| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Эрдэнийн Одхүү |
| Хэргийн индекс | 180/2022/0121/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/116 |
| Огноо | 2022-05-17 |
| Зүйл хэсэг | 17.12.2.4., |
| Улсын яллагч | Б.Н |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 05 сарын 17 өдөр
Дугаар 2022/ШЦТ/116
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 180/2022/0121/Э
Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Одхүү даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Улсын яллагч Б.Нарангэрэл
Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Мөнгөнцэцэг
Шүүгдэгч Н.Э нарыг оролцуулан шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Г.Урантуяагаар хөтлүүлж,
Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Нарангэрэлээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Э-д холбогдох 2239000000111 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Н.Э нь машин механизм буюу Хятад улсад үйлдвэрлэсэн Чансаа маркийн мотоцикл ашиглан 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын 4 дүгээр багийн нутаг Овоо яст гэх газраас хохирогч Г.Л-ын эзэмшлийн цагаан үсгэн хүрээтэй хас тамгатай зээрд зүсний 1 тооны морийг хулгайлж 1.400.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны үед дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүх хуралдааны үед:
Мөрдөн байцаалтын үед:
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 7-10 хуу/
Хохирогч Г.Л-ын өгсөн: ...Би Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт эх******* хүүхдүүдийн хамт мал маллаж амьдардаг юм. 2022 оны 01 дүгээр сарын 20-ны үед би адуугаа бүртгээд 02 дугаар сарын 15-ны өдөр очиход 1 тооны зээрд зүсмийн адуу алга болсон байсан. Манай адуу Дэлгэрхаан сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт Өндөр ухаа гэх газар бэлчиж байсан. Нийт 19 тооны цавьдар зээрд азрагатай адуу байгаад 1 тооны адуу нь алга болсон...Зээрд зүсмийн 8 настай морь, цагаан үсгэн хүрээтэй хас тамгатай...Би А дансандаа 1400 орчим малтай...Би алдсан адуугаа зах зээлийн ханшаар үнэлнэ...Би хохирлоо барагдуулж авмаар байна...гэх мэдүүлэг /хх-ийн 14-15 хуу/
Гэрч Г.Чулуунцэцэгийн өгсөн:...2022 оны 01 дүгээр сарын 25-нд манай нөхөр Энхмандах бид хоёр Хэнтий аймаг явж цагаан сарын юмаа бэлдэх ажилтай байсан юм. Тухайн өдрийн манай нөхөр өглөө 08 цагийн үед өөрийн эзэмшлийн 23-79 БРА улсын дугаартай пробокс маркийн тээврийн хэрэгсэлтэй яваад Э , Ганцэцэг, Магнай, Оюука нарын хамт аймаг явна гэж очиж аваад буцаж ирж намайг аваад бид 6 Хэнтий аймгийн төв рүү очсон юм. Тэгээд аймгийн төв очоод 1 мал авдаг ченжийн хашаанд ороод зогсохоор нь би Оюукатай хамт нойл ороод иртэл манай машин буцаад хашаанаас нь гарч ирээд зогссон байсан ба удалгүй араас нь Э гарч ирсэн. Э манай машины ард 1 тооны адууны мах ачсан байж байгаад тухайн махаа зараад гарч ирсэн гэдгийг би тухайн үед мэдсэн. Би хэдэн төгрөгөөр зарсан гэдгийг нь мэдээгүй...Би манай машинд мах ачсан гэдгийг мэдээгүй. Аймагт очоод мах зарахаар нь мэдсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 23-24 хуу/
Гэрч Х.Энхбатын өгсөн:...Би 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өглөө 8 цагийн үед Хэнтий аймгийн Баянмөнх сумын нутагт байх гэртээ эх******* Энхчимэгийн хамт байж байтал танил болох Э мотоциклтой 1 тооны адуу тууж ирээд адуугаа барьж манай уяанд уяад гэрт орж ирсэн. Би Э өөс юун адуу туугаад ирэв гэж асуутал би гэрээсээ авчирсан юм гэж хэлсэн. Удалгүй эх******* бид хоёр ахын гэр рүү явлаа чи хаачих юм гэж асуутал та хоёрыг иртэл танай гэрт байж байя гэж хэлээд үлдсэн. Тэгээд би яваад 11 цагийн үед иртэл Э авчирсан адуугаа ажилласан бололтой гэрийн зүүн урд талд малын цус шинэ сэвс болсон байсан ба Э өөрөө байгаагүй...Э ямар зорилгоор адуу тууж ирснээ надад хэлээгүй. Би ямар зорилгоор тууж ирсэн юм гэж асуухад гэрээсээ авчирсан гээд өөр юм хэлээгүй...Зээрд зүсмийн адуу байсан тамгыг нь анзаарч хараагүй...Э ганцаараа ирсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 27-28 хуу/
Гэрч Б.Ган-Эрдэнийн өгсөн:...Би 2022 оны 01 дүгээр сарын 25-ны 12 цагийн үед манай найз болох Дэлгэрхаан сумын харъяат Э тэй Хэрлэн сумын 6 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг Жонон-2 гэх хүнсний дэлгүүрийн гадаа таарсан юм. Тухайн үед Э надад хандан манайх Дэлгэрхаан сумаас нааш 40 гаран километрт байдаг болохоор цаашаа явж малын гарал үүслийн бичиг авч чадалгүй ирчихлээ найздаа нэг адууны бичиг аваад өгөөч зураг нь байгаа ямар нэгэн асуудал байхгүй гэж хэлэхээр нь би нэг хүнээс асууж өгье гэж хэлээд Баянхутаг сумын малын эмч Наранцэцэгтэй утсаар яриад Батцэрэнгийн дүү байна гэж хэлээд өөрийхөө эзэмшлийн 14-65 хэн улсын дугаартай тээврийн хэрэгсэл дээр нэг тооны зээрд адууны бичиг аваад кодыг нь Э рүү чатаар явуулсан юм... гэх мэдүүлэг /хх-ийн 38-39 хуу/
Н.Э ийн яллагдагчаар өгсөн:... Би 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын 4 дүгээр баг хөдөө хэсэг Овоо яст гэх газарт явж байхад замд хээр ганцаараа бэлчиж байсан цагаан үсгэн хүрээтэй хас тамгатай ахар дэлтэй зээрд морийг өөрийн мотоциклоор хулгайлсан...Би уг хэргийг ганцаараа үйлдсэн...Миний гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан улбар шар өнгийн улсын дугааргүй Чансаа маркийн мотоцикл маань одоо хөдөө гэрт маань байгаа...Тиймээ би хохирогчийн хохирлыг барагдуулж орных нь адууг өгсөн. Харин бичгээ аваагүй байгаа... гэх мэдүүлэг /хх-ийн 80 хуу/
Хохирогч Г.Л-ын алдсан 1 тооны адууны үнэлгээг 1.400.000 төгрөгөөр тогтоосон Хөрөнгийн үнэлгээний Фэйр Валуэшн ХХК-ий шинжээчийн 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 2022/ШД73 дугаартай дүгнэлт /хх-ийн 62-64 хуу/
Чансаа маркийн улсын дугааргүй мотоциклийн үнэлгээг 280.000 төгрөгөөр тогтоосон Фэйр Валуэшн ХХК-ий шинжээчийн 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 2022/ШД72 дүгнэлт / хх-ийн 69-71 хуу/
Чансаа маркийн улсын дугааргүй мотоциклийг битүүмжилсэн прокурорын 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 10 дугаартай тогтоол /хх-ийн 06-07 хуу/
Н.Э ийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 81 хуу/
Н.Энь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас / хх-ийн 83 хуу/
Шүүгдэгчийн өмгөөлөгчийн шүүх хуралдааны үед гаргаж өгсөн хохирогч Г.Л-ын гаргасан “хонгор зүсмийн адууг хохиролдоо бүрэн тооцож авсан одоо Н.Э өөс нэхэж байгаа мөнгө төгрөг, адуу мал байхгүй, өөрт учирсан хохирлоо бүрэн барагдуулж авсан, гомдол саналгүй байна” гэх нотариатоор батлуулсан тодорхойлолт, Н.Э ийн хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар / хх-ийн 148-150 хуу/
Хавтаст хэргийн материал танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 126-127 хуу/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүгдэгч Н.Э-д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн болно.
Шүүх хуралдаанаар шинжлэн судласан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Н.Э нь 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын 4 дүгээр багийн нутаг Овоо яст гэх газраас хохирогч Г.Л-ын эзэмшлийн 1.400.000 төгрөгийн үнэ бүхий 1 тооны морийг Чансаа маркийн мотоцикл ашиглан хулгайлсан нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.
Шүүгдэгч нь шүүх хуралдааны үед гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн бөгөөд түүний мэдүүлэг нь хэрэгт авагдсан хохирогч Г.Л , гэрч Г.Чулуунцэцэг, Х.Энхбат, Б.Ган-Эрдэнэ нарын мэдүүлгээр нотлогдож байгаа, шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нь гэм буруу болон хэргийн зүйлчлэл, учруулсан хохирол, хор уршгийн хувьд маргаагүй болно.
Шүүгдэгч Н.Э нь яллагдагчаар мэдүүлэг өгөхдөө “цагаан үсгэн хүрээтэй хас тамгатай ахар дэлтэй зээрд морийг өөрийн мотоциклоор хулгайлсан” гэж мэдүүлэг өгсөн, гэрч Х.Энхбат нь ... Би 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өглөө 8 цагийн үед Хэнтий аймгийн Баянмөнх сумын нутагт байх гэртээ эх******* Энхчимэгийн хамт байж байтал танил болох Э мотоциклтой 1 тооны адуу тууж ирээд адуугаа барьж манай уяанд уяад гэрт орж ирсэн гэж мэдүүлэг өгсөн байх тул шүүгдэгч нь улсын дугааргүй Чансаа маркын мотоциклийг мал хулгайлах үйлдлээ хөнгөвчлөх зорилгоор ашигласан байна гэж дүгнэлээ.
Иймд Н.Э ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан буюу мал хулгайлах гэмт хэргийг машин механизм ашиглаж үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй байна гэж дүгнэв.
Хохирогч Г.Л нь “хохирлоо бүрэн барагдуулж авсан, гомдол саналгүй байна” гэх нотариатоор батлуулсан тодорхойлолт / хх-ийн 148 хуу/ гаргаж өгсөн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Улсын яллагчаас эрүүгийн хариуцлагын хуралдаанд шүүгдэгч Н.Э ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, хэрэгт битүүмжлэгдсэн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан улсын дугааргүй мотоциклийг хурааж улсын төсөвт шилжүүлэх хөрөнгө орлого хураах албадлагын арга хэмжээ хэрэглэх, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх дүгнэлт тус тус гаргасан.
Шүүгдэгч Н.Э-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж, учруулсан хохирлоо төлсөн нөхцөл байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирлоо нөхөн төлсөн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, шүүгдэгч нарын хувийн байдал, зэргийг харгалзан хорих ялыг хөнгөрүүлж оногдуулах боломжтой гэж үзэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг журамлан Эрүүгийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч Н.Э-д 1 жил 10 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь түүний хувийн байдал, гэм бурууд тохирно гэж үзлээ.
Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Чансаа маркийн улсын дугааргүй мотоцикл нь түүний өмчлөлд байдаг болох нь түүний мэдүүлгээр тогтоогдсон байх тул шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгчээс мотоциклийг хурааж, улсын төсөвт шилжүүлэх хөрөнгө орлого хураах албадлагын арга хэмжээ хэрэглэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Н.Энь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт битүүмжлэгдсэн улсын дугааргүй мотоциклийг битүүмжилсэн Хэнтий аймгийн прокурорын газрын 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 10 дугаартай прокурорын тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэв.
Шүүгдэгч Н.Э ийг гэм буруутайд тооцож, хорих ял оногдуулсан тул өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах нь зүйтэй гэж үзлээ.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.12 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Харваач овгийн Нямсамбуугийн Э ийг мал хулгайлах гэмт хэргийг машин механизм ашиглаж үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч Н.Э ийг 1 /нэг/ жил 10 /арав/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу шүүгдэгч Н.Э-д гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Чансаа маркийн улсын дугааргүй мотоциклийг хурааж улсын төсөвт шилжүүлэх хөрөнгө орлого хураах албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.
4. Шүүгдэгч Н.Э-д оногдуулсан 1 жил 10 сарын хугацаагаар хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5. Шүүгдэгч Н.Энь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт битүүмжлэгдсэн улсын дугааргүй мотоциклийг битүүмжилсэн Хэнтий аймгийн прокурорын газрын 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 10 дугаартай прокурорын тогтоолыг хүчингүй болгосугай.
6. Шүүгдэгч Н.Э-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8. Давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлт түдгэлзэх бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Э-д авсан цагдан хорих арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ОДХҮҮ