Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 2022/ШЦТ/477

 

 

 

 

 

 

 

   2022          06          15                                     2021/ШЦТ/477

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: Б.Хулан,

Улсын яллагч: А.Ариунаа /томилолтоор/,

Хохирогч: Б.Р-, түүний өмгөөлөгч Х.Даваахүү,

Шүүгдэгч: Г.М- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар, Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Г.М-д холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2203001820265 дугаартай хэргийг 2022 оны 6 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Г.М-, ..... тоот регистртэй,

Шүүгдэгч Г.М- нь 2022 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 12 цаг 35 минутын орчимд Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Х.Энэбишийн гудамж, Москва рестораны урд талын замд Toyata Prius-30 маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3. “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино.”, 16.1 “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч Б.Р-ыг мөргөж эрүүл мэндэд нь “хүндэвтэр” хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Г.М- шүүх хуралдаанд: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

Хохирогч Б.Р- шүүх хуралдаанд: “...2022 оны 4 дүгээр сарын 05-нд гарцаар гарч явж байгаад зөв газраа буусан билүү гэж бодоод эргэж хараад нэг хөлөө тавихад хажуунаас машин ирээд мөргөсөн. Тухайн үед шоконд ороод сайн мэдээгүй. Машинаас хоёр охин бууж ирээд зүгээр үү гэсэн. Би босож гишгээд явах гэхэд босож чадахгүй байсан. Хоёр охин зүгээр үү гэхээр нь зүгээр эгчийгээ эмнэлэгт аваачаад өг гэсэн. Эмнэлэгт очиход аарцаг хугарсан байна гэж хэлсэн. Би 1.200.000 төгрөгийн цалин авдаг. Би шүүгдэгчээс нэг сарын цалин 1.100.000 төгрөг нэхэмжилж байгаа. Нийт 3.321.000 төгрөг нэхэмжилж байгаа 1.000.000 төгрөг шүүгдэгч өгсөн. Үлдэгдэл мөнгөө нэхэмжилж байна” гэв.

Хохирогч Б.Р-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...Би 2022 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр цагийг нь сайн санахгүй байна. Москва рестораны урд талын атвобусны буудал дээр автобуснаас буугаад явган хүний гарц хайж байгаад явган хүний гарц олоод тэр гарцаар ертөнцийн зүгээр хойноосоо урагшаа чиглэлтэй зам хөндлөн гарч байгаад миний буусан автобусны буудал мөн байгаа гэж бодоод эргэж хараад баруун хөлөө тавьсан чинь араас автомашин ирээд тэр машины зүүн талын толинд цохиулаад унасан” гэсэн мэдүүлэг /хх-н 43-45/,

Гэрч Г.Б-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...Би 2022 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр 12 цагийн 10 минутын орчимд төрсөн дүү Г.М-гийн хамт ... улсын дугаартай Т.Приус-30 маркийн автомашинтай 3-р хорооллын рестораны урд замаар ертөнцийн зүгээр зүүнээс баруун чиглэлтэй зорчих хэсгийн 2-р эгнээнд явж байгаад явган хүний гарц руу ойртоод явган хүний гарц дээр явган хүмүүст зам тавьж өгсөн. Тэр үед замын хойд талын автобусны буудлаас нэг хүн зам гарах гээд явган хүний гарцгүй газраар явсан ба М- тэр хүнд зам тавьж өгчхөөд чигээрээ гарц өнгөрөөд явах гэтэл тэр хүн гэнэт буцаж эргээд машины зүүн талын толинд мөргүүлээд хойшоо бөгсөөрөө унасан” гэсэн мэдүүлэг /хх-н 85/,

Иргэний хариуцагч Б.Анхбаярын мөрдөн байцаалтад өгсөн: “...хэрэв жолооч гэм буруутай гэдэг нь тогтоогдвол би бусдад учруулсан гэм хор, хохирлыг төлж барагдуулахад татгалзах зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг /хх-н 65/,

Шинжээчийн 5401 тоот дүгнэлтэд: “...Б.Р-ын биед умдаг ясны хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн, хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт /хх-н 92-93/,

Мөрдөгчийн 523 тоот дүгнэлтэд: “...... улсын дугаартай Toyata Prius-30 маркийн автомашиныг жолоодож явсан жолооч Г.М- нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3. “Замын хөдөлгөөнд орлоцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, 16.1. “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө”, 3.5. Зам тээврийн осолд холбогдсон жолооч дараахь үүргийг хүлээнэ: а/Тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 9.5-д заасны дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдлөхгүй байх”, г/Тухайн ослын талаар цагдаагийн байгуулла /ажилтан/-д яаралтай мэдэгдэж, ослыг гэрчлэх хүмүүсийн овог нэр, хаяг, утасны дугаарыг тэмдэглэж аваад цагдаагийн ажилтанг хүлээх ба түүнийг иртэл осолд холбогдол бүхий эд мөрийн баримт, ул мөрийг хамгаалах, бусад тээврийн хэрэгсэл тойрч гарах нөхцөлийг бүрдүүлэх талаар бололцоотой арга хэмжээ авах” гэсэн заалтыг зөрчсөн гэх үндэслэлтэй байна. Явган зорчигч Б.Цэрэнханд нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 5.12. Явган зорчигчид дараахь зүйлийг хориглоно: б/аюулгүй байдлыг хангахаас бусад шалтгаанаар зорчих хэсэг дээр зогсох, саатах, зам хөндлөн гарч байхдаа алгуурлах, эргэж буцах, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд санаатайгаар саад хийх” гэсэн заалтыг зөрчсөн гэх үндэслэлтэй байна” гэжээ /хх-н 118/,

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлд: “...цагаан өнгийн куртиктэй явган зорчигч явган хүний гарц дээр буцаж эргэж байгаа нь бичлэгт харагдаж байна. 12:11:11 цагт цагаан өнгийн куртиктэй явган зорчигч машинд мөргүүлээд газар унаж байгаа бичлэг харагдаж байна” гэжээ. /хх-н 20-23/,

 

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 3/, дуудлагын лавлагааны хуудас /хх-н 4/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 5-6/, зам тээврийн осол дээр тогтоосон акт, хэмжилтийн бүдүүвч /хх-н 7-13, 28-31, 36-39/, хохирлын тооцоо /хх-н 49-54, 56-58/, хохирогчийн депозит дасны дэлгэрэнгүй хуулга /хх-н 59-60/, хохирогчийн өвчний түүх /хх-н 62/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 137, 139-147, 149-157/, техникийн шинжээчийн 381958 тоот дүгнэлт /хх-н 102-107/, эд зүйлийн үнэлгээ /хх-н 111-117/, хохирлын мөнгө төлсөн баримт /хх-н 160-162/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

    1. Шүүхээс тогтоосон үйл баримт

  Шүүгдэгч Г.М- нь 2022 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 12 цаг 35 минутын орчимд Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Х.Энэбишийн гудамж, Москва рестораны урд талын замд Toyata Prius-30 маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3. “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино.”, 16.1 “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч Б.Р-ыг мөргөж эрүүл мэндэд нь “хүндэвтэр” хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч Б.Р-, гэрч Г.Б- нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, мөрдөгчийн магадалгаа, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

    1. Нотлох баримт баримтын үнэлгээ

Хавтаст хэрэгт авагдсан буюу шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтууд нь хуулиар тогтоосон үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн бөгөөд дээрх цугларсан, бэхжүүлсэн нотлох баримтуудыг үгүйсгэсэн баримт байхгүй ба тухайн баримтуудаар шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үзлээ.

    1. Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдахад хэргийн оролцогчийн хууль ёсны эрхийг зөрчсөн, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

    1. Эрх зүйн дүгнэлт

Шүүгдэгч Г.М-гийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Шүүгдэгч Г.М-гийн үйлдэл нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон тул гэм буруутайд тооцох нь зүйтэй.

Шүүгдэгч Г.М- нь хохирогчийг тээврийн хэрэгслээрээ мөргөсөн үйлдэлийн улмаас хохирогчид шинжээчийн дүгнэлтэд дурдсан гэмтэл учирсан нь хоорондоо шууд  шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгч Г.М- нь шүүх хуралдаанд гэм буруугийн талаар буюу хохирогч Б.Р-ын эрүүл мэндэд хохирол учруулсан талаар маргаагүй бөгөөд улсын яллагчийн шүүгдэгчийг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.

    1. Хохирол, хор уршиг

Шүүгдэгчийн хохирогчийг тээврийн хэрэгслээрээ мөргөсөн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Б.Р-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна.

Хавтаст хэрэгт авагдсан болон шинээр гаргаж өгсөн баримтаар хохирогч нь шүүгдэгчээс эмчилгээ хийлгэж, эм тариа авсан 2.074.450 төгрөг, нэг сарын цалин 1.100.000 төгрөг, гар утасны дэлгэц эвдэрсэн 60.000 төгрөг, нийт 2.234.450 төгрөг нэхэмжилсэн ба шүүгдэгч нь хохирогчид 1.000.000 төгрөг хохирол төлсөн үлдэгдэл хохирол төлөөгүй тул шүүгдэгчээс 1.134.450 төгрөг гаргуулж хохирогч Б.Р-ад олгохоор шийдвэрлэв. 

Хохирогч нэг сарын цалин 1.100.000 төгрөг нэхэмжилсэн ба хавтаст хэрэгт зөвхөн хохирогчийн данс руу цалин гэж орсон дансны хуулга авагдсан, тухайн дансны хуулгаар нэг сарын цалинг шүүгдэгчээс гаргуулах боломжгүй байна.

Хохирогч нь ямар байгууллагад ажилладаг, ажлын газрын тодорхойлолт, нийгмийн даатгал төлсөн эсэх, даатгалын байгууллагаас өвчтэй байсан хугацааны цалин хөлс авсан эсэх нь тогтоогдохгүй байх тул хохирогч Б.Р- нь хохирол, хор уршгийн талаархи нотлох баримтаа бүрдүүлж жич иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй.

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчид “Улаанбаатар хотын бүсчлэлээс 5 сарын хугацаанд гарахгүй байх” зорчих эрх хязгаарлах ял оногдуулах, хохирогчийн өмгөөлөгч “1 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулж өгнө үү” гэсэн ялын дүгнэлт тус тус гаргасан болохыг дурдав.

2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүх шүүгдэгч Г.М-гийн үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул түүнийг гэм буруутайд тооцсон бөгөөд түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Гэмт хэрэг гарахад хохирогчийн хууль бус үйлдэл нөлөөлсөн болох нь мөрдөгчийн магадлагаа, эд мөрийн баримтаар хураагдсан видео бичлэг, түүнд үзлэг  хийсэн тэмдэглэл, шүүгдэгч, хохирогч, гэрчийн мэдүүлгүүдээр нотлогдсон байна.

Шүүгдэгч Г.М-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас  анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2-д “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн туслалцаа үзүүлсэн”, 1.4-д “хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн” зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Харин шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал, бага насны хүүхэдтэй, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн зарим хохирлыг барагдуулсан, зэргийг харгалзан хохирогчийн өмгөөлөгчийн ялын дүгнэлтийг хүлээн авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Улаанбаатар хотын бүсчлэлээс 01 сарын хугацаанд гарахгүй байх” зорчих эрх хязгаарлах ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.М- нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүхээс оногдуулсан ял эдлүүлэхэд хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгав.

Улсын яллагч шүүхэд гаргасан дүгнэлтдээ шүүгдэгчид тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ял оногдуулах талаар санал гаргаагүй тул шүүх нэмэгдэл ял хэрэглээгүй болно.

2.3. Бусад асуудал

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидийг хэрэгт хавсаргаж, жолоочийн 1084268 үнэмлэхийг шүүгдэгч Г.М-д буцаан олгож, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болно.

 

Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Г.М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.М-г Улаанбаатар хотын бүсчлэлээс 01 сарын хугацаанд гарахгүй байх зорчих эрх хязгаарлах ялаар шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.М- нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
  4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Г.М-д оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялд хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
  5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидийг хэрэгт хавсаргаж, жолоочийн 1084268 дугаартай үнэмлэхийг шүүгдэгч Г.М-д буцаан олгож, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид 1.000.000 төгрөг төлсөн болохыг тус тус дурдсугай.
  6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.М-гаас 1.134.450 төгрөг гаргуулж хохирогч Б.Р-ад олгосугай.
  7. Хохирогч Б.Р- нь хохирол, хор уршгийн талаархи баримтаа бүрдүүлж жич иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
  8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  9. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.М-д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Ч.ОТГОНБАЯР