Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 2019/ДШМ/05

 

 Т.С, Б.З нарт холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Говьсүмбэр аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Тэгшсуурь даргалж, шүүгч Х.Байгалмаа, шүүгч О.Однямаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд

Прокурор Э.Н, шүүгдэгч Т.С, түүний өмгөөлөгч Г.Э, шүүгдэгч Б.З өмгөөлөгч С.Г, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.И, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Х.Г нарыг оролцуулан,

Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Ариунжаргал даргалж шийдвэрлэсэн 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 2019/ШЦТ/34 дүгээр шийтгэх тогтоолтой шүүгдэгч Т.С, Б.З нарт холбогдох 1817000500028 дугаартай 3 хавтас 674 хуудас бүхий эрүүгийн хэргийг эс зөвшөөрч шүүгдэгч Т.С өмгөөлөгч Г.Э гаргасан гомдолыг үндэслэн Говьсүмбэр аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч О.Однямаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Т.С нь Төрийн банкны Говьсүмбэр аймаг, Баянтал сумын тооцооны төвд ахлах теллерээр ажиллахдаа албан тушаалын байдлаа ашиглан тус банкинд итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө болох хадгаламж эзэмшигч Д.Б хадгаламжнаас шинээр интернет банк нээх, цахим банкны үйлчилгээний маягтад харилцагчаар гарын үсгийг дуурайлган зурах аргаар 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр 2 удаагийн үйлдлээр 9.452.000 төгрөг, 2017 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр 1 удаагийн үйлдлээр 52.000 төгрөг, 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр 1 удаагийн үйлдлээр 4.605.000 төгрөг, 2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр 2 удаагийн үйлдлээр 2.484.000 төгрөг буюу нийт 6 удаагийн үйлдлээр 16.590.000 /арван зургаан сая таван зуун ерэн мянга/ төгрөг,

Хадгаламж банкны эзэмшигч Б.Д /Б/-ийн хадгаламжнаас интернет банкны нууц үгийг солих, цахим банкны үйлчилгээний маягтад харилцагчаар гарын үсэг нөхөж зуруулах аргаар 2017 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 1 удаагийн үйлдлээр 1.000.000 төгрөг, 2017 оны 08 дугаар сарын 07-ны өдөр 3 удаагийн үйлдлээр 2.120.000 төгрөг нийт 4 удаагийн үйлдлээр 3.120.000 төгрөг,

Хадгаламж эзэмшигч Б.М хадгаламжаас интернет банкны нууц үгийг солих, цахим банкны үйлчилгээний маягтад харилцагчаар гарын үсэг нөхөж зуруулах аргаар 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдөр 1 удаагийн үйлдлээр 30.000.000 төгрөг, 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр 1 удаагийн үйлдлээр 38.352.000 төгрөг нийт 2 удаагийн үйлдлээр 68.352.000 /жаран найм сая гурван зуун тавин хоёр мянга/ төгрөг,

Мөн хадгаламж эзэмшигч Б.М хадгаламжнаас тус тооцооны төвийн захирал Б.З бүлэглэн интернэт банкны нууц үгийг солих, цахим банкны үйлчилгээний маягтад харилцагчаар гарын үсэг нөхөж зуруулах зэрэг аргаар 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр 1 удаагийн үйлдлээр 27.000.000 сая төгрөг, нийтдээ 13 удаагийн үйлдлээр 115.062.000 /нэг зуун арван таван сая жаран хоёр мянга/ төгрөг буюу их хэмжээний хохирол учруулсан,

Шүүгдэгч Б.З нь Төрийн банкны Говьсүмбэр салбарын Баянтал тооцооны төвд захирлаар ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа ашиглан тус тооцооны төвийн ахлах теллер Т.С бүлэглэн тус банкинд итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө болох хадгаламж эзэмшигч Б.М хадгаламжнаас интернет банкны нууц үг солих, цахим банкны үйлчилгээний маягтад харилцагчаар гарын үсэг нөхөж зуруулах аргаар 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр 1 удаагийн үйлдлээр 27.000.000 /хорин долоон сая/ төгрөгийг завшиж үлэмж хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

          Анхан шатны шүүх: Шүүгдэгч Т.С бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг албан тушаалын байдлаа ашиглан, бүлэглэн их хэмжээний хохирол учруулан завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Б.З бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг албан тушаалын байдлаа ашиглан, бүлэглэн үлэмж хэмжээний эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар шүүгдэгч Т.С 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.З 10.000 /арван мянган/ нэгжээр буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.С оногдуулсан 3 /гурав/ жилийн хорих ялыг эмэгтэйчүүдийн нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.З 10.000 /арван мянган/ нэгжээр буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ялыг шүүхээс тогтоосон 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлж биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Т.С 91.715.345 /ерэн нэгэн сая долоон зуун арван таван мянга гурван зуун дөчин таван/ төгрөгийг, шүүгдэгч Б.З 7.000.200 /долоон сая хоёр зуун/ төгрөгийг гаргуулж Төрийн банк ХХК-ний Говьсүмбэр салбарт тус тус олгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжилсэн эд зүйл байхгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1.1-т зааснаар шүүгдэгч нараас гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд 800.000 /найман зуун мянга/ төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүгдэгч Т.С урьд авсан Монгол улсын хилээр гадагш зорчихыг хязгаарлах таслах сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих, шүүгдэгч Б.З авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэхүү шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Э шүүхэд гаргасан эсэргүүцэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхээс миний үйлчлүүлэгч Т.С Төрийн банкны Говьсүмбэр салбарын Баянтал тооцооны төвд ажиллаж байхдаа буюу 2017 оны 04 дүгээр сараас 2017 оны 08 дугаар сар хүртэлх хугацаанд албан тушаалын байдлаа ашиглан нийт 13 удаагийн үйлдлээр 115.062.000 төгрөгийг завшсан гэм буруутайд тооцож, 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 2019/ШЦТ/34 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар 3 жилийн хорих ял оногдуулж, эмэгтэйчүүдийн нээлттэй хорих байгууллагад ялыг эдлүүлэхээр шийдвэрлэснийг эс зөвшөөрч тус шүүхэд гомдол гаргасан. Т.С хувьд үйлдсэн хэрэг нь тодорхой тухайн гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдсон. Гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо тодорхой хэмжээгээр нөхөн төлсөн байна. Харин Т.С нь 2019 оны 02 дугаар сарын 08-ны өдөр охин Д А охиныг төрүүлж, хорих ял шийтгүүлэх үедээ 2 сартай нялх хүүхэдтэй байсан байна. Эхийгээ цагдан хоригдсон өдрөөс буюу эх, хүүхэд хоёрыг тусад нь байлгах болсон үеэс эхлээд хүний эрх зөрчигдөж, энэ гэмт хэргийн золиос болж, эрүүл мэндээрээ хохирч байгаа хүүхэд бол А охин юм. Хөхөөрөө хооллодог нярай хүүхдийг эхээс нь тусад нь байлгасан тохиолдолд эрүүл мэндийн хувьд ямар их эрсдэл гарч болох талаар судалж үзэхэд хоёр эрсдэл байдаг гэж байна. Нэгдүгээрт нь хүүхэд маш их дархлааны дутмагшилтай болдог. Өөрөөр хэлбэл хүүхэд маш их өвчлөмтгий болно. Дархлаа султай хүүхэд маш хүнд өвддөг учраас эмчилгээ хийдэг ч гэсэн эмчилгээний үр дүн муу байдаг учраас хүүхдийн амь насанд эрсдэл учруулдаг. Хоёрдугаар эрсдэл нь эхийн сүүгээр хооллохгүйн улмаас тэжээлийн хомсдол буюу тэжээлийн дутагдлаас болж хүүхэд тураалд орж, цаашид энэ байдлаас болж оюун санаанд нь нөлөөлж сэтгэцийн өвчтэй болох эрсдэлтэй байдаг юм байна. Энэ шинж тэмдгүүд нь А охины биед аль эртнээс илэрч эхэлсэн байна. А охин өнөөдөр уушгиндаа хатгаа авч хүндэрсний улмаас эмнэлэгт хэвтэж байгаа. Өчигдөр буюу 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдөр эмчлэгч эмчтэй нь очиж уулзахад хүүхдийн эрүүл мэндийн байдлыг надад тодорхой ярьсан. Нэгэнтээ би тухайн өвчний оношыг сайн тайлбарлаж чадахгүй учраас надад тодорхойлолт гаргаж өгнө үү гэж хүссэний үндсэн дээр эмнэлгийн байгууллагаас надад ийм тодорхойлолт гаргаж өгсөн. Энэ тодорхойлолтыг та бүхэнд уншиж өгье гэж бодож байна. Эрүүл мэндийн талаар нь Д овогтой А нь 2019 оны 02 дугаар сарын 08-ны өдөр төрсөн. 3 сартай, хөхөөрөө хооллодог. Төрөх үедээ бүтэлттэй төрсөн учраас төрлөхийн тархины цусан хангамжийн алдагдал, тархины даралт өвчний улмаас төрлөхийн дархлаа шүүрс эмгэг үүсч, байнгын эмчийн хяналтанд байлгаж, усан хаван болон дархлаа дэмжих эм уудаг учраас асаргаа, сувилгаа сайн байх шаардлагатай, заавал хөхөөрөө хооллох заалттай хүүхэд гэж энэ тодорхойлолтод дурьдсан байгаа. Учир нь дархлаа дутмагшлын шүүрс эмзэглэл өвчин нь харшил, халдварын гаралтай учраас эхийн сүү орлох тэжээл хэрэглэх боломжгүй. Дан хөхөөрөө хооллох шаардлагатай. Хооллолтын дэглэм, асаргаа, сувилгаа алдагдсаны улмаас дээрх өвчин дээр нэмэгдээд сульдаа өвчин, архит өвчний хурц хэлбэр хоол тэжээлийн дутагдлаас үүссэн хурц цус багадалт өвчин, биеийн эсэргүүцэл буурснаас хоёр талын уушгиндаа хатгалгаа туссан. Одоо аймгийн Нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасагт хоёр талын уушгиндаа хүнд хатгалгаа тусаж, бронхит ихтэй, архит хурц хэлбэртэй, хоол тэжээлийн дутагдлын улмаас үүссэн хорт цус багадалт, төрөлхийн дархлаа дутмагшлын шүүрс эмгэгшил оношоор хэвтэн эмчлүүлж байна. Цаашид хүүхдийн хооллолт, асаргаа, сувилгааг сайжруулж эмчилгээнд бүрэн хамруулахгүй бол дээрх өвчнүүд нь даамжирч хүүхдийн амь насанд аюул учрах эрсдэл үүсэж байна гэсэн ийм тодорхойлолтыг эрүүл мэндийн газраас хийж өгсөн байгаа. Мөн эмчлэгч эмчтэй нь уулзаж биеийн жингийн талаар сонирхоход хүүхэд байвал зохих жингээсээ 700 грамм буюу 15 хувийн жингийн алдагдалтай болсон байна. Өөрөөр хэлбэл тураалыг дотор нь хөнгөн хэлбэрийн, дунд, хүнд хэлбэрийн гэж 3 хуваадаг юм байна. Энэ Д.А охины тураал нь хүнд хэлбэрийн тураалд орсон байна гэж тайлбарлаж байсан. Анхан шатны шүүх нь нотлох баримтаар тогтоогдсон нөхцөл байдалд дүгнэлт хийхдээ эхийнхээ сүүгээр хооллодог байсан 2 сартай нярай хүүхдийн эрүүл мэндийг 100 сая төгрөг хүрэхгүй мөнгөнөөс доогуурт үзэж хорих ял биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь хүний эрх болон хүүхдийн эрхийг хамгаалсан 1990 онд нэгдэн орсон “Хүүхдийн эрхийн коньвенц”-ийн 3 дугаар зүйлийн 1 дэх, 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт, Хүний эрхийн түгээмэл тунхаглал, Иргэний болон Улс төрийн эрхийн тухай Олон Улсын пакт зэрэгт заасан заалтуудын зарчимд нийцэхгүй байна. Ийм учраас хүүхдийн эрүүл мэнд өнөөдрийн байдлаар Цагдан хориход өглөөний 09 цагаас оройн 18 цаг хүртэл 2 цагийн зайтай 30 минутаар хөхүүлдэг. Гэтэл хүүхэд өнөөдөр хөхөө хөхөж чадахаа байсан. Хүүхэд хөхүүлж байгаа орчин эхийн сэтгэл санааны дарамт зэрэг маш их зүйлээс шалтгаалж хүүхдийн эрүүл мэнд өдөр өдрөөр дордож байгааг эмчийн тодорхойлолтод маш тодорхой дурдсан байгаа. Маш их тураалд орсон. Бид нарын ганц үзэл баримтлал бол манай хууль чинь энэрэнгүй, хүнлэг байх ёстой гэж үздэг. Гэтэл өнөөдөр энэ зарчим энэ шүүхийн шийдвэрээс алдагдсан юм болов уу гэж бодож байна. Эх нь буруутай байлаа гэхэд хүүхдийг давхар яллаж болохгүй болов уу гэж бодож байна. Зөвхөн хүүхдийн хувь заяаг бид шийдвэрлэх ёстой. Тийм учраас би эмч нартай уулзсан. Одоо өнөөдөр шүүх хүүхдийн асран хамгаалагчийг тогтоож өгөөгүй учраас эмнэлэгт хүүхдийг харах хүн байхгүй. Одоо хүүхдийг төрсөн дүү нь гэж нэг хүн харж байгаа. Тэр хүн ямар ч хүүхэд асрах, хүүхдийг хайрлах мэдрэмжгүй гэж эмч нь тэгж хэлж байсан. Энэ хүүхдэд маш их асаргаа хэрэгтэй байгаа учраас маш их эрсдэлтэй байна гэж ярьж байсан. Одоо миний гол зорилго бол тэртээ тэргүй хийсэн хэрэг нь тодорхой, ял авах нь ойлгомжтой. Ганцхан хүүхдийн хувь заяаг шийдвэрлэж өгөөч, хүүхдийн эрүүл мэнд хохирох эрсдэлтэй байна. Тийм учраас нэгэнтээ зүйл анги нь сонгомол санкцтай учраас торгох ялыг оногдуулж өгөөч гэж хүсэж байна. Хэрвээ энэ торгох ялыг хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэчих юм бол энэ хүн дараа нь төлөхгүй байгаа тохиолдолд эргээд хорих ял болно гэдгийг ойлгуулаад торгох ял оногдуулж өгөх юм бол хүүхдийн хувь заяаг зөвөөр шийдвэрлэх боломжтой юмаа гэж үзээд би гомдол гаргасан юм. Тийм учраас санкцийн дагуу торгох ял оногдуулж өгнө үү гэжээ. 

           Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.И шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шалгагдаж байх явцад яллагдагч маань хүүхэдтэй болсон байгаа яллагдагчийн өмгөөлөгчийн ярьж байгаа хорих ялыг торгуулийн ялаар солих талаар ярьж байгаа нь боломжгүй. 2017 оноос хойш хохирлын хэмжээг барагдуулаагүй байгаа учраас цаашид барагдуулна гэдэгт итгэхгүй байна. Их хэмжээний хохирол учруулсан бүлэглэн үйлдсэн зэрэг хүндрүүлэх бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг үйлдсэн тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын дагуу шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Прокурор Э.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүгдэгч Т.С хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцогдсон бөгөөд гэмт хэргийн хохирлоос хэргийг шалгах хугацаанд буюу 1 жил гарны хугацаанд 10 хүрэхгүй хувийг төлж барагдуулсан байдаг. Цаашид анхан шатны шүүхийн шийдвэр гарснаас хойш төлөлт хийсэн байдал харагдсангүй. Ингээд шүүгдэгчийн хохирол төлөлтийн байдал, үйлдэгдсэн гэмт хэргийн шинжийг харгалзан анхан шатны шүүхээс торгох ялыг хэрэглэх боломжгүй гэж үзсэн нь үндэслэлтэй байна. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлд зааснаар хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоолд хойшлуулах үндэслэл хэргийн ангилалын хувьд хамаарахгүй байсан тул хорих ялыг биечлэн эдлүүлэх анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байна гэж үзэж байна.

Говьсүмбэр аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 34 дугаартай шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналыг гаргаж байна гэжээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүхээс шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдсан гомдлыг хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянав.

           Шүүгдэгч Т.С нь Төрийн банкны Говьсүмбэр аймаг Баянтал сумын тооцооны төвд ахлах теллерээр ажиллахдаа албан тушаалын байдлаа ашиглан тус банкинд итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө болох хадгаламж эзэмшигч Д.Б хадгаламжнаас шинээр интернет банк нээх, цахим банкны үйлчилгээний маягтад харилцагчаар гарын үсгийг дуурайлган зурах аргаар 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр 2 удаагийн үйлдлээр 9.452.000 төгрөг, 2017 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр 1 удаагийн үйлдлээр 52.000 төгрөг, 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр 1 удаагийн үйлдлээр 4.605.000 төгрөг, 2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр 2 удаагийн үйлдлээр 2.484.000 төгрөг буюу нийт 6 удаагийн үйлдлээр 16.590.000 /арван зургаан сая таван зуун ерэн мянга/ төгрөг,

Хадгаламж банкны эзэмшигч Б.Д /Б/-гийн хадгаламжнаас интернет банкны нууц үгийг солих, цахим банкны үйлчилгээний маягтад харилцагчаар гарын үсэг нөхөж зуруулах аргаар 2017 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 1 удаагийн үйлдлээр 1.000.000 төгрөг, 2017 оны 08 дугаар сарын 07-ны өдөр 3 удаагийн үйлдлээр 2.120.000 төгрөг нийт 4 удаагийн үйлдлээр 3.120.000 төгрөг,

Хадгаламж эзэмшигч Б.М хадгаламжаас интернет банкны нууц үгийг солих, цахим банкны үйлчилгээний маягтад харилцагчаар гарын үсэг нөхөж зуруулах аргаар 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдөр 1 удаагийн үйлдлээр 30.000.000 төгрөг, 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр 1 удаагийн үйлдлээр 38.352.000 төгрөг нийт 2 удаагийн үйлдлээр 68.352.000 /жаран найм сая гурван зуун тавин хоёр мянга/ төгрөг,

Мөн хадгаламж эзэмшигч Б.М хадгаламжаас тус тооцооны төвийн захирал Б.З бүлэглэн интернэт банкны нууц үгийг солих, цахим банкны үйлчилгээний маягтад харилцагчаар гарын үсэг нөхөж зуруулах зэрэг аргаар 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр 1 удаагийн үйлдлээр 27.000.000 сая төгрөг, нийтдээ 13 удаагийн үйлдлээр 115.062.000 /нэг зуун арван таван сая жаран хоёр мянга/ төгрөг буюу их хэмжээний хохирол учруулсан,

          Шүүгдэгч Б.З нь Төрийн банкны Говьсүмбэр салбарын Баянтал тооцооны төвд захирлаар ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа ашиглан тус тооцооны төвийн ахлах теллер Т.С бүлэглэн тус банкинд итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө болох хадгаламж эзэмшигч Б.М хадгаламжнаас интернет банкны нууц үг солих, цахим банкны үйлчилгээний маягтад харилцагчаар гарын үсэг нөхөж зуруулах аргаар 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр 1 удаагийн үйлдлээр 27.000.000 /хорин долоон сая/ төгрөгийг завшиж үлэмж хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь хавтас хэрэгт авагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлгүүд болон бусад нотлох баримтаар нотлогдож тогтоогдсон байна.

           Шүүгдэгчийн өмгөөлөгчийн;  ... шүүгдэгч Т.С нь 2019 оны 02 дугаар сарын 08-ны өдөр охин  А төрүүлж, хорих ял шийтгүүлэх үедээ 2 сартай нялх хүүхэдтэй байсныг харгалзан үзэж, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, торгох ял оногдуулж өгнө үү гэсэн саналыг хүлээн авах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ. Учир нь: Монгол улсын Хүүхдийн эрхийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2-т “ төр ... хүүхдийн язгуур эрхийг эн тэргүүнд хангахыг эрхэмлэнэ’’, 5 дугаар зүйлийн 5.2-д “ хүүхэд эрүүл өсч бойжих, аюулгүй орчинд амьдрах  ... эрхтэй’’, 5.3-д “ хүүхэд эцэг эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх ... эрхтэй’’ гэж тус тус заажээ.

          Шүүгдэгч Т.С хүүхэд нь одоогоор 3 сар гарантай бөгөөд Аймгийн Эрүүл мэндийн газрын даргын тодорхойлолтонд хүүхдийн биеийн байдал тааруу, дархлаа дутмагшлын шүүдэст эмзэглэлт өвчтэй тул дан хөхөөр хооллох шаардлагатай, сульдаа буюу рахит өвчний хурц илрэл, хоол тэжээлийн дутагдлаас  хоёр талын уушигны хүнд хаталгаа, хорт цус багадалт, төрөлхийн дархлаа дутмагшлын шүүдэст эмзэгшил оношоор эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа ба цаашид хүүхдийн амь насанд аюул учрах эрсдэл үүсэж болзошгүй гэсэн байх тул хүүхдийн эрүүл мэндийн байдлыг нь харгалзан үзэж шүүгдэгч Т.С  торгох  ял оногдуулах нь үндэслэлтэй  гэж үзлээ.       

 Анхан шатны шүүх Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны зардалд 800.000 төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулахаар шийдвэрлэхдээ хэнд олгохыг нь тодорхой заагаагүй, мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1.1 дэх заалтыг баримталсан нь оновчтой биш байх тул энэ үндэслэлээр  өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

            Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар шүүгдэгч Т.С цагдан хоригдсон 50 хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож эдлэх ялаас хасч тооцохыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгах нь зүйтэй гэж үзлээ.

            Иймд шүүгдэгч Т.С өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж, шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

             Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4 дэхь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь;

1.  Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 2019/ШЦТ/34 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтанд ... “ шүүгдэгч Т.С 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялаар’’ гэснийг “ 20.000 /хорин мянган/ нэгжээр буюу 20.000.000 /хорин сая/ төгрөгөөр торгох ялаар’’ гэж,

          Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4 дэх заалтад  ...төгрөгөөр гэсний ард ‘’шүүгдэгч Т.С 20.000 /хорих мянган/ нэгжээр буюу 20.000.000 /хорин сая/ төгрөгөөр ” гэж нэмж,  

          Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 6 дахь заалтыг ...‘’Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч нараас гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд 800.000 /найман зуун мянга/ төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулж, Шүүхийн Шинжилгээний үндэсний хүрээлэнгийн төрийн сан дахь 100900012005  тоот дансанд шилжүүлсүгэй’’ гэж өөрчлөн найруулж, тус тус өөрчлөлт оруулсугай.

2.Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтыг хүчингүйд тооцож, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэг,  Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 2 дах хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Т.С цагдан хоригдсон 50 хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож эдлэх ялаас хасч тооцохыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.С шүүх хуралдааны танхимаас нэн даруй сулласугай.

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                       Г.ТЭГШСУУРЬ

                        ШҮҮГЧИД                                        Х.БАЙГАЛМАА

                                                                                О.ОДНЯМАА