Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 11 сарын 08 өдөр

Дугаар 210/МА2017/02323

 

Л.Б нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Г.Даваадорж, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 181/ШШ2017/02284 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Л.Б нэхэмжлэлтэй

Хариуцагч: Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамд холбогдох

 

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй  тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны дотоод аудитын 2016 оны 9 сарын 26-ны өдрийн дүгнэлтийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Л.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, хариуцагчийн өмгөөлөгч С.Ө, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Билгүүн нар оролцов.

 

Нэхэмжлэгч Л.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2014 оны 9 сарын 19-ний өдрийн Б/380 дугаар тушаалаар Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны харьяа Насан туршийн боловсролын үндэсний төвийн захирлаар томилогдсон. Шинэ  сайд томилогдож, 2016 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр Насан туршийн боловсролын үндэсний төвийн үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудит хийх ажлын удирдамжийн дагуу 2016 оны 9 сарын 26-ны өдрийн 10/1647 дугаартай Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газраас дотоодын аудитын дүгнэлт гаргасан. Тухайн үед нэхэмжлэгч нь уг дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа илэрхийлэн 2016 оны 10 сарын 11-ний өдрийн 87/16 дугаар бүхий албан бичгийг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам руу явуулж байсан боловч уг бичигт хариу ирүүлээгүй.  Улмаар Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд 2016 оны 11 сарын 04-ний өдрийн Б/11 дугаартай тушаал гаргаж нэхэмжлэгчийг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, Хөдөлмөрийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.2.7-д зааснаар үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Засгийн Газрын 2015 оны 12 сарын 15-ны өдрийн 483 дугаар тогтоолоор батлагдсан Дотоод аудитын дүрмийн 2 дугаар зүйлийн 2.1-д зааснаар дотоод аудит нь аудитын дүгнэлт бус зөвлөмж гаргахаар байхад  2016 оны 9 сарын 26-ны өдрийн 10/1647 дугаар бүхий аудитын дүгнэлт гаргаж дээрх дүрмийг зөрчсөн. Дотоод аудитын зорилго нь байгууллагын үйл ажиллагааг сайжруулахад дэмжлэг үзүүлэх зорилготой байхад  хөдөлмөрийн гэрээг цуцлах шууд үндэслэл болгосон. Тус аудитын дүгнэлтэд Насан туршийн боловсролын үндэсний төв нь нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандарт, түүнд нийцүүлэн гаргасан Сангийн сайдын заавар, журмуудыг зөрчсөн гэж тусгасан боловч яг ямар хууль, заавар, журмын ямар заалт, холбогдох хэсгийг зөрчсөн талаар нарийвчлан тусгаагүй үндэслэлгүй дүгнэлт гаргасан.

 Төсвийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.4-д Дотоод аудитор нь санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагчийн эрхтэй байна, Монгол Улсын Засгийн Газрын 2015 оны 12 сарын 15-ны өдрийн 483 дугаар тогтоолоор баталсан Дотоод аудитын дүрмийн 4 дүгээр зүйлийн 4.4-д Дотоод аудитор нь санхүү, нягтлан бодох бүртгэл, эдийн засаг, эрх зүйн чиглэлээр магистр болон түүнээс дээш зэрэгтэй, тухайн салбарт мэргэжлээрээ 5-аас доошгүй жил ажилласан, санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон түүний зөвшөөрлөөр албан ёсоор зохион байгуулсан сургалтад хамрагдсан байна гэж заасан. Гэтэл Насан туршийн боловсролын үндэсний төвд шалгалт хийсэн мэргэжилтнүүд нь хуульд заасан дээрх шаардлагыг хангаагүй буюу улсын байцаагчийн эрхгүй мэргэжилтнүүд байсан.  Насан туршийн боловсролын үндэсний төвийн захирлын ажилд эгүүлэн тогтоох, ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний нөхөх олговрыг хариуцагчаас гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг хариуцагчид даалгах шийдвэрийг гаргаж өгнө үү. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны дотоод аудитын 2016 оны 9 сарын 26-ны өдрийн дүгнэлтийг хүчингүй болгуулах шаардлагаасаа татгалзаж байна гэжээ.

Хариуцагч, түүний төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2016 оны 9 сарын 07-ны өдрийн баталсан удирдамжийн дагуу Насан туршийн боловсролын үндэсний төвийн 2015 он, 2016 оны эхний 8 сарын санхүү, үйл ажиллагаанд дотоод аудит, хяналт шалгалтыг газар дээр нь шалгах, санхүүгийн үйл ажиллагааны тайлан мэдээ, бусад материалуудтай тулган шалгах, холбогдох албан тушаалтнаас гаргасан баримт бичгийг нягтлах, ажилтнуудтай уулзаж ярилцах, шинжилгээ хийх, зөвлөгөө өгөх хэлбэрээр хяналт шалгалтыг 2016 оны 9 сарын 8-ны өдрөөс эхлэн ажлын 6 хоногт багтаан хийж, 2016 оны 9 сарын 15-ны өдөр дотоод аудитийн ажлын тайланг гаргасан. Ажлын хэсгийн гаргасан санал болон зөвлөмжид зөрчигдсөн хуулийн зүйл, заалтыг тодорхой тусгаж хүргүүлсэн. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитийн газраас 2016 оны 9 сарын 26-ны өдрийн 10/647 дугаар бүхий аудитын дүгнэлт гаргаагүй болно.

 Засгийн газрын 2015 оны 483 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан Дотоод аудитын дүрмийн 4.7-д төсвийн ерөнхийлөн захирагчийн дотоод аудиторт санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагч, ахлан байцаагчийн эрх олгож болно гэж заасны дагуу Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Төрийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчийн 2016 оны 8 сарын 29-ны өдрийн Б/21 тоот тушаалаар тус яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитийн газарт Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 8 сарын 15-ны Б/02 тоот тушаалын хавсралтаар батлагдсан ажлын байрны тодорхойлолтын шаардлагыг хангасан тул Банзарын Батсайханыг дотоод аудитор, Бямбаагийн Батгэрэлийг хяналт шинжилгээ, үнэлгээний мэргэжилтэнээр тус тус томилсон байна. Уг ажлын байрны тодорхойлолтод заагдсан ажлын байранд тавигдах шаардлагыг хангасан албан хаагч нар ажил үүргээ гүйцэтгэсэн болно. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дахь заалтыг тус тус баримтлан нэхэмжлэгч Л.Б Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны харьяа Насан туршийн боловсролын үндэсний төвийн захирлын ажилд эгүүлэн тогтоож, хариуцагч Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 8.116.176 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Л.Б олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь заалтад заасны дагуу нэхэмжлэгч Л.Болортунгалагийн ажилгүй байсан хугацаанд хамаарах нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр тооцон суутгаж, нийгмийн даатгалын байгууллагын төвлөрсөн харилцах дансанд шилжүүлэн, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яаманд даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгч нь Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны дотоод аудитын 2016 оны 9 сарын 26-ны өдрийн дүгнэлтийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн өмгөөлөгч С.Ө давж заалдах журмаар гаргасан гомдолдоо:  Талуудын маргаагүй асуудалд шүүх дүгнэлт өгөхгүй. Нэхэмжлэгч шүүхэд дотоод аудитын дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа шалтгаанаа хоёр үндэслэлээр тодорхойлсон. Засгийн газрын 483 дугаар тогтоолд зааснаар Дотоод аудитын зорилго нь байгууллагын үйл ажиллагааг сайжруулахад дэмжлэг үзүүлэх зорилготой байх тул "аудитын дүгнэлт" бус "зөвлөмж" гаргахаар байна. Гэтэл БСШУСЯ-ны Хяналт шинжилгээ үнэлгээ дотоод аудитын газар нь 10/1647 дугаар бүхий "аудитын дүгнэлт гаргасан тул хөдөлмөрийн гэрээг шууд цуцлах үндэслэл болохгүй гэсэн.

Дотоод аудитын дүгнэлт гаргасан мэргэжилтнүүдийг хуульд заасан дотоод аудиторын шаардлага хангаагүй, улсын байцаагчийн эрхгүй этгээдүүд тул дүгнэлт нь хууль бус гэж маргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэл шаардлагаа өөрөө тодорхойлохдоо дотоод аудитын дүгнэлтэд дурдагдсан "үйлдэл, эс үйлдэхүй"-г гаргаагүй гэж маргадаггүй. Тиймээс ч 2016 оны 11 сарын 07-ны өдөр БСШУСЯ-ны сайдад хандан "дотоод аудитын дүгнэлтэд гомдол саналгүй, ахлах мэргэжилтнээр үлдээж өгнө үү" гэсэн өргөдөл гаргасан нь хавтаст хэрэгт авагдсан. Үүгээрээ Л.Болортунгалаг нь дотоод аудитын дүгнэлтэд дурдагдсан зөрчлүүдийг гаргасан болохоо тухайн үед хүлээн зөвшөөрсөн. Гэтэл шүүх энэ баримтыг хэрэгт ач холбогдолтой, хамааралтай талаас нь үнэлж дүгнээгүй учраас анхан шатны шүүхийн шийдвэр ИХШХШТухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т нийцээгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх  маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй боловч хуулийг буруу тайлбарлан хэрэглэснийг зөвтгөн шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах боломжтой байна.

 

Нэхэмжлэгч Л.Б нь хариуцагч Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яаманд холбогдуулан Насан туршийн боловсролын үндэсний төвийн захирлын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны дотоод аудитын 2016 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн дүгнэлтийг хүчингүй болгуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч, “...дотоод аудитын дүгнэлтээр зөрчил гаргасан  нь тогтоогдсон” гэж маргажээ.

 

Зохигчид 2014 оны 10 дугаар сарын 13-ны өдөр 2014/42 тоот хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулж, Л.Б нь Насан туршийн боловсролын үндэсний төвийн захирлын ажил албан тушаалд томилогдон ажиллаж байгаад Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн Б/11 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-т заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож, мөн өдрөөр тасалбар болгон ажлаас чөлөөлөгджээ. /хх-ийн 6-8/

 

Нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн тушаал нь  Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д  заасантай нийцсэн эсэхийг тогтоохын тулд ажлаас чөлөөлсөн тушаалын үндэслэл болсон 2016 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн Дотоод аудитын ажлын тайлан үндэслэлтэй эсэхийг дүгнэн, тогтоох шаардлагатай бөгөөд хариуцагч нь нэхэмжлэгчийн гаргасан гэх зөрчил тус бүрийг баримтаар нотлох үүрэгтэй юм.

 

Гэтэл хариуцагч нь дотоод аудитын ажлын тайланг гаргахад үндэслэл болгосон холбогдох санхүүгийн болон бусад баримтыг шүүхэд гаргаагүй,  дотоод аудитын дүгнэлт нь  “...Лянь Хө хятад хоолны ресторанд төлсөн нийт 2 751 800 төгрөгийн хоолны баримтыг хуурамчаар үйлдсэн байж болзошгүй, Сургалтын хэрэглэгдэхүүн болох 6 000 000 төгрөгийн худалдан авалтын ажиллагаанд хуулийн заалт буруу ашигласан, төсөлд шаардлагатай бараа, ажил, үйлчилгээ болох нь тодорхойгүй, Ансен ХХК-ийн Лянь Хө зочид буудалд буудалласан 5 320 000 төгрөгийн баримтыг хуурамчаар үйлдсэн байж болзошгүй“ гэх зэргээр таамаглалд үндэслэсэн гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна. Түүнчлэн дотоод аудитын дүгнэлтэд дурдсан зөрчлүүд нь 2015 оны 01 дүгээр сараас 2016 оны 4 дүгээр сард үйлдэгдсэн гэх бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2 дах хэсэгт зааснаар сахилгын зөрчлийг гаргаснаас хойш зургаан сар, илрүүлснээс хойш нэг сарын дотор сахилгын шийтгэл ногдуулах бөгөөд энэ хугацаа өнгөрсөн тохиолдолд зөрчилд хариуцлага тооцож болохооргүй байна.

 

Иймд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн Б/11 тоот Л.Б ажлаас чөлөөлсөн тушаалыг хууль зүйн үндэслэлгүй гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.

 

Харин нэхэмжлэгч нь 2016 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн дотоод аудитын дүгнэлтийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дах хэсэгт заасан эрхийн хүрээнд багасгасан байхад мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дах хэсэгт заасныг удирдлага болгон татгалзлыг баталж, холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь буруу байна.

 

Тиймээс шүүхийн шийдвэрийн 3 дах заалтыг хүчингүй болгож, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 181/ШШ2017/02284 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 3 дах заалтыг хүчингүй болгож,  “4” дэх заалтыг  “3”,  “5” дах заалтыг  “4”,  “6” дах заалтыг  “5”, “7” дах заалтыг “6” гэж тус тус дугаарлан өөрчилж хариуцагчийн өмгөөлөгч С.Өнөрзаяагийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн өмгөөлөгч С.Ө давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 144 810 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Н.БАТЗОРИГ

ШҮҮГЧИД                                                       Г.ДАВААДОРЖ

                                                                                               Ш.ОЮУНХАНД