| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхамсүрэнгийн Батжаргал |
| Хэргийн индекс | 168/2022/0121/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/115 |
| Огноо | 2022-04-04 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ч.Мөнхзул |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 04 сарын 04 өдөр
Дугаар 2022/ШЦТ/115
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Батжаргал даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номин-Эрдэнэ
Улсын яллагч Ч.Мөнхзул
Хохирогч*******
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Цэрэндолгор
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ч.Мөнхзулаас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт ******* *******өд холбогдох 2221000000117 дугаартай хэргийг 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1968 оны 05 дугаар сарын 25-ны өдөр Дорнод аймгийн ******* суманд төрсөн, 53 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 9, эхнэр, хүүхдийн хамт Дорнод аймгийн ******* сумын 2 дугаар баг *******гийн ******* тоотод оршин суух, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, ******* овогт ******* ******* /РД: /.
Шүүгдэгч ******* 2022 оны 03 сарын 13-ны өдөр 12 цагийн орчим Дорнод аймгийн ******* сумын 6 дугаар багт үйл ажиллагаа явуулах “” зах дотор хохирогч*******тай үл ялих шалтгааны улмаас маргаж улмаар нүүр рүү нь гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Тухайн өдөр архи уугаад хохирогчийн хамар руу гараараа цохисон. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэв.
Хохирогч******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Би зах дээр ажилладаг юм. Тухайн өдөр “Аригүн” цайны газраас аарц авч уух гээд явж байсан. нарийн замаар явж байхад маск зардаг хүүхэд миний хажуугаар зөрөхдөө намайг илээд өнгөрсөн. Манай бие муутай дүү зах дээр байдаг тэр хүүхэд та энэ хүүхдэд таалагдаж дээ гэхэд нь өө тийм үү гэтэл энэ хүн “чи одоо юу юм бэ, чи хэнээс сайхан юм бэ” гэхэд нь би тоохгүйгээр өнгөрсөн. Тэгээд Аригүн цайны газар цоожтой байхад нь би буцаад явж байтал энэ хүн дахиад “чамайг би эдлэхгүй, хэрэглэхгүй” гэхэд нь та яагаад хүн доромжлоод байгаа юм бэ гээд мөрөнд нь хүрсэн. Тэгтэл энэ хүн шууд үсрээд миний хамар руу 2-3 удаа цохиж, хамраас цус гарсан. Тухайн үед би зодолдвол зодолдохоор байсан, яахав дээ гэж бодоод болисон. Би анх шүүгдэгчээс эмчилгээний зардал багтахгүйгээр 500.000 төгрөг нэхэмжилсэн. Шүүгдэгч нь эмчилгээний зардалтай нийлүүлээд 500.000 төгрөг өгсөн. Үүнээс 100.000 төгрөгийг эмчилгээндээ зарцуулаад үлдэгдэл 400.000 төгрөг надад байна. ...хамар минь гайгүй эдгээсэй гэж бодож байна. Шүүгдэгч нь согтуу байсан гэж далимдуулж зүгээр явж байсан хүнийг цохиж болохгүй биз дээ энэ талаар бодоосой гэж хүсэж байна. Миний хувьд зах дээр ажилладаг тул хамар минь ийм байдалтай хүнд үйлчлээд зогсох муухай харагддаг юм байна. Цаашид хамараа янзлуулна. Энэ мөнгөнөөс илүү гарвал дахин нэхэмжлэнэ ...” гэв.
Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ “... манай нөхөр 2022 оны 03 дугаар сарын 13-ны өдөр 14 цагийн орчим байх хөдөө явж ямаа самнана гэж хэлээд зах руу явсан бөгөөд 16 цагийн орчим буцаад ирсэн. Ирэхдээ архи уусан байдалтай ирсэн зах дээр үл таних ...хүүхэнтэй маргалдаад тэр хүүхэн намайг үхэр буриад гэж хэлэхээр нь хамар руу нь гараараа нэг удаа цохисон гэж хэлсэн. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 13 тал/
Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 03 дугаар сарын 14-ны өдрийн 215 тоот дүгнэлтэд:
1. биед хамрын хянга ясны хугарал, таславчийн муруйлт, баруун зүүн нүдний дээд зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх тогтоогдсон гэмтлүүд нь мохоо зүйлийн 2-с доошгүй удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтлүүд байна.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар тогтоогдсон гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй ... гэжээ. /хх-ийн 17-18 тал/
-Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл, хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 04 тал/
-Хохирлын талаарх баримт /хх-ийн 09 тал/
-Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 33 тал/
-Шүүгдэгч *******ийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно.
Шүүгдэгч ******* овогт ******* ******* нь согтуугаар 2022 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 12 цагийн орчим Дорнод аймгийн ******* сумын 6 дугаар багт үйл ажиллагаа явуулах “” зах дотор хохирогч*******тай үл ялих шалтгааны улмаас маргаж улмаар нүүр рүү нь гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч *******, хохирогч*******гийн шүүх хуралдаанд болон мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд, гэрч гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл, хүлээн авсан тэмдэглэл, хохирлын талаарх баримт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч *******өд холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, улсын яллагчийн зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгчийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Шүүхээс шүүгдэгч ******* нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан ба шүүх хуралдаанд улсын яллагч нь шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг харгалзан үзэх нь зүйтэй гэж үзэв.
Шүүгдэгч ******* нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо төлсөн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байхгүй болно.
Шүүгдэгч *******ийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч*******гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч ******* нь гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд 500.000 /таван зуун мянга/ төгрөг төлж барагдуулсан тул энэ шүүх хуралдаанаар бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Хохирогч нь цаашид гарах эмчилгээний болон бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч *******ийн тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.3 дугаар зүйлийн 3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт ******* *******ийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийн хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч ******* нь гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд 500.000 /таван зуун мянга/ төгрөг төлж барагдуулсан бөгөөд хохирогч нь цаашид гарах эмчилгээний болон бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч *******ийн тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******өд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.БАТЖАРГАЛ