Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 2022/ШЦТ/509

 

 

 

 

  2022          06          22                                     2022/ШЦТ/509

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: Б.Хулан,

Улсын яллагч: Б.Энхбат /томилолтоор/,

Шүүгдэгч: З.С-, түүний өмгөөлөгч Ч.Пүрэвсүрэн нарыг оролцуулан, тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар, Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт З.С-д холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2202001660152 дугаартай хэргийг 2022 оны 5 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, З.С-, ..... тоот регистртэй, 

Шүүгдэгч З.С- нь 2022 оны 3 дугаар сарын 22-ны өдрөөс 2022 оны 3 дугаар сарын 23-ны өдөр хүртэлх хугацаанд Баянгол дүүргийн 17 дугаар хороо, 13 дугаар байрны 36 тоотод 1971 оны Нэгдсэн Үндэстний Байгууллагын “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан “делта 9 тетрагидроканнабинолийн” агууламжтай цэвэр жин нь 5.6 грамм “шавар” метамфетаминий агууламжтай цэвэр жин нь 0.0102 грамм “мөс” гэх нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан” гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч З.С- шүүх хуралдаанд: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүйгэв.

Гэрч А.Г-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Тэгээд гэрт нь 15 цагийн үед очоод 16 цагийн үед С- ахад байсан мөснөөс 4, 5 сорсон. Тэгээд би гар утсаар тоглоод юм яриад хоносон. Тэгээд маргааш өглөө нь буюу 2022 оны 3 дугаар сарын 23-ны өглөө инстаграммаар би Э-тай холбогдоод юм ярьж байгаад Э- ирэхээр болсон. Тэгээд Э- өдөр 11, 12 цагийн үед С- ахын гэрт ирсэн. Тэгээд бид бага хэмжээний мөс сороод тус тусдаа гар утсаараа тоглосон. ...Э-г ирсний дараа бид гурав гар утсаараа тоглоод С- ах шавар татсан ба Э- тэр шаварнаас татаагүй. Тэгээд бид гурвыг сууж байтал гаднаас цагдаа нар орж ирсэн. Э- бид хоёр гаднаас ямар нэгэн байдлаар мөс оруулж ирсэн зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг /хх-н 45/,

Гэрч Б.Э-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Намайг гэрт орох үед Г-, С- хоёр гар утсаараа тоглоод сууж байсан. Тэгээд хэсэг сууж байгаад ширээн дээр байсан юмнаас бид гурав тойруулаад хэрэглэсэн. Дараа нь Г-, С- хоёр өөр зүйл хэрэглэж байх шиг байсан ба би тэр зүйлийг нь огт анхаараагүй. Учир нь би тийм зүйл хэрэглэдэггүй. Харин мөсний хувьд зеплок түгжээтэй ууттай байсан. Тэрнээс нь бид гурав тойруулж хэрэглэсэн. Тухайн хураан авсан эд зүйлийг харсан. Г- бид хоёрт хамааралтай зүйл тэнд байгаагүй. Тэр эд зүйлс бүгд тэр гэрт буюу Содгэрлийн гэрт байсан эд зүйлс” гэсэн мэдүүлэг /хх-н 72/,

Шинжээчийн 1921 тоот дүгнэлтэд: “...Шинжилгээнд ирүүлсэн шээсний дээж нь шинжилгээнд тэнцэнэ. “С- Зоригт 1979.05.23”, “А.Г- УУ-91080424 2022.03.24” гэж хаягласан 2ш шээсний дээж тус бүрээс Тетрагидроканнабинол /Methamphetamine/ илэрсэн. ... Тетрагидроканнабинол /ТНС/, Метамфетамин /Methamphetamine/ нь НҮБ-ын “Сэтгэцэд төлөөлөх бодисын тухай” конвенцын жагсаалтад хамаарна” гэжээ. /хх-н 164-166/,

Шинжээчийн 1931 тоот дүгнэлтэд: “...Шинжилгээнд ирүүлсэн дээж тус бүр нь шинжилгээнд тэнцэнэ. 2 гэж дугаарласан хар ногоон өнгийн шавар мэт зүйлийн ууттай жин нь 5.8 гр, цэвэр жин нь 5.6 гр, 9 гэж дугаарласан өнгөгүй гялгар ууттай цагаан өнгийн нунтаг зүйлийн гялгар ууттай жин нь 0.6920 гр, цэвэр жин нь 0.0102 гр тус тус байна. 3 гэж дугаарласан тугалган цаас, 4 гэж дугаарласан АY6458336 серийн дугаартай 50 төгрөгийн мөнгөн дэвсгэрт 7 гэж дугаарласан тарианы хагархай шил, 12 гэж дугаарласан төмөр савтай зурагт цаас /18ш/, 13 гэж дугаарласан тарианы хагархай шил зэргээс мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис илрээгүй. 1 гэж дугаарласан цагаан өнгийн гуурс мэт зүйл, 5 гэж дугаарласан шилэн гуурс мэт зүйл, 6 гэж дугаарласан цагаан өнгийн зүйлээр бохирлогдсон зиплок түгжээ бүхий гялгар уут, 7 гэж дугаарласан бор өнгийн нунтаг зүйл, ногоон өнгийн бүхий гялгар уут, жижиг гялгар ууттай цагаан өнгийн нунтаг зүйл, ногоон өнгийн гуурс, 11 гэж дугаарласан цагаан өнгийн гуурс зэргээс метамфетамин илэрсэн. 2 гэж дугаарласан хар ногоон өнгийн шавар мэт зүйл, 8 гэж дугаарласан үзүүрт нь ногоон өнгийн соруул мэт зүйл хийсэн хуйлсан цаас, 10 гэж дугаарласан бөөрөнхий төмөр бутлагч мэт зүйл зэргээс Дельта-9 тетрагидроканнабинол /delta-9-tetrahydrocannabinol/ илэрсэн. Метамфетамин /methampethamine/, Делта-9 тетрагидроканнабинол /delta-9-tetrahydrocannabinol/ нь 1971 оны НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтанд хамаарна” гэжээ. /хх-н 170-177/,

Шүүх сэтгэц эмэгэг судлалын 470 тоот дүгнэлтэд: “...З.С- нь урьд өмнө нь Олон төрлийн сэтгэц идэвхит бодисын хараат байдал оноштой Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвд хэвтэж эмчлүүлж байсан эмнэлгийн бичиг баримт өвчний түүх байна. З.С- нь одоо олон төрлийн сэтгэцэд нөлөөт эм бодисын хэтрүүлэн хэрэглээ сэтгэцийн эмэгтэй байна. З.С-ийн дээрх эмгэг нь олдмол сэтгэцийн эмгэг болно. З.С- нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны болон шүхийн шатанд үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. ...сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна...” гэжээ. /хх-н 226-228/,

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 2/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-н 3-11/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 157-161/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 180-198, 219-223/, эд мөрийн баримтаар тооцох зорилгоор үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 198-199/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд шүүгдэгчийн өмгөөлөгч хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлт гаргасныг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр хэлэлцээд уг хүсэлтийг хүлээн авч хэргийг хялбаршуулсан журмаар ял оногдуулах шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн болно. 

    1. Шүүхээс тогтоосон үйл баримт

Шүүгдэгч З.С- нь 2022 оны 3 дугаар сарын 22-ны өдрөөс 2022 оны 3 дугаар сарын 23-ны өдөр хүртэлх хугацаанд Баянгол дүүргийн 17 дугаар хороо, 13 дугаар байрны 36 тоотод 1971 оны Нэгдсэн Үндэстний Байгууллагын “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан “делта 9 тетрагидроканнабинолийн” агууламжтай цэвэр жин нь 5.6 грамм “шавар” метамфетаминий агууламжтай цэвэр жин нь 0.0102 грамм “мөс” гэх нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, гэрч А.Г-, Б.Э- нарын мэдүүлэг, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийг үзүүлэлтүүд, шинжээчийн дүгнэлтүүд болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

    1. Нотлох баримт баримтын үнэлгээ

Хавтаст хэрэгт авагдсан буюу шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтууд нь хуулиар тогтоосон үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн бөгөөд дээрх цугларсан, бэхжүүлсэн нотлох баримтуудыг үгүйсгэсэн баримт байхгүй ба тухайн баримтуудаар шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үзлээ.

    1. Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдахад хэргийн оролцогчийн хууль ёсны эрхийг зөрчсөн, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

    1. Эрх зүйн дүгнэлт

Шүүгдэгч З.С- нь Баянгол дүүргийн 17 дугаар хороо 13 дугаар барын 36 тоот гэртээ “хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан” нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл болох нь хэрэгт авагдсан болон шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч З.С-ийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан” гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нь шүүх хуралдаанд гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд улсын яллагчийн шүүгдэгчийг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.

    1. Хохирол, хор уршиг

Гэмт хэргийн улмаас бодит хохирол учраагүй тул шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болно.

Харин шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь олон нийтийн аюулгүй байдал, түүнчлэн, Үндэсний аюулгүй байдлын эсрэг түүнд хохирол, хор уршиг учруулах нөхөн төлөх боломжгүй хор уршигтай болохыг дурдах нь зүйтэй.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон болох нь хавтаст хэрэгт авагдсан шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байна. Прокурорын санал болгосон эрүүгийн хариуцлагыг бүрэн хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэсэн мэдүүлэг, хүсэлтүүд, эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээний талаарх прокурорын саналтай танилцаж зөвшөөрсөн талаарх баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг, шинжлэн судалсан баримтуудаар тогтоогдож байна.  

Прокуророос ялын төрөл хэмжээний талаар гаргасан “шүүгдэгч З.С-ийг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 жил хорих ял” оногдуулах саналыг шүүгдэгчид танилцуулсан байна.

2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүх шүүгдэгч З.С-ийн үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул түүнийг гэм буруутайд тооцсон бөгөөд түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч З.С-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан ял хөнгөрүүлэх болон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй болно.

Шүүгдэгчид танилцуулсан прокурорын санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байх тул шүүгдэгч З.С-д улсын яллагчийн оногдуулсан ял буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 жил хорих ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шинж чанар, хор аюулын хэр хэмжээг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан хорих ялыг нээлттэй дэглэмтэй хорих байгууллагад эдлүүлж, түүний урьд баривчлагдсан 2 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцох нь зүйтэй.

2.3. Бусад асуудал

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан /Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж/ байгаа 1 гэж дугаар тавьсан цагаан өнгийн гуурс мэт зүйл, 2 гэж дугаар тавьсан хар өнгийн цэвэр жин нь 5.6 грамм шавар, 3 гэж дугаар тавьсан хар өнгийн зүйлээр бохирлогдсон мөнгөлөг цаас, 5 гэж дугаар тавьсан цагаан өнгийн тагтай хар өнгийн дотор нь хоёр ширхэг шилэн гуурс мэт зүйл хийсэн хуванцар сав, 6 гэж дугаар тавьсан цагаан өнгийн зүйлээр бохирлогдсон зеплок түгжээ бүхий гялгар уут, 7 гэж дугаар тавьсан хагархай тарианы шил 1 ширхэг, 8 гэж дугаар тавьсан үзүүрт нь ногоон өнгийн соруул мэт зүйл хийсэн хуульсан цаас, 9 гэж дугаар тавьсан цэвэр жин нь 0,0102 грамм метамфетаминий агууламжтай мөс, мөн жижиг гялгар ууттай цагаан өнгийн нунтаг зүйл, цагаан өнгийн гуурс, 10 гэж дугаар тавьсан бөөрөнхий төмөр бутлагч мэт зүйл, 11 гэж дугаар тавьсан цагаан өнгийн гуурс, 12 гэж дугаар тавьсан төмөр хайрцагтай дотроо 18 ширхэг зурагт цаастай төмөр сав, 13 гэж дугаар тавьсан тарианы хагархай шил 1 ширхэг  зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах,

- 4 гэж дугаар тавьсан хуульсан 50 төгрөгийн мөнгөн дэвсгэрт /серийн дугаар АY6458336/-г Монгол банканд шилжүүлэхийг Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газарт даалгав.

Хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

 

Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч З.С-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.С-ийг 01 жил хорих ялаар шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.С-д оногдуулсан 01 жил хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч З.С-ийн урьд баривчлагдсан 02 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.
  5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан /Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж/ байгаа 1 гэж дугаар тавьсан цагаан өнгийн гуурс мэт зүйл, 2 гэж дугаар тавьсан хар өнгийн цэвэр жин нь 5.6 грамм шавар, 3 гэж дугаар тавьсан хар өнгийн зүйлээр бохирлогдсон мөнгөлөг цаас, 5 гэж дугаар тавьсан цагаан өнгийн тагтай хар өнгийн дотор нь хоёр ширхэг шилэн гуурс мэт зүйл хийсэн хуванцар сав, 6 гэж дугаар тавьсан цагаан өнгийн зүйлээр бохирлогдсон зеплок түгжээ бүхий гялгар уут, 7 гэж дугаар тавьсан хагархай тарианы шил 1 ширхэг, 8 гэж дугаар тавьсан үзүүрт нь ногоон өнгийн соруул мэт зүйл хийсэн хуульсан цаас, 9 гэж дугаар тавьсан цэвэр жин нь 0,0102 грамм метамфетаминий агууламжтай мөс, мөн жижиг гялгар ууттай цагаан өнгийн нунтаг зүйл, цагаан өнгийн гуурс, 10 гэж дугаар тавьсан бөөрөнхий төмөр бутлагч мэт зүйл, 11 гэж дугаар тавьсан цагаан өнгийн гуурс, 12 гэж дугаар тавьсан төмөр хайрцагтай дотроо 18 ширхэг зурагт цаастай төмөр сав, 13 гэж дугаар тавьсан тарианы хагархай шил 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах,

- 4 гэж дугаар тавьсан хуульсан 50 төгрөгийн мөнгөн дэвсгэрт /серийн дугаар АY6458336/-г Монгол банканд шилжүүлэхийг Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газарт даалгасугай.

  1. Хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
  2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  3. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч З.С-д цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Ч.ОТГОНБАЯР