Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 12 сарын 06 өдөр

Дугаар 221/МА2023/0723

 

2023 оны 12 сарын 06 өдөр

Дугаар 221/МА2023/0723

Улаанбаатар хот

 

 

 

                               “Т*** у***” ХХК-ийн нэхэмжлэлтэй

                                            захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Д.Баатархүү,

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Г.Билгүүн,

Илтгэсэн шүүгч Г.Мөнхтулга,

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:

Нэхэмжлэгч,

Хэргийн оролцогчид:

Нэхэмжлэгч “Т*** у***” ХХК,

Хариуцагч Архангай аймгийн Засаг дарга,

Нэхэмжлэлийн шаардлага: Архангай аймгийн Засаг даргын 2023 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн А/244 дүгээр “Газар эзэмших эрхийг хүчингүй болгох тухай” захирамжийг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасан үндэслэлээр илт хууль бус болохыг тогтоолгох,

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн 109/ШШ2023/0019 дүгээр шийдвэр,

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.О***, өмгөөлөгч Б.Б***, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.А***,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Э***.

Хэргийн индекс: 109/2023/0011/З.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “Т*** у***” ХХК-иас Архангай аймгийн Засаг даргад холбогдуулан “Архангай аймгийн Засаг даргын 2023 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн А/244 дүгээр “Газар эзэмших эрхийг хүчингүй болгох тухай” захирамжийг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасан үндэслэлээр илт хууль бус болохыг тогтоолгох”-оор маргасан.

2. Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн 109/ШШ2023/0019 дүгээр шийдвэрээр “Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.3, Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.2, 38 дугаар зүйлийн 38.1, 61 дүгээр зүйлийн 61.1, Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.1 дэх заалтад заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Т*** у***” ХХК-ийн гаргасан Архангай аймгийн Засаг даргын 2023 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн А/244 дүгээр “Газар эзэмших эрхийг хүчингүй болгуулах тухай” захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэсэн.

3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчээс дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргасан. Үүнд:

3.1 Маргаан бүхий захирамжаар нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг хүчингүй болгохдоо ямар үйл баримт, хууль зүйн үндэслэлээр халдаж байгаа нь огт байхгүй, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн Засаг даргын захирамж гаргах эрхийн талаарх хэт ерөнхий заалтаар нэхэмжлэгчийн эрхэд халдсан үйлдлийг анхан шатны шүүх зөвтгөж, илт хууль бус шинж тогтоогдохгүй гэж үзсэн нь үндэслэлгүй,

 3.2 Хуульд үндэслээгүй талаар нэхэмжлэгч шаардлагаа тодорхойлсон байхад шүүх үйл баримт болон хууль зүйн үндэслэлийг нөхөн тогтоож, хүчингүй болгуулах шаардлагыг илт хууль бусад тооцуулах шаардлагад хэрэгжүүлэн шийдсэн нь шүүх хэргийн оролцогчдод тэгш хандах, шүүн таслах ажиллагааны нотлох чиг үүргийн тэгш байдлыг алдагдуулсан,

 3.3  Хуулийн тодорхой заалтыг хэрэглэлгүйгээр хариуцагч нэхэмжлэгчийн субьектив эрхийг хөндсөн хэмээн маргаж байхад хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд илт хууль бус гэж маргаж байгааг дүгнэж шийдвэрлэсэн нь буруу, өөрөөр хэлбэл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг зөрчсөн, хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийсэн,

3.4 Хариуцагч талаас өмнөх Засаг дарга нэхэмжлэгчийн газар эзэмших хүсэлтийг буруу шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг цуцалсан гэх тайлбар үндэслэлгүй, хариуцагч Засаг дарга хэн байхаас үл шалтгаалан Архангай аймгийн Засаг дарга гэсэн нэг л албан тушаал байна,

3.5 Маргаан бүхий газар нь Иргэний хэргийн шүүхийн шийдвэрийн дагуу хийгдсэн газар эзэмших эрх шилжих ажиллагаа байхад хариуцагч нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг шилжүүлэхдээ тус захирамжийн 2 дахь заалтаар газар эзэмших эрхийг өөртөө шилжүүлэх байдлаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэх зэрэг үндэслэлээр тайлбарлаж байна.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна.

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлоор  бүхэлд нь хянав.

2. Анхан шатны шүүх хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэв.

3. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд, маргаан бүхий Эрдэнэбулган сумын 7 дугаар баг, Тамир 7 хаягт байрлах 10.000 м.кв талбай бүхий газрыг анх Архангай аймгийн Засаг даргын 2018 оны А/80 дугаар захирамжаар “... аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 5 дугаар хуралдааны 7 дугаар тогтоолоор батлагдсан 2018 оны “Газар зохион байгуулалтын төлөвлөгөө”-г үндэслэн Архангай аймгийн Засаг даргын Тамгын газарт “Үйлдвэрлэлийн барилга, байгууламж, бусад газар” зориулалтаар 20 жилийн хугацаатай эзэмшүүлж, гэрээ байгуулж, гэрчилгээ олгосон.

 3.1 “Т*** у***” ХХК-иас 2022 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 01/23 дугаар албан бичгээр Архангай аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт, 2022 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 01/34 дугаартай албан бичгээр Архангай аймгийн Засаг даргын Тамгын газарт “...аймгийн иргэдийн хурлын 2017 оны 5 дугаар хуралдааны 7 дугаар тогтоолоор батлагдсан 2018 оны “Газар зохион байгуулалтын төлөвлөгөө”-ний дагуу аймгийн Засаг даргын 2018 оны 3 дугаар сарын 01-ний А/80 дугаар захирамжаар Ноосны үйлдвэр байгуулах зориулалтаар олгогдсон 10000 м.кв газрыг манай “Т*** у***” ХХК-ийн эзэмшилд яаралтай өгч биднийг үл хөдлөх хөрөнгөө улсын бүртгэлд бүртгүүлж ашиглах нөхцөл боломжоор хангаж өгөхийг хүсье” гэх хүсэлтийг гаргасныг үндэслэн Архангай аймгийн Засаг даргын 2022 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн “Газар эзэмших эрхийг бусдад шилжүүлэх тухай” А/512 дугаар захирамжаар маргаан бүхий газрыг “Т*** у***” ХХК-д 16 жилийн хугацаатай үйлдвэрлэлийн зориулалтаар эзэмшүүлсэн.

3.2 Улмаар, Архангай аймгийн Засаг даргын 2023 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн А/244 дүгээр “Газар эзэмших эрхийг хүчингүй болгох тухай” захирамжаар Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д “Засаг дарга энэ хууль болон бусад хууль тогтоомжид заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ өөрийн эрх хэмжээний хүрээнд хууль тогтоомжид нийцүүлэн захирамж гаргана”, 66.3-д “Засаг даргын захирамж хууль тогтоомжид нийцээгүй бол өөрөө, эсхүл дээд шатны Засаг дарга, Ерөнхий сайд хүчингүй болгоно” гэж тус тус заасныг үндэслэн аймгийн Засаг даргын 2022 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн А/512 дугаар захирамжийг хүчингүй болгон.

3.3 Маргаан бүхий газарт хийсэн шүүхийн үзлэгийн тэмдэглэл, хэрэгт нотлох баримтаар авагдсан Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 129/ШШ2021/00525 дугаар шийдвэр, Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 05 дугаар магадлалаар нэхэмжлэгч “Т*** у***” ХХК нь хариуцагч Архангай аймгийн Засаг даргатай 2018 онд ноос угаах үйлдвэрийн барилгын ажил гүйцэтгэхээр харилцан тохиролцон гэрээ байгуулж байсан. Маргаан бүхий газрыг “...төмөр торон хашаагаар тойруулан хашаалсан... дотор нь 1 давхар ногоон өнгийн 4 тал байшин, ... цэнхэр өнгийн дээвэртэй саарал өнгийн үйлдвэр бүхий объект ... бор өнгийн жижиг 4 тал объект” байрлаж байгаа гэх үйл баримт тогтоогджээ.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-т “...тус хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино”, 32 дугаар зүйлийн 32.1-т “Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ”, 106 дугаар зүйлийн 106.5-д “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” гэж тус тус заасан.

Энэ дагуу анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, хариуцагчийн татгалзлын үндэслэлд хамаарах нотлох баримтыг хэргийн оролцогчдын хүсэлт, өөрийн санаачилгаар бүрэн цуглуулсны үндсэн дээр нэхэмжлэгчийн эрх зүйн хамгаалалт хүсэж буй эрх, ашиг сонирхол нь хууль ёсны эсэх, хариуцагчийн татгалзал хууль зүйн үндэслэлтэй эсэхэд дүгнэлт өгч маргааныг шийдвэрлэх үүрэгтэй.

5. Тухайн тохиолдолд, анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн

шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэхдээ тухайн маргаан бүхий нөхцөл байдал үүсэх үндэс болсон “Т*** у***” ХХК нь Архангай аймгийн Засаг дарга хооронд байгуулсан 2018 оны ноос угаах үйлдвэрийн барилгын ажил гүйцэтгэх гэрээг хэрэгт нотлох баримтаар аваагүй,

маргаан бүхий газарт баригдсан үйлдвэрлэлийн зориулалт бүхий барилга байгууламжийг хэний хөрөнгөөр, хэн барьж гүйцэтгэсэн болох,

Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 129/ШШ2021/00525 дугаар шийдвэр, Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 05 дугаар магадлалаар нэхэмжлэгч “Т*** у***” ХХК-иас 187.500.000 төгрөгийг гаргуулан Архангай аймгийн Засаг даргад олгохоор шийдвэрлэсэн нь маргаан бүхий газарт баригдсан үйлдвэрлэлийн зориулалт бүхий барилга байгууламжтай холбоотой эсэх,

хариуцагчийн зүгээс маргаан бүхий захиргааны акт болох 2023 оны “Газар эзэмших эрхийг хүчингүй болгох тухай” А/244 дүгээр захирамжийг гаргахдаа хуульд заасан нөхцөл байдлыг тогтоох үүргийнхээ хүрээнд ямар ажиллагааг хийсэн талаарх хэрэгт хамааралтай, нотолгооны ач холбогдол бүхий баримтыг бүрэн цуглуулалгүй хэргийг шийдвэрлэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмын зөрчил гаргасныг давж заалдах шатны шүүхээс нөхөн залруулж хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байна.

6. Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3, 121.3.4-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн 109/ШШ2023/0019 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

        

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                      Д.БААТАРХҮҮ

                   ШҮҮГЧ                                                      Г.БИЛГҮҮН

 

                              ШҮҮГЧ                                                      Г.МӨНХТУЛГА