Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 10 сарын 18 өдөр

Дугаар 72

 

СҮХБААТАР АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН
 ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ
ШИЙТГЭХ ТОГТООЛ

2016 оны 10 сарын 18                                               Дугаар 72                                      Баруун-Урт


    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Насанбуян даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цолмон 
Улсын яллагч хяналтын прокурор Г.Амарсайхан
Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Хүдэр, 
Шүүгдэгч Ц.Бадамгарав нарыг оролцуулан шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:
Сүхбаатар аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Бадамгаравт холбогдох эрүүгийн 201617000106 тоот хавтаст хэргийг 2016 оны 10 сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, 1978 оны 02 дугаар сарын 28-ны өдөр төрсөн, 38 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, зуухны машинист мэргэжилтэй, ам бүл 1, Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 2 дугаар баг, Холбооны 47-17 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд өмнө ял шийтгэл эдэлж байгаагүй, регистрийн дугаар ЛН78022807, Өөлд овгийн Цэрэндашийн Бадамгарав 

Холбогдсон гэмт хэргийн талаар:/яллах дүгнэлтээр/

Шүүгдэгч Ц.Бадамгарав нь 2016 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр 12 цаг 30 минутын үед Хэнтий аймгаас Сүхбаатар аймгийн чиглэлд орон нутгийн хатуу хучилттай замаар Пассо маркын 30-12 УБХ улсын дугаартай авто машиныг  жолоодож явахдаа бусдад аюул, хохирол учруулахгүй, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино гэсэн замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчиж Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын 3 дугаар багийн нутаг Бумбат нэртэй газар зам тээврийн осол гаргаж иргэн С.Оюунчимэгийн бие махбодид  хүнд гэмтэл учруулсан  гэмт хэрэгт холбогджээ

ТОДОРХОЙЛОХ нь:

  Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
 
- Шүүгдэгч Ц.Бадамгарав шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Тэр өдөр тэнгэр муухай байсан болохоор бид гурвуулаа гарсан. Хэнтий аймагт хамт явсан ахыгаа буулгачихаад цаашаа явсан. Явж байхад машины МР гацаад би МР-гээ янзлах гээд тонгойгоод дээшээ харахад замын тэмдэглэгээний шон байсан. Тэр шонг тойрох гэж нөгөө тийш нь үрүүлээ дараад осол гарсан. Хохирогч Оюунчимэг нь миний ээж юм. Одоо бие нь гайгүй болж байгаа. Хөл дээрээ босоод явж байгаа. Би ээжийнхээ эмчилгээг нь хийлгэж байгаа. 5 сая гаруй төгрөгийн эмчилгээ хийлгэсэн. Машины эзэн Ганзориг надаас хохирол нэхэмжлээгүй. Бид гэр бүлийн найзууд юм ... гэв. 

    - Хохирогч С.Оюунчимэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: Би 2016 оны 04 сарын 14-ний өдөр Хэнтий аймгийн Бор-Өндөр сумаас Сүхбаатар аймгийн төв рүү ямаагаа самнахаар өөрийн төрсөн охин Бадамгаравын хамт, Бадамгарав машин бариа явсан юм. Бид хоёр өглөө 06 цагийн үед гараад Хэнтийн төв дээр нэг хүн буулгачихаад цааш Сүхбаатар аймаг руу явж байгаад би яг хаана явсаныг нь сайн санахгүй байна. Охин жолоо бариад би хажуугийн суудал дээр бүсээ зүүгээд явж байсан чинь машины МР гацаад дуу явахгүй болохоор нь янзлах гээд доошоо тонгойж янзлаад дээшээ хартал урд километр заасан шон гарч ирээд охин зүүн тийш жолоогоо дараад тормосс гишигсэн чинь гэнэт машин онхолдсон юм. Би өөрийн төрсөн охинд гомдол санал байхгүй, хэргийн материалтай танилцахгүй, шүүх хуралдаанд суухгүй. Миний бие зүгээр болж байгаа удахгүй эмнэлгээс гарна гэсэн гэх мэдүүлэг. /хх-14-15/ 

- Иргэний нэхэмжлэгч М.Ганзоригийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: Би Тоёото Пассо маркийн 30-12 УБХ улсын дугаартай машиныг 2016.01.28-ны өдөр Хас банкны лизингээр гэрээ байгуулан Гантөмөр гэх хүн японоос оруулж ирсэн байсныг 12.500.000 төгрөгөөр худалдан авсан юм. Уг машиныг 2016.04.15-нд найз Бадамгаравт Сүхбаатар аймаг руу ямаагаа самнаад ирье гээд гуйхаар нь би өгөөд явуулсан. Бадамгарав нь машиныг жолоодож яваад Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд онхолдож осол гаргасан байсан. Яг яаж осолд орсоныг бол мэдэхгүй. Осолд орсоноос хойш 2 долоо хоногийн дараа миний машиныг Бадамгарав ачуулж авчирахад бүтэн хөрвөөчихсөн, кузов бүрэн эвдрэлтэй, хянах самбар, салхины шилнүүд хагарсан, урд гэрэл дохионууд хагарсан байдалтай байсан, дотор хөдөлгүүрийн гэмтлийг нь мэдэхгүй байна. Би өөрийн найз Бадамгараваас машиныг авч яваад осолд оруулж эвдсэнийх нь төлөө нэхэмжлэх зүйл байхгүй, бид нар найз нөхөд учраас хоорондоо зохицоод учраа олчихсон гэх мэдүүлэг. /хх-78/

- Хэрэг учралын газар үзлэг хийсэн тэмдэглэл / хх- 4 /, 

- фото зураг /хх -05-07 /, 

- Зам тээврийн осол дээр тогтоосон акт. 2016.04.14 /хх-08/

- Осол, хэрэг гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч.2016.04.14 /хх-09/ 

- Холбогдогч жолоочийн биеийн байцаалт /хх-10/

- Осол гарсан замын байдал /хх-11/ 

-Тээврийн хэрэгслийн техникийн байдлыг шалгасан байдал. 2016.04.14 /хх-12/

- Мөнххаан сумын Эрүүл мэндийн төвийн тодорхойлолт. /хх-18/

- Шүүх эмнэлгийн 2016.04.18-ны өдрийн 171 тоот үзлэг хийсэн акт. /хх-19/

- Шүүх эмнэлгийн 2016.04.18-ны өдрийн 173 тоот үзлэг хийсэн акт. /хх-23/

- Техникийн Шинжээчийн 2016.04.26-ны өдрийн 22 тоот дүгнэлт. /хх-25/

-Ц.Бадамгаравын Иргэний үнэмлэхний хуулбар /хх-34/
-Ц.Бадамгаравын жолоочийн үнэмлэхний хуулбар /хх-35/

-Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 2-р багийн засаг даргын 2016.05.31-ний өдрийн 474 тоот тодорхойлолт /хх-47/

-Ц.Бадамгаравын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас. /хх-37/

- №01112914 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар. /хх-38/

- “Ашид билгүүн” ХХК-ны Автомашин техникийн үнэлгээний тайлан. 2016.04.29 /хх-39-40/

- Хас банкны зээлийн гэрээ. 2016.01.28 /хх-83-88/

- Хас банкны Зээлийн эргэн төлөлтийн хуваарь /хх-89/ зэрэг болно. 


Шүүгдэгч Ц.Бадамгарав нь 2016 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр 12.30 цагийн үед Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын 3 дугаар багийн нутаг Бумбат гэх газарт орон нутгийн хатуу хучилттай замаар Тоёота Пассо маркын 30-12 УБХ улсын дугаартай авто машиныг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.5-д ” Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул, хохирол учруулахгүй, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино “ гэж заасныг зөрчин зам тээврийн осол гарган иргэн С.Оюунчимэгийн бие махбодид “ хүзүүний 5-р нугалмын их биеийн болон сэртэнгийн хугарал, өвчүүний дээд хэсгийн хугарал, сээрний 4-5-р нугалмын их биеийн хугарал “ бүхий хүнд гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч Ц.Бадамгаравын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч С.Оюунчимэг, гэрч Ц.Батнайрамдал нарын мэдүүлгүүд, Шинжээч эмчийн 171 тоот акт, Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Зам тээврийн осол дээр тогтоосон акт, Техникийн шинжээчийн 22 тоот дүгнэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдож байна. 
        
Хэргийн нөхцөл байдлыг судлан үзвэл, шүүгдэгч Ц.Бадамгарав нь машин жолоодож явахдаа машины МР хөгжимийг янзлахаар тонгойж зорчих замаа харалгүйгээр машинаа жолоодон, хөдөлгөөний чиглэлд таарсан замын шонг дайрахаас зайлхийж хэт дарснаас онхолдож осол гаргасан нөхцөл байдал хэрэгт тогтоогдох бөгөөд тэрээр замын хөдөлгөөнд оролцохдоо бусдад аюул, хохирол учруулах, осолтой байдал бий болгож зорчсон буюу тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журмыг зөрчсөн болох нь шүүгдэгч Ц.Бадамгаравын “ би Мөнххаан сумын төвөөс хойд зүгт засмал зам дээр Баруун-Урт сумын чиглэлд явж байтал хөгжим дугарахгүй МР гацчихаар нь замаа сайн харахгүйгээр хөгжимөө янзалж байгаад зам руугаа харсан чинь киломер заадаг тэмдэглэгээг яг мөргөх гэж байхаар нь зүүн гар тул руугаа дарчихсан чинь хэт дараад замын хойд тал руу унасан ” гэх, хохирогч С.Оюунчимэгийн “Охин жолоо бариад би хажуугийн суудал дээр бүсээ зүүгээд явж байсан чинь машины МР гацаад дуу явахгүй болохоор нь янзлах гээд доошоо тонгойж янзлаад дээшээ хартал урд километр заасан шон гарч ирээд охин зүүн тийш жолоогоо дараад тормос гишгэсэн чинь гэнэт машин онхолдсон “ гэх мэдүүлэг зэргээр хэрэгт нотлогдох бөгөөд уг ослын талаар гарсан Техникийн шинжээчийн 22 тоот дүгнэлтийг үндэслэлтэй гэж үзнэ. 
Ц.Бадамгарав нь зам харалгүй явснаар аюул, осол гарч болох боломжтойг урьдчилсан мэдсэн боловч түүнийг гаргахгүй байна гэж чадна гэж тооцон хөнгөмсөгөөр найдан гэмт хэргийг гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлджээ. 

Шүүгдэгч Ц.Бадамгаравт холбогдох хэрэгт мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй, хэргийн зүйлчлэл тохирсон, хэрэг хангалттай нотлогдож тогтоогдсон байх тул түүнийг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчсөний улмаас бусдын бие махбодид хүнд гэмтэл учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж, хорих ял оногдуулах үндэстэй гэж шүүх дүгнэлээ.
    
    Ц.Бадамгаравын үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж буй нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.9-д заасан ял оногдуулахад хөнгөрүүлэх нөхцөл байдал болох ба харин мөн хуулийн 56 дугаар зүйлд заасан ял оногдуулахад хүндрүүлэх нөхцөл байдал үгүй байна.

Шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй бөгөөд тэрээр энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй буюу хохирогч С.Оюунчимэг, иргэний нэхэмжлэгч М.Ганзориг нар  гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэжээ. 
           
Ц.Бадамгарав нь хүндэвтэр гэмт хэрэгт анх удаа хорих ял шийтгүүлж байгаа, тухайн гэмт хэрэг болгоомжгүйгээр үйлдэгдсэн, тэрээр хохирогч С.Оюунчимэгийн төрсөн охин бөгөөд эмчилгээний зардлыг хариуцан төлж байгаа, хохирогч эдгэрч байгаа, иргэний нэхэмжлэгч хохирогч М.Ганзоригтой найз нөхдийн холбоотой, тэдгээр нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болон шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан түүнд оногдуулах хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж, хянан харгалзахаар шийдвэрлэлээ.


      Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Шүүгдэгч Өөлд овогт Цэрэндашийн Бадамгаравыг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчсөний улмаас бусдын бие махбодид хүнд гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
 
2. Эрүүгийн хуулийн тусгай 215 дугаар зүйлийн 215.2-т зааснаар шүүгдэгч Ц.Бадамгаравын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, 01/ нэг/ жил 10/ арав/ хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй. 

3.Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5-д заасныг журамлан ялтан Ц.Бадамгаравт оногдуулсан 01 жил 10 хоногийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д заасныг журамлан ялтан Ц.Бадамгаравт оногдуулсан 01 жил 10 хоногийн хугацаагаар    хорих ялыг тэнсэж,  мөн хугацаагаар хянан харгалзсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4-т зааснаар тэнсэгдсэн ялтан Ц.Бадамгаравт хяналт тавихыг Хэнтий аймаг дахь Цагдаагийн газарт даалгасугай.

           6. Ялтан Ц.Бадамгарав энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй бөгөөд тэрээр энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй буюу хохирогч С.Оюунчимэг, иргэний нэхэмжлэгч М.Ганзориг нар гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.
         
    7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 301 дүгээр зүйлийн 301.1.1-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол ялтан Ц.Бадамгарав урьд авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар уг тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 303.2, 304 дүгээр зүйлийн 304.1-т зааснаар ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор, иргэний нэхэмжлэгч нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардуулсанаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          С.НАСАНБУЯН