Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 128/ШШ2021/0059

 

 

 

 

 

 

2021 оны 01 сарын 25 өдөр Дугаар Улаанбаатар хот

2021 01 25 128/ШШ2021/0059

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Адъяасүрэн даргалж, шүүх бүрэлдэхүүнд шүүгч Х.Нямдэлгэр, шүүгч О.Оюунгэрэл нар тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч: О о ХХК

Хариуцагч: Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга

Нэхэмжлэлийн шаардлага: Ашигт малтмал, газрын тосны газар Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 486 дугаартай Тусгай зөвшөөрөл цуцлах тухай шийдвэрийн 18 дугаарт О о ХХК-ийн Орхон аймаг Жаргалант сумын *** гэдэг газар байрлах МV-0****1 төрөлтэй,1999 оны 6 дугаар сарын 22-ны өдөр анх олгогдсон 54 гектар талбай бүхий уурхайд элсэн хайрга олборлох зориулалттай Ашигт малтмалын ашиглалтын ****А дугаартай тусгай зөвшөөрлийг цуцалсан заалтыг хүчингүй болгуулах.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Цэвэлмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч, итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ:

...О о ХХК-ийн захирал В.Г би 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр дам хүнээс Булган аймгийн Орхон сумын *** нэртэй газарт эзэмшдэг элс,хайрга олборлодог ****А дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрлөө хүчингүй болсон байна гэж сонсоод 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр 17/10 дугаартай албан тоотыг Ашигт малтмал, газрын тосны газар Кадастрын хэлтэст явуулсан.

Гэтэл Ашигт малтмал, газрын тосны газар Кадастрын хэлтсээс Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлд заасны дагуу төлбөрөө төлөөгүй байх тул мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасныг үндэслэн Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 486 тоот шийдвэрээр тусгай зөвшөөрлийг цуцалсан байна гэсэн утга бүхий хариуг ирүүлсэн. Энэ тоотыг би хүлээж аваад 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 7/8763 гэсэн тоотоор тусгай зөвшөөрлийг маань хүчингүй болгосон тухай хариу ирсэн байх тул тусгай зөвшөөрлийг маань сэргээж өгнө үү гэсэн утгатай тоотыг Ашигт малтмал, газрын тосны газар Кадастрын хэлтэст явуулсан.

Тус хэлтсээс хариу ирэхгүй байсан учир санаа маань амраад байж байтал шуудан хүргэгч А.П гэх эмэгтэй 2018 оны 4 дүгээр сарын 22-нд надад өгч гарын үсэг зуруулж авсан. Би уг хариуг аваад хэд хоногийн дараа Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан тус шүүх 2018 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 128/Ш32018/3076 дугаартай захирамждаа Ашигт малтмал, газрын тосны газар Кадастрын хэлтсийн 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 7/438 дугаартай албан бичгийг хэзээ авсан болохоо нэхэмжлэлд тусгаагүй байна гэсэн байсан учир Орхон аймгийн Шуудангийн үйлчилгээний газарт хандаж дээрх хариу тоотыг 2018 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр авсан тухайгаа албан тоотыг авахыг хүссэн учир 2018 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 18/49 дугаартай тоотыг өгсөн боловч тус шүүх нэхэмжлэлийг хүлээж авахаас татгалзсан. Энэ нэхэмжлэлээ Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 142/ШШ2019/00791 дугаартай шийдвэрийг үндэслэн гаргаж байна.

Ашигт малтмал, газрын тосны газар Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 486 дугаартай "Тусгай зөвшөөрөл цуцлах тухай" шийдвэрийн хууль зүйн үндэслэлгүй болохыг дараах үндэслэлүүдээр гаргаж байна. Үүнд:

1. Анх тусгай зөвшөөрлийг Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газрын даргын шийдвэрээр олгосон байхад доод тушаалын Кадастрын хэлтсийн дарга хүчингүй болгох хууль зүйн үндэслэл байхгүй;

2. О о ХХК 17 жилийн турш "Ашигт малтмал ашиглалтын" тусгай зөвшөөрлөө ашиглаж ирсэн бөгөөд 18 дахь жилийнхээ төлбөрийг 2017 оны 6 дугаар сарын 22-ны өдөр төлөх учиртай байсан ч 2017 оны 7 дугаар сарын 31-ний өдөр төлсөн явдал тусгай зөвшөөрлийг шууд цуцлах үндэслэл болохгүй юм. Ашигт малтмалын тухай шинэчилсэн найруулгын 34 дүгээр зүйлийн 34.2-т Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараа жилийн төлбөрийг тухайн тусгай зөвшөөрөл олгосон өдрөөс тооцож жил бүр урьдчилан төлнө мөн хуулийн 34.6-д Энэ хуулийн 34.2-т заасан хугацаанд төлбөрийг төлөөгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд тухайн жилд төлөх төлбөрийн үнийн дүнгийн 0.3 хувиар тооцон алданги ногдуулна мөн хуулийн 34.7-д Энэ хуулийн 34.6-д заасан хугацаа хэтэрсэн хоног 30 хүртэл байх бөгөөд энэ хугацаанаас хэтэрвэл мөн хуулийн 56 дугаар зүйлд заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцална гэжээ. Дээрх заалтуудаас харахад хугацаа хэтэрснээс хойш хариуцлага тооцох 30 хоног байна.

3. Мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т Төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл тогтоогдсоноос хойш ажлын 10 өдөрт багтаан тусгай зөвшөөрөл эзэмшигчид энэ тухай мэдэгдэл өгөх бөгөөд түүнд тусгай зөвшөөрлийг цуцлах болсон үндэслэлийг тодорхой заана гэжээ. 2017 оны 6 дугаар сарын 22-ны өдөр гэхэд төлбөрөө төлсөн байх учиртай байсан бөгөөд алданги тооцох 30 хоног үүн дээр мэдэгдэл өгөх ажлын 10 өдрийг оруулан тооцвол 2017 оны 7 дугаар сарын 31-ний өдөр төлбөрөө төлсөн байдлыг маань 2018 оны төлбөрөө төлсөнд тооцох боломжтой байжээ гэж үзэж байна. Тэгээд ч ямар нэгэн мэдэгдэл огт ирээгүй болно.

4. Мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.3-д Энэ хуулийн 56.2-т заасан мэдэгдэлд заасан үндэслэлийг зөвшөөрөхгүй бол тусгай зөвшөөрөл эзэмшигч түүнийгээ нотлох баримт бичгийг төрийн захиргааны байгууллагад ирүүлнэ гэжээ. Хэрэв мэдэгдэл ирсэн бол холбогдох баримтуудаа гарган өгөх байсан шүү дээ. Яасан гэж бүхэл бүтэн 17 жил ашигласан тусгай зөвшөөрлөө хүчингүй болгуулах билээ.

5. Мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь энэ хуулийн 56.4-т заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцалсан шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхэд гомдол гаргах эрхтэй... гэжээ. О о ХХК-ийн МV-00171 дугаартай тусгай зөвшөөрлийг 2017 оны 8 дугаар сарын 10-ны өдөр цуцалсан шийдвэр гарсан гэж байгаа боловч мэдэгдэл болон шийдвэр ирээгүй учир 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр 07 дугаартай албан тоотыг явуулснаар 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 7/818 тоотын хамт Ашигт малтмал, газрын тосны газар Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 486 дугаартай Тусгай зөвшөөрөл цуцлах тухай шийдвэр ирснээр танилцлаа.

Иймд Ашигт малтмал, газрын тосны газар Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 486 дугаартай "Тусгай зөвшөөрөл цуцлах тухай" шийдвэрийн 18-д О о ХХК-ийн Ашигт малтмалын ашиглалтын ****А дугаартай тусгай зөвшөөрлийг цуцалсан заалтыг хүчингүй болгож өгнө үү. гэжээ.

Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

...Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 486 дугаар шийдвэрийн О о ХХК-ийн МV-0****1 тусгай зөвшөөрлийг цуцалсан заалтыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна.

Ашигт малтмалын хэрэг эрхлэх газрын /хуучин нэрээр/ Геологи, уул уурхай кадастрын албаны даргын /хуучин нэрээр/ шийдвэрээр 1999 оны 5 дугаар сарын 06- ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сум Чингэлийн гол нэртэй газарт орших 100 гектар талбайд ашигт малтмалын хайгуулын 1555х тусгай зөвшөөрлийг Монгол улсын иргэн З.Ванданд 3 жилийн хугацаатайгаар олгосныг, Геологи, уул уурхай кадастрын албаны даргын 1999 оны 108 тоот шийдвэрээр тусгай зөвшөөрлийг 20/22 улсын бүртгэлийн гэрчилгээтэй О о ХХК-д шилжүүлснийг, Геологи, уул уурхай кадастрын албаны даргын 1999 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн 119 тоот шийдвэрээр Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг *** 54 гектар талбайд ашиглалтын ****А тоот тусгай зөвшөөрлийг 60 жилийн хугацаатайгаар олгосныг ГУУКС-д бүртгэсэн байна.

Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхай кадастрын хэлтсийн даргын /хуучин нэрээр/ 2011 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 933 дугаар шийдвэрээр Ашигт малтмалын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 34 дүгээр зүйлийн 34.2 заасныг зөрчсөн үндэслэлээр мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасныг үндэслэн цуцалсныг Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2012 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 328 дугаар шүүгчийн захирамж, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2012 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 322 дугаар магадлалыг тус тус үндэслэн Геологи, уул уурхай кадастрын хэлтсийн даргын /хуучин нэрээр/ 2013 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 51 дүгээр шийдвэрээр сэргээж шийдвэрлэжээ.

О о ХХК нь 2000 оны 7 дугаар сарын 21-ний өдөр 2 дахь жилийн, 2001 оны 6 дугаар сарын 19-ний өдөр 3 дахь жилийн, 2003 оны 6 дугаар сарын 07-ны өдөр 4 дэх жилийн, 2003 оны 6 дугаар сарын 25-ны өдөр 5 дахь жилийн, 2004 оны 6 дугаар сарын 16-ны өдөр 6 дахь жилийн, 2005 оны 6 дугаар сарын 03-ны өдөр 7 дахь жилийн, 2006 оны 6 дугаар сарын 07-ны өдөр 8 дахь жилийн, 2007 оны 7 дугаар сарын 30-ны өдөр 9 дэх жилийн, 2008 оны 7 дугаар сарын 17-ны өдөр 10 дахь жилийн, 2009 оны 7 дугаар сарын 30-ны өдөр 11 дахь жилийн, 2010 оны 6 дугаар сарын 22-ны өдөр 12 дахь жилийн, 2013 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр 13 дахь жилийн, 2013 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр 14 дэх жилийн, 2014 оны 6 дугаар сарын 09-ны өдөр 15 дахь жилийн, 2016 оны 3 дугаар сарын 21-ны өдөр 16 дахь жилийн, 2016 оны 3 дугаар сарын 30-ны өдөр 17 дахь жилийн төлбөрийг тус тус төлсөн байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-д Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараа жилийн төлбөрийг тухайн тусгай зөвшөөрлийг олгосон өдрөөс эхлэн тооцож жил бүр урьдчилан төлнө., 34.6-д Энэ хуулийн 34.2-т заасан хугацаанд төлбөрийг төлөөгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд тухайн жилд төлөх төлбөрийн үнийн дүнгийн 0.3 хувиар тооцон алданги ногдуулна., 34.4-д Тусгай зөвшөөрлийн төлбөр төлсөн өдрийг банкны гүйлгээ хийсэн өдрөөр тооцох бөгөөд холбогдох баримтыг төрийн захиргааны байгууллагад ирүүлснээр тусгай зөвшөөрлийн төлбөрийг төлсөнд тооцно., 34.7-д Энэ хуулийн 34.6-д заасан хугацаа хэтэрсэн хоног 30 хүртэл байх бөгөөд энэ хугацаанаас хэтэрвэл мөн хуулийн 56 дугаар зүйлд заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцална., 56.1.2-д тусгай зөвшөөрөл эзэмшигч тусгай зөвшөөрлийн төлбөрийг энэ хуулийн 34.7-д заасан хугацаанд нь бүрэн төлөөгүй. гэж заасныг тус тус үндэслэн Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 486 дугаар шийдвэр гаргаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэл бүхий байна.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү. гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч О о ХХК нь Ашигт малтмал, газрын тосны газар Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 486 дугаар шийдвэрийн О о ХХК-ийн Орхон аймаг Жаргалант сумын *** гэдэг газар байрлах 54 гектар талбай бүхий түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын ****А дугаартай тусгай зөвшөөрлийг цуцалсан хэсгийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

О о ХХК нь Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг Чингэлийн

голын хөндлөн намаг нэртэй 54 гектар талбайд Түгээмэл тархацтай ашигт малтмал

ашиглалтын ****А тоот тусгай зөвшөөрлийг 60 жилийн хугацаатайгаар эзэмшдэг.

Нэхэмжлэгч О о ХХК-ийн MV-0****1 дугаар түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл нь 1999 оны 6 дугаар сарын 22-ны өдөр олгогдсон бөгөөд тусгай зөвшөөрлийн ээлжит төлбөрийг 2017 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн дотор төлөөгүй боловч, 2017 оны 7 дугаар сарын 31-ний өдөр төлбөр төлөгдсөн болохыг хариуцагч хүлээн зөвшөөрдөг.

Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрлийн төлбөрийг Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 35.6-д заасны дагуу жил бүр төлнө., 37 дугаар зүйлийн 37.1-д Аймаг, нийслэлийн Засаг дарга тусгай зөвшөөрлийг доор дурдсан үндэслэлээр цуцална:, 37.1.2.тусгай зөвшөөрөл эзэмшигч тусгай зөвшөөрлийн төлбөрийг хугацаанд нь бүрэн төлөөгүй; гэж заажээ.

Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 486 дугаар шийдвэрээр Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2 дахь хэсэгт заасныг үндэслэн Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.7 дахь хэсэгт заасан хугацаанд тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг алдангийн хамт төлөөгүй гэсэн үндэслэлээр О о ХХК-ийн түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын MV-0****1 дугаар тусгай зөвшөөрлийг цуцалсан нь Ашигт малтмалын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д Энэ хуулиар ус, газрын тос, байгалийн хий, цацраг идэвхт болон түгээмэл тархацтай ашигт малтмалаас бусад төрлийн ашигт малтмал эрэх, хайх, ашиглахтай холбогдсон харилцааг зохицуулна., 3.3-т Түгээмэл тархацтай ашигт малтмалыг хайх, ашиглахтай холбогдсон харилцааг тусгай хуулиар зохицуулна. гэж заасныг зөрчсөн.

Гэвч хариуцагч байгууллага нь Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хууль 2014 онд батлагдахаас өмнө Түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг олгох, цуцлах чиг үүргийг хэрэгжүүлж байсан, түүнчлэн Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2017 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн а/127 дугаар тушаалаар Түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийн хувийн хэргийг орон нутагт шилжүүлэх ажлыг Кадастрын хэлтэст даалгасан боловч О о ХХК-ийн түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн материал Орхон аймагт шилжээгүй, тус компанийн төлбөр төлөлт Кадастрын хэлтсийн бүртгэлийн нэгдсэн программд одоог хүртэл бүртгэлтэй байсан зэрэг шалтгаанаар хариуцагч түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн төлбөр төлөлтөд хяналт тавьж, тусгай зөвшөөрлийг цуцалсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдлоо.

Нөгөөтэйгүүр, О о ХХК-ийн түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн хувийн хэрэг орон нутагт шилжээгүй тул ашиглалтын тусгай зөвшөөрлийн төлбөр төлөлтийн хугацаанд Орхон аймгийн Засаг дарга хяналт тавьж, Түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын төлбөр төлөөгүй гэх үндэслэлээр тусгай зөвшөөрлийг цуцлах бодит нөхцөл байдал байгаагүй болох нь тогтоогдож байна.

Ийнхүү Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 486 дугаар шийдвэр нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3-т заасан тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан; буюу илт хууль бус захиргааны актын шинжийг агуулсан боловч нэхэмжлэгчийн хувьд энэхүү шүүхийн шийдвэр гарах хүртэл тусгай зөвшөөрлийн дагуу үйл ажиллагаа явуулаагүй тул маргаан бүхий актыг илт хууль бус актад тооцох, хүчингүй болгон шийдвэрлэх аль аль нь үр дагаврын хувьд ижил учраас нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд маргаан бүхий актыг хүчингүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иймд дээрх нөхцөл байдлыг харгалзан үзээд, нэхэмжлэгч О о ХХК-иас Ашигт малтмал, газрын тосны газар Кадастрын хэлтсийн даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 486 дугаар шийдвэрийн О о ХХК-ийн Орхон аймаг Жаргалант сумын *** гэдэг газар байрлах 54 гектар талбай бүхий түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын ****А дугаартай тусгай зөвшөөрлийг цуцалсан хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3.4, 106.3.12 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Ашигт малтмалын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 3.3, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1, 37 дугаар зүйлийн 37.1, 37.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч О о ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 486 дугаар шийдвэрийн нэхэмжлэгчид холбогдох хэсгийг хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр 114.1-т зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.АДЪЯАСҮРЭН

ШҮҮГЧ Х.НЯМДЭЛГЭР

ШҮҮГЧ О.ОЮУНГЭРЭЛ