Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 2022/ШЦТ/475

 

 

 

 

  2022          06          15                                     2021/ШЦТ/475

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: Б.Хулан,

Улсын яллагч: А.Ариунаа,

Насанд хүрээгүй хохирогч: Э.Э-ийн хууль ёсын төлөөлөгч У.У-, өмгөөлөгч Э.Шинэцэцэг,

Иргэний нэхэмжлэгч: Ш.Гансүх,

Шүүгдэгч: С.М- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар, Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан гэмт хэрэгт С.М-ад холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2203000000240 дугаартай хэргийг 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, С.М-,  ..... тоот регистртэй,

Шүүгдэгч С.М- нь 2022 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 13 цаг 10 минутын орчимд Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, Варьета төвийн баруун замд “Toyota Corolla Fielder” маркийн 82-70 УНӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-т “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган хүний гарцгүй хэсгээр зам хөндлөн гарч явсан Э.Э- /9 настай, эрэгтэй/, Г.Н-/10 настай, эрэгтэй/ нарыг мөргөж, Э.Э-ийн эрүүл мэндэд хүнд, Г.Н-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч С.М- шүүх хуралдаанд: “...Тухайн үед гурван хүүхэдтэйгээ хамт явж байсан. Хурд багатай замаар явж байхад урдуур хоёр хүүхэд гүйж орж ирэхээр нь сандрахдаа хаазаа гишгэсэн. Энэ нь миний буруу. Бага насны гурван хүүхэдтэй явж байсан учраас болгоомжтой явж байсан. Тухайн үед жолооны курс төгсөөд удаагүй байсан. Хохирогч нарт тухайн үед нь хэрэгтэй зүйлүүдийг нь авч өгч байсан” гэв.

Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч У.У- шүүх хуралдаанд: “...Миний хүүхдэд хүнд гэмтэл учирсан. Бид нар Солонгос Улсын эмнэлэг рүү материал явуулахад өөр дүгнэлт гарсан. Тархины гавлын хэсэгт цус хуралтай, шингэн алдагдсан. Цаашид гарах эрсдэлүүдийг хэлж “энд ирж шинжилгээнд хамрагд” гэсэн байсан. Нүүрний баруун хэсэгт тэр чигтээ сорви байгаа. Үүнийг лазер эмчилгээнд оруулах шаардлагатай. С.М- надтай уулзаагүй, нөхөртэй утсаар ярьсан. Бид нар энэ хүнтэй уулзах шаардлага байхгүй, шаардлагатай бол утсаар ярихаар болсон. Эмнэлэгт 2 удаа ирсэн. Сүүлд би өөрөө залгаж яагаад холбогдож ярихгүй байгаа талаар нь асуусан. Эмчилгээний зардалд эхний ээлжинд 5.000.000 төгрөг болсон. Солонгос улс руу явж эмчлүүлэх зэрэг зардал нийлээд 17 сая төгрөг болж байна. С.М- миний данс руу 2 сая гаруй төгрөг хийсэн” гэв.

Иргэний нэхэмжлэгч Ш.Гансүх шүүх хуралдаанд: “...Нэхэмжилж байгаа зүйл байхгүй. Харин хүүхдээ үзүүлээд цаашид гарах эмчилгээний зардал нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгнө үү” гэв.

Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч У.У-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Би хүүхдээсээ юу болсон талаар тухайн үед асуухад хичээлээ тараад найзтайгаа хамт Варьетагийн ертөнцийн зүгээр зүүн талын замаар зам хөндлөн гарах үед ямар нэгэн машин харагдаагүй гэнэт цагаан машин гарч ирээд намайг мөргөөд чирээд яваад байсан гэж хэлсэн. ...Манай хүү Э- нь осолд орсон өдрөөс хойш ГССҮТ-ийн гавал тархины тасагт хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд гавлын яс цуурсан, нүдний ухархай цөмөрч хугарсан, далны яс хугаралтай, нүүрний баруун талд 5 оёдол тавиулсан” гэсэн мэдүүлэг /хх-н 23/,

Насанд хүрээгүй гэрч Г.Н-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...Э- бид хоёр давталгаа тараад хамт сургуулиас гараад Э-ийн гэрт очихоор ертөнцийн зүгээр баруунаас зүүн чиглэлтэй “Варьета”-н баруун талын замаар зам хөндлөн гарах гэж байсан чинь ертөнцийн зүгээр зүүнээс баруун чиглэлтэй явж байсан суудлын машин хойшоо эргэх үедээ манай найз Э- бид хоёрыг машинаараа мөргөсөн. Осол болох үед тухайн тээврийн хэрэгсэл зүүн талын урд гэрлийн хэсгээр намайг мөргөөд би хажуу тийш газар унасан. ...Манай найз бид хоёрыг мөргөж гэмтээсэн жолооч осол гарах үед машинаа зогсоохгүй бид хоёрыг мөргөөд цааш явж байгаад замын хажуу талын хашлага мөргөөд зогсож байсан” гэсэн мэдүүлэг /хх-н 61-62/,

Шинжээчийн 5761 тоот дүгнэлтэд: “...Э.Э-ийн биед гавлын суурь яс, баруун нүдний ухархайн гадна болон дотор хана, зүүн дал ясны далд хугарал, уушгины голомтлог няцрал, нүүрэнд шарх, зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн хэргийн хугацаанд үүсэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт /хх-н 71-72/,

Шинжээчийн 5880 тоот дүгнэлтэд: “...Г.Н-ын биед тархи доргилт, зүүн чамархайд зулгаралт, цус хуралт зөөлөн эдийн няцрал, баруун сарвуунд зулгаралт, баруун өвдөг, зүүн шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Тухайн цаг хугацаанд үүссэн байх болможтой” гэсэн мэдүүлэг /хх-н 78-79/,

Иргэний хариуцагч З.Т-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Тухайн “Toyata Corolla Fielder” маркийн 82-70 УНӨ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд ямар нэгэн хохирол учраагүй байсан. Би хохирлын үнэлгээ хийлгэхгүй. Надад ямар нэгэн гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг /хх-н 56/,

Иргэний нэхэмжлэгч Ш.Гансүхийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Миний хүүг мөргөж гэмтээсэн жолооч эмчилгээний зардал мөнгийг төлж барагдуулсан. Надад тухайн осолтой холбоотой ямар нэгэн санал хүсэлт байхгүй” гэсэн мэдүүлэг /хх-н 48/,

Мөрдөгчийн 448 тоот магадлагаанд: “...Жолооч С.М- нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн Арван хоёр 12.3. “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тэвэрийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэснийг зөрчсөн зам тээврийн ослын үндсэн шалтгаан болсон гэх үндэслэлтэй байна...” гэжээ. /хх-н 101-102/,

 

Дуудлагын лавлагааны хуудас /хх-н 1/, Зам тээврийн осол дээр тогтоосон акт /хх-н 3-4/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 5-10/ жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх-н 11/,  хохирлын баримтууд /хх-н 24-42, 124-126, 129-/, техникийн шинжээчийн 164 тоот дүгнэлт /хх-н 87-90/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 116-123/, депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-н 127-128/ зэрэг болно.    

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

 

    1. Шүүхээс тогтоосон үйл баримт

  Шүүгдэгч С.М- нь 2022 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 13 цаг 10 минутын орчимд Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, Варьета төвийн баруун замд “Toyota Corolla Fielder” маркийн 82-70 УНӨ улсын дугаартай тээврийн хэрэглслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-т “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган хүний гарцгүй хэсгээр зам хөндлөн гарч явсан Э.Э- /9 настай, эрэгтэй/, Г.Н-/10 настай, эрэгтэй/ нарыг мөргөж, Э.Э-ийн эрүүл мэндэд хүнд Г.Н-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч У.У-, насанд хүрээгүй гэрч Г.Н-, иргэний нэхэмжлэгч Ш.Гансүх нарын мэдүүлэг, шинжээчийн 5761, 5880 тоот дүгнэлт, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол хэргийн үзлэгээр тогтоосон байдал, мөрдөгчийн магадалгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

    1. Нотлох баримт баримтын үнэлгээ

Хавтаст хэрэгт авагдсан буюу шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтууд нь хуулиар тогтоосон үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн бөгөөд дээрх цугларсан, бэхжүүлсэн нотлох баримтуудыг үгүйсгэсэн баримт байхгүй ба тухайн баримтуудаар шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үзлээ.

    1. Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдахад хэргийн оролцогчийн хууль ёсны эрхийг зөрчсөн, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

    1. Эрх зүйн дүгнэлт

Шүүгдэгч С.М-ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан “автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан” гэмт хэргийн шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Шүүгдэгч С.М- нь Toyota Corolla Fielder” маркийн 82-70 УНӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа зам хөндлөн гарч байсан насанд хүрээгүй хохирогч Э.Э-ийг мөргөж эрүүл мэндэд нь хүнд гэмтэл, насанд хүрээгүй Г.Н-ыг мөргөж эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл тус тус учруулсан үйлдэл нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэртэй Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон тул гэм буруутайд тооцох нь зүйтэй.

Шүүгдэгч С.М- нь насанд хүрээгүй хохирогч, насанд хүрээгүй иргэний нэхэмжлэгч нарыг тээврийн хэрэгслээрээ мөргөсөн үйлдлийн улмаас насанд хүрээгүй хохирогч, насанд хүрээгүй иргэний нэхэмжлэгч нарт шинжээчийн дүгнэлтэд дурдсан гэмтэл учирсан нь хоорондоо шууд  шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгч С.М- нь шүүх хуралдаанд гэм буруугийн талаар буюу насанд хүрээгүй хохирогч Э.Э-, насанд хүрээгүй иргэний нэхэмжлэгч Г.Н-нарын эрүүл мэндэд хохирол учруулсан талаар маргаагүй бөгөөд улсын яллагчийн шүүгдэгчийг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.

    1. Хохирол, хор уршиг

Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь шүүгдэгчээс цаашид эмчилгээ хийлгэх, Солонгос Улс руу явж эмчилгээ хийлгэх 17.000.000 төгрөг нэхэмжилсэн ба цаашид эмчилгээнд хэдэн төгрөг гарах эсэх нь тодорхойгүй, мөн цаашид эмчилгээ хийлгэх талаар баримт шүүх хуралдаанд гаргаж өгөөгүй тул тухайн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж насанд хүрээгүй хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч нар нь тухайн гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаархи нотлох баримтаа бүрдүүлж жич иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдав.

Мөн иргэний нэхэмжлэгч Ш.Гансүх нь шүүх хуралдаанд: “...нэхэмжлэх зүйлгүй. Цаашид гарах зардлыг нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгнө үү” гэсэн тул иргэний нэхэмжлэгч нь тухайн гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаархи нотлох баримтаа бүрдүүлж жич иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.

Шүүгдэгч нь насанд хүрээгүй хохирогч, насанд хүрээгүй гэрч нарын баримттай хохирлыг нөхөн төлснийг дурдаж, шүүгдэгч энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болно.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчид тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 01 жилийн хугацаагаар тэнсэх ялын дүгнэлт гаргасан болохыг дурдав.

2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүх шүүгдэгч С.М-ын үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул түүнийг гэм буруутайд тооцсон бөгөөд түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч С.М-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас  анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг” ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Харин шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, хор уршгийг арилгасан...бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно”, 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “...Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан энэ хуулийн 7.3 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан хэд хэдэн үүрэг хүлээлгэж, хязгаарлалт тогтоож болно” мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл ... хөнгөн гэмт хэрэг гэнэ” гэж тус тус хуульчилжээ.

Шүүгдэгч С.М-ын холбогдсон гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд багтаж байна.

Иймд шүүхээс шүүгдэгч С.М-ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдал, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа, насанд хүрээгүй хохирогч, иргэний нэхэмжлэгч нарын бармиттай хохирол нөхөн төлсөн зэргийг харгалзан улсын яллагчийн оногдуулсан ялын саналыг хүлээн авч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч С.М-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 01 жилийн хугацаагаар тэнсэж, оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэхээр шийдвэрлэв.

Шүүх шүүгдэгч С.М-ад ял оногдуулахгүйгээр оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэхээр шийдвэрлэсэн тул Шинэчлэн найруулсан 2017 оны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар оногдуулсан тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээнд хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь зүйтэй.

2.3. Бусад асуудал

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидийг хэрэгт хавсаргаж, жолоочийн 1425952 тоот үнэмлэхийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлж, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болно.

 

Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч С.М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан “автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч С.М-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 01 жилийн хугацаагаар тэнсэж, оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.М- нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн, уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
  4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч С.М-ад оногдуулсан тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээнд хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай
  5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч С.М-ад оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг хорих ял оногдуулахгүйгээр үүрэг хүлээлгэх арга хэмжээ авсан үеэс тоолж эдлүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
  6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидийг хэрэгт хавсаргаж, жолоочийн 1425952 тоот үнэмлэхийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлж, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
  7. Насанд хүрээгүй хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч нар нь тухайн гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаархи нотлох баримтаа бүрдүүлж жич иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
  8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  9. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.М-ад хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Ч.ОТГОНБАЯР