Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Цолмонгийн Сайхантуяа |
Хэргийн индекс | 221/2023/0017/З |
Дугаар | 221/МА2023/0630 |
Огноо | 2023-10-12 |
Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 10 сарын 12 өдөр
Дугаар 221/МА2023/0630
Ж.Р-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч Т.Энхмаа
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Б.Тунгалагсайхан
Илтгэгч шүүгч Ц.Сайхантуяа
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Хариуцагч Ө аймгийн Б сумын Засаг дарга
Хариуцагч Ө аймгийн Х сумын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс
Хэргийн оролцогчид:
Нэхэмжлэгч Ж.Р
Хариуцагч Ө аймгийн Б сумын Засаг дарга
Хариуцагч Ө аймгийн Хархорин сумын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс-*** дугаар нээлттэй, хаалттай хорих анги
Нэхэмжлэлийн шаардлага: Ж.Р-ийн зээл бүрэн төлөгдсөн байтал зээлийн мэдээллийн санд зээл төлөгдсөн мэдээллийг үнэн зөвөөр оруулахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, Ж.Р-ийн хувийн зээлийн мэдээллийг Монголбанкны зээлийн мэдээллийн санд Ө аймгийн Б сумын Сум хөгжүүлэх сан-гийн зээл бүрэн төлөгдсөн байдлаар шинэчлэн оруулахыг тус тус даалгуулах
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Ө аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 121/ШШ2023/0020 дугаар шийдвэр
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч Ж.Р
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г
Хариуцагч Ө аймгийн Хархорин сумын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс *** дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Л
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхжин
Хэргийн индекс:121/2023/0017/3
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Ж.Р нь Хариуцагч Ө аймгийн Б сумын Засаг дарга, Ө аймгийн Хархорин сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс *** дугаар нээлттэй, хаалттай хорих ангид холбогдуулан Ж.Р-ийн сум хөгжүүлэх санд төлөгдөх төлбөрийг шийдвэр гүйцэтгэх албанаас Д-ын Г-т /ЧМ6******/-т шилжүүлсэн үйлдэл, Ж.Р-ийн зээл бүрэн төлөгдсөн байтал зээлийн мэдээллийн санд зээл төлөгдсөн мэдээллийг үнэн зөвөөр оруулахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, Ж.Р-ийн хувийн зээлийн мэдээллийг Монголбанкны зээлийн мэдээллийн санд Ө аймгийн Б сумын Сум хөгжүүлэх сангийн зээл бүрэн төлөгдсөн байдлаар шинэчлэн оруулахыг тус тус даалгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
2. Ө аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 121/ШШ2023/0020 дугаар шийдвэрээр: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 104 дүгээр зүйлийн 104.1, 108 дугаар зүйлийн 108.4, 109 дүгээр зүйлийн 109.1, 114 дүгээр зүйлийн 114.2-т заасныг тус тус баримтлан Ж.Р-ийн зээл бүрэн төлөгдсөн мэдээллийг Монгол банкны зээлийн мэдээллийн санд оруулахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Ж.Р-ийн хувийн зээлийн мэдээллийг Ө аймгийн Б сумын Сум хөгжүүлэх сангийн зээлийн төлбөрийг бүрэн төлсөн байдлаар шинэчлэн оруулахыг Ө аймгийн Х сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс *** дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн шийдвэр гүйцэтгэлийн хэлтэс, Ө аймгийн Б сумын Засаг даргад тус тус даалгаж шийдвэрлэсэн байна.
3. Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагч Ө аймгийн Б сумын Засаг дарга М.М нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:
... Тус шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 121/ШШ2023/0020 дугаар шийдвэрийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргаж байна.
3.1. Ө аймгийн Б сумын сум хөгжүүлэх сангийн дансанд зээлдэгч болох Ж.Р-ийн зээлийн төлбөр орж ирээгүй байхад бид Монголбанкны зээлийн мэдээллийн санг засах үндэслэл байхгүй. Би 2021 оны 01 дүгээр сарын 13-нд Ө аймгийн Б сумын Засаг даргаар томилогдсон. Тэрнээс өмнөх даргын өгсөн бичиг байгаа. Хоёрдугаарт би Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрыг буруутай гэж үзэж байна. Учир нь тухайн иргэн Сум хөгжүүлэх сангаас авсан зээлээ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад тушаасан байхад тухайн байгууллага сум хөгжүүлэх санд оруулаагүй өөр гуравдагч этгээдийн данс руу мөнгийг шилжүүлсэн. Тэгэхээр сум хөгжүүлэх санд мөнгө ороогүй байхад бид нар буруутгагдах ёсгүй.
Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож анхан шатны шүүхээр дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэв.
4. Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагч Ө аймгийн Хархорин сум дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс *** дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Л нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:
... Ө аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн шүүгчийн 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 146/ШШ2023/00033 дугаар захирамжаар нэхэмжлэгч Д-ын Г 23.000.000 төгрөгийг нэхэмжилснийг хариуцагч Ө аймгийн Б сумын Засаг дарга, Засаг даргын тамгын газар төлөхийг зөвшөөрч эвлэрлийн гэрээ байгуулсныг баталгаажуулж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
4.1. Шүүхийн шийдвэрийн дагуу 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 2033**** дугаартай ахлах шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тогтоолоор 20330*** дугаар шийдвэр гүйцэтгэлийн хувийн хэрэг нээж шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж, 2021 оны 05 дугаар сарын 19-ний өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болох хүртэл Б сумын Засаг дарга нь хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийн дагуу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2-д зааснаар төлбөр төлөгч этгээд байсан.
4.2. Дээрх шүүхийн шийдвэрт холбогдуулж шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байх хугацаанд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт Ж.Р нь Б сумын Засаг даргын нэхэмжлэлтэй 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 146/ШШ2018/00258 дугаартай шүүхийн шийдвэрийн төлбөрт 2019 оноос 2020 оны 03 дугаар сарын 09-ний хороонд 5.487.000 төгрөгийг төлсөн байдаг. Иймд шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 95 дугаар зүйлийн 95.1 дэх хэсэгт төлбөр төлөгч хуулийн этгээдийн банк дахь харилцах данс, хадгаламжид байгаа үнэт металл, эрдэнийн чулуу, үнэт цаас, мөнгөн хөрөнгө, түүнчлэн төлбөр төлөгчөөс бусдад, бусдаас төлбөр төлөгчид бэлэн болон бэлэн бусаар шилжүүлсэн хоорондын төлбөр тооцооны мөнгөнөөс төлбөрт гаргуулж болно. ... гэж заасны дагуу 2020 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 01/**** дугаар албан бичгээр хандсан.
4.3. Дээрх хүснэгтийн дагуу Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас тус хэлтсийн төлбөрийн 555625**** тоот дансанд Ж.Р-ийн Сум хөгжүүлэх санд төлсөн гэх төлбөрийн мөнгийг 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдөр шилжүүлсэн байдаг. Энэхүү мөнгөн хөрөнгийг Б сумын Засаг даргаас тодруулахад тухайн үеийн төлбөр төлөгч Б сумын Засаг дарга нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.3-т заасан иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад үүссэн асуудлаар санал хүсэлт гаргах эрхийн дагуу уг мөнгөн хөрөнгийг Т.Г-ийн төлбөрт шилжүүлэн суутгуулах тухай 2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 1/06 дугаар албан бичгээр Албан ёсны хүсэлт гаргасан тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 76 дугаар зүйл, 76 дугаар зүйлийн 76.3 дахь хэсэгт Төлбөр төлөгч суутгал хийлгэх хөрөнгийн дарааллын талаар хүсэлт гаргаж болно. ... гэж заасныг үндэслэн Ж.Р-д холбогдох мөнгөн хөрөнгийг төлбөр авагч Т.Г-т 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр шилжүүлсэн шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулсан.
4.4. Гэтэл Ө аймгийн Захиргааны хэргийн шүүхээс Ж.Р-ийн Сум хөгжүүлэх санд төлсөн гэх 5.487.000 төгрөгийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь Б сумын засаг даргын тоот дансанд шилжүүлэлгүй Ө аймгийн Хархорин сум дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс *** дугаар нээлттэй хаалттай хорих ангийн төлбөрийн дансанд шилжүүлсэн үйлдлийг судлан дүгнээгүй боловч Б сумын Засаг даргын хүсэлтийн дагуу Ө аймгийн Хархорин сум дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс *** дугаар нээлттэй хаалттай хорих анги нь уг мөнгөн хөрөнгийг Т.Г-т шилжүүлсэн үйлдэл нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.2 дэх хэсэгт заасан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын дансанд байгаа мөнгийг гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг хангахаас бусад зориулалтаар зарцуулахыг хориглоно. гэж заасан хуулийн заалтад нийцэхгүй хууль бус үйлдэл гэж дүгнэж байгаа нь учир дутагдалтай байна.
4.5. Мөн 2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 01/0** дугаар албан бичгээр Ж.Р-д холбогдох өөрийн мөнгөн хөрөнгийг Т.Г-т төлөх төлбөрт шилжүүлэн суутгуулах хүсэлт нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг зөрчиж бүрэн эрхээ хэрэгжүүлээгүй үйлдэл байна. Мөн хэрэг учрал болох үед дагаж мөрдөгдөж байсан Засгийн газрын 2016 оны 153 дугаар тогтоолоор батлагдсан Сум хөгжүүлэх сангийн хөрөнгийг Бүүлэх, зарцуулах, тайлагнах хяналт тавих журмын 1 дүгээр зүйлийн 1.9 дэх хэсэгт Сангийн хөрөнгийг энэ журмын 1.5, 1.8 дахь хэсэгт зааснаас бусад зориулалтаар зарцуулахыг хориглоно. гэж заасныг зөрчиж хууль бус шийдвэр гаргаснаас үүсгэж сангийн мөнгийг буруу зарцуулагдсан нөхцөл байдал үүсгэсэн. Мөн тус журмын 3 дугаар зүйлд 3.1.4 дэх хэсэгт Төрийн захиргааны төв байгууллага нь ...холбогдох мэдээллийг Монгол банкны зээлийн мэдээллийн санд оруулах эрхийг хэрэгжүүлэхээр зааж өгсөн. Иймд Б сумын Засаг дарга, түүний ажлын алба /засаг даргын тамгын газар/ нь иргэн Ж.Р нь шүүхийн шийдвэрийн дагуу зээлийн төлбөрийг төлсөн боловч Монгол банкны зээлийн мэдээллийн санд зохих бүртгэлийг хийх хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхгүй эс үйлдэхүйг үйлдэж Ж.Р-ийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг зөрчиж байгаа тул Б сумын Засаг дарга нь буруутай гэж байна.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн Ө аймгийн Хархорин сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс-*** дугаар нээлттэй, хаалттай хорих ангид хамаарах хэсгийг хэрэгсэхгүй болгож өөрчилж өгнө үү. гэв.
ХЯНАВАЛ:
1. Анхан шатны шүүх ... Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 104 дүгээр зүйлийн 104.1, 108 дугаар зүйлийн 108.4, 109 дүгээр зүйлийн 109.1, 114 дүгээр зүйлийн 114.2-т заасныг тус тус баримтлан Ж.Р-ийн зээл бүрэн төлөгдсөн
Мэдээллийг Монголбанкны зээлийн мэдээллийн санд оруулахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Ж.Р-ийн хувийн зээлийн мэдээллийг Ө аймгийн Б сумын Сум хөгжүүлэх сангийн зээлийн төлбөрийг бүрэн төлсөн байдлаар шинэчлэн оруулахыг Ө аймгийн Хархорин сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс *** дугаар нээлттэй, хаалттай хорих анги, Ө аймгийн Б сумын Засаг даргад тус тус даалгаж шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр гаргахад нотлох баримтыг дутуу Бүүлсэн, энэ хуулийг буруу хэрэглэснээр шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлага хангаагүй байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэлээ.
2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд хариуцагч Ө аймгийн Хархорин сумын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс *** дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн дарга, хурандаа Б.Т-өөс итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр У.Л-ыг оролцуулахаар ирүүлсэн албан бичиг нь он, сар, өдөр, огноо, дугааргүй, (Ө аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авсан дардастай), итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Л-ын давж заалдах гомдлыг тус шүүхэд ирүүлсэн байна.
2.1. Ө аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн захирамжаар нэхэмжлэгч Ж.Р-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагаар хариуцагч Ө аймгийн Б сумын Засаг дарга, Ө аймгийн Хархорин сумын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс *** дугаар нээлттэй, хаалттай хорих ангид холбогдуулан захиргааны хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 27, 28 дугаар зүйлд заасныг зөрчин хариуцагч Ө аймгийн Хархорин сумын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс *** дугаар нээлттэй, хаалттай хорих ангийг төлөөлөх эрхгүй этгээд У.Л-ыг оролцуулан, хэргийг хянан шийдвэрлэжээ.
2.2. Тодруулбал хариуцагч нэхэмжлэлийг хувийг гардан авах, хариу тайлбар гаргах, шүүх хуралдаанд мэтгэлцэх зэргээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон У.Л нь хариуцагчийг төлөөлөх эрхгүй этгээд байсан байна.
2.3. Хариуцагч хуулийн этгээдийн итгэмжлэл нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4.2-д олгосон он сар өдрийг заах шаардлагыг хангаагүй, огноо дугааргүй олгосон итгэмжлэлээс өөр итгэмжлэл хавтаст хэрэгт авагдаагүй, хуулийн шаардлага хангасан итгэмжлэл олгогдоогүй, мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.5-д Энэ хуулийн 27.4-д заасан шаардлагыг хангаагүй итгэмжлэл хүчин төгөлдөр бус байна гэж заасныг тус тус зөрчин, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан байна .
3. Нэхэмжлэгч Ж.Р-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г-ийн гаргасан Ж.Р-ийн сум хөгжүүлэх санд төлөгдөх төлбөрийг шийдвэр гүйцэтгэх албанаас Д-ын Г-т /ЧМ******/-т шилжүүлсэн үйлдэл, Ж.Р-ийн зээл бүрэн төлөгдсөн байтал зээлийн мэдээллийн санд зээл төлөгдсөн мэдээллийг үнэн зөвөөр оруулахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, Ж.Р-ийн хувийн зээлийн мэдээллийг Монголбанкны зээлийн мэдээллийн санд Ө аймгийн Б сумын Сум хөгжүүлэх сангийн зээл бүрэн төлөгдсөн байдлаар шинэчлэн оруулахыг тус тус даалгуулах нэхэмжлэлийн шаардлагаар шүүх захиргааны хэрэг үүсгэсэн атлаа хэргийг хянан шийдвэрлэхдээ Ж.Р-ийн сум хөгжүүлэх санд төлөгдөх төлбөрийг шийдвэр гүйцэтгэх албанаас Д-ын Гантөмөрт шилжүүлсэн үйлдэл хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагад дүгнэлт хийгээгүй, хянан шийдвэрлээгүй орхигдуулсан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.4-д заасантай нийцээгүй байна.
3.1. Нэхэмжлэгч Ж.Р-оос зээл бүрэн төлөгдсөнийг Монголбанкны зээлийн мэдээллийн санд оруулахгүй байгаа эс үйлдэхүйтэй холбогдуулан маргасан байх бөгөөд анхан шатны шүүх захиргааны хэрэг үүсгэхдээ нэхэмжлэлийн шаардлагыг тодруулаагүй, хариуцагч тус бүрийн ямар эс үйлдэхүйн улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хэрхэн зөрчигдсөн талаар болон энэхүү шүүхийн шийдвэр гарснаар зөрчигдсөн эрх нь хэрхэн сэргэх эсэх, хариуцагчийг зөв тодорхойлж хэргийг хянан шийдвэрлээгүй байна.
4. Ө аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 146/ШЗ2018/00258 дугаар Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжаар нэхэмжлэгч Ө аймгийн Б сумын сум хөгжүүлэх сангийн нэхэмжлэлтэй, 5,487,500 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Ж.Р төлөхийг хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
4.1. Хуулийн хүчин төгөлдөр дээрх Ө аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн шүүгчийн 2018 оны захирамжийг үндэслэн Ө аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 146/ШЗ2019/00728 дугаар Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай захирамжаар албадан гүйцэтгэхээр шийдвэрлэж, гүйцэтгэх хуудас олгогдож, Ө аймгийн Хархорин сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс *** дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 01/*** дугаартай Гүйцэтгэх баримт бичиг шилжүүлэх тухай албан бичгээр төлбөр төлөгчийн харьяаллын дагуу Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлжээ.
4.2. Ж.Р нь нийт 5,487,500 төгрөгийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 10600******* дугаарын дансанд бүрэн төлж дуусгаснаар Тасгийн дарга бөгөөд Баянзүрх дүүргийн ахлах шийдвэр гүйцэтгэгч, ахлах дэслэгч В.А-ын Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болгох тухай 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 02-03/1*** дугаар тогтоолоор төлбөр төлөгч Ж.Р-д холбогдох 19330***** бүртгэлийн дугаартай гүйцэтгэх баримт бичигт явуулах шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болсонд тооцсон байна.
4.3. Нэхэмжлэгч Ж.Р-ийн төлсөн 5,487,500 төгрөгийг Ө аймгийн Хархорин сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс *** дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн 2020 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 01/1*** дугаартай Хүсэлт хүргүүлэх тухай албан бичгээр ... төлбөр төлөгч Ө аймгийн Засаг даргын Тамгын газар нь шүүхийн шийдвэрээр бусдад төлбөртэй, төлбөрийн гүйцэтгэлийг хангаагүй байгаа тул Ж.Р-оос гаргуулан авах авлага болох 5,400,000 төгрөгийг Хаан банк дахь тус ангийн 55562****** тоот дансанд шилжүүлэн авахаар хүсэлт хүргүүлсний дагуу Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдөр тус дансанд шилжүүлж, Ө аймгийн Б сумын Засаг даргын Тамгын газраас авлагатай гэх Д-ын Г (ЧМ*******)-ийн дансанд шилжүүлсэн нотлох баримтууд хэрэгт авагдсан байна.
5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 104 дүгээр зүйлийн 104.1, 108 дугаар зүйлийн 108.4, 109 дүгээр зүйлийн 109.1, 114 дүгээр зүйлийн 114.2-т заасныг хариуцагч нар зөрчсөн гэх дүгнэлтийг анхан шатны шүүх хийхдээ Ө аймгийн Б сумын Засаг дарга энэ хуулийн ямар заалтыг хэрхэн зөрчсөн, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа захиргааны хэргийн шүүхийн харьяалан шийдвэрлэх маргаанд хамаарах эсэх талаар дүгнэлт өгөөгүй хэргийг шийдвэрлэсэн нь буруу байна.
6. Дээрх үйл баримтуудаас үзвэл хууль тогтоомжид заасан ямар үүргээ хариуцагч байгууллага хэрэгжүүлээгүйн улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн талаар үндэслэл бүхий дүгнэлт өгөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байх бөгөөд энэ нөхцөлд давж заалдах шатны шүүх хэрэгт цугларсан баримтын хүрээнд дүгнэлт хийж хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй.
7. Иймд анхан шатны шүүх маргааны үйл баримттай холбогдуулан хэрэгт хамааралтай ач холбогдол бүхий дээр дурдсан нөхцөл байдлыг тодруулах холбогдох баримтуудыг бүрэн цуглуулах, нотлох баримтыг зөв үнэлэх, нэхэмжлэлийн шаардлага үндэслэлийг тодруулсны үндсэн дээр хэргийг хянан шийдвэрлэх шаардлагатай байх тул шийдвэрийг хүчингүй болгож хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3, 121.3.5, 121.3.7-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Ө аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 121/ШШ2023/0020 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д тус тус заасныг баримтлан Ө аймгийн Б сумын Засаг дарга М.М нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, түүний 2023 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 (далан мянга хоёр зуун) төгрөгийг буцаан олгосугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Т.ЭНХМАА
ШҮҮГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН
ШҮҮГЧ Ц.САЙХАНТУЯА