Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 10 сарын 17 өдөр

Дугаар 141

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Оюун даргалж,

нарийн бичгийн дарга: С.Буянхишиг,

улсын яллагч: Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Долгион,

шүүгдэгч: С.Мөнхтөр, түүний өмгөөлөгч Х.Баатарбилэг /2156/

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Жорон овогт Сүхбаатарын Мөнхтөрд холбогдох эрүүгийн 2016 2602 1832 дугаартай хэргийг 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1987 оны 7 дугаар сарын 12-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Рэд вүүд” ХХК-д барилгын даамал ажилтай, ам бүл 4, эхнэр, 0-6 насны 2 хүүхдүүдийн хамт Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, Зв хэсэг, Улиастайн 734 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, регистрийн дугаар ЖЮ 87071216, Жорон овогт Сүхбаатарын Мөнхтөр.

 

Шүүгдэгч С.Мөнхтөр нь согтуугаар 2016 оны 6 дугаар сарын 19-ний өдөр Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Парис” караокены гадна бусдыг илтэд үл хүндэтгэн иргэн Б.Азмөнхийн толгойн тус газарт шалтгаангүйгээр гараар цохиж, бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулж догшин авирлаж танхайрсан гэмт хэрэгт холбогджээ. (яллах дүгнэлтэд бичигдсэнээр)

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч-С.Мөнхтөр мэдүүлэхдээ:

Тэр өдөр манай найзууд надад хүүтэй болсонд баяр хүргэж, энэ баярыг тэмдэглэж “Парис” караокед орсон. Тэнд бид дөрвүүлээ 2 шил архи уусан. Тухайн үед би цагаан цамц, жинсэн өмд өмссөн байсан. Тэгээд халууцаад байхаар цамцаа тайлсан. Би караокенаас гараад найз нар руугаа явах замдаа хохирогч Б.Азмөнхтэй тааралдаж, түүний толгой руу цохисон байсан. Энэ талаар сайн мэдэхгүй байна. Би архи ууж, согтуурснаас бусдын бие махбодид гэмтэл учруулсандаа маш их гэмшиж байна. Би хохирогч Б.Азмөнхөөс уучлалт гуйж, эмчилгээний зардал, гэм хорын хохиролд 1 360 000 төгрөг төлсөн. Хөнгөн ял оногдуулна уу гэв.

 

Мөрдөн байцаалтад хохирогч-Б.Азмөнх мэдүүлэхдээ:

“...би эхнэр болон ажлынхаа газрын хүмүүсийг хүлээх зуураа тэр залуугийн зогсож байсан зүг буюу караокены орох хаалганаас ертөнцийн зүгээр баруун тийш 10-15 орчим алхам зайтай газар руу хараад зогсож байтал тэр эрэгтэй над руу ирээд юу ч хэлэлгүйгээр миний толгойн зүүн дээд талын хэсэг руу нэг удаа гараараа чанга цохисноос би газар цементэн зам дээр толгойгоороо унасан. Үүнээс хойш юу болсон талаар мэдэх зүйл байхгүй. Ямар ч байсан дээгүүрээ нүцгэн, доогуураа хар хөх өнгийн жинсэн өмд өмссөн, духан дээрээ хавдчихсан юм шиг бондгортой, махлагдуу бор царайтай 27 орчим настай гэмээр залуу байсан. Би С.Мөнхтөрөөс 1 360 000 төгрөг авсан. Надад учирсан хохирол нөхөн төлөгдсөн. Одоо миний биеийн байдал сайн байгаа тул гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй” гэжээ. (хэргийн 8-11 дүгээр хуудас)

 

Мөрдөн байцаалтад гэрч-Б.Ариунтулга мэдүүлэхдээ:

“...Бид нар тооцоогоо төлчихөөд 1-2 минутын дараа караокеноос гарахад караокены хаалганаас 10 орчим алхам газарт автомашины зогсоол болох цементэн зам дээр Б.Азмөнх ах гараараа толгойгоо барьчихсан, толгойноос нь нэлээн их хэмжээний цус гарчихсан сууж байсан ба хажууд нь 3-4 залуучууд байсан. Тэр залуучуудын нэг нь Б.Азмөнх ах руу дайраад байсан. Тэгээд ахаас юу болсон талаар асуухад “миний толгой руу хүн цохиод, би уначихлаа” гэсэн зүйл хэлээд цэнхэр өнгийн жинсэн өмд өмссөн дээгүүрээ нүцгэн махлагдуу, бор царайтай эрэгтэй хүнийг заасан. Тэгээд Март цагдаа дуудаж, Б.Азмөнх ахын толгой руу цохьсон хүнийг барьж өгсөн” гэжээ.  (хэргийн 12 дугаар хуудас)

 

Мөрдөн байцаалтад гэрч-Д.Март мэдүүлэхдээ:

“...Б.Азмөнх ах “тамхи татаж байя” гэж хэлээд караокеноос түрүүлээд гарсан. Би удаагүй түүний араас гарахад караокены хаалганаас хэдхэн алхмын зайтай газарт Б.Азмөнх ах ганцаараа тамхи татаад зогсож байтал танихгүй, дээгүүрээ нүцгэн, цэнхэр өнгийн жинсэн өмд өмссөн, махлаг бор царайтай эрэгтэй хүн Б.Азмөнх ахын толгой руу гараараа цохиход ах шууд газарт толгойгоороо хүчтэй унасан. Тэгээд ахыг цохьсон залуугийн араас 3 залуу ирсэн, Б.Азмөнх ахыг цохьсон залууг салгаж аваад чирээд байсан. Тэр хүн ах руу дайраад байсан. Ямар ч шалтгаангүйгээр гэнэт л Б.Азмөнх ах руу ирээд дээгүүрээ нүцгэн цэнхэр өнгийн жинсэн өмд өмссөн бор царайтай махлагдуу залуу ахын толгой руу шалтгаангүйгээр цохьсон. Тэр залуу ямар ч мэдрэлгүй, согтуу байсан. Б.Азмөнх ахын толгой руу цохьсон хүнийг хараад танина” гэжээ. (хэргийн 13, 14 дүгээр хуудас)

 

Мөрдөн байцаалтад гэрч-Д.Одонгуа мэдүүлэхдээ:

“Б.Азмөнх тамхи татаад байж байя гээд түрүүлээд караокеноос гарсан. Би тооцоогоо хийчихээд 1-2 орчим минутын дараа караокеноос гарахад Б.Азмөнх караокены хаалганаас 10-15 метр зайтай газарт толгойгоо гараараа барьчихсан толгойн нь зүүн дээд талын хэсгээс цус гарсан сууж байсан. Түүний хажууд С.Мөнхтөр гэх согтуу залуу агсраад зогсож байсан” гэжээ. (хэргийн 15 дугаар хуудас)

 

Мөрдөн байцаалтад гэрч-Н.Баярсайхан мэдүүлэхдээ:

“2016 оны 6 дугаар сарын 19-ний өдөр С.Мөнхтөр нь караокеноос гарахдаа дээгүүрээ цээж нүцгэн, доогуураа цэнхэр өнгийн жинсэн өмд өмссөн байсан” гэжээ. (хэргийн 17 дугаар хуудас)

 

Мөрдөн байцаалтад гэрч-Т.Төмөрбаатар мэдүүлэхдээ:

“...тэгээд би утсаар яриад байж байтал караокены хаалганаас 7-8 метр орчим газарт манай найзууд бөөгнөрөөд хэн нэгэнтэй муудалцаад байх шиг байхаар нь би очиход С.Мөнхтөр газарт суучихсан, танихгүй 2 эмэгтэй хүн түүн  руу орилоод дайраад байх шиг байсан. С.Мөнхтөрийн ертөнцийн зүгээр зүүн талд нь машины цементэн зогсоол дээр танихгүй эрэгтэй хүн толгойгоо бариад сууж байсан ба толгойноос нь цус гарч байсан. С.Мөнхтөрийн гарт ямар нэг зүйл байгаагүй, тэр караокеноос гарахдаа дээгүүрээ цээж нүцгэн, цэнхэр өнгийн жинсэн өмд өмссөн байсан” гэжээ. (хэргийн 20 дугаар хуудас)

 

Мөрдөн байцаалтад гэрч-Б.Мөнх-Амгалан мэдүүлэхдээ:

“...Караокед ороод 0.75 литрийн савлагаатай “Евок” нэртэй архи 2 шилийг хувааж уугаад караокеноос гараад бид нар караокены гадаа зогсож байгаад би тамхи асаачихаад эргээд караокены хаалганы зүг харахад нэг үл таних эрэгтэй хүн ахын толгой хагалчихлаа гэж хашгираад байсан. Энэ үед караокены хаалганаас 10 гаруй метр зайтай газарт танихгүй эрэгтэй хүн доошоо суугаад байсан. Харин С.Мөнхтөр толгойгоо хагалуулсан гэх хүний ойролцоо зогсож байх шиг байсан. С.Мөнхтөр нь дээгүүрээ цээж нүцгэн, доогуураа цэнхэр өнгийн жинсэн өмд өмссөн байсан” гэжээ. (хэргийн 21-22 дугаар хуудас)

 

Мөрдөн байцаалтад шинжээч Ш.Цэцэгмаа мэдүүлэхдээ:

“Б.Азмөнхийн зүүн чамархайд шарх гэмтэл тогтоогдсон ба энэ нь гараар хүчтэй цохих үед үүсэх боломжтой гэмтэл” гэжээ. (хэргийн 27 дугаар хуудас)

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 8735 тоот дүгнэлтэд:

1. Б.Азмөнхийн биед зүүн чамархайд шарх гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

          4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. (хэргийн 26 дугаар хуудас)

 

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд:

С.Мөнхтөр ял шийтгэлгүй гэжээ. (хэргийн 37 дугаар хуудас)

 

ШҮҮХИЙН ДҮГНЭЛТИЙН ТАЛААР:

 

Шүүгдэгч С.Мөнхтөр нь 2016 оны 6 дугаар сарын 19-ний өдөр Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Парис” караокены гадаа олон нийтийн газар хохирогч Б.Азмөнхийг тамхи татаад зогсож байхад нь түүний халдашгүй, чөлөөтэй байх эрхэнд нь халдан, бусдыг илтэд үл хүндэтгэн ямар ч шалтгаангүйгээр хүч хэрэглэн зүүн чамархайн тус газар гараараа цохиж, бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулан, догшин авирлаж танхайрсан гэмт хэрэг үйлдсэн нь шүүгдэгчийн “би хохирогчийн толгой руу цохисноос түүнд хөнгөн гэмтэл учруулсан, тэр үед би халууцаад цамцаа тайлсан, жинсэн өмдтэй байсан” гэж үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,

 хохирогч Б.Азмөнхийн ...тэр эрэгтэй над руу ирээд юу ч хэлэлгүйгээр миний толгойн зүүн дээд талын хэсэг руу нэг удаа гараараа чанга цохисноос би газар цементэн зам дээр толгойгоороо унасан. Ямар ч байсан дээгүүрээ нүцгэн, доогуураа хар хөх өнгийн жинсэн өмд өмссөн, духан дээрээ хавдчихсан юм шиг бондгортой, махлагдуу бор царайтай 27 орчим настай гэмээр залуу байсан,

гэрч Б.Ариунтулгын ...цементэн зам дээр Б.Азмөнх ах гараараа толгойгоо барьчихсан, толгойноос нь нэлээн их хэмжээний цус гарчихсан сууж байсан ба хажууд нь 3-4 залуучууд байсан. Тэр залуучуудын нэг нь Б.Азмөнх ах руу дайраад байсан. Тэгээд ахаас юу болсон талаар асуухад “миний толгой руу хүн цохиод, би уначихлаа” гэсэн зүйл хэлээд цэнхэр өнгийн жинсэн өмд өмссөн дээгүүрээ нүцгэн махлагдуу, бор царайтай эрэгтэй хүнийг заасан,

гэрч Д.Мартын ...Б.Азмөнх ах ганцаараа тамхи татаад зогсож байтал танихгүй, дээгүүрээ нүцгэн, цэнхэр өнгийн жинсэн өмд өмссөн, махлаг бор царайтай эрэгтэй хүн Б.Азмөнх ахын толгой руу гараараа цохиход ах шууд газарт толгойгоороо хүчтэй унасан. Тэр залуу ямар ч мэдрэлгүй, согтуу байсан,

гэрч Д.Одонгуагийн ...Б.Азмөнх караокены хаалганаас 10-15 метр зайтай газарт толгойгоо гараараа барьчихсан толгойн нь зүүн дээд талын хэсгээс цус гарсан сууж байсан. Түүний хажууд С.Мөнхтөр гэх согтуу залуу агсраад зогсож байсан,

гэрч Н.Баярсайханы ...2016 оны 6 дугаар сарын 19-ний өдөр С.Мөнхтөр нь караокеноос гарахдаа дээгүүрээ цээж нүцгэн, доогуураа цэнхэр өнгийн жинсэн өмд өмссөн байсан,

гэрч Б.Мөнх-Амгалангийн ...караокены хаалганаас 10 гаруй метр зайтай газарт танихгүй эрэгтэй хүн доошоо суугаад байсан. Харин С.Мөнхтөр толгойгоо хагалуулсан гэх хүний ойролцоо зогсож байх шиг байсан. С.Мөнхтөр нь дээгүүрээ цээж нүцгэн, доогуураа цэнхэр өнгийн жинсэн өмд өмссөн байсан гэсэн мэдүүлгүүд, шинжээч Ш.Цэцэгмаагийн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 8735 тоот дүгнэлт зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.

 

Хохирогч Б.Азмөнхийг биеийн цээжин хэсэгтээ хувцас өмсөөгүй нүцгэн, доогуураа цэнхэр өнгийн жинсэн өмд өмссөн хүн цохисон бөгөөд тэр хүн нь шүүгдэгч С.Мөнхтөр мөн болох нь дээрх нотлох баримтаар тогтоогдсон болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзлээ.

 

С.Мөнхтөрийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн агуулсан,

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас шүүгдэгчийн гэмт үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн талаар шалгаж тогтоовол зохих зүйлүүдийг тогтоосон байна.

 

Иймд С.Мөнхтөрийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй.

 

Хохирогчийн эмчилгээний зардал, өвчтэй байсан хугацааны цалинд С.Мөнхтөр нь 1 360 000 төгрөгийг төлсөн, Б.Азмөнх миний биеийн байдал сайн байгаа тул гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Шүүгдэгчид ял оногдуулахдаа анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэргийг ял хөнгөрүүлэх, согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэнийг ял хүндрүүлэх нөхцөлд тус тус тооцов.

 

С.Мөнхтөр нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, түүний хувийн байдал, хохирогч гомдолгүй байгаа зэргийг харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж шүүх үзэж, уг ялыг тэнсэж, хянан харгалзав.