| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баатарын Адъяасүрэн |
| Хэргийн индекс | 128/2020/0036/З |
| Дугаар | 128/ШШ2021/0033 |
| Огноо | 2021-01-13 |
| Маргааны төрөл | Газар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 01 сарын 13 өдөр
Дугаар 128/ШШ2021/0033
2021 оны 01 сарын 13 өдөр Дугаар Улаанбаатар хот
128/ШШ2021/0033
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Адъяасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Нэхэмжлэгч: А.Ц
Хариуцагч: Налайх дүүргийн Засаг дарга
Гуравдагч этгээд: Э.Э
Нэхэмжлэлийн шаардлага: Налайх дүүргийн Засаг даргын 2019 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн А/175 дугаар захирамжийг хүчингүй болгуулах
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч А.Ц, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Г, Г.Б, З.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Цэвэлмаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд бичгээр гаргасан болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа:
...Налайх дүүргийн 4 дүгээр хороонд байрлах, ойр хавийн айлууд нь анхнаасаа дур мэдэн кадастрын зургаасаа зөрүүтэйгээр нэг нэгнийхээ газар дээр хашаа барьж орц, гарц, газар зохион байгуулалт нь эмх замбараагүй холилдож дүүргийн Засаг дарга болон газрын албаныханы шийдэж чадахгүй толгойны өвчин нь болсон асуудлыг нь хамт шийдвэрлэж өөрийн эзэмшлийн газрын гэрчилгээтэй хашаагаа өөрийн сайн дураар буулгаж аван тус хороондоо нэгж талбар байрлалыг өөрчлөн өөр газар эзэмших болсон.
Гэтэл дүүргийн Засаг дарга, газрын алба нь өөрсдийн асуудлаа шийдэж авсаныхаа дараагаар иргэн миний байрлалаа өөрчилж авсан газартай холбогдуулан элдвээр оролдон дарамт шахалт үзүүлэх болж сүүлдээ надад огт мэдэгдэлгүйгээр Налайх дүүргийн Засаг даргын 2019 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн А/175 тоот захирамжийг гарган газрыг маань цуцалж бүр болоогүй миний эзэмшлийн газар дээр баригдсан үл хөдлөх хөрөнгийг маань 2019 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 05/1745 тоот мэдэгдлээр хурааж авахаар төрийн нэр барьж иргэн намайг зальдаж дээрэмдэхээр улаарч байгаад нь маш их гомдолтой байна.
Иймд миний нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү. гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:
Налайх дүүргийн засаг даргын 2011 оны 263 дугаар захирамжаар иргэн Ж.Ст Налайх дүүргийн газар дэвсгэрт 500 м.кв газрыг эзэмшүүлсэн улмаар тусгай зөвшөөрлийг 2015 оны 280 дугаар захирамжаар иргэн Б.Сд 2018 оны 42 дугаар захирамжаар иргэн А.Цнд шилжүүлсэн ба улмаар дүүргийн засаг даргын 2019 оны 175 дугаар захирамжаар тус газрын газар эзэмших эрхийг хүчингүй болгосон.
А.Ц нь тухайн газрыг эзэмших үедээ тус эзэмшлийн гэрчилгээ бүхий газар дээрээ барьсан хашаагаа гарц орц гаргах нэрийдлээр сайн дураараа буулган авч, зориулалтын дагуу эзэмшээгүй бөгөөд газрын байршлыг өөрчлөн 4 дүгээр хорооны улсын чанартай авто зам дагуу дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй, Засаг даргын шийдвэргүй, кадастрын зураггүй, газар эзэмших эрхийн гэрээ, гэрчилгээгүй газарт хашаа татан, эзэмшил газраа дур мэдэн нэмж жижиг хэмжээтэй шавар павилон барьж, Газрын тухай хууль, Авто замын тухай хууль, Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журам болон холбогдох бусад хууль тогтоомжийг зөрчсөн байх тул зөрчлийг арилгаж, Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2, 33 дугаар зүйлийн 33.4, Авто замын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2-т заасны дагуу эзэмших эрхийг цуцалж, зөрчлийг арилгуулан газар чөлөөлөлтийн ажлыг зохион байгуулахаар хуулийн дагуу шийдвэрлэсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэв.
Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: ...Тодруулбал, Нийслэлийн Налайх дүүргийн 4 дүгээр хороонд байрлах иргэн А.Цгийн эзэмшлийн 500 м.кв бүхий газрыг хүчингүй болгосон Налайх дүүргийн Засаг даргын 2019 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн А/175 дугаартай захирамжийг эс зөвшөөрч байна. Учир нь тус захирамж нь Монгол Улсын хэд хэдэн хуулийн зүйл заалтыг барьсан боловч эдгээрийг зөрчөөгүй болно. Зөрчөөгүй гэдгийг шүүх хуралдааны явцад нотлох баримтад тулгуурлан нотлох болно. Мөн тус газар нь Авто замын тухай хуулийг анхнаасаа зөрчсөн бол яагаад газар эзэмших эрхийн гэрчилгээ олгох болсон, тэгээд түүнийг яагаад хүчингүй болгосон нь хууль зүйн үндэслэлтэй эсэх гэдэг нь тодорхой бус байна. гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч А.Ц нь Налайх дүүргийн Засаг даргад холбогдуулан Налайх дүүргийн Засаг даргын 2019 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн А/175 дугаар захирамж, 2019 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 05/1745 тоот мэдэгдлийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасныг хуульд заасан журмаар хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, талуудын тайлбарыг үнэлээд дараах үндэслэлээр маргаан бүхий актыг дахин шинэ акт гарах хүртэл 3 сарын хугацаатай түдгэлзүүлж шийдвэрлэлээ.
Маргаан бүхий захиргааны акт болох Налайх дүүргийн Засаг даргын 2019 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн А/175 дугаар захирамжаар нэхэмжлэгчид эзэмшүүлсэн газрыг Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 29.3 дахь хэсэг, Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2, 33 дугаар зүйлийн 33.4, Авто замын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2 дахь хэсэгт зааснаар дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй байршилд газар эзэмших эрх олгосон гэх үндэслэлээр хүчингүй болгожээ.
Нэхэмжлэгчээс ...дүүргийн Засаг дарга, Газрын алба нь өөрсдийн асуудлаа шийдэж авсныхаа дараагаар миний байрлалаа өөрчилж авсан газрыг хүчингүй болгосон гэж, хариуцагчаас ...газрын байршлыг өөрчлөн 4 дүгээр хорооны улсын чанартай авто зам дагуу дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй, Засаг даргын шийдвэргүй, кадастрын зураггүй, газар эзэмших эрхийн гэрээ, гэрчилгээгүй газарт хашаа татан, эзэмшил газраа дур мэдэн нэмж жижиг хэмжээтэй шавар павилон барьсан нь хууль зөрчсөн тул эзэмших эрхийг цуцалж, зөрчлийг арилгуулан газар чөлөөлөлтийн ажлыг зохион байгуулахаар хуулийн дагуу шийдвэрлэсэн гэж тус тус маргажээ.
Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2-т Хүсэлт гаргасан газрын байршил нь аймаг, нийслэл, сум, дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлж болохоор заагдсан байна., 33 дугаар зүйлийн 33.4-т Хорих ангийн гадна хориотой бүс болон аймаг, нийслэл, сум, дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд эзэмшүүлж болохоор зааснаас бусад газарт газар эзэмшүүлэхийг хориглоно., Авто замын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2-т Олон улс, улсын чанартай болон тусгай зориулалтын авто замын зурвас газрын өргөн 100 метр /замын тэнхлэгээс хоёр тийш 50 метр/, орон нутгийн чанартай авто замын зурвас газрын өргөн 60 метр /замын тэнхлэгээс хоёр тийш 30 метр/ байна., гэж, 29 дүгээр зүйлийн 29.3.6-т авто замын зурвас газарт авто замын ашиглалттай холбоогүй болон эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх; үйл ажиллагаа явуулахыг хориглохоор зохицуулжээ.
Анх Налайх дүүргийн Засаг даргын 2011 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 263 дугаар захирамжаар Ж.Сд Налайх дүүргийн 4 дүгээр хороо, Туул 25-2 б тоот байршилд иргэний ахуйн зориулалтаар нэгж талбарын 1866929550**** дугаар 500 м.кв газрыг эзэмших эрхийг олгосон байна. Улмаар Ж.С нь тус газрын эзэмших эрхийн гэрчилгээг дүүргийн Засаг даргын 2015 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн А/280 дугаар захирамжаар Б.Сд 1867129777**** нэгж талбарын дугаар бүхий газрыг шилжүүлэн эзэмшүүлсэн бөгөөд 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн А/42 дугаар захирамжаар уг нэгж талбарын дугаар бүхий газрыг Налайх дүүрэг 4 дүгээр хороо Нисэх гудамж байрлах хаягт болгон 500 м.кв газрыг өөрчилж, газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэн А.Ц 15 жилийн хугацаатай газар эзэмших эрхтэй болсон байна.
Нэхэмжлэгч А.Цгийн эзэмшиж буй газар нь автозамаас 15 метр буюу Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 52 дугаар тогтоолоор батлагдсан Налайх дүүргийн АҮТП-н хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө-ний явган зам, мөн 2015 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 28/14 дүгээр тогтоолоор батлагдсан Налайх дүүргийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө-нд тусгагдсан авто замын зурвас газарт орсон болох нь газрын үзлэг болон хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.
Налайх дүүргийн Газрын кадастрын мэдээллийн сангийн 2015-2020 оны зурган мэдээллээр Ж.Сын нэгж талбарын 1866929550**** дугаар бүхий 500 м.кв талбай газар нь Р.Огийн өмчлөх эрхийн нэгж талбарын 1866929551**** дугаар бүхий 500 м.кв газартай давхцалтай байсан бөгөөд Налайх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 8/01 тогтоолоор батлагдсан Налайх дүүргийн 2018 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд Газрын мэдээллийн сан дахь кадастрын зургийн мэдээллийг хянан шалгаж газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээгээр олгогдсон газраас илүү газар эзэмшиж, ашиглаж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар ашиглалтын зөрчил болон газрын давхардлыг арилгах ажлыг төлөвлөсөн байна.
Өөрөөр хэлбэл хариуцагч захиргааны байгууллага газрын давхцалыг арилгахын тулд нэхэмжлэгч А.Цгийн эзэмшил газрын байршлыг өөрчилж авто замын зурвас газарт оруулан олгосон нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.
Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т Захиргааны үйл ажиллагаанд дараах тусгай зарчмыг баримтална, 4.2.8-д Хууль ёсны итгэлийг хамгаалах гэж заасан зарчмын хүрээнд авч үзвэл нэхэмжлэгчийн давхцалтай газрын байршлыг өөрчлөхдөө авто замын зурвас газарт орсон нөхцөл байдлыг хяналгүй орхигдуулсан нь А.Цгийн газар эзэмших эрхийг ноцтой зөрчсөн үйлдэл юм.
Зүй нь, хариуцагчаас А.Цгийн эзэмшил газар дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө болон авто замын зурвас газарт орсон тохиолдолд Газрын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-т заасан Засгийн газар аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга газар эзэмшигч, ашиглагчтай урьдчилан тохиролцож, гэрээ байгуулсны үндсэн дээр бусдын эзэмшил, ашиглалтад байгаа газрыг тодорхой хугацаатайгаар нийтийн эдэлбэрт болон тусгай хэрэгцээнд төлбөртэй буюу төлбөргүйгээр ашиглаж болно. гэсэн зохицуулалтын дагуу арга хэмжээ авах боломжтой байжээ.
Түүнчлэн Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно., 24.2-т Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ. гэж заасан үүргээ биелүүлэлгүйгээр Авто замын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2-т Олон улс, улсын чанартай болон тусгай зориулалтын авто замын зурвас газрын өргөн 100 метр /замын тэнхлэгээс хоёр тийш 50 метр/, орон нутгийн чанартай авто замын зурвас газрын өргөн 60 метр /замын тэнхлэгээс хоёр тийш 30 метр/ байна. гэх үндэслэлээр газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосноор нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж, хохирол учруулсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.
Нэхэмжлэлийн шаардлагыг нэгтгэн дүгнээд нэхэмжлэгчийн эзэмшиж буй газрыг өөрчилсөн, эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон шалтгаан, үндэслэлийг тодруулж, уг асуудлыг дахин шийдвэрлэх хүртэл Налайх дүүргийн Засаг даргын 2019 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн А/175 дугаар захирамжийн А.Цд холбогдох хэсгийг 3 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч А.Ц нь Налайх дүүргийн Засаг даргад холбогдуулан Налайх дүүргийн Засаг даргын 2019 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн А/175 дугаар захирамж, 2019 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 05/1745 тоот мэдэгдлийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд анх гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн зарим шаардлага болох Налайх дүүргийн Засаг даргын 2019 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 05/1745 тоот мэдэгдлийг хүчингүй болгуулах шаардлагаасаа татгалзсан болохыг дурдах нь зүйтэй.
Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд биечлэн оролцохгүй, эзгүйд нь хэргийг шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй талаар хүсэлтээ ирүүлсэн тул оролцуулахгүй хэргийг шийдвэрлэсэн болно.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3.1, 106.3.4, 106.3.11 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2, 35 дугаар зүйлийн 35.3.5, Авто замын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2, Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон Налайх дүүргийн Засаг даргын 2019 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн А/175 дугаар захирамжийн А.Цд холбогдох хэсгийг дахин шинэ акт гарах хүртэл 3 сарын хугацаатай түдгэлзүүлсүгэй.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд хариуцагчаас шинэ акт гаргаагүй бол уг маргаан бүхий Налайх дүүргийн Засаг даргын 2019 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн А/175 дугаар захирамж хүчингүй болохыг дурдсугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр 114.1-т зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.АДЪЯАСҮРЭН