Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 10 сарын 24 өдөр

Дугаар 73

 

СҮХБААТАР АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН
 ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ
ШИЙТГЭХ ТОГТООЛ

2016 оны 10 сарын 24 өдөр                                    Дугаар 73                                          Баруун-Урт

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

    Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Сугар даргалж,
    Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цолмон,
    Улсын яллагч  Г.Амарсайхан,
           Шүүгдэгчийн өмгөөлөгч  Х.Эрдэнэбаатар
    Шүүгдэгч Х.Энхбаатар нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-т зааснаар яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн Хавхчин овгийн Хачингийн Энхбаатарт холбогдох 201617000239 дугаартай хэргийг 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

   Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

    Монгол Улсын иргэн, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 4 дүгээр багийн харьяат, 1973 оны 07 дугаар сарын 05-нд төрсөн, 43 настай, эрэгтэй,  бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Сүхбаатар аймгийн сум дундын шүүхийн 1998 оны 07 сарын 31-ний өдрийн 110 дугаартай шийтгэх тогтоолоор 1987 оны Эрүүгийн хуулийн 1231 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт 100.000 төгрөгөөр торгох,
    - Сүхбаатар аймаг дахь сум дундын шүүхийн 2004 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 61 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хорих ялаар, 
    - Сүхбаатар аймаг дахь сум дундын шүүхийн 2012 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 12 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 151 дүгээр зүйлийн 151.1 дэх хэсэгт зааснаар 1 сар 20 хоног баривчлах, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сар хорих ял оногдуулж, биечлэн эдлэх ялын хэмжээг 1 жил 6 сарын ялаар, 
    - Сум дундын 19 дүгээр шүүхийн 2015 оны 04 сарын 22-ны өдрийн 53 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар хувьд ногдох хөрөнгөнөөс 200.000 төгрөг гаргуулж 2 жилийн хугацаагаар хорих ялаар, мөн хуулийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар, нийт биечлэх эдлэх ялыг 5 жилийн хугацаагаар тогтоож, Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 сарын 05-ны өдрийн 56 дугаартай шүүгчийн захирамжаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 77 дугаар зүйлийн 77.1, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийн тус тус баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2,  261 дүгээр зүйлийн 261.1 заасан гэмт хэрэгт 5 жилийн хорих ялаар шийтгүүлсэн ялаас эдлээгүй үлдсэн 3 жил 7 сар 5 хоногийн хорих ял, 200.000 төгрөгийн эд хөрөнгө хураах ялыг тус тус өршөөн хэлтрүүлж байсан, ЛМ73070510 регистртэй, Хавхчин овгийн Хачингийн Энхбаатар

Холбогдсон хэргийн талаар: /яллагдагчаар татах тогтоолоор/

    Шүүгдэгч Х.Энхбаатар нь 2016 оны 07 сарын 22-ны өдөр  Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 4 дүгээр багийн иргэн Б.Түмэннастыг хувийн таарамжгүй харьцааны улмаас зодож биед нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:

    Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

    - Шүүгдэгч Х.Энхбаатар шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Би 2016 оны 07 сарын 22-ны өдөр гэртээ очсон. Тэгсэн манай авгай Очироо, Сараа, Суурь нартай архи ууж байсан. Намайг орсон чинь манай авгай чи манайхаар яах гэж ирсэн юм яв гэхээр нь тэднийг  архи ууж байхаар нь  миний уур хүрээд авгайгаа унины модоор цохисон гэрт ороод Түмэннаст руу халуун цай чулуудсан.Тэгсэн авгай гарч яваад цагдаад хэлсэн байсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгөхийг хүсэж байна гэв.

 - Хохирогч Б.Түмэннаст хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: 2016 оны 07 сарын 22-ны орой 17 цагийн үед манай нөхөр Энхбаатар гаднаас орж ирээд намайг хардаж зодож, биед хөнгөн гэмтэл учруулсан. Энхбаатар манай гэрээр орж, гарсан хүмүүстэй хардаж, хэрүүл маргаан үүсгэж улмаар намайг зодох гээд дайрахаар нь би зугтаж яваад чулуунд тэглээд унатал Энхбаатар миний толгой руу дэвссэн. Уг асуудал болох үед манай гэрт байсан Очироо, Сараа хоёр гарч ирж Энхбаатарыг барьж авахаар нь би гэр рүүгээ ортол араас Энхбаатар орж ирээд тогоон дээр буцалж байсан цайг шанагаар хутгаж аваад над руу цацсан.  Тухайн үед Очироо Энхбаатарыг боль гэж хэлэхэд Энхбаатар гэрээс гарч яваад буцаж орж ирээд пийшингийн цагираг ширэм аваад шидэхээр нь би бултаад шанагатай цайгаа цацчихаад зугтаасан. Одоо бол надад ил харагдах зовиур болон гэмтэл байхгүй. Энхбаатар нь бага зэрэг согтуу байсан. Би өөрийн нөхөр Энхбаатартай сайн дураараа эвлэрч хохирлын ямар нэгэн маргаангүй, нэхэмжлэх зүйлгүй тул уг хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэх мэдүүлэг, / хх-н 9  х / 

    - Гэрч Б.Сарантуяагийн хэрэг бүртгэлтэнд өгсөн: 2016 оны 07 сарын 22-ны өдөр нөхөр Эрдэнэ-Очирын хамт саахалт айл болох Түмэннастынд мотоциклын дугуй авах гэж очсон юм.  Цай болохыг хүлээгээд сууж байтал гаднаас Энхбаатар орж ирээд тотгоны униар Түмэннастын нүүр рүү нэг удаа цохиход Түмэннаст Энхбаатар руу халуун цай цацчихаад   гараад гүйхэд нь Энхбаатар араас нь  гарсан. Гэтэл гэрийн гадаа Түмэннаст аллаа гээд бахирахаар нь гартал Энхбаатар толгой дээр нь хөлөөрөө дэвсэж байсан. Тухайн үед би Энхбаатарыг боль гэхэд больсон. Түмэнннастын толгой хавдсан байсан. Өөрөөр яаж зодсон талаар надад мэдэх зүйл байхгүй. Энхбаатар бага зэргийн согтуу байсан гэх мэдүүлэг, / хх-н 10-11 х /
    
    - Гэрч Д.Эрдэнэ-Очирын хэрэг бүртгэлтэнд өгсөн: 2016 оны 07 сарын 22-ны өдөр эхнэр Сарантуяагийн хамт саахалт айл болох Түмэннастынд мотоциклын дугуй авах гэж очсон юм. Цай болохыг хүлээгээд сууж байтал Х.Энхбаатар гаднаас орж ирээд тотгоны униар Түмэннастын нүүр рүү нэг удаа цохиход Түмэннаст Энхбаатар руу халуун цай цацчихаад гараад гүйхэд нь Энхбаатар араас нь гарсан. Гэтэл гэрийн гадаа Түмэннаст аллаа гээд бахирахаар нь гартал Энхбаатар толгой дээр нь хөлөөрөө дэвсэж байсан. Тухайн үед би Энхбаатарыг боль гэхэд больсон. Түмэнннастын толгой хавдсан байсан. Өөрөөр яаж зодсон талаар надад мэдэх зүйл байхгүй. Энхбаатар бага зэргийн согтуу байсан. Түмэннаст бол Энхбаатарыг зодоогүй, түүнд цохиулсандаа сандараад халуун цай цацсан гэх мэдүүлэг, / хх-н 12-13х /

           - Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 08 сарын 15-ны өдрийн 356 тоот актын дүгнэлтэнд: 1.Б.Түмэннастын биед баруун духанд зүсэгдсэн шарх, зүүн нүдний зовхинд цус хуралт, зүүн хацар, шанаанд цус хуралт, зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо. 2.Уг гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй... гэжээ. /хх- 17 х /

-    Х.Энхбаатарын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас. /хх-н 30 х /

    - Сүхбаатар аймаг дахь сум дундын шүүхийн 2004 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 61 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар, / хх-н 82-84 х /

    - Сүхбаатар аймаг дахь сум дундын шүүхийн 2012 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 12 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар, / хх-н 32-34 х /

    - Сум дундын 19 дүгээр шүүхийн 2015 оны 04 сарын 22-ны өдрийн 53 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар, / хх-н 35-44 х /

    - Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 сарын 05-ны өдрийн 56 дугаартай шүүгчийн захирамжийн хуулбар / хх-н 69 х
-    Суллагдсан хүмүүст олгодог спарвка / хх-н 71 х /

    - Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 4 дүгээр багийн Засаг даргын 2016 оны 09 сарын 02-ны өдрийн 04 дугаартай тодорхойлолт. /хх-21 х /

          - Хохирогч Б.Түмэннастын 2016 оны 10 сарын 21-ний өдөр шүүхэд ирүүлсэн “  Миний бие Х.Энхбаатартай эвлэрсэн, шүүх хуралдаанд суухгүй, гаргах санал гомдолгүй ” гэх хүсэлт  зэрэг болно.

    Шүүгдэгч Х.Энхбаатар нь 2016 оны 07 сарын 22-ны орой 17 цагийн үед  Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 4 дүгээр багийн иргэн Б.Түмэннастыг гэрт нь хувийн таарамжгүй харьцааны улмаас зодож бие махбодид нь “баруун духанд зүсэгдсэн шарх, зүүн нүдний зовхинд цус хуралт, зүүн хацар, шанаанд цус хуралт, зөөлөн эдийн гэмтэл “ бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч Х.Энхбаатарын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Б.Түмэннаст, гэрч Б.Сарантуяа, Д.Эрдэнэ-Очир нарын мэдүүлгүүд, Шинжээч эмчийн 356 тоот акт болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдож байна. 
    
    Хэргийн баримтыг үндэслэвэл шүүгдэгч Х.Энхбаатар нь эхнэр Б.Түмэннастыг  хувийн таарамжгүй харьцааны улмаас зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан нөхцөл байдал тогтоогдох бөгөөд энэ нь хохирогч Б.Түмэннастын “Энхбаатар манай гэрээр орж, гарсан хүмүүстэй хардаж, хэрүүл маргаан үүсгэж улмаар намайг зодох гээд дайрахаар нь би зугтаж яваад чулуунд тэглээд унатал Энхбаатар миний толгой руу дэвссэн. Уг асуудал болох үед манай гэрт байсан Очироо, Сараа хоёр гарч ирж Энхбаатарыг барьж авахаар нь би гэр рүүгээ ортол араас Энхбаатар орж ирээд тогоон дээр буцлаж байсан цайг шанагаар хутгаж аваад над руу цацсан” гэх, гэрч Б.Сарантуяа, Д.Эрдэнэ-Очир нарын “...Х.Энхбаатар гаднаас орж ирээд тотгоны униар Түмэннастын нүүр рүү нэг удаа цохиход Түмэннаст Энхбаатар руу халуун цай цацчихаад гараад гүйхэд нь Энхбаатар араас нь  гарсан. Гэтэл гэрийн гадаа Түмэннаст аллаа гээд бахирахаар нь гартал Энхбаатар толгой дээр нь хөлөөрөө дэвсэж байсан...“ шүүгдэгч  Х.Энхбаатарын “ намайг яваад очиход чи юу энд юу хийж яваа юм бэ гээд хөөгөөд байхаар нь  уурандаа баруун талын хацар руу нэг удаа алгадаж зодсон ” гэх мэдүүлгүүдээр  нотлогдсон байна. 
    Иймд Х.Энхбаатарыг тухайн гэмт хэргийг хувийн сэдэлтээр буюу хардалт, тэдгээрийн хооронд үүсэн таарамжгүй харьцааны улмаас, шууд санаатайгаар үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй.

Шүүгдэгч Х.Энхбаатарт холбогдох хэрэгт хэрэг бүртгэлтийн шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй, хэргийн зүйлчлэл тохирсон, хэрэг хангалттай нотлогдож тогтоогдсон байх тул түүнийг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах үндэстэй гэж шүүх дүгнэв.

    Шүүгдэгч Х.Энхбаатарын гэмт хэргийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, ялтай байхдаа үйлдснийг Эрүүгийн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10, 56.1.12-т заасан ял оногдуулахад хүндрүүлэх нөхцөл байдал болно.Харин эрүүгийн хуулийн 55 дугаар зүйлд заасан ял  хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.
    Энэ хэргийн хохирогч Б.Түмэннаст нь “ Х.Энхбаатар надтай сайн дураараа эвлэрсэн, миний бие гомдолгүй ” гэсэн хүсэлтийг шүүхэд ирүүлсэн байна. 
           Шүүгдэгч Х.Энхбаатар нь  урьд нь хүндэвтэр гэмт хэрэгт хорих ял шийтгүүлж уг хорих ялыг биечлэн эдэлж байгаад Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015.11.05-ны өдрийн 56 дугаартай шүүгчийн захирамжаар Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар эдлээгүй үлдсэн 03 жил 07 сар 05 хоногийн хорих ял, 200.000 төгрөгийн эд хөрөнгө хураах нэмэгдэл ялаас тус тус өршөөн хэлтрүүлсэн бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.3-т заасан ялгүйд тооцох хугацаа дуусаагүй байхад дахин гэмт хэрэг үйлдсэн  тул түүнийг анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлгүй  байна.          
    Шүүгдэгч Х.Энхбаатарын  энэ хэргийн улмаас цагдан хоригдсон 6 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцох, хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл байхгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч Б.Түмэннаст гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
    
1. Шүүгдэгч Хавхчин овгийн Хачингийн Энхбаатарыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

    2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-т зааснаар шүүгдэгч Х.Энхбаатарыг 02/ хоёр / сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2-т заасныг журамлан шүүгдэгч Х.Энхбаатарын цагдан хоригдсон 6 хоногийн нэг хоногийг баривчлах ялын 1 хоногтой тэнцүүлж эдлэх ялд нь оруулан тооцсугай.

    4. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй,  эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, бичиг баримтгүй, тэрээр энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хохирогч Б.Түмэннаст гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

    5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 301 дүгээр зүйлийн 301.1.1, 70 дугаар зүйлийн 70.1-д заасныг баримтлан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол ялтан Х.Энхбаатарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

    6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

    Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 303.2, 304 дүгээр зүйлийн 304.1-т зааснаар ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч тэдний төлөөлөгч нь зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт, улсын яллагч, дээд шатны прокурор нь шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                        Д.СУГАР