Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Гэндэнгийн Алгирмаа |
Хэргийн индекс | 136/2017/00040/и |
Дугаар | 248 |
Огноо | 2017-06-27 |
Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 06 сарын 27 өдөр
Дугаар 248
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Алгирмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:
Хүсэлт гаргагч: Дорноговь аймаг * тоотод оршин суух Б овогт Н.Г /РД: */-ийн хүсэлттэй
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Я.Эрдэнэ-Уянга нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Н.Г нь Дорноговь аймгийн Хажуу улаан тосгоны Ахуй үйлчилгээнд 1984 оны 06 дугаар сарын 13-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд оёдолчноор ажиллаж байсан. Гэтэл хөдөлмөрийн дэвтрээ үрэгдүүлсэн бөгөөд ажилд томилогдож, чөлөөлөгдсөн тушаалыг нь архиваас авах гэхээр Хажуу улаан тосгоны Ахуйн үйлчилгээний архивын баримтууд шатаж үрэгдсэн тул лавлагаа гарах боломжгүй байгаа. Иймд Н.Г Дорноговь аймгийн Хажуу улаан тосгоны Ахуй үйлчилгээнд 1984 оны 06 дугаар сарын 13-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд оёдолчноор ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Н.Г Дорноговь аймгийн Хажуу улааны Ахуй үйлчилгээнд 1984 оны 06 дугаар сарын 13-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд оёдолчноор ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн бөгөөд хэрэгт дараах нотлох баримтууд авагджээ. Үүнд:
1. Дорноговь аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 23 тоот албан бичигт ... Тус архивын сан хөмрөгт Дорноговь аймгийн Хажуу улааны Ахуй үйлчилгээний газрын баримт шилжиж ирээгүй тул Н.Г холбогдох лавлагааг гаргах боломжгүй байна гэжээ. /хх-4 дүгээр тал/,
2. Дорноговь аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2017 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 441 тоот албан бичигт ... Тус архивын сан хөмрөгт Дорноговь аймгийн Хажуу улааны Ахуй үйлчилгээний 1989-1993 оны даргын тушаал, цалингийн баримт хадгалагддаг баг 1989 оноос өмнөх баримт шилжиж ирээгүй тул Н.Г холбогдох лавлагааг гаргах боломжгүй байна гэжээ. /хх-24 дүгээр тал/,
3. Гэрч Д.Х нь Дорноговь аймгийн Хажуу улааны Ахуй үйлчилгээнд 1987-1992 оныг хүртэлх хугацаанд няраваар ажиллаж байсныг нотлох 1969 оны 07 дугаар сарын 06-ны өдөр нээж олгосон хөдөлмөрийн дэвтрийн нотариатчаар батлуулсан хуулбар /хх-12-16 дугаар тал/,
4. Гэрч Ц.Г нь Дорноговь аймгийн Хажуу улааны Ахуй үйлчилгээнд 1981-1987 оныг хүртэлх хугацаанд ажиллаж байсныг нотлох 1974 оны 06 дугаар сарын 11-ний өдөр нээж олгосон хөдөлмөрийн дэвтрийн нотариатчаар батлуулсан хуулбар /хх-8-9 дүгээр тал/,
5. Гэрч Д.Х шүүхэд өгсөн ... Намайг 1987 онд ажилд ороход Н.Ганганмаа нь Дорноговь аймгийн Хажуу Улаан сумын Ахуй үйлчилгээний төвд оёдолчноор ажиллаж байсан. Түүнээс хойш 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл ажилласан. Д.Х ажилд томилогдож, чөлөөлөгдсөн он, сар, өдрийг санахгүй байна гэх мэдүүлэг /хх-22 дугаар тал/,
6. Гэрч Ц.Г шүүхэд өгсөн ... Н.Г нь Дорноговь аймгийн Хажуу Улаан сумын Ахуй үйлчилгээний төвд 1984 оноос 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд оёдолчноор ажиллаж байсан. Н.Г нь жижигхэн биетэй, ажилдаа сайн охин байсныг санаж байна гэх мэдүүлэг /хх-23 дугаар тал/,
Хүсэлт гаргагч Н.Г нь хөдөлмөрийн дэвтрээ гээгдүүлсэн, ажилд томилогдож, чөлөөлөгдсөн тушаал өөрт нь болон архивын байгууллагад хадгалагдаагүй болох нь архивын магадлагаа, хүсэлт гаргагчийн тайлбараар нотлогдож байна. Иймд хүсэлт гаргагчийн хүсэлтийг хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэн шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Харин гэрчүүдийн мэдүүлэгт хүсэлт гаргагчийн ажилд томилогдож, чөлөөлөгдсөн сар, өдрийг тодорхой зааж мэдүүлээгүй боловч хамт ажиллаж байсан талаараа мэдүүлсэн түүнчлэн хүсэлт гаргагчийн ажилд томилогдож, чөлөөлөгдсөн хугацааг тодорхойлох бичгийн баримт хэрэгт авагдаагүй буюу олдохгүй болох нь нотлогдож байх тул хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан Н.Г нь 1984 оны 06 дугаар сарын 13-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд оёдолчноор ажиллаж байсан гэх тайлбарт үндэслэн түүнийг 1984 оны 06 дугаар сарын 13-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд оёдолчноор ажиллаж байсан байна гэж үзлээ.
Хүсэлт гаргагч Н.Г нь Дорноговь аймгийн Хажуу улааны Ахуй үйлчилгээнд 1984 оны 06 дугаар сарын 13-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд оёдолчноор ажиллаж байсан нь гэрчийн мэдүүлэг, хүсэлт гаргагчийн тайлбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Иймд дээрх нотлох баримтуудад үндэслэн хүсэлт гаргагч Н.Ганганмааг Дорноговь аймгийн Хажуу улааны Ахуй үйлчилгээнд 1984 оны 06 дугаар сарын 13-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд оёдолчноор ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч Н.Г улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар хүсэлт Б овогт Н.Г Дорноговь аймгийн Хажуу улааны Ахуй үйлчилгээнд 1984 оны 06 дугаар сарын 13-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд оёдолчноор ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч Н.Г улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш хүсэлт гаргагч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба хүсэлт гаргагч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.АЛГИРМАА