Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Эрдэнийн Одхүү |
Хэргийн индекс | 180/2022/0120/Э |
Дугаар | 2022/ШЦТ/120 |
Огноо | 2022-05-24 |
Зүйл хэсэг | 17.1.2.1., |
Улсын яллагч | Б.Н |
Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн
2022 оны 05 сарын 24 өдөр
Дугаар 2022/ШЦТ/120
2022 оны 05 сарын 24 өдөр 2022/ШЦТ/120 Хэрлэн сум
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 180/2022/0120/Э
Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Одхүү даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Улсын яллагч Б.Нарангэрэл
Хохирогч П.М
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Төгсбаяр
Шүүгдэгч О.Д нарыг оролцуулан шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Г.Урантуяагаар хөтлүүлж,
Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Нарангэрэлээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О.Д-д холбогдох 2239000000088 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт :
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч О.Д нь 2022 оны 01 дүгээр сарын 31-ний шөнө 23 цагийн орчим Хэнтий аймгийн ............ байрлах хохирогч П.М-ийн хүн амьдрах зориулалттай монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн орж бөөгийн зан үйлд ашигладаг 150.000 төгрөгний үнэ бүхий 108 ширхэг модон эрх, 400.000 төгрөгний үнэ бүхий мөнгөн эдлэлээр хийсэн бөөгийн толь зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж нийт 550.000 төгрөгний хохирол учруулсан,
- 2022 оны 02 дугаар сарын 02-ны өдөр 21 цагийн орчим Хэнтий аймгийн Хэрлэн сумын 5 дугаар баг ............... байрлах хохирогч П.М-ийн хүн амьдрах зориулалттай монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн орж 4 ширхэг 10.000 төгрөгний дэвсгэрт, 4 ширхэг 5000 төгрөгний дэвсгэртийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар хулгайлж нийт 60.000 төгрөгний хохирол учруулсан,
- 2022 оны 02 дугаар сарын 05-ны өдөр 20 цагийн орчим Хэнтий аймгийн Хэрлэн сумын 5 дугаар баг ................. хохирогч П.М-ийн хүн амьдрах зориулалттай монгол гэрийн хаалганы цоожийг хурц ирмэгтэй мохоо зүйлээр эвдэн орж бөөгийн зан үйлд ашигладаг 33 нэр төрлийн эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар хулгайлж 9.231.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны үед дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүх хуралдааны үед хохирогч П.М нь “алдсан эд зүйлсээ бүрэн хүлээж авсан, модон морь, янгир, үхэр зэргийг эвдэлсэн байсан тул эдгээрийн үнийг үнэлгээгээр тогтоогдсон үнээр нь нэхэмжилнэ, мөн бэлнээр алдсан 60.000 төгрөгөө нэхэмжилнэ, тухайн гэрт хүн амьдардаггүй, бөөгийн зан үйл явуулахад ашигладаг гэр юм” гэжээ.
Шүүгдэгч О.Д нь “гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэжээ.
Мөрдөн байцаалтын үед:
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 107-110 хуу/
Хохирогч П.М-ийн өгсөн: ...Би Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг А19-6 тоотод эхнэр 2 хүүхдийн хамт амьдардаг. Би 2022 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 11 цагийн үед Хэрлэн сумын 5 дугаар багийн .............. тахилын гэртээ орж гэрээ цэвэрлэхэд гэрийн хойд талын унинд 108 ширхэг модоор хийсэн эрх, мөнгөн эдлэлээр хийсэн толь зэрэг өлгөөтэй байсан. Тэгээд 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдөр гэрээ ирэхэд гэрийн хаалганы цоожийг төмөр зүйлээр цохиж эвдэлсэн байсан. Тэгээд би гэртээ орж үзэхэд гэрийн хойд талд өлгөөтэй байсан 108 ширхэг модоор хийсэн эрх, мөнгөн эдлэлээр хийсэн толь зэрэг хулгайд алдагдсан байсан. Тэгээд би цагдаагийн байгууллагад мэдэгдэх гэж байгаад сар шинэ болж байсан болохоор баярын дараа өгье гэж бодоод би цагдаагийн байгууллагад мэдэгдсэн...Би хулгайд алдсан бүх зүйлээ эргүүлж авсан. Гэхдээ модон морь, үхэр, янгир зэрэг нь эргүүлж авахад эвдэрчихсэн байсан. бусад зүйлийг бүрэн бүтэн хүлээж авсан байгаа....О.Д бол миний ээж Сэлэнгийн төрсөн дүү Оюунцэцэгийн хүү байгаа юм...гэх мэдүүлэг /хх-ийн 08-10 хуу/
Гэрч Б.Бямбадолжингийн өгсөн:...Би Хэнтий аймаг Хэрлэн сумын 4 дүгээр багийн Цацал 09-01 тоот хашаанд нөхөр хүүхдийн хамт амьдардаг. Би Д гэх залуутай 2022 оны 01 дүгээр сард танилцсан. Тэгээд 01 дүгээр сарын 13-ны өдөр Д хонох газар байхгүй гэхээр нь би өөрийн гэртээ авчирч хамт амьдарсан. Тэгээд 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Д би бөөгийн шашны хүн байгаа юм манай ээж миний бөөгийн эд зүйлийг явуулсан гэж байна би яваад аваад ирэе гээд 21 цагийн үед манай гэрээс гараад явсан. Тэгээд 24 цагийн үед манай гэрт ирэхдээ модоор хийсэн хар өнгийн эрх, мөнгөн эдлэлээр хийсэн толь зэрэг эд зүйл авчирсан. Тэгээд би ямар учиртай эд зүйл болох талаар Дашнямаас асуухад ээжийн явуулсан миний өөрийн эд зүйл гэж хэлсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 14-15 хуу/
О.Д-ын яллагдагчаар өгсөн:... 2022 оны 01 дүгээр срын 31-ний өдөр би өөрийн найз охин болох Бямбадолжингийн гэрт буюу Хэнтий аймгийн Хэрлэн сум 5-р баг Цацалын 9-1 тоотод байж байгаад орой ойролцоогоор 23 цагийн үед гарч агаарламаар санагдаад найз охины гэрээс ганцаараа гараад хойшоо Хэрлэн хороололд үйл ажиллагаа явуулдаг “Жүрж” дэлгүүр рүү явж байтал гэнэт хамаатан болох М ахын гэр рүү буюу Саригийн 16-3 тоотод очиж гэрт нь байсан бөөгийн эд зүйлийг авмаар санагдаад тэдний гадаа очтол гэр нь цоожтой байсан. Тэгэхээр нь тэдний хашааг баруун урд талаар нь давж ороод гэрийнх нь төмөр цоожийг тэдний гэрийн зүүн хойд талд нь газарт хэвтэж байсан нарийхан төмрийг авч цоожийг хөштөл онгойхоор нь гэр рүү нь орж гэрийнх нь унинд хавчуулаастай байсан эрх болон мөнгөн толь зэргийг аваад тэдний гэрээс гарч цоожийг нь түлхэх гээд цохьтол гарнаас цус гарахаар нь зүүж орхичихоод эргэж хашааг нь давж гараад найз охин Бямбадолжингийн гэрт очсон...гэх мэдүүлэг /хх-ийн 61 хуу/
З.Бямбадолжингоос мөнгөн толь 1 ширхэг, 108 ширхэг хар модоор хийсэн эрх зэргийг хураан авсан тэмдэглэл /хх-ийн 43 хуу/
Хохирогч П.М-д 1 ширхэг мөнгөн эдлэлээр хийсэн толь, маанийн эрх 1 ширхэгийг хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 29 хуу/
Хохирогч П.М-ийн алдсан толь, эрхиний үнэлгээг 550.000 төгрөгөөр тогтоосон Хөрөнгийн үнэлгээний Фэйр Валуэшн ХХК-ий шинжээчийн 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 2022/ШД-44 дугаартай дүгнэлт /хх-ийн 35-37 хуу/
Хохирогч П.М-д өгсөн:... Хэрлэн сум 5 дугаар баг Саригийн 16-03 тоотод манай хүн байдаггүй бөөгийн хэрэгсэл байдаг гэр байдаг юм. Би нөхрийн хамт 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдөр тэр гэртээ очиход хаалганы цоожны цүү эвдэрчихсэн, тахилын эрх, толь 2 байхгүй байсан. Нөхөр бид хоёр гайгүй биз гээд хаалгаа түгжээд явсан. Тэгээд ахиад гэрээ эргээд 2022 оны 02 дугаар сарын02-ны өдөр очиход дахиад цоож эвдээд хун орчихсон байсан. Би гэр рүүгээ ороод харахад миний 60.000 төгрөгийг хүн аваад явсан байсан. Би тэгээд цагдаагийн байгууллагад өргөдөл гаргасан...гэх мэдүүлэг /хх-ийн 75-76 хуу/
Гэрч З.Бямбадолжингийн өгсөн:...Д гэх залуу манай гэрт 2022 оны 01 дүгээр сараас хойш хамт амьдарч байгаа. Би 2022 оны 02 дугаар сарын 02-ны өдөр найзуудтайгаа гадуур явж байгаад 24 цагийн үед Д-ыг намайг Цахилгаан станцын хажууд ирээд авчих гэж хэлсэн. Тэгээд Д намайг ирж аваад манай гэрт очиж хоносон. Тухайн үед Д надад мөнгө байхгүй байна 1 хайрцаг тамхи аваад ирээч гэж хэлсэн. Тэгээд 02 дугаар сарын 03-ны өглөө болоод байж байхад Д куртикныхаа халааснаас 10000 төгрөг, 5000 төгрөгийн мөнгөн дэвсгэрт гаргаж ирээд тоолж байсан. Тухайн үед би ямар мөнгө талаар асуухад манай ээж цагаан сарын бэлэг гэж явуулсан юм гэж хэлсэн. Тэгээд Д дэлгүүр явж ундаа гоймон зэрэг идэх уух юм авчирсан...гэх мэдүүлэг /хх-ийн 90-91 хуу/
О.Д-ын яллагдагчаар өгсөн:... 2022 оны 02 дугаар сарын 02-ны орой ойролцоогоор 21 цагийн орчимд би найз охин Бямбадолжингийн гэрээс ганцаараа гараад дахин Хэнтий аймаг Хэрлэн сум 5-р баг Сариг 16-3 тоотод очсон. Тэгээд хашааны гаднаас гэр рүү харахад хашаан дотор 2 гэр байх ба баруун талынх нь монгол гэр нь цоожтой байхаар нь очоод гэрийнх нь хажууд байсан төмөр зүйлээр цоожийг хөшиж онгойлгоод гэрт ороход хойд талын адвар дээр зул асаалттай байхаар нь гаднаас хүн ороод ирж магадгүй гэж бодоод авдар дээр байсан 10000 төгрөгийн 4 ширхэг дэвсгэрт, 5000-тийн 4 ширхэг дэвсгэрт нийт 60000 төгрөг аваад тэндээс шууд гарч найз охиныхоо гэрт ирсэн...гэх мэдүүлэг / хх-ийн 89 хуу/
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 107-110 хуу/
Хохирогч П.М-ийн өгсөн:... Би 2022 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 17 цагийн үед Хэрлэн сумын 5 дугаар багийн Сариг 16-03 тоотод тахилгын гэртээ орж зул барихад бүх зүйл хэвийн байсан. Тэгээд 02 дугаар сарын 06-ны өдрийн 03 цагт миний гар утас руу хадам аав залгаад тахилын гэрт чинь хулгай орсон байна хаалганы цоожны цүүцийг нь татаад онгойлгосон байна гэж над руу залгасан. Манай гэрт эхнэр бид хоёрын сахиусны дээл болон эдлэл хэрэгсэл байсан. Тэгээд би 05 цаг 50 минутын үед гэртээ ирэхэд манай эхнэрийн сахиусны дээл, тахил дээр байрлах мөнгөн аяга болон бусад хэрэгсэл байсан харин миний авдар дээр байсан 1 ширхэг нь 25.000 төгрөгийн үнэтэй 3 ширхэг гуулин цөгц, 110.000 төгрөгийн үнэтэй 11 ширхэг жижиг гуулин тагш, 150.000 төгрөгийн үнэтэй модоор хийсэн морь 1 ширхэг, 50.000 төгрөгийн үнэтэй модоор хийсэн үхэр 1 ширхэг, 60.000 төгрөгийн үнэтэй модоор хийсэн янгир 1 ширхэг, 250.000 төгрөгийн үнэтэй төмөр толгойтой хар эрээн модоор хийсэн 45 см урттай гаанс, 185.000 төгрөгийн үнэтэй гуулин тавцантай цэсээр хийсэн жижиг тулга, 40.000 төгрөгийн үнэтэй хөнгөн цагаан жижиг тогоо, 450.000 төгрөгийн үнэтэй 10 метр хүрэн өнгийн торго, 20.000 төгрөгийн үнэтэй 5 өнгийн хадаг, 20.000 төгрөгийн үнэтэй 8 тахилт цайны идээ, 350.000 төгрөгийн үнэтэй орчин үеийн хээтэй хутга, 17.000 төгрөгийн үнэтэй 0.5 грамм шар Чингис архи, 150.000 төгрөгийн үнэтэй эсгийгээр хийсэн урц, 250.000 төгрөгийн үнэтэй тахилын хөөрөг, 580.000 төгрөгийн үнэтэй 15 см тойрогтой мөнгөн толь, 85.000 төгрөгийн үнэтэй 20 см тойрогтой зэсээр хийсэн толь, 1.500.000 төгрөгийн үнэтэй 108 ширхэг цагаан шүрээр хийсэн эрх, 200.000 төгрөгийн үнэтэй 108 ширхэг хүрэн модоор хийсэн эрх, 800.000 төгрөгийн үнэтэй мөнгөн суварга, нүд, толь, 21 ширхэг тас шувууны өд, 27 ширхэг хар эрээн унжлага, хар утсаар хийсэн 50 см урт цацаг зэргээр хийсэн ногоон эрээн луу хээтэй малгай, 1.600.000 төгрөгийн үнэтэй баруун зүүн бугалга дээрээ зэс буруу хас тэмдэг, зөв энгэртэй гуулин зүрхэвч, 21 ширхэг гуулин холбиг, баруун ханцуйн дээрээ 3 ширхэг гуулин толь, ар нуруун дээрээ гуулин могойгоор сийлсэн эдлэл, 3 ширхэг гуулин холби, төмөр алх, дөш, бахь, дөрөө, жад, 108 ширхэг цагаан шүрэн толгойтой хар эрээн могойн унжлага зэрэг эд зүйлээр хийсэн луу хээтэй ногоон эрээн торгон дээл, 500.000 төгрөгийн үнэтэй 9 ширхэг хонхтой хэц, 600.000 төгрөгийн үнэтэй 64 хээтэй монгол гутал, 50.000 төгрөгийн үнэтэй хүрэн торгон өмд, 70.000 төгрөгийн үнэтэй цамц, 250.000 төгрөгийн үнэтэй дунд гарын цулгай мөнгөн аяга, 60.000 төгрөгийн үнэтэй 2 ширхэг том модон тагш аяга, 80.000 төгрөгийн үнэтэй модон таваг, 60,000 төгрөгийн үнэтэй модон тойвор, 600,000 төгрөгийн үнэтэй гуулин толгойтой бугын эвэртэй бардаг, 150,000 төгрөгийн үнэтэй 7 өнгийн торгоор хийсэн манжига, 60,000 төгрөгийн үнэтэй 45 см урттай суран ташуур, 350.000 төгрөгийн үнэтэй бардаг, 180,000 төгрөгийн үнэтэй манжига, 450.000 төгрөгийн 108 ширхэг могой, 40.000 төгрөгийн үнэтэй эсгий гэр, 130.000 төгрөгийн үнэтэй том чемодан зэрэг эд зүйл хулгайд алдсан...гэх мэдүүлэг /хх-ийн 115-117 хуу/
Гэрч З.Бямбадолжингийн өгсөн:... 2022 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Д манай гэрт зурагт үзээд сууж байгаад орой 19 цагийн үед Улаанбаатар хотоос миний бөөгийн эд зүйлийг замын унаанд хийгээд явуулсан гэж байна би яваад өөрийн эд зүйлээ аваад ирье гэж хэлээд явсан. Тэгээд 21 цагийн үед том хүрэн бор өнгийн чемодантай зүйл мөн бөөгийн хэцтэй хамт авчирсан байсан. Д тухайн чемодантай зүйлийг онгойлгож маш олон төрлийн эд зүйлүүд гаргаж ширээн дээр тавьсан. Би тухайн эд зүйлүүдийн ямар учиртай юу болохыг мэдэхгүй байна. Би Д-ыг бөөгийн шашны хүн байна гэж бодож байсан. Тэгээд маргааш өглөө нь Д тухайн чемоданд байсан монгол гутлыг өмсөөд гэрээс гарч яваад ирээгүй. Тэгээд би Дашнямын 86870047 гэх дугаар руу залгаж асуухад цагдаа нар намайг хайж байгаа гэж хэлээд утсаа салгасан. Тэгээд би тухайн эд зүйлийг хулгайн эд зүйл байна гэж бодоод ширээн дээр байсан эд зүйлүүдийг хүрэн бор өнгийн чемоданд хийгээд цагдаагийн байгуулагад хүлээлгэж өгөх гээд Хэрлэн сумын 4 дүгээр багийн “Зүүн зах” худалдааны төвийн хажууд явж байхад цагдаагийн алба хаагч нар ирээд надаас хурааж авсан...гэх мэдүүлэг /хх-ийн 120-121 хуу/
З.Бямбадолжингоос эд зүйл хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 126-134 хуу/
П.М-д 42 тооны эд зүйлсийг хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 135-136 хуу/
О.Д 64 хээтэй бор хүрэн өнгийн монгол гутлыг хураан авсан тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 139-141 хуу/
Хохирогч П.М-д 64 хээтэй бор хүрэн өнгийн монгол гутлыг хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 142 хуу/
Хохирогч П.М-ийн алдсан эд зүйлсийн үнэлгээг 9.231.000 төгрөгөөр тогтоосон Хөрөнгийн үнэлгээний Фэйр Валуэшн ХХК-ий шинжээчийн 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 2022/ШД-57 дугаартай дүгнэлт /хх-ийн 186-190 хуу/
О.Д-ын яллагдагчаар өгсөн:... Би өмнөх 2 хулгайн үйлдлийнхээ дараа 2022 оны 02 дугаар сарын 05-ны өдөр ойролцоогоор орой 20 цагийн үед дахин Хэнтий аймгийн Хэрлэн сум 5- р баг Сариг 16-3 тоотод бөөгийн эд зүйл байвал авах зорилгоор очиход баруун талын гэр нь мөн л цоожтой байсан. Тэгээд дахин гэрийн хажуу талаас жижиг төмөр авч цоожийг хөшиж онгойлгоод гэр рүү ороод гэрийн хойд хана дагуу байсан саарал өнгийн том чемодаманд гэрт байсан монгол хос гутал, гэрийн зүүн талд байсан хайрцаг дотроос 1 ширхэг мөнгөн аяга, өлгүүрт өлгөөтэй байсан бөөгийн дээл-1 ширхэг, дээлийн ар талд өлгөөтэй байсан бугын зурагтай хэц 1 ширхэг, суран эдлэл, мөн авдар дээр байсан тахилгын эд зүйлсийг бүгдийг нь аваад нөгөө саарал чемдомандаа хийгээд гэрээс гарч хойд хашааг даваад чемдомтай эд зүйлсээ найз охин Бямбадолжингийн гэрт аваачсан. Тэгээд тухайн үед манай найз охин надаас хаанаас ийм эд зүйлс авчираад байгаа юм бэ гэж асуухад нь би Улаанбаатар хотоос бөөгийн багш маань явуулсан юм гэж хэлсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 208-209 хуу/
О.Д-ын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 49 хуу/
О.Д нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас / хх-ийн 30, 83 хуу/
Хохирогч П.М-ийн гаргасан “О.Д нь 260.000 төгрөгийн хохирол барагдуулсан тул нэхэмжлэх зүйлгүй тухай” нотариатаар батлуулсан тодорхойлолт / хх-ийн 249 хуу/
Хавтаст хэргийн материал танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 213-215 хуу/ зэрэг болно.
Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүгдэгч О.Д-д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн болно.
Шүүх хуралдаанаар шинжлэн судласан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч О.Д нь 2022 оны 01 дүгээр сарын 31-ний шөнө 23 цагийн орчим Хэнтий аймгийн Хэрлэн сумын 5 дугаар баг ............ байрлах хохирогч П.М-ийн монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн орж бөөгийн зан үйлд ашигладаг модон эрхи, мөнгөн эдлэлээр хийсэн бөөгийн толь зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 550.000 төгрөгний хохирол учруулсан,
2022 оны 02 дугаар сарын 02-ны өдөр 21 цагийн орчим Хэнтий аймгийн Хэрлэн сумын 5 дугаар баг ................ байрлах хохирогч П.М-ийн монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн орж 60.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авсан,
- 2022 оны 02 дугаар сарын 05-ны өдөр 20 цагийн орчим Хэнтий аймгийн Хэрлэн сумын 5 дугаар баг ....... байрлах хохирогч П.М-ийн монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн орж бөөгийн зан үйлд ашигладаг 33 нэр төрлийн эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 9.231.000 төгрөгний хохирол учруулсан нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.
Шүүгдэгч нь шүүх хуралдааны үед гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн бөгөөд түүний мэдүүлэг нь хэрэгт авагдсан хохирогч, гэрчүүдийн мэдүүлгээр нотлогдож байгаа, шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нь гэм буруу болон хэргийн зүйлчлэл, учруулсан хохирол, хор уршгийн хувьд маргаагүй болно.
Хэрэгт авагдсан хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлд...тус хашаа руу ороход хашаан дотор 2 монгол гэр байх ба...тус гэр нь саарал өнгийн хээтэй хаалгатай байх ба тус хаалга нь төмөр цоожтой гэрийн эзнээр хаалгыг онгойлгуулж ороход гэрийн доторх байдал эмх замбараатай гэрийн хойд хэсэгт хана дагуу хүрэн өнгийн модон ширээн дээр бөөгийн эд хэрэгсэл өлгөөтэй байх ба тэр ширээн дээр байсан гэх бөөгийн толь алдагдсан газрыг 1 гэж дугаарлаж .. гэж тусгасан байх ба уг гэрийн гадна, дотор байдлыг харуулсан гэрэл зураг, гэрч, хохирогч, яллагдагч нарын мэдүүлэгээс үзэхэд уг гэрийг хүн үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр гэж үзэх үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч О.Д-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан буюу хулгайлах гэмт хэргийг хүн үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй байна гэж дүгнэв.
Хохирогчийн алдсан эд зүйлсийг мөрдөн байцаалтын үед олж хохирогчид хүлээлгэн өгсөн байх бөгөөд хохирогчийн шүүх хуралдааны үед нэхэмжилсэн 260.000 төгрөгийг /бэлэн 60.000 төгрөг, модон морь, үхэр, янгирын үнэ 200.000 төгрөг/ шүүгдэгчээс гаргуулах үндэслэлтэй гэж үзсэн болно.
Шүүгдэгч нь шүүхээс тогтоосон хохирлыг төлөх талаар хүсэлт гаргасны дагуу шүүх хуралдааныг завсарлуулсан бөгөөд шүүгдэгч нь тогтоогдсон хохирлыг төлсөн болох нь хохирогч П.М-ийн гаргасан “О.Д нь 260.000 төгрөгийн хохирол барагдуулсан тул нэхэмжлэх зүйлгүй тухай” нотариатаар батлуулсан тодорхойлолт / хх-ийн 249 хуу/ Төрийн банкны харилцах дансны харилцагчийн хуулга /хх-ийн 250 хуу/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Улсын яллагчаас эрүүгийн хариуцлагын хуралдаанд шүүгдэгч О.Д-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах дүгнэлтийг тус тус гаргасан.
Шүүгдэгч О.Д-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ учруулсан хохирлыг төлсөнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, учруулсан хохирлоо төлсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1 жил 3 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж үзэв.
Шүүгдэгч О.Д нь энэ хэрэгт 2022 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн цагдан хоригдсон байх бөгөөд цагдан хоригдсон 9 хоногийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлд зааснаар эдлэх ялд нь оруулан тооцох нь зүйтэй байна.
Шүүгдэгч О.Д-д хорих ял оногдуулсан тул шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч О.Д-ыг хулгайлах гэмт хэргийг хүн үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч О.Д-ыг 1 / нэг/ жил 3 /гурав/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч О.Д-д оногдуулсан 1 жил 03 сарын хугацаагаар хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Шүүгдэгч О.Д нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг дурьдсугай.
5. Шүүгдэгч О.Д-ын энэ хэрэгт цагдан хоригдсон 09 хоногийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлд зааснаар эдлэх ялд нь оруулан тооцсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7. Давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол тогтоолын биелэлт түдгэлзэх бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Д-д авсан цагдан хорих арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ГАНЗОРИГ