Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 06 сарын 16 өдөр

Дугаар 237

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дорноговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Алгирмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот * тоотод байрлах Э ББСБ ХХК /РД: */-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дорноговь аймаг * тоотод оршин суух Т овогт Ч.У /РД: */-т холбогдох

Барьцаа хөрөнгийг худалдан борлуулах замаар үүргийн гүйцэтгэлийн хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.А, хариуцагч Ч.У, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бүжмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Э ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ч.У нь 2015 оны 08 дугаар сарын 09-ний өдөр Эксим капитал ББСБ ХХК-тай 25,000,000 төгрөг, 2015 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр 40,000,000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулсан. Хугацаа өнгөрсөн ч хариуцагч хугацаа сунгах тухай хүсэлтээ ирүүлсэн тул манай талаас мөн хүсэлтийг нь харгалзан үзэж хугацааг сунгасан. Ч.У нь манай компаниас авсан зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй учир тус шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 136/ШЗ2016/01387 дугаар шүүгчийн захирамжаар Ч.У 82,212,460 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлүүлсэн. Иймд Ч.У байгуулсан 2015 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн ҮБГ15/03 дугаартай барьцааны гэрээгээр барьцаалсан Дорноговь аймаг, Сайншанд сум 2 дугаар баг 48 айлын орон сууц, 2-р орц, 32 тоот хаягт байрлах 0713000125 тоот улсын бүртгэлийн дугаартай 0018136 гэрчилгээ бүхий 26 м2 талбайтай 2 өрөө орон сууцыг дуудлага худалдаагаар худалдан борлуулах замаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлүүлэх нэхэмжлэлийн шаардлага гаргасан. 2015 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн үл хөдлөх хөрөнгө барьцаалсан ҮБГ15/03 дугаартай барьцааны гэрээний 5.7, 1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хангуулах үндэслэлтэй гэж үзэж байна. Мөн Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 5.1, 9.2 дахь хэсэгт зааснаар энэ үл хөдлөх хөрөнгийг барьцаалах итгэмжлэл олгосон бүх хүмүүсийн зөвшөөрлийг авч хийгдсэн учир энэ нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй байна. Гэрээнд талууд харилцан тохиролцож гарын үсэг зурсан, 5 хүний зөвшөөрөл авсан, итгэмжлэлийн хугацаа дуусаагүй байдаг. Энэ гэрээ нь хэн хэний ашиг сонирхлыг зөрчөөгүй гэж үзэж байна. Уг байрны гэрчилгээ компанид хадгалагдаж байгаа. Иргэний хуулийн 150 дугаар зүйлийн 150.1, мөн хуулийн 174 дугаар зүйлийн 174.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.

Хариуцагч Ч.У шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нь Э ББСБ ХХК-тай 2015 оны 08 дугаар сарын 19-ний өдөр гэрээ байгуулан Дорноговь аймаг, Сайншанд сум 2 дугаар баг 48 айлын 2 дугаар орц 32 тоотод байрлах 0713000125 тоот улсын бүртгэлийн дугаартай 26 м2 2 өрөө, 5 хүний өмчлөлийн байрыг итгэмжлэлээр барьцаанд тавьж зээл авсан нь үнэн. Би 25 сая төгрөгийн зээлээ хүүгийн хамт төлж байраа суллаж өгнө. Учир нь байрны өмчлөгч нар байраа надаас нэхэж байгаа бөгөөд 2015 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө барьцаалсан барьцааны гэрээ нь улсын бүртгэлд бүртгэгдээгүй байгаа. Настай хүний байрыг барьцаалсан учраас хэцүү байна. 2017 оны 01 дүгээр сараас Дорноговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд үүргийн гүйцэтгэлийг хангуулах ажиллагаа хийгдэж байгаа бөгөөд 500,000 төгрөг, 1,000,000 төгрөг гээд тодорхой хэмжээгээр төлөлт хийж байгаа. Хүмүүсээс авах авлага байгаа тул өөрийн хөрөнгөөр өрийг барагдуулах хүсэлтэй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг зохигчийн хүсэлтээр шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Э ББСБ ХХК нь хариуцагч Ч.У холбогдуулан барьцаа хөрөнгийг худалдан борлуулах замаар үүргийн гүйцэтгэлийн хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч нь Дорноговь аймаг Сайншанд сум 2 дугаар баг 48 айлын 32 тоот орон сууц нь 5 хүний өмчлөлийн байр бөгөөд уг үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан барьцааны гэрээ нь улсын бүртгэлд бүртгэгдээгүй, үүргийн гүйцэтгэлийг өөрийн хөрөнгөөр барагдуулах боломжтой тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргана.

Шүүх нэхэмжлэлийг шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Ч.У нь Э ББСБ ХХК-тай 2015 оны 08 дугаар сарын 19-ний өдөр ЗГ15/03 тоот зээлийн гэрээ байгуулан, 25,000,000 төгрөгийн зээлийг 4 хувийн хүүтэй, 2 сарын хугацаатай, бараа татан авах зориулалтаар авч, зээлийн барьцаанд Дорноговь аймаг Сайншанд сум 2 дугаар баг 48 айлын 32 тоот, улсын бүртгэлийн 0713000512 дугаарт бүртгэгдсэн, үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээний 0018136 дугаартай, Л.С ... нарын 5 хүний өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг барьцаанд тавьсан болох нь хэрэгт авагдсан зээлийн гэрээ, барьцааны гэрээ, зохигчийн тайлбараар тогтоогдож байна.

Дорноговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 136/ШЗ2016/01387 дугаар шүүгчийн захирамжаар хариуцагч Ч.У нь Э ББСБ ХХКд зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 82,212,460 төгрөгийг 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдрөөс 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдрийг хүртэлх хугацаанд сар бүр 13,702,000 төгрөгөөр хуваан төлөхөөр харилцан тохирч эвлэрсэн зохигч талуудын эвлэрлийг баталж шийдвэрлэжээ.

Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.2-т Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг, улсын бүртгэлд бүртгүүлэх бөгөөд гэрээнд талуудын нэр, оршин суугаа /оршин байгаа/ газар, барьцаагаар хангагдах шаардлага, түүний хэмжээ, үүргийг хангах хугацаа, барьцааны зүйл, түүний байгаа газар, үнийг заана, 156.3-т Энэ хуулийн 156.1, 156.2-т заасан шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус байна гэж тус тус заажээ.

Талуудын хооронд байгуулагдсан 2015 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн ҮБГ15/03 дугаар Үл хөдлөх эд хөрөнгө барьцаалсан барьцааны гэрээ нь улсын бүртгэлд бүртгэгдээгүй болох нь Дорноговь аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2017 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 635 тоот лавлагаа болон зохигчийн тайлбараар тогтоогдож байна

Иймд Дорноговь аймаг Сайншанд сум 2 дугаар баг 48 айлын 32 тоот, улсын бүртгэлийн 0713000512 дугаарт бүртгэгдсэн, үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээний 0018136 дугаартай орон сууцыг худалдан борлуулах замаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Э ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.2, 156.3, 175 дугаар зүйлийн 175.1-т зааснаар Дорноговь аймаг Сайншанд сум 2 дугаар баг 48 айлын 32 тоот, улсын бүртгэлийн 0713000512 дугаарт бүртгэгдсэн, үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээний 0018136 дугаартай орон сууцыг худалдан борлуулах замаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Э ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш зохигч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.АЛГИРМАА