Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 11 сарын 23 өдөр

Дугаар 221/МА2023/0700

 

 

 

 

 

 

 

 

 

 

“МСН” ХХК-ийн

    нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч: Ерөнхий шүүгч Д.Баатархүү

Бүрэлдэхүүнд оролцсон: шүүгч Г.Мөнхтулга

Илтгэгч: шүүгч Д.Оюумаа

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Н ,

Нэхэмжлэгч: “МСН” ХХК

Хариуцагч: Цахим хөгжил, харилцаа холбооны сайд

Нэхэмжлэлийн шаардлага: “Сансарын холбооны Кэй Юү /KU/ зурвасын технологи ашиглан телевизийн олон сувгийн нэвтрүүлгийг орон даяар дамжуулах үйлчилгээ үзүүлэх ******* тоот гэрээний үнийг тус яамны 2023 оны улсын төсөвт суусан дүнгээр гэрээний үнийг нэмэгдүүлэхээс татгалзсан Цахим хөгжил, харилцаа холбооны сайдын татгалзлыг хууль бус болохыг тогтоож, 2023 оны улсын төсөвт суусан 2,5 тэрбум төгрөгийн дүнгээр “Сансарын холбооны Кэй Юү /KU/ зурвасын технологи ашиглан телевизийн олон сувгийн нэвтрүүлгийг орон даяар дамжуулах үйлчилгээ үзүүлэх ******* тоот гэрээ”-ний төсвийг хуваарилж, хуваарилсан төсвийн дагуу сунгалтын гэрээний үнийг нэмэгдүүлэн  зохих журмын дагуу шийдвэрлэхийг сайдад даалгах” тухай

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 715 дугаар шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э , Ц.Д, өмгөөлөгч Л.Х,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Н ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Эрдэнэбаяр

Хэргийн индекс: 128/2023/0440/З

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч МСН” ХХК-иас хариуцагч Цахим хөгжил, харилцаа холбооны сайдад холбогдуулан “Сансарын холбооны Кэй Юү /KU/ зурвасын технологи ашиглан телевизийн олон сувгийн нэвтрүүлгийг орон даяар дамжуулах үйлчилгээ үзүүлэх ******* тоот гэрээний үнийг тус яамны 2023 оны улсын төсөвт суусан дүнгээр гэрээний үнийг нэмэгдүүлэхээс татгалзсан Цахим хөгжил, харилцаа холбооны сайдын татгалзлыг хууль бус болохыг тогтоож, 2023 оны улсын төсөвт суусан 2,5 тэрбум төгрөгийн дүнгээр “Сансарын холбооны Кэй Юү /KU/ зурвасын технологи ашиглан телевизийн олон сувгийн нэвтрүүлгийг орон даяар дамжуулах үйлчилгээ үзүүлэх ******* тоот гэрээ”-ний төсвийг хуваарилж, хуваарилсан төсвийн дагуу сунгалтын гэрээний үнийг нэмэгдүүлэн  зохих журмын дагуу шийдвэрлэхийг сайдад даалгах”-аар маргасан байна.

 

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 715 дугаар шийдвэрээр: “Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2, 41 дүгээр зүйлийн 41.2.2 дахь хэсэгт заасныг баримтлан Цахим хөгжил, харилцаа холбооны сайдын 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 01/554 дугаартай албан бичгийн тус яамны улсын төсөвт суусан дүнгээр гэрээний үнийг нэмэгдүүлэхээс татгалзсан шийдвэрийг дахин шинэ акт гаргах хүртэл нэг сарын хугацаагаар түдгэлзүүлж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд хариуцагчаас шинэ акт гаргаагүй бол маргаан бүхий захиргааны актууд хүчингүй болгохыг дурдаж...” шийдвэрлэсэн байна.

 

3. Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Н  дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

 

3.1. “...Нэхэмжлэгч “МСН” ХХК нь 2019 онд Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газраас зарласан 1,590,000,000 төгрөгийн төсөвт өртөгтэй “Сансрын холбооны Кэй Юү зурвасын технологи ашиглан телевизийн олон сувгийн нэвтрүүлгийг орон даяар дамжуулах үйлчилгээ үзүүлэх” ******* дугаартай тендерт заасан ажлыг 397,499,999.50 төгрөгөөр гүйцэтгэх боломжтой гэж саналаа ирүүлсэн байдаг. Улмаар тендерийн гүйцэтгэгчээр шалгарч, 2019 оны 08 дугаар сарын 27-ны өдөр 397,499,999.50 төгрөгийн үнийн дүн бүхий гэрээг 10 жилийн хугацаатай, жил бүр сунгах нөхцөлтэйгөөр байгуулсан байна.

 

3.2. Цахим хөгжил харилцаа холбооны сайдаас урьд байгуулсан гэрээний хэрэгжилтийг шалгахад Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газраас 2021 оны 03 дугаар сарын 26-ны өдөр, Цахим хөгжил, харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн даргaac 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдөр тус тус ******* дугаартай гэрээнд нэмэлт оруулсныг тогтоосон. Цахим хөгжил харилцаа холбооны сайдаас ******* дугаартай үндсэн гэрээнд 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдөр оруулсан нэмэлт гэрээний 2а, 2b-д заасан зохицуулалт нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэг, талуудын хооронд байгуулсан ******* дугаартай үндсэн гэрээний тусгай нөхцөлийн ГЕН 6.6-д заасан зохицуулалттай зөрчилдөж байна гэж үзсэн тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх заалтын дагуу энэхүү нэмэлтүүдийг хүчин төгөлдөр бус гэж тооцож байгаагаа “МСН” ХХК-д “Мэдэгдэл хүргүүлэх тухай” 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 01/22 дугаартай албан бичгээр хүргүүлсэн.

 

3.3. Гэтэл анхан шатны шүүхээс шийдвэрийн Үндэслэх хэсэгтээ Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3-д “Телевизийн өргөн нэвтрүүлгийн сувгийг төрөөс үнэ төлбөргүйгээр орон даяар дамжуулах үүрэгтэй” гэсний дагуу гэрээ байгуулж гэрээний үнэ жилд 397,499,999.50 төгрөг байхаар тусгаж, ам долларын ханшийн өсөлтөөс шалтгаалж хиймэл дагуулын трансфондер түрээслэх зардал огцом нэмэгдсэнийг үндэслэн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулан гэрээний үнийн дүнг 1,500,000,000 төгрөг болгон нэмэгдүүлсэн нөхцөл байдалтай талууд маргаагүй байна” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй бөгөөд хуулийн заалтыг буруу тайлбарласан гэж үзэж байна.

 

3.4. Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3 дахь хэсэгт Төрийн өмчийн радио, телевизийн газрын сүлжээний ашиглалтыг төр хариуцах талаар заасан Монгол Улсад төрийн өмчийн радио, телевизийн газрын сүлжээний ашиглалтын үйл ажиллагааг “Радио, телевизийн үндэсний сүлжээ” улсын төсөвт үйлдвэрийн газар эрхэлж Цахим хөгжил, харилцаа холбооны яамны харьяанд үйл ажиллагаа явуулж байна. Харин Цахим хөгжил, харилцаа холбооны сайдын 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 01/554 дугаартай албан бичгээр ******* дугаартай гэрээг 2023 онд анх байгуулсан үнийн дүн болох 397,499,999.50 төгрөгөөр сунгасан тухай мэдэгдэж, гүйцэтгэгчээс гэрээний үнийг нэмэгдүүлэх тухай хүсэлтийг хүлээн авахгүй гэдгээ л тайлбарласан байтал шүүхээс энэхүү тайлбар хүргүүлсэн албан бичгийг түдгэлзүүлж шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэж заасныг хангахгүй байна.

 

3.5. Сангийн сайдын 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 190 дугаар тушаалын хавсралтаар “Зардлын эдийн засгийн ангилал ашиглах заавар”-ыг шинэчлэн баталсан бөгөөд уг зааврыг төсвийн төлөвлөлт, гүйцэтгэл, тайлагналд ашиглаж байхыг бүх шатны төсвийн захирагч нарт даалгасан. “Сансрын холбооны Кэй Юү зурвасын технологи ашиглан телевизийн олон сувгийн нэвтрүүлгийг орон даяар дамжуулах үйлчилгээ үзүүлэх” ******* дугаартай гэрээний гүйцэтгэлийн төлбөрийг “Татаас-2122-Хувийн хэвшлийн байгууллагад олгох татаас” зардлын ангиллаас санхүүжүүлдэг бөгөөд энэхүү ангиллаас гарах зардлын тодорхойлолтыг “Үйлдвэрлэлийн хэмжээ, үнэ, эсвэл тухайн жилийн алдагдлыг нөхөх зорилгоор хувийн хэвшлийн байгууллагад олгож байгаа татаасууд энд хамаарна гэж “Зардлын эдийн засгийн ангилал ашиглах заавар”-т заасан.

 

3.6. Тус яамны хувьд “Татаас-2122-Хувийн хэвшлийн байгууллагад олгох татаас” ангиллаас маргаан бүхий гэрээний төлбөрөөс гадна хувийн хэвшлээр гүйцэтгүүлэх бусад ажил үйл ажиллагааны зардлын төлбөрийг санхүүжүүлэх ёстой. Гэтэл нэхэмжлэгч нь Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуулийн хүрээнд Цахим хөгжил, харилцаа холбооны яамны төсвийн “Хувийн хэвшлийн байгууллагад олгох татаас” дэд ангиллын зардалд батлагдсан үнийн дүнгээр бүхэлд нь гэрээний үнийн дүнг нэмэгдүүлэх агуулгаар шүүхэд хандаад байгаа нь өөрөө үндэслэлгүй гэж үзэж байна.

 

3.7. Тендер гэдэг бол захиалагчаас тогтоосон бүх нөхцөл, шаардлагыг бүрэн хангахаа илэрхийлж, сайн дурын үндсэн дээр ирүүлдэг тендерт оролцогчийн санал байдаг. Төсөвт өртөг өндөр тендерт бага үнийн санал ирүүлж шалгарсан гэрээг гүйцэтгэх явцад учрах эрсдэлээ хариуцахаар харилцан тохиролцож талууд гэрээ байгуулсан байтал анхан шатны шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлснээр Цахим хөгжил, харилцаа холбооны сайд болон тус яам дор дурдсан хуулийн заалтыг зөрчихөөр байна. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.6 дахь хэсэгт “Улсын төсвийн хөрөнгөөр хэрэгжих ажил гүйцэтгэх төсөл, арга хэмжээний ажлын тоо хэмжээ өөрчлөгдсөнтэй холбоотойгоор төсөвт өртгийг хуулиар нэмэгдүүлэн баталсан бол захиалагч магадлалын дүгнэлтэд үндэслэн тухайн ажлын гүйцэтгэгчтэй байгуулсан гэрээний үнэ, ажлын тоо хэмжээг нэмэгдүүлэн баталсан төсөвт өртөгт багтаан нэг удаа өөрчилж болно” гэж заасан нь ажил гүйцэтгэх төсөл, арга хэмжээний ажлын тоо хэмжээ өөрчлөгдсөн байхыг гол нөхцөлөө болгодог. Гэтэл ******* дугаартай талуудын хооронд байгуулсан гэрээ нь үйлчилгээ үзүүлэх гэрээ бөгөөд мөн гэрээний хүрээнд гүйцэтгэгчийн хариуцан гүйцэтгэх ажлын тоо хэмжээнд захиалагчаас өөрчлөлт оруулаагүй.

 

3.8. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3 дахь хэсэгт худалдан авах гэрээнд заавал тусгах нөхцөлүүдийг хуульчилсан ба 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн мөн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр 40 дүгээр зүйлийн 40.3.8 дахь заалт “гэрээний үнэд тохируулга хийх бол тохируулга хийх нөхцөл, аргачлал”-ыг хүчингүй болгосон нь талуудын хооронд 2019 оны 08 дугаар сарын 27-ны өдөр байгуулсан ******* дугаартай үндсэн гэрээний тусгай нөхцөлийн ГЕН 6.6-д заасан “Үнийн тохируулга хийгдэхгүй” гэсэн зохицуулалтыг хүчингүй болгох үндэслэл болохгүй. Төсвийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2.2 дахь заалтад бүх шатны төсвийн захирагч батлагдсан төсвийн хүрээнд зарлага гаргах үүрэгтэй ч тухайн асуудлыг буюу худалдан авах ажиллагаатай холбоотой харилцааг нарийвчлан зохицуулсан хуулийг зөрчиж зарлага гаргах нь хууль бус гэж үзэж байна.

 

Иймд шүүхээс үндэслэлгүй дүгнэлт гаргаж шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэж үзэж байх тул дээрх гомдлын үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

 

4. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э  дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

 

4.1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүгч нь шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсэгт 2023 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн нэхэмжлэлийн шаардлагыг дурдсан байна. Энэ нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.3 дах хэсэгт “Тодорхойлох хэсэгт нэхэмжлэлийн шаардлага, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийн агуулгыг тусгана” гэж заасныг зөрчсөн байна. “Цахим хөгжил харилцаа холбооны сайдын эрхлэх асуудлын хүрээний төсвийн ерөнхийлөн захирагчийн 2023 оны төсвийн төсөл, 2024-2025 оны төсвийн төсөөллийг боловсруулан хүргүүлж, Монгол Улсын төсвийн 2023 оны төсөл Уул уурхай, дэд бүтэц, тээвэр барилга, харилцаа холбоо: PHILISAL ба REUTERS-ийн суваг ашигласны төлбөр 2.5 тэрбум төгрөг суулгасан болох нь тогтоогдож байна” гэж зөв дүгнэсэн атлаа “Төсвийн захирагчийн батлагдсан төсвөө захиран зарцуулах эрх хэмжээнд хөндлөнгөөс оролцох эрхгүй юм” гээд гэрээний үнийг нэмэгдүүлэхээс татгалзсан шийдвэрийг түдгэлзүүлэх нь зүйтэй хэмээн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэг мөр шийдвэрлээгүйд гомдолтой байна.

 

4.2. Учир нь, Талуудын хооронд байгуулсан Сансарын Кэй Юү зурвасын технологи ашиглан телевизийн олон сувгийн нэвтрүүлгийг орон даяар дамжуулах үйлчилгээ үзүүлэх XXMTT/201911001 тоот гэрээний “(С)-д Захиалагч нь тухайн жилд батлагдсан Улсын төсвийн хөрөнгөөс гэрээгээр үзүүлэх үйлчилгээний төлбөрийг, Тусгай нөхцөлийн 2.3-д “Тухайн жилд батлагдсан Улсын төсөв, гэрээний биелэлтэд үндэслэн гэрээг жил тус бүрээр сунгана, 6.4.1-т Гэрээгээр үзүүлэх үйлчилгээний санхүүжилтийн эх үүсвэр нь тухайн жилд батлагдсан Улсын төсвийн урсгал зардал байна” гэж гэрээнд заасан, Төсвийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.36-д зааснаар “төсвийн ерөнхийлөн захирагч нь өөрийн эрхлэх асуудлын хүрээний батлагдсан төсвийг хууль тогтоомжийн дагуу хуваарилах, хяналт тавих, захиран зарцуулах, гүйцэтгэлийг тайлагнах” буюу батлагдсан төсвийн хууль тогтоомжийн дагуу хуваарилах чиг үүргийг хэрэгжүүлнэ. Гэтэл хариуцагч буюу Цахим хөгжил харилцаа холбооны сайд нь гэрээ болон дээрх хуульд заасны дагуу батлагдсан төсвийг хуваарилах энэхүү үүргээ хэрэгжүүлээгүй.

 

4.3. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11 дэх хэсэгт “Шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзвэл захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх” зааснаар хэргийг түдгэлзүүлсэн. Шүүгчийн энэхүү үндэслэл болгосон хуулийн зүйл заалт нь шүүхийн шийдвэр хууль ёсны байх бөгөөд үндэслэл бүхий байх зарчмыг хангаагүй байна.

 

4.4. Төсвийн ерөнхийлөн захирагч буюу Цахим хөгжил харилцаа холбооны сайдын гаргасан шийдвэрийг хууль бус буюу хууль зөрчсөн болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага нь шийдвэрийн үндэслэл болоод буй “нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн” гэх үндэслэлд хамаарахгүй юм. Дээр дурдсанаар нэгэнт нэхэмжлэгчийн үзүүлдэг үйлчилгээ нь “Монгол улсын 2023 оны төсвийн тухай” хууль болон батлагдсан байхад актын биелэлтийг түдгэлзүүлсэн нь хуулийг буруу тайлбарласан гэх үндэслэлд хамаарч байна. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэл бүрдсэн байхад шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзэхгүй.

 

4.5. Хэрвээ Төсвийн ерөнхийлөн захирагчийн эрх хэмжээний асуудал гэж үзээд Түдгэлзүүлж шийдвэрлэсэн 1 сарын хугацаанд хариуцагчаас 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн шийдвэртэй адил агуулгад хариу өгөх тохиолдолд шүүхийн шийдвэр ач холбогдолгүй болох үр дагавартай байна.

 

4.6. Мөн энэхүү хэрэг маргааныг нэг мөр шийдвэрлээгүйгээс “Төсвийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.3-д “Төсвийн жил дуусахад Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд заасан эргэлтийн сангийн үлдэгдэл хөрөнгийг төсөвт татан төвлөрүүлэх асуудлыг энэ хуулийн 18.6-д заасны дагуу шийдвэрлэх бөгөөд тухайн хөрөнгийг дараагийн жилийн батлагдсан төсвийн дагуу зарцуулна” гэж заасны дагуу төсөвт суусан мөнгөн дүнг татах эрсдэлтэй байна. Энэ мэтчилэн нэхэмжлэгч үйлчилгээ үзүүлсэн гэрээний төлбөрөө авалгүй бүтэн жил болж, эрх хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөөр байна.

 

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 715 дугаартай шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг бүхэлд хангаж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д заасны дагуу хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлгүй байх тул хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

 

2. Шүүх гомдлыг дараах үндэслэлээр хангахгүй орхив. Үүнд:

 

2.1. Нэхэмжлэгч “МСН” ХХК-иас Цахим хөгжил, харилцаа холбооны сайдад холбогдуулан “Сансарын холбооны Кэй Юү /KU/ зурвасын технологи ашиглан телевизийн олон сувгийн нэвтрүүлгийг орон даяар дамжуулах үйлчилгээ үзүүлэх ******* тоот гэрээний үнийг тус яамны 2023 оны улсын төсөвт суусан дүнгээр гэрээний үнийг нэмэгдүүлэхээс татгалзсан Цахим хөгжил, харилцаа холбооны сайдын татгалзлыг хууль бус болохыг тогтоож, 2023 оны улсын төсөвт суусан 2,5 тэрбум төгрөгийн дүнгээр “Сансарын холбооны Кэй Юү /KU/ зурвасын технологи ашиглан телевизийн олон сувгийн нэвтрүүлгийг орон даяар дамжуулах үйлчилгээ үзүүлэх ******* тоот гэрээ”-ний төсвийг хуваарилж, хуваарилсан төсвийн дагуу сунгалтын гэрээний үнийг нэмэгдүүлэн  зохих журмын дагуу шийдвэрлэхийг сайдад даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

2.2. Анхан шатны шүүхээс “...“МСН” ХХК-аас 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 140/22 дугаартай албан бичгээр гэрээний санхүүжилтийн дүнг 2,500,000,000 төгрөг болгон нэмэгдүүлэх хүсэлтийг Цахим хөгжил, харилцаа холбооны яамны сайдад хүргүүлж, ...Монгол Улсын төсвийн 2023 оны төсөл /зориулалтаар/ Уул уурхай, дэд бүтэц, тээвэр, барилга, харилцаа холбоо: INTEL SAT ба RELTERS-ийн суваг ашигласны төлбөр 2.5 тэрбум төгрөг суулгасан болох нь тогтоогдож байна, ... шүүхээс захиргааны байгууллагыг Сансарын холбооны Кэй Юү зурвасын технологи ашиглан телевизийн олон сувгийн нэвтрүүлгийг орон даяар дамжуулах үйлчилгээ үзүүлэх ******* дугаартай гэрээний үнийн дүнг нэмэгдүүл гэсэн шийдвэр гаргаж, төсвийн захирагчийн батлагдсан төсвөө захиран зарцуулах эрх хэмжээнд хөндлөнгөөс оролцох эрхгүй...” гэж дүгнээд Цахим, хөгжил харилцаа холбооны сайд нь Телевизийн өргөн нэвтрүүлгийн сувгийг төрөөс үнэ төлбөргүйгээр орон даяар дамжуулах үүргээ хэрэгжүүлж, ******* дугаартай гэрээний үнийн дүнг батлагдсан төсвийн хүрээнд нэмэгдүүлэхгүй байгаа татгалзлын үндэслэлээ дахин судалж, энэ хүрээнд дахин шинэ акт гаргах хүртэлх нэг сарын хугацаанд Цахим хөгжил, харилцаа холбооны сайдын 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 01/554 дугаартай албан бичгийн тус яамны улсын төсөвт суусан дүнгээр гэрээний үнийг нэмэгдүүлэхээс татгалзсан шийдвэрийг түдгэлзүүлж шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий байна.

 

2.3. Тодруулбал, хэрэгт 2019 оны 08 дугаар сарын 27-ны өдөр нэг талаас захиалагчаар “Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар”, нөгөө талаас гүйцэтгэгчээр “МСН” ХХК нар харилцан тохиролцож ******* дугаартай Сансарын холбооны Кэй Юү /KU/ зурвасын технологи ашиглан телевизийн олон сувгийн нэвтрүүлгийг орон даяар дамжуулах үйлчилгээ үзүүлэхээр байгуулсан гэрээ авагдсан байх бөгөөд тус гэрээний тусгай нөхцөлийн 2.3-д “Үйлчилгээг дуусгахаар төлөвлөсөн өдөр нь 2029 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр байна. Үйлчилгээг дуусгахаар төлөвлөсөн хугацаанд гэрээний хэрэгжилтийг жил тус бүрээр дүгнэж, холбогдох хяналтын журамд үндэслэн улирал тус бүрээр төлбөрийг тооцож олгох бөгөөд тухайн жилд батлагдсан Улсын төсөв, гэрээний биелэлтэд үндэслэн гэрээг жил тус бүрээр сунгана” гэж, 6.4-д “...1. Гэрээгээр үзүүлэх үйлчилгээний санхүүжилтийн эх үүсвэр нь тухайн жилд батлагдсан Улсын төсвийн урсгал зардал байна” гэж тус тус заажээ.

 

2.4. Улмаар нэхэмжлэгч “МСН” ХХК-иас 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 140/22 дугаартай албан бичгээр “...манай компани нь гадаадын компаниас хиймэл дагуулын зурвас түрээслэн төлбөрийг ам.доллараар төлдөг бөгөөд ам.долларын ханш тасралтгүй өсөж ханшийн зөрүүний алдагдал үүсэж байгаа нь эдийн засгийн хүндрэл үүсгэж байгаа тул ...гэрээний санхүүжилтийн дүнг 2,500,000,000 төгрөг болгон нэмэгдүүлэх” агуулга бүхий хүсэлтийг Цахим хөгжил, харилцаа холбооны яамны сайдад хүргүүлсэн байх бөгөөд үүнтэй холбогдуулан Цахим хөгжил, харилцаа холбооны яамны сайдаас 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 01/1581 дугаартай албан бичгээр “...уг хүсэлтийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль болон бусад хууль тогтоомжид нийцүүлэн шийдвэрлэх боломжтой эсэх талаар зөвлөмжөөр хангах” тухай, мөн оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 03/2110 дугаартай албан бичгээр “...“МСН” ХХК-иас хиймэл дагуул түрээслүүлэгч Канадын Телесат компанийн зүгээс транспондерийн түрээсийн үйлчилгээгээ зогсоох мэдэгдэл ирүүлсэн...уг үйлчилгээг зогсвол орон даяар 400.000 гаруй айл өрх телевиз, радиогийн өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ авч чадахгүйд хүрэх эрсдэл үүсэх юм. Иймд ...нэмэлт гэрээтэй холбоотой зардлыг санхүүжүүлэх талаар чиглэл ирүүлнэ үү” гэх хүсэлтүүдийг Сангийн яам болон тус яамны сайдад тус тус хүргүүлсэн байна.

 

2.5. Дээрх албан бичгийн хариуг Монгол Улсын Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргаас 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 03/8289 дугаартай албан бичгээр “...Батлагдсан төсөвтөө багтаан ажил, үйлчилгээ гүйцэтгүүлэх гэрээ байгуулах, санхүүжилт олгох асуудал нь төсвийн захирагчийн эрх, үүргийн асуудал байх тул Төсвийн тухай хуульд нийцүүлэн шийдвэрлэнэ үү” гэж хүргүүлжээ.

 

2.6. Хэдийгээр хариуцагчаас 2022 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 01/1366 дугаар “Төсвийн төсөл хүргүүлэх тухай” албан бичигтээ “...Цахим хөгжил, харилцаа холбооны сайдын эрхлэх асуудлын хүрээний төсвийн ерөнхийлөн захирагчийн 2023 оны төсөл, 2024-2025 оны төсвийн төсөөллөөр INTELSAT ба RELTERS-ийн суваг ашигласны төлбөрийг 2023 оны төсвийн саналд 1,260,623.9 төгрөгөөр, 2024, 2025 оны төсөөлөлд мөн үнийн дүнгээр тусгасан...” байх боловч Цахим хөгжил, харилцаа холбооны яамны Шилэн данс цахим системийн “Төсвийн байгууллагын батлагдсан төсөв, гүйцэтгэл, хэтрэлт хэмнэлтийн шалтгаан тайлбарын хамт-эдийн засгийн ангилал 2023” хэсгийн эдийн засгийн ангилалд “Хувийн хэвшлийн байгууллагад олгох татаас”, батлагдсан төсөв жилээр “2450500000” гэсэн байгаагаас үзвэл дээр дурдсанчлан нэхэмжлэгч “МСН” ХХК, хариуцагч Цахим хөгжил, харилцаа холбооны яамны сайдаас хүргүүлсэн саналын дагуу 2023 оны төсөвт 2,450,500,000 төгрөгөөр тусгагдсан гэж үзэхээр байна.

 

2.7. Төсвийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.36-д “төсвийн ерөнхийлөн захирагч” гэж өөрийн эрхлэх асуудлын хүрээний төсвийг төлөвлөх, батлагдсан төсвийг хууль тогтоомжийн дагуу хуваарилах, хяналт тавих, захиран зарцуулах, гүйцэтгэлийг тайлагнах эрх бүхий этгээдийг ойлгоно” гэж, мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д “Дараах албан тушаалтан төсвийн ерөнхийлөн захирагч байна” гээд 14.11-д “Засгийн газрын гишүүн холбогдох төрийн захиргааны төв байгууллагын болон түүнд хууль тогтоомжоор харьяалуулсан бусад байгууллагын төсвийн” гэж, мөн 14.2-т төсвийн ерөнхийлөн захирагчийн төсвийн удирдлагын талаар хэрэгжүүлэх бүрэн эрхийг, 41 дүгээр зүйлийн 41.2.2-т бүх шатны төсвийн захирагч төсвийн хэрэгжилтийн талаар хүлээх үүргийг тус тус тодорхойлон хуульчилсан.

 

2.8. Дээрхээс үзвэл Цахим хөгжил, харилцаа холбооны яамны 2023 оны төсөвт INTELSAT ба RELTERS-ийн суваг ашигласны төлбөрт 2,450,500,000 төгрөгийг тусгасан байгаа энэ тохиолдолд хариуцагч захиргааны байгууллагаас Төсвийн тухай хуулийн 14.2.3-д заасан бүрэн эрхийнхээ хүрээнд талуудын хооронд байгуулагдсан “Сансарын холбооны Кэй Юү /KU/ зурвасын технологи ашиглан телевизийн олон сувгийн нэвтрүүлгийг орон даяар дамжуулах үйлчилгээ үзүүлэх ******* тоот гэрээ”-ний төсвийг төсөвт тусгагдсан 2,5 тэрбум төгрөгийн дүнгээр хуваарилж, сунгалтын гэрээний үнийг дүнг холбогдох хууль, дүрэм, журамд нийцүүлэх байдлаар нэмэгдүүлэх боломжийг хуулиар олгосон гэж үзэхээр байна.

 

2.9. Энэ талаар анхан шатны шүүхээс захиргааны байгууллагыг гэрээний үнийн дүнг нэмэгдүүл гэсэн шийдвэр гаргаж төсвийн захирагчийн батлагдсан төсвөө захиран зарцуулах эрх хэмжээнд хөндлөнгөөс оролцох эрхгүй гэж дүгнэсэн нь үндэслэлтэй бөгөөд үүнтэй холбогдуулан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдолд дурдсанаар нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хэргийг нэг мөр шийдвэрлээгүй гэх гомдол үндэслэлгүй.

 

2.10. Учир нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу захиалагчаас ******* дугаар  дугаар бүхий тендерийн сонгон шалгаруулалт зарласнаар “Сансарын холбооны Кэй Юү /KU/ зурвасын технологи ашиглан телевизийн олон сувгийн нэвтрүүлгийг орон даяар дамжуулах үйлчилгээ”-г гүйцэтгэгчээр нэхэмжлэгч “МСН” ХХК шалгарч, тендерийн баримт бичигт тусгагдсан бүх нөхцөл шаардлагыг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрч гэрээ хийгдсэн, мөн талуудын хооронд байгуулагдсан дээрх гэрээний 6.6-д “үнийн тохируулга хийгдэхгүй” гэж заасныг харгалзан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...Төсвийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2.2 дахь заалтад бүх шатны төсвийн захирагч батлагдсан төсвийн хүрээнд зарлага гаргах үүрэгтэй ч тухайн асуудлыг буюу худалдан авах ажиллагаатай холбоотой харилцааг нарийвчлан зохицуулсан хуулийг зөрчиж зарлага гаргах нь хууль бус гэж үзэж байна...” гэх тайлбарыг үгүйсгэх боломжгүй байна.

 

2.11. Харин хариуцагч нь Засгийн газрын гишүүн бөгөөд Цахим хөгжил, харилцаа холбооны сайдын хувьд төрийн өмчийн радио, телевизийн газрын сүлжээний ашиглалтыг хариуцаж, үйл ажиллагааг хэвийн явуулах, олон нийтийг мэдээ, мэдээллээр хангах үүргийн хүрээнд үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор уг үйлчилгээг үзүүлэхэд гадаадын компаниас хиймэл дагуулын зурвас түрээслэн авах төлбөр нэмэгдсэн эсэх, эдийн засгийн хүндрэл, үнийн өсөлт хэрхэн нөлөөлж байгааг тооцоолон үзэж, өөрт хамаарах бүрэн эрхийн хүрээнд төсөвт тусгагдсан үнийн дүнд нийцүүлэн санхүүжилтыг олгох эсэхийг шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

2.12. Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдолдоо “...яамны хувьд “Татаас-2122-Хувийн хэвшлийн байгууллагад олгох татаас” ангиллаас маргаан бүхий гэрээний төлбөрөөс гадна хувийн хэвшлээр гүйцэтгүүлэх бусад ажил үйл ажиллагааны зардлын төлбөрийг санхүүжүүлдэг, ...төсвийн зардалд батлагдсан үнийн дүнгээр бүхэлд нь гэрээний үнийн дүнг нэмэгдүүлэх...үндэслэлгүй” гэж тайлбарлаж байгаа боловч нэгэнт төсөвт тусгагдсан 2,450,500,000 төгрөгийн зориулалтыг INTELSAT ба RELTERS-ийн суваг ашигласны төлбөр гэж тусгасан байгаагаас үзвэл энэ талаар гомдлыг хүлээн авах боломжгүй.

 

2.13. Түүнчлэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “...2023 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан байхад анхан шатны шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсэгт 2023 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн нэхэмжлэлийн шаардлагыг дурдсан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.3-д заасныг зөрчсөн” талаар давж заалдах гомдолдоо дурдсан байх бөгөөд дээрх шаардлагууд нь утга, агуулгын хувьд ноцтой зөрүүтэй нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул энэ үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй байна.

 

2.14. Нөгөөтэйгүүр анхан шатны шүүхээс хариуцагч захиргааны байгууллагыг энэхүү маргааны нөхцөл байдлын талаар дахин хэлэлцэж, асуудлыг 2023 оны төсвийн жилд багтаан шийдвэрлэх шаардлагатай гэж үзэж Цахим хөгжил, харилцаа холбооны сайдын 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 01/554 дугаартай албан бичгээр тус яамны улсын төсөвт суусан дүнгээр гэрээний үнийг нэмэгдүүлэхээс татгалзсан шийдвэрийг 1 сарын хугацаагаар түдгэлзүүлж, энэ боломжит хугацаанд  зохих шийдвэр гаргах нь зүйтэй гэснийг өөрчлөх шаардлагагүй гэж үзсэн болно.

 

Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 715 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Н  нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай. 

 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасны дагуу нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасны дагуу хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Д.БААТАРХҮҮ

 

 

ШҮҮГЧ                                                           Г.МӨНХТУЛГА

 

 

ШҮҮГЧ                                                           Д.ОЮУМАА