Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 2022/ШЦТ/476

 

 

 

 

  2022          06          15                                     2021/ШЦТ/476

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: Б.Хулан,

Улсын яллагч: Д.Эрдэнэбаяр,

Шүүгдэгч: Ж.Т- өөрөө өөрийгөө өмгөөлөн тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар, Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Ж.Т-од холбогдуулж яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2205012351509 дугаартай хэргийг 2022 оны 6 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Ж.Т-, ..... тоот регистртэй,

Шүүгдэгч Ж.Т- нь 2022 оны 4 дүгээр сарын 07-ноос 08-нд шилжих шөнө 04 цагийн үед Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Шөлөндөө” хоолны газрын урд талд М.Б-ыг үл ялих зүйлээр шалтаглан нүүрэн тус газарт гараараа цохих, хөлөөрөө өшиглөх зэргээр зодож, биед тархи доргилт, эрүүний хагас мултрал, доод уруулын шарх, зулгаралт гэмтэл бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Ж.Т- шүүх хуралдаанд: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

Хохирогч М.Б-ы мөрдөн байцаалтад өгсөн: “...Би 2022 оны 4 дүгээр сарын 07-ний өдөр найз Б-тай уулзах гээд гэрээсээ 22 цагийн орчим гарсан бөгөөд уулзах болсон шалтгаан нь 2022 оны 3 дугаар сарын 18-наас ээлжийн амралтаа эдлээд 2022 оны 4 дүгээр сарын 08-нд дуусах байсан ээлжийн амралттай байсан учир явахаасаа өмнө найзтайгаа уулзъя гэж бодоод Б-тай Баянгол дүүргийн мянган найз гэх нэрт хөшөөний хажуу талын Tse нэртэй газар уулзахаар болоод тэнд ороод сууж байтал Б-ийн найз эмэгтэй нэг найзтайгаа ирсэн. Тэр ирсэн эмэгтэй нь явахаар болоод бид гурав 6 дугаар бичил хорооллын Кастел нэртэй бааранд ороод нийт 6 шилтэй пиво авахаар захиалга өгөөд 6 пиво уугаад Б-тай хамт явсан эмэгтэй нь пиво уугаагүй бөгөөд ундаа уусан. Тэгээд тухайн бааранд бүжиглэж байгаад 04 цагийн орчим гараад харихаар болсон. Тэгээд хорооллын Шөлөндөө нэртэй хоолны газрын урд талын зогсоол дээр ирж зогссон ба тухайн үед Б-ийн найз охин Нямкаа гэдэг эмэгтэй уг машиныг барьж явсан. Тэгээд бид гурав хоол идэх гээд бууж ирээд Шөлөндөө биш байхаар нь ийшээ орчих юм уу гэтэл Б- наадах чинь өлөн газар шүү дээ гэж хэлсэн. Тэгээд байж байтал бид нарын хажуугаар зөрөөд алхаж явсан хэдэн эмэгтэй, эрэгтэй хүмүүсийн нэг нь “намайг хэлээд байгаа юм уу” гэхэд Б- тухайн үед бага зэргийн архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан болохоор жоохон чанга дуугаар “чамайг хэлээгүй” гэж хариулсан. Тэнд явсан нэг залуу манай найз Б-тай маргалдсан мөн тэд нар архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан болохоор харилцан маргалдсан. Тэр дундаас нэг залуу Б-ийг гараараа цохиж унагасан. Б-ийг цохичихоор нь “яаж байгаа юм бэ, одоо нийгэмд зодолддоггүй юм аа, зүгээр бай, бидний үеийн залуучууд эвээр учраа олдог юм аа, та нар найзыгаа авчих, би найзыгаа авчихъя” гэж хэлчхээд найзыгаа татаад босгох гэтэл нэг гар орж ирээд миний зүүн талын эрүү орчим нэг удаа цохисон бөгөөд цохих үед нь би газар унасан. Газар унаад нүүр болон толгойгоо хамгаалаад хэвтэж байхад намайг ямарч байсан гурван удаа толгой орчим өшиглөсөн. Тэгээд босоод ирсэн чинь бөөнөөрөө байсан залуучууд дундаас охидууд нь залуучуудыг чирээд цаашаа аваад явсан. Бид хоёрыг зодсон газраасаа Сөөхий гутлын дэлгүүрийн шатаар дээшээ өгссөн. Тэр дундаас нэг эмэгтэй, нэг эрэгтэй нь нөгөө хэдээс салаад замын  эсрэг талд гарсан. Гарч байгааг нь би хараад замын урд талд гараад “ахын дүү чи байж бай, чи явахгүй би цагдаа дуудсан” гэж хэлсэн. Нөгөө хүүхэн нь “чи хүн андуураад байгаа юм биш биз дээ” гэж хэлсэн. Тэгэхээр нь “би хүн андуурахгүй би цагдаа дуудсан байгаа наана байж бай” гэж хэлсэн чинь нөгөө залуу нь намайг дахиж заамдаж аваад “п.минь чамайг ална шүү” гэхээр нь “дахиад зодож цохивол зод” гэж хэлсэн чинь намайг заамдсан хэвээрээ түлхэж түц мөргүүлсэн. Тийм юм болж байхад автобусны буудалд байсан хар өнгийн Приус 30 маркийн жолооч хөөе хөгшин иймэрхүү юмнаас зүгээр явсан дээр байдаг юм гээд тэр залуу болон эмэгтэйг суулгаад явсан. Тэгэхээр нь замын эсрэг тал руу буцаж гарах үед миний гар утсанд дуудлага ирсэн. Тэгээд цагдаагийн алба хаагч нар ирсэн” гэсэн мэдүүлэг /хх-н 45-46/,

Гэрч Б.Б-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2022 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр ...шөнийн 03 цагийн орчим гараад хорооллын Шөлөндөө нэртэй хоолны газар руу явсан. Шөлөндөө орох гээд явж байгаад нэг үл таних залуутай санаандгүй мөргөлдсөн ба эргэж хараад уучлалт гуйсан боловч намайг хэл амаараа доромжлоод байхаар нь өөдөөс нь явж очоод харилцан зодолдсон. Тухайн үед газар унаад намайг хүмүүс өшиглөөд байсан. Тэд нар яваад өгөхөөр араас нь дагаж очоод байрны булан дээрээс харахад тэд нар байсан. Тэгээд би цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгсөн болно. Дуудлагын дагуу цагдаагийн алба хаагч нар ирсэн ба тэр хүмүүсийг авч яваад бид гурав араас нь ирсэн” гэсэн мэдүүлэг /хх-н 77-78/,

Таньж олуулах ажиллагааны тэмдэглэлд: “...намайг цохисон хүн 3 дугаараар тэмдэглэсэн Ж-гийн Т-ын зургийг зааж байсан ба танигч М.Б- нь тухайн хүний царайг маш тод санаж байгаа бөгөөд намайг цохисон хүнийг хаанаас нь ч хараад танина гэж 3 дугаараар тэмдэглэсэн ... регистрийн дугаартай Ж-гийн Т-ыг цохисон гэж шууд зааж байв” гэжээ. /хх-н 32-33/,

Шинжээчийн 5514 тоот дүгнэлтэд: “...М.Б-ы биед тархи доргилт, эрүүний баруун талын хагас мултрал, доод уруулын шарх, зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг болон олон удаагийн үйлчлэлийн аль ч үед үүсэх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Учирсан гэмтэл нь нэг хоногийн дотор үүссэн шинэ гэмтэл байна” гэжээ /хх-н 36-37/,

Яллагдагчаар Ж.Т-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...Тогтоолтой танилцсан. Надад ямар нэгэн санал хүсэлт байхгүй. ...Хүлээн зөвшөөрч байна” гэсэн мэдүүлэг /хх-н 93-95/,

Дуудлагын лавлагааны хуудас /хх-н 3/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 98-99, 101-106/ зэрэг болно.

 

Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд заасны дагуу шүүгдэгч, хохирогч нар нь хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байна.

Уг хүсэлтийн дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн хэргийг хялбаршуулсан журмаар ял оногдуулах шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн болно. 

    1. Шүүхээс тогтоосон үйл баримт

  Шүүгдэгч Ж.Т- нь 2022 оны 4 дүгээр сарын 07-ноос 08-нд шилжих шөнө 04 цагийн үед Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Шөлөндөө” хоолны газрын урд талд М.Б-ыг үл ялих зүйлээр шалтаглан нүүрэн тус газар гараараа цохих, хөлөөрөө өшиглөх зэргээр зодож, биед тархи доргилт, эрүүний хагас мултрал, доод уруулын шарх, зулгаралт гэмтэл бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч М.Б-ы мэдүүлэг, таньж олуулах ажиллагааны тэмдэглэл, шинжээчийн дүгнэлт болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

    1. Нотлох баримтын үнэлгээ

Хавтаст хэрэгт авагдсан буюу шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтууд нь хуулиар тогтоосон үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн бөгөөд дээрх цугларсан, бэхжүүлсэн нотлох баримтуудыг үгүйсгэсэн баримт байхгүй ба тухайн баримтуудаар шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үзлээ.

    1. Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдахад хэргийн оролцогчийн хууль ёсны эрхийг зөрчсөн, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

    1. Эрх зүйн дүгнэлт

Шүүгдэгч Ж.Т- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогчтой маргалдаж улмаар түүнийг цохиж шинжээчийн дүгнэлтэд тусгагдсан буюу хөнгөн хохирол учруулсан нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл болох нь хэрэгт авагдсан болон шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч Ж.Т-ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсангэмт хэргүүдийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Шүүгдэгч Ж.Т- нь хохирогчийг цохисон үйлдлийн улмаас хохирогчид шинжээчийн дүгнэлтэд дурдсан гэмтэл учирсан нь хоорондоо шууд шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгч Ж.Т- нь шүүх хуралдаанд хохирогч М.Б-д гэмтэл учруулсан талаар маргаагүй бөгөөд улсын яллагчийн шүүгдэгчийг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.

    1. Хохирол, хор уршиг

Шүүгдэгчийн хохирогчийн биед халдсан гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч М.Б-ы эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна.

Хохирогч М.Б- нь мөрдөн байцаалтын шатанд гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзлээ.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон болох нь хавтаст хэрэгт авагдсан шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байна. Хохирол нөхөн төлж хохирогчтой эвлэрсэн. Прокурорын санал болгосон эрүүгийн хариуцлагыг бүрэн хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэсэн мэдүүлэг, хүсэлтүүд, хохирогчийн хүсэлт, эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээний талаарх прокурорын саналтай танилцаж зөвшөөрсөн талаарх баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг, шинжлэн судалсан баримтуудаар тогтоогдож байна.  

Прокуророос ялын төрөл хэмжээний талаар гаргасан “шүүгдэгч Ж.Т-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ял” оногдуулах саналыг шүүгдэгчид танилцуулсан байна.

2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүх шүүгдэгч Ж.Т-ын үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул түүнийг гэм буруутайд тооцсон бөгөөд түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Ж.Т-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” 1.2-д “учруулсан хохирлыг төлсөн” зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгчид танилцуулсан прокурорын санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байх тул шүүгдэгч Ж.Т-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

2.3. Бусад асуудал

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болно.

Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дугаар зүйлийн 5,  36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Ж.Т-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Т-ыг 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
  3. Шүүгдэгч нь хуульд заасан буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.
  4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
  5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Т-од хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Ч.ОТГОНБАЯР