Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 08 сарын 23 өдөр

Дугаар 01885

 

 

 

 

 

 

 

 

 

Ч.Түвшинбаярын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч  Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Байгалмаа, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 181/ШШ2017/01894 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Ч.Түвшинбаярын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-д холбогдох

 

Ажилласан хугацааны цалин хөлс 5 650 000 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг үндэслэн,

шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ц:Батболд,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Шинэцэцэг нар оролцов.

 

Нэхэмжлэгч Ч.Түвшинбаяр шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Автотээврийн үндэсний төвийн Замын-Үүд салбарын даргын 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 5 тоот тушаалаар автовокзалын харуулын ажилд томилогдсон бөгөөд хөдөлмөрийн гэрээ, эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ байгуулан ажиллаж байна. Харин Автотээврийн үндэсний төв нь 2016 оны 9 дүгээр сараас эхлэн цалин хөлсийг олгоогүй бөгөөд би өнөөдрийг хүртэл ямар ч цалин хөлсгүй одоог хүртэл ажиллаж байна. Миний зүгээс цалин хөлсөө олгуулах талаар байгууллага, түүний холбогдох албан тушаалтнуудад байнга хандаж ирсэн боловч ажил олгогч байгууллага үндэслэлгүйгээр миний өргөдлийг хүлээн авахаас татгалзах буюу хариу өгөхгүй, цалин хөлсийг маань шийдвэрлэхгүй байна. Нэгэнт гэрээ байгуулан ажиллаж үнэ шингэсэн хөрөнгө хариуцан харж хандаж байгаагийн хувьд харж байгаа обьектоо орхиод явж болохгүй, цалин хөлсгүй ажиллаж байгаагийн улмаас ар гэрээ тэжээн амьдрах болохгүй, цалин хөлсгүй ажиллаж буйн улмаас ар гэрээ тэжээн амьдрах аргагүй, хоосон хоноход хүрч ахуй амьдрал маань маш хүнд байдалтай амьдарч байна. Миний сарын цалин 565 000 төгрөг ба 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 6 дугаар сарын 29-ний өдрийг хүртэлх цалин нийт 5 650 000 төгрөгийг Автотээврийн үндэсний төвөөс гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, бичилтийг хийлгэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Энхбат шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь Ч.Түвшинбаяртай хөдөлмөрийн гэрээ байгуулах эрх хэмжээ Замын-Үүд салбарын даргад байхгүй. Авто тээврийн үндэсний төвийн Замын-Үүд салбар нь хуулийн этгээдийн эрхгүй газар юм. Иймд Ч.Түвшинбаяртай байгуулсан хөдөлмөрийн гэрээ, ажилд томилох тушаалыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Мөн 2016 оны 7 дугаар сарын 29-ний өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд суманд баригдаж байгаа зорчигч тээврийн автовокзалын зориулалттай дуусаагүй барилгыг “Ай эй и” ХХК-д хүлээлгэн өгсөн байдаг ба тус барилгыг хүлээлцэхдээ барилгын харуулуудыг 2016 оны 8 сарын 01-ний өдрөөс эхлэн “Ай эй и” ХХК-д шилжүүлэн “Ай эй и” ХХК цаашид цалин хөлсийг хариуцахаар болсон. Иймд жинхэнэ хариуцагч нь “Ай эй и” XXК байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.1, 129 дүгээр зүйлийн 129.1, 5 дугаар зүйлийн 5.2, 6 дугаар зүйлийн 6.1, 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т зааснаар хариуцагч "Автотээврийн үндэсний төв" ТӨҮГ-аас 1 695 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ч.Түвшинбаярт олгож, холбогдох нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагч "Авто тээврийн үндэсний төв" ТӨҮГ-т даалгаж, үлдэх 3 955 000 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Ч.Түвшинбаяраас улсын тэмдэгтийн хураамжид 105 350 төгрөгийг гаргуулан улсын төсөвт оруулж, хариуцагч "Автотээврийн үндэсний төв" ТӨҮГ-аас улсын тэмдэгтийн хураамжид 42 070 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ч.Түвшинбаярт
олгуулахаар шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Ч.Түвшинбаяр давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь мэргэжлийн хяналтын хөдөлмөр хариуцсан улсын байцаагчийн дүгнэлтийг үндэслэж зөвхөн сүүлийн 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговрыг олгох шийдвэр гаргасанд гомдолтой байна. Миний бие одоог хүртэл гэрээний дагуу сахиулын ажлаа гүйцэтгэсээр байгаа тул 2016 оны 9 дүгээр сараас 2017 оны 7 дугаар сарын 18-ны өдрийг хүртэлх цалин 5 650 000 төгрөг, түүний алданги 542 000 төгрөг, нийт 6 192 400 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

                                        

Шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

   Нэхэмжлэгч Ч.Түвшинбаяр нь хариуцагч “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-д холбогдуулан ажилласан хугацааны цалин хөлс 5 650 000 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

 Нэхэмжлэгч Ч.Түвшинбаяр нь 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ийн харьяа Замын-Үүд дахь салбарт  автовокзалын харуулаар ажиллаж байгаа болох нь талуудын тайлбар, ажилд томилсон тушаал, хөдөлмөрийн гэрээ, эд хөрөнгийн хариуцлагын гэрээ, нийгмийн даатгалын дэвтэр зэрэг бичгийн нотлох баримтаар тогтоогдож байна. /хх-ийн 6-13 дугаар тал/

 

    Иймд анхан шатны шүүх нэхэмжлэгчийг ажилласан хугацааны цалин хөлсийг шаардах эрхтэй талаар, мөн хариуцагч нь концессын гэрээний дагуу Замын-Үүд дэх автовокзалыг “Ай эй и” ХХК-д шилжүүлсэн тул тус газарт ажиллаж байгаа ажилтны цалин хөлсийг хариуцахгүй гэх тайлбар нь баримтаар тогтоогдоогүй, уг концессын гэрээнд цалин хөлсийг “Ай эй и” ХХК хариуцах талаар тохиролцоогүй байна гэж анхан шатны шүүх үндэслэлтэй дүгнэжээ.

 

    Ажилтан Ч.Түвшинбаяр нь нэхэмжлэлийн шаардлагаа 2016 оны 9 дүгээр сараас эхлэн цалин хөлс аваагүй гэж 2017 оны 6 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл хугацааны цалин гаргуулахаар тодорхойлсон. Тэрээр Нийслэлийн хөдөлмөрийн маргааныг шуурхай зохицуулах салбар хороонд 2017 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр цалин гаргуулах талаар гомдол гаргасан болох нь тус байгууллагын албан бичгээр тогтоогдож байна. /хх-ийн 2 дугаар тал/ 

 

   Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт “Хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.2-т зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан  шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй” гэж заасан. Үүний дагуу ажилтан Ч.Түвшинбаяр нь 2017 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр гомдлоо гаргасан байх тул Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт тогтоосон журмаар нэхэмжлэл гаргасан бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдахаар зохицуулсны дагуу түүний гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа үүнээс 3 сарын өмнө буюу 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр үүсч, тасалдсан байна гэж үзнэ.

 

Гэтэл анхан шатны шүүх гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг 2017 оны 4 дүгээр сарын 19-ний өдрөөс хойш тооцож 4, 5, 6 сарын цалин гаргуулсан нь буруу байна. Иймд  2017 оны 1 дүгээр сараас 6 сар хүртэлх хугацааны цалин /565 000 х 6 = 3 390 000/ 3 390 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2, 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт заасантай тус тус нийцнэ.

 

            Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 181/ШШ2017/01894 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтын “... 1 695 000 төгрөг ...” гэснийг “3 390 000 төгрөг” гэж, “... 3 955 000 төгрөг ...” гэснийг “2 260 000 төгрөг” гэж,

2 дахь заалтын “... 42 070 төгрөг ...” гэснийг “69 190 төгрөг” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 105 350 төгрөгийг буцаан олгохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.      

 

 

                     ЕРӨНХИЙ  ШҮҮГЧ                                         Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                               

                                    ШҮҮГЧИД                                          Д.БАЙГАЛМАА          

                                                                                                 

                                                                                              Г.ДАВААДОРЖ