Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 249

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дорноговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Алгирмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

Хүсэлт гаргагч: Дорноговь аймаг *гэх газарт оршин суух Б овогт Б.Б/РД: */-ийн хүсэлттэй

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Я.Эрдэнэ-Уянга оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Хүсэлт гаргагч Б.Б нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие нь 1972 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс 1994 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийг хүртэлх хугацаанд Дорноговь аймгийн Айраг сумын Оч нэгдэлд хоньчин, үйлчлэгч, тус сумын Нүдэн бригадад агентаар ажиллаж байсан. Гэтэл Оч нэгдэл нь Талын оч хоршоо болон өөрчлөгдсөн бөгөөд хөдөлмөрийн дэвтэр дээрх тамга тэмдэг зөрүүтэй гэсэн шалтгаанаар улсад ажиллаж байсан байдлаа тооцуулах боломжгүй болсон. Иймд 1972 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс 1994 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийг хүртэлх хугацаанд Дорноговь аймгийн Айраг сумын Оч нэгдэлд хоньчин, үйлчлэгч, тус сумын Нүдэн бригадад агентаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

Хүсэлт гаргагч Б.Б нь шүүхэд гаргасан тайлбар, хүсэлтдээ: Миний бие нь Дорноговь аймгийн Иххэт суманд оршин суудаг тул 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 16 цагт товлогдсон шүүх хуралдаанд өөрийн биеэр оролцох боломжгүй байна. Иймд миний эзгүйд шүүх хуралдааныг явуулахад татгалзах зүйлгүй гэжээ.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

Хүсэлт гаргагч Б.Б нь шүүх хуралдаанд оролцохгүй талаарх хүсэлтээ ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т зааснаар хүсэлт гаргагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэснийг дурдах нь зүйтэй.

Хүсэлт гаргагч Б.Б нь 1972 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс 1994 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийг хүртэлх хугацаанд Дорноговь аймгийн Айраг сумын Оч нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн бөгөөд хэрэгт дараах нотлох баримтууд авагджээ. Үүнд:

1. Хүсэлт гаргагч Б.Бямбаа нь 1972 оны 08 дугаар сарын 05-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд Дорноговь аймгийн Айраг сумын Оч нэгдлийн Нүдэн бригадад хоньчноор ажиллаж байсныг нотлох 1988 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр нээж олгосон хөдөлмөрийн дэвтрийн нотариатчаар батлуулсан хуулбар /хх-7-10 дугаар тал/,

2. Хүсэлт гаргагч Б.Б нь 1973 оны 10 дугаар сараас 1980 оны 03 дугаар сарыг хүртэлх хугацаанд Дорноговь аймгийн Айраг сумын Оч нэгдэлд ажиллаж байсныг нотлох 1973 оны 12 дугаар сарын 19-ний өдөр нээж олгосон 329 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн нотариатчаар батлуулсан хуулбар /хх-7-10 дугаар тал/,

3. Хүсэлт гаргагч Б.Б нь 1990-1994 онд Дорноговь аймгийн Айраг сумын Оч нэгдэлд ажиллаж байсныг нотлох хөдөлмөрийн дэвтрийн нотариатчаар батлуулсан хуулбар /хх-11-13 дугаар тал/,

4. Хүсэлт гаргагч Б.Б нь Социалист хөдөлмөрийн гавшгайч болохоор авсан үүргээ биелүүлж, ажил амьдралаар үлгэр дууриал үзүүлсэн тул Дорноговь аймгийн Айраг сумын нэгдлээс 1974 оны 12 дугаар сарын 05-ны өдөр олгосон Социалист хөдөлмөрийн гавшгайч-ийн үнэмлэх /хх-15 дугаар тал/,

5. Хүсэлт гаргагч Б.Б нь Улс ардын аж ахуй, соёлыг хөгжүүлэх 5 жилийн төлөвлөгөөний шийдвэрлэх жил 1973 оны төлөвлөгөөг хугацаанаас нь өмнө биелүүлэх бүх ард түмний уралдаанд идэвхтэй оролцож хөдөлмөрийн өндөр амжилт гаргасан явдалд талархан аймгийн Хувьсгалт залуучуудын эвлэлийн хорооноос 1973 оны 08 дугаар сарын 31-ний өдөр олгосон баярын бичиг /хх-16 дугаар тал/,

6. Хүсэлт гаргагч Б.Б нь илгээлтийн эзний нэр төрийг өндөрт өргөж эрхэлсэн ажилдаа хөдөлмөрийн гарамгай амжилт гаргасан явдалд талархан Дорноговь аймгийн Айраг сумын 8 жилийн дунд сургуулийн захиргаанаас 1987 оны 03 дугаар сарын 30-ны өдөр олгосон баярын бичиг /хх-17 дугаар тал/,

7. Хүсэлт гаргагч Б.Б нь Социалист хөдөлмөрийн гавшгайч болохоор авсан үүргээ биелүүлж, ажил амьдралаар үлгэр дууриалал үзүүлсэн тул Дорноговь аймгийн Айраг сумын нэгдлээс 1986 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр олгосон Социалист хөдөлмөрийн гавшгайч-ийн үнэмлэх /хх-18 дугаар тал/,

8. Хүсэлт гаргагч Б.Б нь Монголын хувьсгалт залуучуудын эвлэлийн 18-р их хуралда хөдөлмөр, сурлага, спортын гарамгай амжилтаа илтгэх рапортад гарын үсэг зурахын төлөө социалист уралдаанд шалгарсанд Дорноговь аймгийн Хувьсгалт залуучуудын эвлэлээс 1983 оны 05 дугаар сарын 26-ны өдөр олгосон мандат /хх-19 дүгээр тал/,

9. Дорноговь аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2017 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 176 тоот албан бичигт Дорноговь аймгийн Айраг сумын Оч нэгдэлд малчнаар ажиллаж байсан Б.Б 1972-1992 оны цалингийн хүснэгтийн хүргүүлэв гэжээ. /хх-33-34 дүгээр тал/,

10. Дорноговь аймгийн Айраг сумын Оч нэгдлийн даргын 1984 оны 117 дугаар тушаалд ... Дорноговь аймгийн Нүдэн бригадад эмчилгээ тэжээлийн цэгийн туслах малчнаар Б.Б 1984 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс томилсугай гэжээ. /хх-35 дугаар тал/,

11. Гэрч Ч.Б шүүхэд өгсөн ... Б.Б нь 1972 онд илгээлтээр Дорноговь аймгийн Айраг сумын Оч нэгдэлд малчнаар томилогдож, 1994 оныг хүртэл малчнаар ажиллаж байсан гэх мэдүүлэг /хх-36 дугаар тал/,

12. Гэрч Н.Н шүүхэд өгсөн ... Б.Б нь 1972 онд илгээлтээр Дорноговь аймгийн Айраг сумын Оч нэгдэлд малчнаар томилогдож, 1994 оныг хүртэл малчнаар ажиллаж байсан. Б.Б нь 1973, 1987, 1984 онуудад шагнал авч байсныг сайн санаж байна гэх мэдүүлэг /хх-37 дугаар тал/,

Хүсэлт гаргагч Б.Б хөдөлмөрийн дэвтэр дээр дарагдсан тамга зөрүүтэй, ажилд томилогдож, чөлөөлөгдсөн тушаал өөрт нь болон архивын байгууллагад хадгалагдаагүй болох нь хүсэлт гаргагчийн тайлбар, архивын магадлагаагаар нотлогдож байна.

Хүсэлт гаргагч Б.Б нь 1972 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс 1994 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийг хүртэлх хугацаанд Дорноговь аймгийн Айраг сумын Оч нэгдэлд малчнаар ажиллаж байсан нь хөдөлмөрийн дэвтэр, архивын магадлагаа, баярын бичиг, гэрчийн мэдүүлэг, хүсэлт гаргагчийн тайлбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Иймд дээрх нотлох баримтуудад үндэслэн хүсэлт гаргагч Б.Б 1972 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс 1994 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийг хүртэлх хугацаанд Дорноговь аймгийн Айраг сумын Оч нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч Б.Б улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч Б овогт Б.Б 1972 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс 1994 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийг хүртэлх хугацаанд Дорноговь аймгийн Айраг сумын Оч нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч Б.Б улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш хүсэлт гаргагч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба хүсэлт гаргагч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.АЛГИРМАА