Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 240

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дорноговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Алгирмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Дорноговь аймаг *тоотод оршин суух Мовогт С.Б/РД: */-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дорноговь аймаг * тоотод байрлах М ХХК /РД: */-т холбогдох

Орон сууцны талбайн зөрүү 4,326,500 төгрөг, хэмжилт хийлгэсэн ажлын хөлс 150,000 төгрөг, нийт 4,476,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Ж, хариуцагчийн төлөөлөгч Г.О, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар шүүгчийн туслах Э.Даваасүрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нь Дорноговь аймагт байрлах 32 дугаар байрны 15 тоотод 79,7 мкв 3 өрөө орон сууцыг М ХХК-иас 1 м2-ыг нь 850,000 төгрөгөөр тооцож нийт 67,745,000 төгрөгөөр худалдаж авсан. Гэтэл уг байрны талбайг 2016 оны 06 дугаар сард Голден морган ХХК-иар хэмжүүлэхэд 5,09 м2 дутсан. Хариуцагч талаас гэрээний 3 дугаар зүйлийн 3.5-т заасан заалтыг барьж хэмжилт хийсэн гэж тайлбарлаж байгаа. Гэхдээ энэ заалтыг надад тайлбарлаагүй бөгөөд үүнийг үүдний талбайгаас бусад ашигтай бүх талбай орно гэж ойлгосон. Мөн орон сууцны талбайн хэмжилт хийх стандартыг мөрдөөгүй байдаг. Гэрээний хувьд зөвхөн тагтанд уг стандартыг мөрдөхөөр заасан. Иймд гэрээ нь хууль тогтоомж, стандарт зөрчсөн гэж үзэж байгаа. Мөн миний бие нь өөрөө хэмжилт хийхэд 4-5 м2 дутаж байсан. Энэ талаар хариуцагчид хэлэхэд дутах ёсгүй гэж хэлж байсан. Энэ байдлаас болоод намайг талбайн зөрүүтэй байсныг мэдсээр байж хүлээн зөвшөөрсөн гэж үзэж байгаа. Ийм зүйл байхгүй. Иймд Монголт ХХК-иас орон сууцны талбайн зөрүү 4,326,500 төгрөг, хэмжилт хийлгэсэн ажлын хөлс 150,000 төгрөг, нийт 4,476,500 төгрөг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Орон сууцны талбайн зөрүүний талаарх маргаан их гардаг учраас С.Б гэрээ байгуулахад гэрээний 3.5 дах заалтыг тайлбарласан. Мөн аймгийн удирдлагуудаас байрыг хямд зарах чиглэл өгсөн тул 1 м2-ыг нь 850,000 төгрөгөөр үнэлж, талбайг хэмжихэд баримтлах 3.5 дах заалтыг оруулсан. Гэтэл С.Б сонгуультай холбоотой ийм маргааныг үүсгэсэн. Миний хувьд орон нутгийн сонгуульд ардчилсан намаас нэр дэвших гэж байсан. Гэтэл надтай холбоотой байрны маргаан үүсгэж цагдаагийн байгууллагад хандсан байсан. Өглөө нь байраа хэмжүүлээд өдөр нь цагдаагийн байгууллагад хандаж, орой цагдаагийн байгууллагаас намайг дуудаж байсан. Байрны талбайн зөрүүний хувьд айлуудтай учраа ойлголцсон. Гэтэл С.Б , А хоёр маргаан үүсгэж шүүхэд хандаж байна. Намайг буруутгахын тулд ийм үйлдэл хийгээд явж байгаад гомдолтой байна. Байрны талбайг өндөр үнээр зарах боломжтой байсан. Байрны талбайг маш бага үнээр тооцож зарсныг С.Б ойлгох хэрэгтэй. Ерөнхийдөө байр авсан айлууд нь байрны мөнгийг байрандаа орсны дараа шууд өгөх ёстой байсан боловч 6-7 хувааж өгсөн байгаа. Үүнийг манай зүгээс ойлгож хүлээж авч байсан. Гэтэл С.Б эдгээр нөхцөл байдлыг ойлгохгүй, маргаан үүсгээд ингэж явж байгаа нь хүн чанаргүй гэж харагдаж байна. Мөн С.Б нь анхнаасаа байрны мкв дутуу байсныг мэдсээр байж хүлээн зөвшөөрч байрандаа орсон. Учир нь хажуу айлын ханыг тэгшилэхэд С.Б байрны талбай 1,8 м2-аар дутсан. Мөн байрны мкв-ын үнийн 10 хувь нь компаний орлогод хамаарахгүй шууд татварт төвлөрдөг иймд 1 м2-ыг нь 765,000 төгрөгөөр тооцож 1,377,000 төгрөгийг С.Б өгөх боломжтой тул үлдэх нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг зохигчийн хүсэлтээр шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч С.Б нь хариуцагч М ХХК-д холбогдуулан орон сууцны талбайн зөрүү 4,326,500 төгрөг, хэмжилт хийлгэсэн ажлын хөлс 150,000 төгрөг, нийт 4,476,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч М ХХК нь орон сууцны талбайд гадна хаалганаас доторх бүх талбай орж тооцогдохоор нэхэмжлэгч С.Б  гэрээгээр харилцан тохиролцсон тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргана.

Нэхэмжлэгч С.Б хариуцагч М ХХК нарын хооронд 2013 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр 15 дугаартай орон сууцны хөрөнгө оруулалтын гэрээ гэх нэртэй гэрээ байгуулагдсан байна.

Гэрээ байгуулагдах үед орон сууцны барилгын ажил хийгдэж эхлээгүй байсан ба Дорноговь аймаг Сайншанд сум 3 дугаар баг Мааньзав 32 дугаар байрны 15 тоот 79.7 м2 талбай бүхий 3 өрөө орон сууц нь 2015 оны 02 дугаар сарын 18-ны өдөр ашиглалтанд орсон болох нь 2015 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн барилга байгууламжийг ашиглалтанд оруулах комиссын 08/2015 дугаар акт болон талуудын тайлбараар тогтоогдож байх тул талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан байна гэж үзлээ.

Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.2.3-т зааснаар доголдлын улмаас ажлын үр дүнгийн үнэ нь буурсан хэмжээнд хувь тэнцүүлэн ажил гүйцэтгэгчид төлбөл зохих хөлсийг бууруулахаар шаардах эрхтэй байна.

Нэхэмжлэгч нь ажил гүйцэтгэгч М ХХК-д 79.7 м2 орон сууцны 1 м2 талбайг 850,000 төгрөгөөр тооцож нийт 67,745,000 төгрөгийг төлж, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг улсын бүртгэлд 2015 оны 03 дугаар сарын 02-ны өдөр бүртгүүлж өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгогдсон байна.

Барилгын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-т барилгын ажил гүйцэтгэгч нь барилгын ажлыг зөвшөөрөл, магадлал хийгдэж, баталгаажсан зураг төсөл, норм, нормативын баримт бичгийн шаардлагын дагуу гүйцэтгэх, хяналт тавих чиг үүрэгтэй гэж заасан ба эрх бүхий байгууллагаас баталсан барилгын норм нормативын баримт бичгийг барилгын ажил гүйцэтгэгч заавал дагаж мөрдөхөөр хуульчилжээ.

MNS 6058:2009 стандартын 2-р тайлбарт Зөвхөн тухайн сууцны өрөө, тасалгааны талбайг тооцно, 7.2-т Орон сууцны барилгын доторх сууцны өрөө тасалгааны хэмжилтийн цэгийг хашлага хана, хамар ханын өнгөлгөө засал хийгдсэний дараа дотор гадаргуугаас авна гэж тус тус заажээ.

Голден морган ХХК нь орон сууцны хэмжилтийг MNS 6058:2009 стандартын дагуу хийж гүйцэтгэсэн болохоо дүгнэлтэндээ дурдсан ба хариуцагч орон сууцны нийт талбайн хэмжээ 5,09 м2 талбайгаар дутсан гэх хэмжилтэд маргахгүй байгаа болно.

Хариуцагч М ХХК-ийн төлөөлөгч нь 2013 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр байгуулагдсан Орон сууцны хөрөнгө оруулалтын гэрээний 3 дугаар зүйлийн 3.5-т гүйцэтгэгч нь барилгын талбайг барилгын зурагт үндэслэн хэмжиж гаргасан бөгөөд захиалагчийн орон сууц талбай нь гадна хаалганаас доторх бүх талбай тооцогдоно. Харин Монгол улсын нэгдсэн стандарт MNS 6058:2009-ын дагуу тагтны талбайн 30 хувийг худалдах байрны талбайд оруулан тооцно гэж заасан тул хүчин төгөлдөр гэрээний заалтаа баримтлан орон сууцны дотор өрөөнүүдийн хамар /тусгаарлах/ хананы хэмжээг нийт талбайн хэмжээнд оруулан тооцуулна гэж нэхэмжлэлийн шаардлагын татгалзлын үндэслэлээ тайлбарлаж байгаа нь хуульд нийцэхгүй байна.

Тодруулбал Барилгын ажил гүйцэтгэгч тал барилгын норм, нормативын баримт бичгийг заавал мөрдөх үүрэг хүлээлгэсэн хуулийн зохицуулалтыг зохигчид гэрээгээр өөрчлөх боломжгүй юм.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-т зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийн талаарх тайлбараа нотлох баримтаар гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд Голден морган ХХК-д үнэлгээ хийлгүүлсэний төлбөрт 150,000 төгрөг төлсөн гэх нэхэмжлэгчийн тайлбар хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдохгүй байна.

Иймд М ХХК-иас орон сууцны талбайн зөрүү 4,326,500 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч С.Б олгож, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх 150,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.2-т үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой гэрээний үүрэгт шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа зургаан жил, 349.3-т Энэ зүйлд заасан гомдлын шаардлага гаргах хугацаа дууссан өдрөөс эхлэн хөөн хэлэлцэх хугацааг тоолно гэж заасан зохицуулалтын дагуу хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байна гэж үзэв.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч С.Б улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 86,574 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Монголт ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 84,174 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С.Б олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 343 дугаар зүйлийн 343.1, 352 дугаар зүйлийн 352.2, 352.2.3-т зааснаар М ХХК-иас орон сууцны талбайн зөрүү 4,326,500 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч С.Б олгож, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх 150,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч С.Б улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 86,574 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 84,174 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С.Б олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш зохигч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.АЛГИРМАА