Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 262

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дорноговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Алгирмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот * байрлах К/РД: */-ы нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дорноговь аймаг * тоотод оршин суух О овогт Б.Э-д холбогдох

Үндсэн зээл 855,000 төгрөг, хүү 1,168,939.14 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 386,654 төгрөг нийт 2,410,593 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б, хариуцагч Б.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар шүүгчийн туслах Э.Даваасүрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2011 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 16 дугаар лизингийн барьцаат зээлийн гэрээ байгуулж 855,000 төгрөгийг 12 сарын хугацаатай, сарын 2,2 хувийн хүүтэй зээлж авсан. Зээлийн гэрээний хугацаа дууссан боловч Б.Э нь зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй. Хэдийгээр зээлийн гэрээний хугацаа дуусгавар болсон боловч хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байдаг. Шүүхэд 2 удаа нэхэмжлэл гаргасан боловч хариуцагчийн хаяг тодорхойгүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийг буцаасан. Мөн Б.Э 2,080,000 төгрөгийг төлнө гэсэн бичиг хавтаст хэрэгт авагдсан. Иймд хүү, нэмэгдүүлсэн хүү авах эрхтэй. Хариуцагч ус цэвэршүүлэгч аппаратыг хүлээн авсан болон өөрийн харилцах данснаас 855,000 төгрөгийг Ирмүүн бармат ХХК-ийн дансанд шилжүүлсэн баримт хавтаст хэрэгт авагдсан байгаа. Хариуцагч үүнийгээ ч хүлээн зөвшөөрдөг. Мөн хариуцагч Монгол банкинд гомдол гаргасан ба монгол банкнаас өгсөн хариуд Кнь банкны тухай хууль тогтоомж зөрчөөгүй байна гэсэн байдаг. Ирмүүн бармат ХХК-ийн захиралд холбогдох эрүүгийн хэргийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн прокурорын тогтоол байгаа. Энэхүү тогтоолд иргэний журмаар нэхэмжлэл гаргах эрхтэй гэж дурдсан байдаг. Иймд Б.Эас лизингийн барьцаат зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд үндсэн зээл 855,000 төгрөг, хүү 1,168,939.14 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 386,654 төгрөг нийт 2,410,593 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.Э шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ирмүүн бармат ХХК нь Солонгос улсаас оруулж ирсэн ус цэвэршүүлэгч нийлүүлнэ гэсэн боловч уг ус цэвэршүүлэгч нь хятад улсынх байсан. Мөн эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тогтоолд Ирмүүн бармат ХХК нь хамтран ажиллах гэрээ зөрчин 68 зээлдэгч нарыг хохироосон гэсэн байдаг. Миний бие нь уг хэрэгт хохирогчоор тогтоогдсон байдаг. Иймд Кнь Ирмүүн бармат ХХК-иас мөнгө авчихаад надаас дахин мөнгө нэхэмжилж байна гэж ойлгож байна. Миний бие нь гарын үсгээ зурсан нь үнэн. Иймд өөрийн буруутай үйлдлийг ухамсарлаж байна. Иймд үндсэн зээл болох 855,000 төгрөгийг төлнө. Харин шүүхэд хандсанаар зээлийн хүү зогсох ёстой. Кнь 2013 онд 1,550,000 төгрөгийг надаас нэхэмжилсэн байдаг. Гэтэл одоо зээлийн хүүний хамт 2,410,593 төгрөг нэхэмжилж байна. Лизингийн барьцаат зээлийн гэрээ байгуулахад Ктөлөөлж оролцсон А.Эрдэнэцэцэг нь энэ хэрэгт хамааралтай. Гэтэл энэ хүнийг энэ хэрэгт хамааралгүй гэж байгаа нь учир дутагдалтай байна. Банк 2 жилийн өмнөөс миний хаягийг мэдсэн боловч одоо шүүхэд өгч хүү нэхэмжилж байгаад гомдолтой байна. Иймд үндсэн зээл 855,000 төгрөгийг төлөх боломжтой. Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-т зааснаар зээлдэгч зээлээ төлөөгүй бол 20 хувиас илүүгүй хүү төлөхөөр зааж болно. Мөн хуулийн 282 дугаар зүйлд заасныг банкны зүгээс зөрчиж зээлийн хүү өндөр байна гэж үзэж байна. Иймд шүүхээс хуульд заасны дагуу зээлийн хүүг багасгаж өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг зохигчийн хүсэлтээр шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Кнь хариуцагч Б.Эд холбогдуулан лизингийн барьцаат зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд үндсэн зээл 855,000 төгрөг, хүү 1,168,939.14 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 386,654 төгрөг нийт 2,410,593 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч нь ус цэвэршүүлэгч аппаратыг хүлээн аваагүй тул зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүүг хүлээн зөвшөөрөхгүй, үндсэн зээл 855,000 төгрөгийг төлнө гэж маргана.

Нэхэмжлэгч Кхариуцагч Б.Э нар нь харилцан тохиролцсоны үндсэн дээр Б.Э нь 2011 оны 07 дугаар сарын 27-ны өдөр лизингийн барьцаат зээлийн гэрээ байгуулан 855,000 төгрөгийг сарын 2,2 хувийн хүүтэй 1 жилийн хугацаатайгаар зээлсэн үйл баримт тогтоогдсон байна.

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-т Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид зээлдүүлэгч гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ., 453 дугаар зүйлийн 453.1-т зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтрүүлсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж тус тус зохицуулсан тул нэхэмжлэгч нь үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү шаардах эрхтэй байна.

Хариуцагч нь зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн хэмжээг тооцоолсон нэхэмжлэлийн дүнгийн талаар маргаагүй болно.

Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4-т зээлдэгчийн зээлийн дансанд гүйлгээ хийгдсэнээр зээлийг олгосонд тооцно гэж заасан ба 2011 оны 07 дугаар сарын 27-ны өдөр Б.Эзээлийн дансанд 855,000 төгрөгийн гүйлгээ хийгдэж, мөн өдрөө зээлдэгч нь Ирмүүн бармат ХХК-ийн дансанд 855,000 төгрөгийг шилжүүлсэн болох нь зээлийн дансны хуулга, төлбөрийн баримт, талуудын тайлбараар нотлогдож байна.

Хариуцагч ус цэвэршүүлэгч аппаратыг хүлээн аваагүй гэж маргаж байгаа ба КИрмүүн бармат ХХК-ийн хооронд хийгдсэн хамтран ажиллах гэрээгээр бэлтгэн нийлүүлэгч Ирмүүн бармат ХХК нь түрээсийн зүйлийг түрээслэгчид хүлээлгэн өгөх үүрэг хүлээхээр зохицуулагдсаны дагуу 2011 оны 07 дугаар сарын 27-ны өдөр Ирмүүн бармат ХХК-ийн ажилтан ус цэвэршүүлэгч аппаратыг Б.Эд хүлээлгэн өгч бараа хүлээлгэн өгсөн баримт үйлдсэн нь хэрэгт авагдсан байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-т зааснаар хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагын татгалзлын талаарх тайлбараа нотлох баримтаар гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд хариуцагчийн ... ус цэвэршүүлэгч аппаратыг хүлээн аваагүй, Ирмүүн бармат ХХК-ийн захиралд холбогдох эрүүгийн хэрэгт хохирогчоор тогтоогдсон гэх тайлбар хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдохгүй байна гэж үзлээ.

Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-т зааснаар Б.Эас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 2,410,593 төгрөгийг гаргуулж, Колгох нь зүйтэй байна.

Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил, 79.1-т Тогтоосон журмаар нэхэмжлэл гаргасан, эсхүл үүрэг хүлээсэн этгээд эрх бүхий этгээдэд урьдчилгаа олгох, хүү төлөх, баталгаа гаргах буюу бусад хэлбэрээр шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдана гэж тус тус заасныдагуу нэхэмжлэгчийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байна гэж үзэв.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч К улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 53,519 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Эас улсын тэмдэгтийн хураамжид 53,519 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч К олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-т зааснаар Б.Эас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 2,410,593 төгрөгийг гаргуулж, Колгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч К улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 53,519 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Эас улсын тэмдэгтийн хураамжид 53,519 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч К олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш зохигч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.АЛГИРМАА