Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 128/ШШ2021/0050

 

 

 

 

 

 

 

2021 оны 01 сарын 20 өдөр Дугаар 128/ШШ2021/0050 Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Адъяасүрэн даргалж, шүүгч О.Оюунгэрэл, Х.Нямдэлгэр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Т а ф ХХК

Хариуцагч: Сүхбаатар дүүргийн Татварын хэлтэс

Нэхэмжлэлийн шаардлага: Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн татвар суутгасан захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоолгох шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.З, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, Н.Х, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Цэвэлмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч А.З шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

... Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-т заасныг татварын албанаас буруу тайлбарлан нэр дурдсан тээврийн хэрэгслийн татварыг суутган авсан нь үндэслэлгүй. Тухайн хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д тухайн тээврийн хэрэгсэлд татвар ногдох асуудлыг зохицуулсан болохоос хэн татвар төлөгч байх вэ гэдгийг зохицуулаагүй. Энэ нь мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дах зохицуулалтаас тодорхой харагддаг. Татвар төлөгч буюу тухайн тээврийн хэрэгслийг эзэмшиж байгаа этгээд бол нийтийн эрх зүйн зохицуулалтын хүрээнд зохицуулсан зохицуулалт байхгүй учраас хувийн эрх зүй буюу Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1, 89.3-д заасны дагуу зохицуулах ёстой.

Иргэний хуулийн 89 дүгээр 89.3-т Өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлын дагуу хууль буюу хэлцлийн үндсэн дээр тодорхой хугацаагаар эд хөрөнгийг эзэмших эрх олж авсан буюу үүрэг хүлээсэн этгээд нь шууд эзэмшигч, эрх буюу үүргээ шилжүүлсэн этгээд нь шууд бус эзэмшигч байна. гэж зохицуулсан. Мөн хуулийн 89.2-д Өөр этгээдээс бүрэн эрх олгогдсоны дагуу түүний ашиг сонирхлын үүднээс эд хөрөнгийг тухайн үед өөрийн мэдэлд байлгаж байгаа этгээдийг эзэмшигч гэж үзэхгүй. гэж заажээ. Энэ тохиолдолд бүрэн эрх олгосон этгээд эзэмшигч байна гэж заасан. Нэхэмжлэгч байгууллага бол зээлийн үйл ажиллагаа явуулдаг, нэр бүхий тээврийн хэрэгслүүд буюу тухайн тээврийн хэрэгслийг бодитойгоор эзэмшиж ашиглаж байгаа өмчлөгчидтэй зээлийн болон фидуцийн гэрээ байгуулж байгаа.

Энэ гэрээний хүрээнд үүргийн гүйцэтгэлийг хангуулах арга хэлбэрийн хүрээнд л энийг шийдвэрлэж авсан асуудал. Иргэний хуулийн 89.2-д заасны дагуу шууд эзэмшигч нь тухайн этгээд, нэхэмжлэгч байгууллага бол шууд бус эзэмшигч байна. Иймд ногдох татварыг тухайн этгээдээс гаргуулах ёстой гэж үзэж байна.

Иргэний хуулийн 235 дугаар зүйлд үүргийн гүйцэтгэлийг хангуулах буюу фидуцийн гэрээний зохицуулалтыг заасан. Тус хуулийн 235.4-д заасны дагуу зээлдэгч хэрвээ зээлийн төлбөрөө төлөөгүй тохиолдолд тухайн эд хөрөнгийг бодитойгоор гаргуулж авснаар энэ гэрээ дуусгавар болно. Гэрээ дуусгавар болсноор тухайн цагаас нэхэмжлэгч байгууллага эзэмшигч болон тухайн эд хөрөнгийг захиран зарцуулах эрхтэй болно. Энэ нь Иргэний хуулийн 235.6-д зааснаар зохицуулагдана. Гэтэл татварын байцаагч татварын албанаас сонсох ажиллагаа хийгээгүйн улмаас дээрх нөхцөл байдлыг тодруулалгүйгээр үл маргах журмаар данснаас суутгал үндэслэлгүй авсан.

Данснаас мөнгө суутгасан асуудал нь Татварын ерөнхий хууль /хуучин/ 55.1-д заасан татварын аль өр нь юм бэ гэдэг асуудал байна. Урьдчилан шийдвэрлэх ажиллагааны хүрээнд холбогдох газарт гомдол гаргахад Татварын ерөнхий хуулийн 61.2-д заасны дагуу татварыг суутгаж авсан нь үндэслэлтэй гэх хариу өгдөг. Тухайн хуулийн 61.2-д хугацаандаа төлөөгүй татварын өрийг төлж барагдуулах гэж байгаа. Гэтэл Татварын ерөнхий хуулийн 55.1-д гурван нөхцөлийг заасан байдаг. Үүний 1-т, татварын тайлангаар тогтоогдсон өр, 2-т, мөн хуулийн 48 дугаар зүйлд заасан өр байх ёстой, 3-т, хяналт шалгалтаар тогтоогдсон өр байх юм бол татварын өрд тооцно гэсэн. Гэтэл одоо суутгаад байгаа татвар гэж нэрлэж байгаа зүйл нь 55.1.1-55.1.3-д заасан үндэслэлийн алинд хамаарч байгаа нь тодорхойгүй. Ямар нэгэн байдлаар татварын тайлангаар энэ өр тогтоогдоогүй, 48-д заасан үндэслэл хамаагүй, хяналт шалгалт хийгдээгүй байгаа учраас татварын өр гэж үзэх үндэслэл байхгүй. Хариуцагчийн зүгээс дээрх нөхцөл байдлыг тодруулаагүй.

Татварын ерөнхий хуулийн 54 дүгээр зүйлд заасны дагуу мэдэгдэх хуудсыг татвар төлөгчид гардуулах асуудлыг хуулиар зохицуулсан. 54.1-д татвар төлөгч хугацаандаа төлөөгүй татвар болон энэ хуулийн 48-д заасан журмаар татварын албанаас тодорхойлон тогтоосон татварыг төлүүлэхээр мэдэгдэх хуудсыг татвар төлөгчид гардуулна. Гэтэл мэдэгдэх хуудсыг гардуулах ажиллагаа хийгдээгүй, шуудангаар явуулсан гэдэг шуудангийн огноонуудыг харах юм бол хоорондоо зөрүүтэй нотлох баримтаар нотлогдсон зүйлгүй. Мөн Татварын ерөнхий хуулийн 54.1.6-д гардуулснаас хойш ажлын 10 хоногт багтаан татвар төлөхийг шаардах энэ зохицуулалтыг хуульчилсан. Гэтэл уг заалтыг зөрчин гурав хоногийн дотор төлөх шаардлагыг тавьсан. Суутгаж авсан үйлдэл нь мэдэгдэх хуудсанд заасан гурав хоног хүлээлгүйгээр гурав дах хоног нь дуусаагүй байхад үл маргах журмаар суутгаж авсан нь бас үндэслэлгүй болсон.

Иймд дээрх үндэслэлүүдээр хариуцагч холбогдох хуулиудыг зөрчиж татварыг суутгаж авсан нь үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлүүлэх үндэслэлтэй байна. гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

... Нэхэмжлэгчийн эзэмшилд байгаа автотээврийн хэрэгслүүдийн албан татвар болон агаарын бохирдлын төлбөр гэх мэтийг төлүүлэхээр татварын улсын байцаагч тухайн нэхэмжлэгчийн нэр дээр бүртгэлтэй авто тээврийн хэрэгслүүдийг татвар төлүүлэхээр мэдэгдэх хуудсыг хүргүүлсэн байдаг. Нэгт, нэхэмжлэгч талаас автомашин үндсэн өмчлөгчөөс татварыг гаргуулах ёстой гэж үзсэн. Гэвч Автотээврийн албан татварын тухай хуулийн 3.1-д тухайн авто машины эзэмшигчээс албан татварыг төлөх үүрэгтэй гэж заасан. Автомашин нь хөрөнгө учраас улсын бүртгэлд бүртгэгдсэн байдаг. Уг улсын бүртгэлийн бүртгэлийг үндэслэж татварын байгууллага татвар ногдуулалтыг хийдэг.

Улсын бүртгэл, автотээврийн үндэсний төвөөс татварын албанд мэдээлэл ирүүлдэг. Автотээврийн мэдээлэл өөрчлөгдсөн тохиолдолд мэдээлэл нь дундын мэдээллийн санд ордог. Тэндээс татварын алба автотээвэр хэний өмчлөл, эзэмшилд шилжсэн мэдээллийг хараад татвар ногдуулдаг. Тухайн нэхэмжлэгч хүнд зээл олгоод зээлийнх нь барьцаанд автомашиныг өөрийнх нь нэр дээр бүртгүүлж шилжүүлж авч байгаа тохиолдолд эзэмшигч болон үүнийхээ дагуу татвар төлөгч болно. Ингэснээр тухайн автомашинд оногдох татварыг төлөх үүрэг бий болно.

Сонсох ажиллагааг татварын улсын байцаагч мэдэгдэх хуудсыг шуудангаар харьяалах хаягийн дагуу шуудангаар хүргүүлсэн байдаг. Автотээврийн татварыг хуулиараа бол 6 сар гэхэд бүрэн гүйцэт төлсөн байх ёстой. Нэхэмжлэгч бол тухайн оныхоо 12 сар буюу жилийн эцэс болох гэж байхад автомашины татвараа төлөөгүй байсан. Татварын албаны зүгээс хугацаандаа татвараа төлөөгүйн улмаас торгууль, алдангийн асуудал, албадан төлүүлэх ажиллагаа хийгээгүй. Харин татвар төлөгч өөрөө хүсэлт гаргаад одоохондоо төлөх боломжгүй, тухайн хүн машинаа шилжүүлж авсан ч улсын бүртгэлд нэр дээр нь шилжээгүй байгаа уг байдлаас шалтгаалаад татварын зөрүү үүсэх асуудал гардаг энэ асуудлыг харгалзаж үзээч гэсэн хүсэлт ирсэн байдаг. Хүсэлтийн дагуу татварын албанаас татварын өрийг суутган авахдаа 100 хувь биш татвар төлөх өрийг нь 60 хувиар тооцож татварыг нь төлүүлэхээр данснаас нь татан авалт хийсэн. Сонсох ажиллагааны хувьд мэдэгдэх хуудсыг хүргүүлсэн. Татвар төлөгч эрх ашгаа хамгаалах, тайлбар гаргах боломж нээлттэй байсан гэтэл уг ажиллагааг хэрэгжүүлээгүй байж сонсох ажиллагаа хийгээгүй гэж үзэхгүй.

Автотээврийн татварын хуульд зааснаар 2019 оны 6 сарын 1-ний дотор тухайн автомашин эзэмшиж байгаа хувь хүн, хуулийн этгээд татвараа төлсөн байх ёстой. Татвар төлөгч нь татвараа төлөөгүйн улмаас ногдол үүсэн өр бий болдог. Хуульд тогтоосон хугацаанд төлөөгүй татварыг татварын өр гэж үзнэ. Үүнийхээ дагуу татварын өрийг барагдуулах ажиллагааг хуульд заасан журмын дагуу хэрэгжүүлсэн. Мэдэгдэх хуудас гардуулснаас хойш 10 хоногт багтаан татвар төлөхийг шаардаж байсан ч 3 хоногт багтаан данснаас мөнгө суутгасан нь Татварын ерөнхий хуулийн 54.2-д зааснаар татварын алба 10 хоногоос богино хугацаагаар тогтоож болно гэж заасан.

Татвар төлөгч аль 6 сард төлөөд дуусах байсан татварыг төлөөгүй байсан, санхүүгийн жил дуусах гэж байсан тул богино хугацаагаар төлөхийг шаардан хэрэгжүүлсэн байгаа. Энд ямар нэгэн хууль зөрчсөн зүйл байхгүй. Тухайн асуудалтай холбоотой өмнө нь анхан шатны шүүхээр шийдэгдээд давж заалдах шатны шүүхээр хянагдсан байгаа. Анхан шатны шүүхийн тэмдэглэл байхгүй гэдэг үндэслэлээр дахин анхан шатны шүүх рүү буцсан асуудал байгаа. Ер нь татварын улсын байцаагч нар хуулиар олгогдсон бүрэн эрхийн дагуу хугацаандаа татвар төлөөгүй татвар төлөгчийн татварын өрийг төлүүлэхээр хуульд заасан арга хэмжээг хэрэгжүүлсэн гэж татварын байгууллагын зүгээс үзэж байгаа учраас нэхэмжлэгчийн гаргаж байгаа нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлгүй гэж үзэн хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Т а ф ХХК-иас Сүхбаатар дүүргийн Татварын хэлтэст холбогдуулан Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн татвар суутгасан захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоолгох шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан.

Нэхэмжлэгчээс Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсээс 16.337.699 төгрөгийн татварыг суутгахдаа Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3, 47.1.6-д заасан илт хууль бус актын шинж агуулсан. Баянзүрх дүүрэгт татварын бүртгэлтэй хуулийн этгээдийн данснаас Сүхбаатар дүүргийн Татварын хэлтэс суутган авсан, ... авто машиныг бодитойгоор эзэмшээгүй, эзэмшигч бус этгээдээс автомашины татвар суутгасан нь илт хууль бус гэж, хариуцагчаас ...татвар төлөгдөөгүй этгээдүүдээс хугацаанд нь төлүүлэхээр мэдэгдэх хуудас хүргүүлсэн. ....мэдэгдэх хуудсаар татварыг төлөөгүй тохиолдолд данснаас нь шууд татан авах талаар мэдэгдсэн. Монгол Улсын автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын хуульд автотээврийг эзэмшигч тухайн татварыг хариуцна гэж заасан. гэж маргажээ.

Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн DNP191211007 дугаар мэдэгдэх хуудсаар Т а ф ХХК-д авто тээврийн хэрэгслийн албан татвар, авто зам ашигласны болон агаарын бохирдлын төлбөрийн ногдлыг төлөх хугацаа тогтоон, тогтоосон хугацаанд төлөөгүй тохиолдолд Татварын ерөнхий хуулийн 62 дугаар зүйлд заасан ажиллагааг явуулахаас гадна Зөрчлийн тухай хуулийн 15.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгохыг мэдэгдэж, уг мэдэгдлийн хавсралтаар Т а ф ХХК-д авто тээвэр өөрөө явагч хэрэгслийн албан татварт үүссэн 19,288,491.0 төгрөг, авто зам ашигласны төлбөрт үүссэн 7,941,008.00 төгрөг, агаарын бохирдлын төлбөрт үүссэн 252,500.00 төгрөг, нийт 27,481,999.00 төгрөгийг барагдуулахыг үүрэг болгожээ.

Нийслэлийн Татварын газрын 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн А/64 дүгээр тушаалын нэгдүгээр хавсралтаар Автотээвэр болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, авто зам ашигласны төлбөрийн 2019 оны эхний 10 сарын орлогыг бүрэн бүртгэх, татварын орлогын бүртгэлд хяналт тавих ажлын хэсгийг байгуулж, 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн хуралдаанаар нийслэлийн хэмжээнд 2019 оны татвараа төлөөгүй 6300 тээврийн хэрэгслийн эзэмшигчдээр татварыг төлүүлэх талаар хэлэлцэн шийдвэрлэж, нэхэмжлэгчийн Хаан банк дахь харилцах данснаас 16337699 төгрөгийг 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр үл маргах журмаар суутган авсан байна.

Нэхэмжлэгч Т а ф ХХК нь Автомашин эзэмшигчтэй автомашин барьцаалан зээлдүүлэх гэрээ байгуулж, уг гэрээний барьцаанд авсан автомашиныг эзэмшигч нь унаад явах нөхцөлтэй, эзэмших эрхийн гэрчилгээг барьцаалагч буюу Т а ф ХХК-д шилжүүлэн авахаар гэрээ байгуулдаг.

Монгол Улсын автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д Улсын бүртгэлд байгаа автотээврийн болон өөрөө явагч хэрэгсэлд тэдгээрийг ашиглаж байгаа эсэхийг үл харгалзан албан татвар ногдуулна, 7 дугаар зүйлийн 7.1-д Хувь хүн нь авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн жилийн албан татварыг жилд нэг удаа тухайн жилийн 6 дугаар сарын 1-ний өдрөөс өмнө харьяалах татварын албанд төлнө. Хэрэв 6 дугаар сарын 1-нээс хойш авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийг импортоор оруулж ирсэн бол харьяалах татварын албанд тухайн жилдээ багтаан үлдсэн хугацаанд ногдох татварыг төлнө, 7.2-т Аж ахуйн нэгж, байгууллага автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн жилийн албан татварыг тэнцүү хэмжээгээр улирал бүрийн сүүлчийн сарын 25-ны дотор багтаан төсөвт төлж дараа оны 2 дугаар сарын 15-ны дотор тайланг татварын албанд ирүүлнэ, Татварын Ерөнхий хуулийн /2008 оны/ 63 дугар зүйлийн 63.1-д хугацаанд нь төлөөгүй татварын өрийг эхний ээлжинд татвар төлөгчийн банкин дахь дансанд байгаа мөнгөн хөрөнгөөс үл маргах журмаар гаргуулах бөгөөд уг мөнгөн хөрөнгө нь татварын өрийг төлөхөд хүрэлцэхгүй бол уг данснаас төлөх баталгаажсан барьцаа, шүүхийн шийдвэрээс бусад зарлагын гүйлгээг бүрэн буюу хэсэгчлэн зогсоож дансны орлогоос татварын өрийг барагдуулна гэж тус тус заажээ.

Эдгээр зохицуулалтаас үзэхэд Т а ф ХХК нь зээлийн гэрээний барьцаанд байгаа авто машиныг бодитойгоор эзэмшээгүй, зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор тухайн тээврийн хэрэгслийн нэрийг шилжүүлснээс үл шалтгаалан тухайн автомашины эзэмшигчийн хувьд Монгол Улсын автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын тухай хуулийн 3 дугаар зүйлд Монгол Улсын нутаг дэвсгэрт автотээврийн болон өөрөө явагч хэрэгсэл эзэмшиж буй хувь хүн, аж ахуйн нэгж, байгууллага албан татвар төлөгч байна. Агаарын бохирдлын төлбөрийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д Дoр дурдсан иргэн, аж ахуйн нэгж, байгууллага агаарын бохирдлын төлбөр төлөгч байна, 4.1.4-т автотээврийн болон өөрөө явагч хэрэгсэл эзэмшигч гэж заасан татварыг төлөх үүрэгтэй байна.

Хэрэгт авагдсан баримт, хариуцагчийн тайлбараар татвар төлөлтийн талаарх мэдээлэл нийслэлийн хэмжээнд нэгдсэн бүртгэлд бүртгэгдэж, хяналт тавигддаг бөгөөд Сүхбаатар дүүргийн татварын хэлтсээс авто тээврийн хэрэгслийн эзэмшигчийн хувьд төлөх ёстой Монгол Улсын автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын тухай хууль, Агаарын бохирдлын төлбөрийн тухай хуулийн дагуу төлөх татвар, төлбөрийг Т а ф ХХК-иас үл маргах журмаар гаргуулсан нь Захиргааны Ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3-т тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан;, 47.1.6-д иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй; гэх захиргааны акт илт хууль бус болох шинжийг агуулаагүй байна.

Иймд нэхэмжлэгч Т а ф ХХК-иас Сүхбаатар дүүргийн Татварын хэлтэст холбогдуулан Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн татвар суутгасан захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Татварын Ерөнхий хуулийн /2008 оны/ 41 дүгээр зүйлийн 41.1, 63 дугаар зүйлийн 63.1.1, Монгол Улсын автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын тухай хуулийн 3 дугаар зүйл, 6 дугаар зүйлийн 6.1, 7.1, Агаарын бохирдлын төлбөрийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4, Захиргааны Ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг тус тус баримтлан Т а ф ХХК-ийн нэхэмжлэлтэй Сүхбаатар дүүргийн Татварын хэлтэст холбогдох Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн татвар суутгасан захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.АДЪЯАСҮРЭН

Х.НЯМДЭЛГЭР

О.ОЮУНГЭРЭЛ