ2020/2656 дугаар захирамжаар иргэн Д.З***ыг тус хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр татагдан оролцуулж, 2020 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр нэхэмжлэлийн хувийг гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид гардуулсан үйл баримт тус тус тогтоогдож байна.

3. Захиргааны хэргийн шүүх нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар ... гаргасан нэхэмжлэлийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу хянан шийдвэрлэх эрхтэй бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4-т “Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүх хуралдаанд биеэр оролцож үг хэлэх, бичгээр тайлбар өгөх, нотлох баримт гаргах, түүнийг шинжлэн судлахад тэгш эрхтэй оролцоно”, 22 дугаар зүйлийн 22.1-т “Үндсэн нэхэмжлэлийн шаардлагаар үүссэн маргааны үйл баримтын талаар бие даасан шаардлага гаргасан, эсхүл эдгээрийн улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа гэж үзсэн гуравдагч этгээдийг тухайн этгээдийн хүсэлтээр, эсхүл шүүгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулна”, 71 дүгээр зүйлийн 71.1-т “Шүүгч захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэхэд хангалттай нотлох баримт цугларсан гэж үзсэн, эсхүл энэ хуулийн 63 дугаар зүйлд заасан хугацаа дууссан, түүнчлэн шаардлагатай бусад тохиолдолд шүүх хуралдааныг хэзээ, хаана болохыг урьдчилсан хэлэлцүүлгийн журмаар товлож, долоо, түүнээс доошгүй хоногийн өмнө зарлаж, хэргийн оролцогч, бусад оролцогчид хурлын товыг мэдэгдэнэ”, 121 дүгээр зүйлийн 121.3.3-т “анхан шатны шүүх энэ хуулийг зөрчсөн нь шүүхийн шийдвэр гаргахад нөлөөлсөн байвал” давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн шүүх шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаана гэж заасан.

4. Ц.Ж***агийн нэхэмжлэлтэй, Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох тухайн маргааны хувьд анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан гуравдагч этгээдийн тайлбарыг аваагүй, гуравдагч этгээдээс итгэмжлэгдсэн төлөөлөгчид олгосон итгэмжлэлийн хугацаа дуусгавар болсон байхад энэ үйл баримтыг тодруулалгүй, хэргийг хянан шийдвэрлэсэн 2023 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн шүүх хуралдааны товыг хуульд заасан журмын дагуу гуравдагч этгээд Д.З***од мэдэгдэлгүй хэргийг шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон журмыг зөрчсөн.

Мөн тухайн нэхэмжлэл анх 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдөр шүүгч Н.Дуламсүрэнд хуваарилагдсан байх боловч 12 дугаар сарын 26-ны өдрийн “Захиргааны хэрэг үүсгэх тухай” шүүгчийн захирамжийг шүүгч У.Бадамсүрэн гаргасан. Гэтэл 2020 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн “Шүүх хуралдааныг товлон зарлах тухай” захирамжийг шүүгч Н.Дуламсүрэн гаргасан ч тухай бүрт хэргийг шүүгчид шилжүүлсэн шүүгчдийн зөвлөгөөний тогтоол хэрэгт авагдаагүй, талуудын маргаанд хамааралгүй Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн заалтыг баримтлан хэргийг шийдвэрлэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн байна.

5. Иймд дээрх зөрчлийг давж заалдах шатны шүүхээс нөхөн залруулан хэргийг эцэслэн шийдвэрлэх, маргааны үйл баримт, шийдвэрт хууль зүйн дүгнэлт өгөх боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.1, 121.3.3-т заасныг тус тус удирдлага

болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 9 дүгээр сарын 12-ны өдрийн 128/ШШ2023/0680 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

        

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                      Д.БААТАРХҮҮ

                   ШҮҮГЧ                                                      С.МӨНХЖАРГАЛ

 

                              ШҮҮГЧ                                                      Г.МӨНХТУЛГА