Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 09 өдөр

Дугаар 2022/ШЦТ/462

 

 

 

 

  2022          06          09                                     2021/ШЦТ/462

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: Б.Хулан,

Улсын яллагч: Г.Нандин-Эрдэнэ,

Шүүгдэгч: М.Ж- өөрөө өөрийгөө өмгөөлөн тус шүүхийн шүүх хуралдааны А-1 танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар, Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт М.Ж-д холбогдуулж яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2105020841267 дугаартай хэргийг 2022 оны 6 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, М.Ж-, ..... тоот регистртэй,

Шүүгдэгч М.Ж- нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 10 дугаар сарын 14, 15-ны өдрүүдэд Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 86 дугаар байрны 41 тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хохирогч П.А-г “өөр хүнтэй амьдрах гэхэд салахгүй саад боллоо” гэх шалтгааны улмаас зодож биед нь баруун дээд, доод зовхи, нүдний алимны салст, зүүн доод зовхи, хоёр гуянд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатайгаар учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч М.Ж- шүүх хуралдаанд: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

Хохирогч П.А-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2021 оны 10 дугаар сарын 14-ний өдөр би ажил дээрээ байсан бөгөөд би өдөр болгон цайны цагаараа гэр ойрхон учир гэртээ ирж нөхөр, хүүхдүүддээ хоол хийж өгдөг юм. Тэр өдөр би ажил ихтэй байсан учир өдөр ирж хоол хийж өгч чадаагүй юм. Тэгээд 17 цаг өнгөрөөгөөд ажлаа тараад гэртээ ирсэн чинь гэрт манай нөхөр, 2 хүүхэдтэй хамт байсан. Тэгээд нөхөр нилээн ууртай байсан. Тэгээд би хоолоо хийгээд байж байсан чинь манай нөхөр надад юу ч хэлэхгүй гэрээс гараад явчихсан. Тэгээд 18 цагийн үед манай гэрт байдаг хамаатны оюутан дүү маань ирсэн. Тэгээд 20 цагийн үед би 2 хүүхэдтэйгээ хоол идээд сууж байсан чинь манай том охин ээжээ, аав өнөөдөр нэг эмэгтэй хүнтэй утсаар видео калл хийсэн. Тэгсэн чинь тэр эмэгтэй хүн нь “аавд чи наадахаа зодоод байгаач, зодоод байх юм бол чамаас сална, чи наадахаа сайн зодоод бай” гэж ярьж байсан. “Мөн салах өргөдлөө өгөх гэж байгаа гээд бичиг баримт юмнуудаа харуулаад байсан” гэж надад хэлсэн. Тэгээд 2 цаг орчмын дараа 22 цагийн үед манай нөхөр Ж- гэрт согтуу орж ирсэн. Тэгснээ над руу танай аав намайг зайл гэж хэлсэн гээд агсам тавиад намайг ариун цэврийн өрөө рүү үсдэж чирээд оруулаад, газар унагаж байгаад дээрээс гар, хөлөөрөө баахан зодсон. Тэгээд би оюутан эмэгтэй дүү Б- хандаад “эгчийн дүү цагдаа дуудаад өг” гэсэн чинь Ж- Б-д “чи утсандаа хүрэх юм бол ална шүү” гэж хэлсэн. Тэгээд дахиад намайг зодож байгаад гэрээс гараад явчихсан. Тэгээд нөхөр 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдөр үүрээр согтуу гэрт орж ирээд унтаад өгсөн. Би тэгээд өглөө нь ажил дээрээ очиж хуруугаа дарчхаад бичиг баримтуудаа аваад гадагшаа гараад таньдаг өмгөөлөгчтэйгээ уулзаад нөхөр намайг зодсон гэж хэлсэн. Тэгээд би Б- рүү яриад эгч нь өнөөдөр гэрт очихгүй шүү, чи бас битгий очоорой гэж хэлсэн. Тэгээд над руу нөхөр залгаад байхаар нь авсан чинь “чи гэртээ ир, охин чинь уйлаад намайг тайван байлгахгүй байна, би энэ 2 хүүхдийг чинь хаяаад гараад явчихсан шүү” гээд байсан. Тэгэхээр нь би 18 цагийн үед гэртээ яваад очсон чинь нөхөр гэрт байж байсан. Тэгээд над руу дахиад дайраад архи авчир гээд дарамтлаад байсан. Тэгэхээр нь би чамд архи авч өгч чадахгүй, чи явна гэсэн яваач гэсэн чинь “архи авч өг” гээд үсдээд байсан. Тэгээд намайг зодож эхэлсэн. Тэгэхээр нь би аргаа бараад “чамд архи аваад ирье” гээд гэрээс гараад цагдаа дуудсан. Тэгээд орцондоо цагдаа иртэл хүлээгээд байж байгаад цагдаа ирэхээр нь хамт гэр рүү орсон чинь нөхөр гараад явчихсан байсан. Тэгээд нөхөр араас архи авч орж ирсэн. Тэгээд цагдаа нар нөхрийг аваад явсан” гэсэн мэдүүлэг /хх-н 34-36/,

Гэрч М.Б- мөрдөн байцаалтад өгсөн: “...2021 оны 10 дугаар сарын 14-ний өдөр би хичээлдээ явчхаад А- эгчийн гэрт орой 20 цагийн үед ирэхэд А- эгч 2 хүүхэдтэйгээ байж байсан. Ж- ах байхгүй байсан. Тэгээд байж байтал Ж- 30 орчим минутын дараа согтуу орж ирсэн. Тэгсэн чинь А- эгч “миний хань ирэв үү” гэсэн чинь урдаас шууд үсдэж аваад унагаагаад газраар чирээд “чи ямар овоо пизда вэ” гэж хэлээд гараараа цохиод л байсан. Тэгснээ ариун цэврийн өрөө рүү чирч орох гээд байхаар нь би туслах гээд ойртсон чинь Ж- ах “чи ойртоод үзээрэй ална шүү, утсаа авбал ална шүү” гээд байсан. Тэгээд Ж- ах эгчийг зодож байснаа гараад яваад өгсөн. Тэгээд шөнө орж ирээд унтсан. Тэгээд маргааш нь би хичээл дэрээ байж байсан чинь А- эгч надад Ж- ах өчигдөр намайг бас зодсон гэж ярьсан. Тэгээд би харсан чинь 2 гуя нь аймар хөхөрчихсөн байсан. ...Би тэрийг мэдэхгүй байна, шууд гэрт орж ирснээ А- эгчийг зодоод эхэлсэн. Миний ойлгосноор Ж- ах өөр эмэгтэй хүнтэй гэр бүлээс гадуурх харилцаанд ордог юм шиг байна лээ, том охин нь Ж- ахыг өөр эмэгтэй хүнтэй утсаар ярьж байхыг нь сонссон байсан. Тэр эмэгтэй нь Ж- ахад “чи эхнэрээ зодож дарамтал” гэж ярьсан гэсэн” гэсэн мэдүүлэг /хх 1-н 39-40/,

Шинжээчийн 10004 тоот дүгнэлтэд: “...П.А-гийн биед баруун дээд, доод зовхи, нүдний алимны салст, зүүн доод зовхи, хоёр гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хуагцаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Учирсан гэмтэл нь шинэ гэмтэл байна” гэжээ /хх-н 49-50/,

Яллагдагчаар М.Ж-ы мөрдөн байцаалтад өгсөн: “...би уурандаа гарч архи уугаад түүнээс үүдэн согтуудаа хуучин эхнэртээ гар хүрсэн байсан” гэсэн мэдүүлэг /хх-н 59/,

 

Дуудлагын лавлагааны хуудас /хх-н 7/, аюулын зэргийн үнэлгээ /хх-н 16-18/, гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 26-28/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 64-72/, депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-н 73-76/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд заасны дагуу шүүгдэгч, хохирогч нар нь хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байна.

Уг хүсэлтийн дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн хэргийг хялбаршуулсан журмаар ял оногдуулах шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн болно. 

    1. Шүүхээс тогтоосон үйл баримт

  Шүүгдэгч М.Ж- нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 10 дугаар сарын 14, 15-ны өдрүүдэд Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 86 дугаар байрны 41 тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хохирогч П.А-г “өөр хүнтэй амьдрах гэхэд салахгүй саад боллоо” гэх шалтгааны улмаас зодож биед нь баруун дээд, доод зовхи, нүдний алимны салст, зүүн доод зовхи, хоёр гуянд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатайгаар учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч П.А-, гэрч М.Б-н мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

    1. Нотлох баримт баримтын үнэлгээ

Хавтаст хэрэгт авагдсан буюу шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтууд нь хуулиар тогтоосон үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн бөгөөд дээрх цугларсан, бэхжүүлсэн нотлох баримтуудыг үгүйсгэсэн баримт байхгүй ба тухайн баримтуудаар шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үзлээ.

    1. Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдахад хэргийн оролцогчийн хууль ёсны эрхийг зөрчсөн, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

    1. Эрх зүйн дүгнэлт

Шүүгдэгч М.Ж- нь хохирогч П.А-тай гэр бүлийн маргааны улмаас маргалдаж, улмаар түүнийг цохиж, зодон шинжээчийн дүгнэлтэд тусгагдсан буюу хөнгөн хохирол учруулсан нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл болох нь хэрэгт авагдсан болон шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч М.Ж-ы үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл” үйлдэж үйлдсэн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн үйлчлэлд хамаарах этгээдэд “эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд”-ийг хамааруулахаар заажээ.  

Шүүгдэгч М.Ж- нь эхнэр П.А-г цохиж, зодсон тухайн үйл явдал тодорхой хугацаанд буюу 2021 оны 10 дугаар сарын 14, 15-ны өдрүүдэд үргэлжилсэн нь нотлогдож байх тул шүүгдэгчийн үйлдлийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч М.Ж- нь хохирогч П.А-г цохисон үйлдэлийн улмаас хохирогчид шинжээчийн дүгнэлтэд дурьдсан гэмтэл учирсан нь хоорондоо шууд  шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгч М.Ж- нь шүүх хуралдаанд хохирогчид гэмтэл учруулсан талаар маргаагүй бөгөөд улсын яллагчийн шүүгдэгчийг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.

    1. Хохирол, хор уршиг

Шүүгдэгчийн хохирогчийн биед халдсан гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч П.А-гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна.

Хохирогч П.А- нь мөрдөн байцаалтын шатанд гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзлээ.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон болох нь хавтаст хэрэгт авагдсан шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байна. Хохирол нөхөн төлж хохирогчтой эвлэрсэн. Прокурорын санал болгосон эрүүгийн хариуцлагыг бүрэн хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэсэн мэдүүлэг, хүсэлтүүд, хохирогчийн хүсэлт, эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээний талаарх прокурорын саналтай танилцаж зөвшөөрсөн талаарх баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг, шинжлэн судалсан баримтуудаар тогтоогдож байна.  

Прокуророос ялын төрөл хэмжээний талаар гаргасан “шүүгдэгч П.Болорсүхийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 800 нэгж буюу 800.000 төгрөгөөр торгох ял” оногдуулах саналыг шүүгдэгчид танилцуулсан байна.

2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүх шүүгдэгч М.Ж-ы үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул түүнийг гэм буруутайд тооцсон бөгөөд түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч М.Ж-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д “учруулсан хохирлыг төлсөн”-ийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгчид танилцуулсан прокурорын санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байх тул шүүгдэгч М.Ж-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 800 нэгж буюу 800.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

2.3. Бусад асуудал

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болно.

 

Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дугаар зүйлийн 5,  36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч М.Ж-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Ж-ыг 800 нэгж буюу 800.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
  3. Шүүгдэгч нь хуульд заасан буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.
  4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
  5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Ж-д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Ч.ОТГОНБАЯР