Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 18 өдөр

Дугаар 2022/ШЦТ/118

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 180/2022/0136

 

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Одхүү  даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Улсын яллагч                                            Д.Чулуунпүрэв

Шүүгдэгчийн өмгөөлөгч                                Б.Төгсбаяр

Шүүгдэгч                                         В.Д нарыг оролцуулан шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Г.Урантуяагаар хөтлүүлэн

Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Чулуунпүрэвээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн В.Д-д холбогдох 2239000000094 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч  хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:  /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Яллагдагч В.Д-г хохирогч Ж.Б-ийн  итгэмжлэн хариуцуулсан хонин сүргээс Хэнтий аймгийн Баянхутаг сумын 1 дүгээр багийн нутаг Буган чулуу гэх газраас 2022 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр 20 цагийн орчимд зөв чих сам, буруу чих цуулбар имтэй 4 тооны бог мал буюу нас гүйцсэн эр хонийг завшиж улмаар хар өнгийн 29-15 УНЧ улсын дугаартай Приус-20 маркийн автомашины жолооч С.Ганзоригт манай өөрийн хонь гэж хэлж тээвэрлэн Ж.Б-д 800.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлджээ.   

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хуралдааны үед дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Мөрдөн байцаалтын үед:

Хохирогч Ж.Б-ийн  өгсөн:..Би Хэнтий аймгийн Баянхутаг сумын 1 дүгээр багт оршин суудаг юм. Манай нэг гэр Хэнтий аймгийн төвд 4-р баг А60-р байр 18 тоот байдаг, манай малыг хөлсөөр Д  гэх 40 настай эрэгтэй 2021 оны 10-р сараас сард 500.000 мянган төгрөгөөр тохирч надаас 730 гаран хонь 330-д ямаа нийт 1100 гаад толгой мал хүлээлгэж өгсөн юм. Тэгэхдээ ямар нэгэн гэрээ байгуулж байгаагүй. Мал тоолж өгөхөд манай эх******* Оюунгэрэл цуг байсан өөр хүн байгаагүй. 2022 оны 1-р сарын 22-ны өдөр Хэнтий аймгийн төвд малаа орхиж ирээд тэгээд 2022 оны 01 дүгээр 23-ны 15 цагийн үед 1 дүгээр баг Хийдийн 7А-9 тоот хашааны гадаа ирж Д  гэрт орж ирээд хөдөө мал руугаа явлаа бензины мөнгө гэж хэлээд 30.000 төгрөг аваад явсан тэр оройдоо 18 цаг  өнгөрч байхад хажуу айл болох Батка гэх залуу руу яриад ах нь Баянхутаг суман дээр явж байна одоо очлоо гэж 80963798 гэсэн утсаар ярьсан байсан. 2022 оны 01 дүгээр сарын 23-наас 24-ний шилжих шөнө манай хотонд хашсан хонь ямаанаас 4 тооны мундаг эр хонь жижиг тэрэг хашаанд тулж ачиж явсан байсан... Би малаа сард 1 удаа тоолдог тэгэхэд 4 хонь дутаж байсан. Тэгээд Д  өөрөө төлнө гэж хэлсэн юм...Манай малчин Д  нь 2022 оны 03 дугаар сарын 10-ны хүртэл цалингаа авсан байгаа... Хэнтий аймгийн төвөөс 2021 оны 10 дугаар сард миний нэг таньдаг хүн Д г танилцуулж байсан юм... Би 2022 оны 01-р сарын 23-24-ний хооронд алдсан 4 тооны эр хонио олж авмаар байна... гэх  мэдүүлэг /хх-ийн 14-15 хуу/

 

Иргэний нэхэмжлэгч А.Цэнгэлбаярын өгсөн:... Иргэн С.Гантуяа нь 2021 оны 06 дугаар сарын 21-ний өдөр 29-15 УНЧ улсын дугаартай Приус-20 маркийн тээврийн хэрэгслээ манай байгууллагын ******* дээр шилжүүлэн барьцаалж “Тера Анлимитед” ХХК-наас 3.000.000 төгрөгийг сарын 3.5 хувийн хүүтэйгээр 18 сарын хугацаатайгаар зээлсэн. С.Гантуяа сарын 224.217 төгрөгийн сарын төлөлт хийдэг бөгөөд өнөөдрийн байдлаар “Тера Анлимитед" ХХК-д зээлийн 1.773.282 төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байгаа бөгөөд одоогоор манай байгууллага 1.773.282 төгрөгийг нэхэмжилнэ. Мөн иргэн С.Гантуяа зээлээ төлж барагдуулах хүртэлх хугацаанд үлдэгдэл зээлийн мөнгөн дүнгээр сарын 3.5 хувийн хүүгээр тооцож тухайн мөнгөн дүнг нэхэмжилнэ...гэх мэдүүлэг /хх-ийн 22-23 хуу/

 

Гэрч Д.Норов-Эрдэнийн өгсөн:...Би Хэнтий аймгийн Баянхутаг сумын 2 дугаар багт 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс мал, мах худалдаж авч эхэлсэн юм. 2022 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Баянхутаг сумын 2-р багийн иргэн эрүү Батаа гэх хүн надад өмнө нь мал өгч байсан, тэгэхэд цуг явж байсан болохоор нь тэдний хүүхэд байна гэж бодоод Р гэх хүнээс 2 тооны эр хонийг орой 20 цаг өнгөрч байхад ирсэн. Тэгээд худалдаж авсан 1 ширхэг эр хонийг нь 180.000 нөгөө эр хонийг нь 170.000 нийт 350.000 төгрөг болоод тэр орой нь 200.000 төгрөгийг нь Ганзориг гэсэн хүний 5954195861 гэсэн дансаар нь үлдсэн 150.000 төгрөгөө маргааш нь буюу 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр авсан... Би 2022 оны 01-р сарын 23-ны өдөр Р гэх хүн хар өнгийн Приус-20 маркийн улаанбаатар дугаартай тээврийн хэрэгсэлтэй ирсэн надад 2 тооны хонь зарсан тэгээд машинд нь дахин 2 хонь үлдсэн юм. Машиндаа 2 лаа явж байх шиг байсан би сайн хараагүй...Р гэх хүний зарсан хонь нас бие гүйцсан эр хонь байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 30-31 хуу/

 

Гэрч С.Ганзоригийн өгсөн:...Би 2022 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Хэнтий аймгийн төвд таксинд өөрийн эзэмшлийн хар өнгийн 29-15 УНЧ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй явж байхад 17 цагийн үед 1-р баг шинэ нисэхийн ойролцоо 1 эрэгтэй хүн гар өргөж таксинд сууж тэгээд нөгөө залуу надаас хөдөө явж ирэх гэсэн юм эндээс 35 км хэртэй газар гэхээр нь хаашаа юм гэхэд Баянхутаг сумын төвөөс зүүн тийш 14 км гэхээр нь би зөвшөөрч тэгээд ирж очиход 30.000 төгрөг бензин хийнэ гэж хэлээд явсан. Өртөг гэж 80.000 төгрөг өгөхөөр болж нийт 110.000 төгрөгөөр тохирч явсан. Тэгэхдээ надаас мөнгө 50.000 төгрөг авсан юм. Тэгээд Баянхутаг сумын төвөөс зүүн хойш 10 гаран км хэртэй газарт очиж манай гэр байгаа юм гэж хэлээд хөдөө гэртээ очиж тэндээс 4 тооны хонь хотноос нь миний машинд ачиж Баянхутаг сумын төв ирж ченжид 2 тооны хонийг нь зарсан 1 тооны хонийг нь надтай тохиролцсон 130.000 төгрөгтөө өгсөн, 1 хонио өөрөө авч аймгийн төвд буусан юм...Би тэр залууг өмнө нь харж байгаагүй  дараа нь *******ийг нь асуухад Р гэж хэлж байсан юм...Бид хоёртой өөр хүн яваагүй....гэх мэдүүлэг /хх-ийн 42-43 хуу/

 

В.Д гийн яллагдагчаар өгсөн:... Би Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг Хийдийн 12-07 тоотод ээж Д.Оюун-Амарын хамт оршин суудаг. Би Хэнтий аймгийн Баянхутаг сумын 1 дүгээр багийн иргэн Ж.Батдэмбэрэл гэх хүний хонь, ямааг 2021 оны 10 дугаар сараас сарын 500.000 төгрөгийн цалин авч харах болсон. Би Ж.Батдэмбэрэлтэй бичгээр гэрээ байгуулаагүй, амаар ярьж тохирсон. Би 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Хэнтий аймгийн төв ирээд аймгийн төвд 2 хоносон. 2022 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Чингис зочид буудлын урд талын төв зам дээр явж байсан хар өнгийн Приус-20 маркийн тээврийн хэрэгсэлтэй 30 гаран настай эрэгтэй хүнтэй хөдөө гэрээсээ мал авчирах гэсэн юм хөлсөнд нь нэг хонь өгье гэж тохироод явсан. Жолооч машиндаа өөрөөсөө 30.000 төгрөг гаргаж бензин хийсэн. Тэр жолоочоос 750 граммын хэмжээтэй “Хараа” *******тэй архи 2 шилийг, 2 литрийн том пиво 2 ширхэгийг 50.000 төгрөгөнд бодож аваад Хэрлэн сумын 1 дүгээр багт байдаг Хангамжинд байдаг найз Одноогийн гэрт очоод Одноогийн найз болох 3 эрэгтэй, 2 эмэгтэй нийт долуулаа 2 шил “Хараа” *******тэй архиа, 2 литрийн 2 ширхэг пивоо уугаад дуусгасан. Тэгээд орой харанхуй болоогүй байхад Баянхутаг сумын 1 дүгээр баг “Буганчулуу” гэх газар байх Ж.Б-ийн  гэр рүү явсан. Ж.Б-ийн  хөдөө гэрт орой 19 цаг өнгөрч байхад очиход Ж.Б-ийн  эзэмшлийн буюу миний хардаг хонь хашаатай байж байсан. Ж.Батдэмбэрэл өөрөө голцуу Хэнтий аймгийн төвд байдаг, сардаа ганц нэг удаа л мал дээрээ очдог юм. Би хашаатай байх Ж.Б-ийн  хоттой хонинд ороод шилж байгаад 4 тооны хонь барьж аваад хөлсөлж явсан тээврийн хэрэгсэлдээ амьдаар нь ачаад Хэнтий аймгийн Баянхутаг сумын төвд ирээд 2 эр хонийг нь ченжид зарсан. Нэг хонийг нь 170.000, нэгийг нь 180.000 төгрөгөөр бодож нийт 350.000 төгрөгөөр зарсан. Ченжээс мөнгөө хөлсөлж явсан жолоочийн дансанд 200.000 төгрөг хийлгээд аймгийн төвд ирээд данснаас нь мөнгөө авахуулсан. Үлдсэн 150.000 төгрөгөө маргааш нь буюу 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Тулгаа гэх таньдаг хүний дансанд хийлгүүлээд авсан. Үлдсэн 2 тооны хонины нэгийг нь өөрөө хүнсэнд хэрэглэсэн, харин нэгийг нь хөлсөлж явсан хар Приус-20 маркийн машинтай жолоочид өгсөн...Хар өнгийн Приус-20 маркийн тээврийн хэрэгслийн жолооч намайг хүний малнаас хулгай хийж байгааг мэдээгүй. Би өөрийнхөө малнаас авч байгаа юм гэж худал хэлсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 82-83 хуу/

 

Хохирогч Ж.Б-ийн  алдсан 4 тооны хонины үнэлгээг нийт 800.000 төгрөгөөр тогтоосон Хөрөнгийн үнэлгээний Фэйр Валуэшн ХХК-ий шинжээчийн 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 2022/ШД48 дугаартай дүгнэлт /хх-ийн 56-58 хуу/

 

29-15 унч улсын дугаартай Toyoto prius 20 маркийн тээврийн хэрэгслийн үнэлгээг 11.000.000 сая төгрөгөөр тогтоосон Фэйр Валуэшн ХХК-ий шинжээчийн 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 2022/ШД110 дүгнэлт / хх-ийн 69-71 хуу/

 

В.Д гийн иргэний үнэмлэхийн лавлагаа / хх-ийн 86 хуу/

В.Д  нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн  94-97 хуу/

 

Хавтаст хэргийн материалыг оролцогчдод танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 126-127 хуу/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, шүүгдэгч В.Д-д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

Шүүх хуралдаанаар шинжлэн судласан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч В.Д  нь хохирогч Ж.Б-ийн  малыг хөлсөөр маллаж байхдаа 2022 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр 20 цагийн үед Хэнтий аймгийн Баянхутаг сумын 1 дүгээр багийн нутаг Буган чулуу гэх газраас 4 тооны хонийг завшиж, улмаар хар өнгийн 29-15 УНЧ улсын дугаартай Приус-20 маркийн автомашинаар тээвэрлэн Ж.Б-д 800.000 /найман зуун мянга/ төгрөгийн хохирол учруулсан нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.

  1. Гэм буруугийн талаар

Шүүгдэгч В.Д  нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн бөгөөд түүний үйлдэл болон үйлдлийн улмаас учирсан хохирол, хор уршиг нь хэрэгт авагдсан хохирогч Ж.Батдэмбэрэл, гэрч Д.Норов-Эрдэнэ, С.Ганзориг нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байгаа, шүүгдэгч нь хэргийн нөхцөл байдал, гэм буруу болон хэргийн зүйлчлэл, хохирол, хор уршгийн хувьд маргаагүй болно.

 

Тухайн үед шүүгдэгч В.Д  нь хохирогч Ж.Б-ийн  малыг хөлсөөр маллаж байсан нь хохирогчийн өгсөн “...манай малыг хөлсөөр Д  гэх 40 настай эрэгтэй 2021 оны 10-р сараас сард 500.000 мянган төгрөгөөр тохирч надаас 730 гаран хонь 330-д ямаа нийт 1100 гаад толгой мал хүлээлгэж өгсөн юм. Тэгэхдээ ямар нэгэн гэрээ байгуулж байгаагүй”...гэх мэдүүлгээр /хх-ийн 14-14 хуу/ тогтоогдсон, түүнийг бусдын эд хөрөнгийг итгэмжлэн хариуцсан этгээд мөн гэж дүгнэв.

 

Гэмт хэргийн улмаас Ж.Б-д 800.000 мянган төгрөгийн хохирол учирсан болох нь тогтоогдсон бөгөөд бага хэмжээний /300.000 төгрөг/ хохирлоос дээш байх тул шүүгдэгчийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэргийн шинжтэй гэж үзлээ.

 

Иймд шүүгдэгч В.Д  нь хөрөнгө завших буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүх хуралдааны үед шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоос 800.000 /найман зуун мянга/ төгрөг төлөгдөөгүй байгааг хүлээн зөвшөөрч, нөхөн төлөхөө илэрхийлсэн боловч энэ нь бодитоор биелэх боломжгүй байна гэж дүгнэсэн болно.

 

Шүүгдэгч нь дээрх гэмт хэргийг үйлдэхдээ Тера анлимитед ХХК-ий эзэмшлийн 29-15 УНЧ улсын дугаартай Приус-20 маркийн автомашиныг үйлдлээ хөнгөвчлөх зорилгоор ашигласан болох нь гэрч С.Ганзоригийн өгсөн:...Баянхутаг сумын төвөөс зүүн хойш 10 гаран км хэртэй газарт очиж манай гэр байгаа юм гэж хэлээд хөдөө гэртээ очиж тэндээс 4 тооны хонь хотноос нь миний машинд ачиж Баянхутаг сумын төв ирж ченжид 2 тооны хонийг нь зарсан ... гэх мэдүүлэг /хх-ийн 42-43 хуу/, В.Д гийн яллагдагчаар өгсөн:... Би хашаатай байх Ж.Б-ийн  хоттой хонинд ороод шилж байгаад 4 тооны хонь барьж аваад хөлсөлж явсан тээврийн хэрэгсэлдээ амьдаар нь ачаад Хэнтий аймгийн Баянхутаг сумын төвд ирээд 2 эр хонийг нь ченжид зарсан...гэх мэдүүлэг /хх-ийн 82-83 хуу/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

  1. Эрүүгийн хариуцлагын талаар

Улсын яллагч нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдаанд шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн  хугацаагаар хорих ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчээс гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн үнийг гаргуулж улсын төсөвт шилжүүлэх хөрөнгө орлого хураах албадлагын арга хэмжээ хэрэглэх, шүүгдэгчийн өмгөөлөгч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял  оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, дүгнэлтийг  тус тус гаргасан.

 

Шүүгдэгч В.Д-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал буюу өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэгт 7 удаа ял шийтгүүлж байсан зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 8 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь түүний хувийн байдал, гэм бурууд тохирно гэж үзлээ.

 

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 29-15 УНЧ улсын дугаартай Приус-20 маркийн автомашин нь Тера анлимитед ХХК-ий эзэмшилд байдаг болох нь тээврийн хэрэгслийн лавлагаагаар тогтоогдсон байх тул шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгчээс автомашины үнэ болох 11.000.000 сая төгрөгийг гаргуулж, улсын төсөвт шилжүүлэх хөрөнгө орлого хураах албадлагын арга хэмжээ хэрэглэх нь зүйтэй байна.

Иргэний нэхэмжлэгч А.Цэнгэлбаяр нь 1.773.282 төгрөгийг нэхэмжилнэ, иргэн С.Гантуяа нь 2021 оны 06 дугаар сарын 21-ний өдөр 29-15 УНЧ улсын дугаартай Приус-20 маркийн тээврийн хэрэгслээ манай байгууллагын ******* дээр шилжүүлэн барьцаалж “Тера Анлимитед” ХХК-наас 3.000.000 төгрөгийг сарын 3.5 хувийн хүүтэйгээр 18 сарын хугацаатайгаар зээлсэн. гэж мэдүүлэг өгсөн байх бөгөөд гэрээний хугацаа дуусаагүй, гэмт хэргийн улмаас “Тера Анлимитед" ХХК-д хохирол учирсан гэж үзэх үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийг хангахаас татгалзаж шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч В.Д  нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөдөр болмогц 29-15 унч улсын дугаартай Toyoto prius 20 маркийн автомашиныг битүүмжилсэн прокурорын 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 11 дугаартай тогтоолыг хүчингүй болгож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчээс 800.000 /найман зуун мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч Ж.Б-д олгох нь зүйтэй байна.

 

Шүүгдэгчид хорих ял оногдуулсан тул түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэв.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл хэсэгт заасныг тус тус удирдлага болгон  ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч В.Д г хөрөнгө завшсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм   буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч В.Д-г 1 /нэг/ жил 8 /найм/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч В.Д-д оногдуулсан 1 жил 8 сарын хугацаагаар хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт заасны дагуу шүүгдэгч В.Д-д гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 29-15 унч улсын дугаартай Toyoto prius 20 маркийн автомашины үнэ болох 11.000.000 /арван нэгэн сая/ төгрөгийг гаргуулж, улсын төсөвт шилжүүлэх хөрөнгө орлого хураах албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт заасны дагуу шүүгдэгч В.Д гаас 800.000 /найман зуун мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч Ж.Б-д  олгосугай.

 

6. Шүүгдэгч В.Д  нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөдөр болмогц 29-15 унч улсын дугаартай Toyoto prius 20 маркийн автомашиныг битүүмжилсэн прокурорын 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 11 дугаартай тогтоолыг хүчингүй болгосугай.

 

7. Шүүгдэгч В.Д-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж,  цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй, иргэний нэхэмжлэгч нь тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбоотой хэсэгт давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

9. Тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлт түдгэлзэх бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч В.Д-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                                   

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Э.ОДХҮҮ