Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 23 өдөр

Дугаар 2022/ШЦТ/520

 

 

 

 

 

 

 

  2022          06          23                                     2021/ШЦТ/520

 

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: Б.Хулан,

Улсын яллагч: Г.Намжил,

Хохирогч нарын өмгөөлөгч Ж.Нарантуяа,

Шүүгдэгч: Б.Н-, түүний өмгөөлөгч Б.Түвшинжаргал нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт Б.Н-ад холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2005019941343 дугаартай хэргийг 2022 оны 5 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

     Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Б.Н-, .... тоот регистртэй,

Шүүгдэгч Б.Н- нь 2020 оны 5 дугаар сарын 26-ны өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Өнөр” хорооллын гарааш дотор хохирогч Л.М-, Л.М- нартай маргалдаж улмаар иргэн Л.М-ийн нүүр рүү цохих, үснээс нь зулгаах зэргээр биед нь халдаж эрүүл мэндэд нь тархи доргилт, зүүн нүдний доод зовхи, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун шуу, зүүн булгалга, өвдөг, баруун тавхай, зүүн шилбэний цус хуралт бүхий гэмтэл, хохирогч Л.М-гийн толгой руу цохих зэргээр биед нь халдаж эрүүл мэндэд нь баруун хацар, шанаа эрүүний хэсгийн зөөлөн эдийн няцрал, баруун бугалга, шуунд цус хуралт бүхий гэмтэл буюу хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.Н- шүүх хуралдаанд: “...2020 оны 04 дүгээр сард автомашин осолд орсон. Осолд ороод байнга үйлчлүүлдэг вьетнам засварын газар машины аваачиж өгсөн. Солих сэлбэг, урьдчилгаа 500.000 төгрөг өгөөд 1.1000.000 төгрөгөөр машинаа засуулхаар тохироод 4 хоногийн дотор гаргаж өгнө гэж тохирсон. 12 хоног өнгөрөөд би 13 дахь хоног дээр очоод машиныхаа доод эд ангиудыг мурийсан эд зүйлүүдийг энийг солихгүй яасан юм бэ гэхэд чи өөрөө солино бид нар солих шаардлагагүй гэж хэлсэн. Би түлхүүр багажаа өгчих гэсэн чинь Вьтнам хүн түлхүүр шидээд байхаар нь би машинаа унаад явсан. Машинд будаг хийсэн байсан. Би машинаа авч яваад өөр газар янзлуулсан. Тухайн өдрийн орой М- буюу Вьтнам хүний эхнэр нь надруу залгаад “энэ машины төлбөр тооцоог яах юм бэ” гэхээр нь “танай вьтнамууд хүнтэй зүй бусаар харьцсан, тохирсны дагуу, хугацаандаа гаргаж өгөөгүй, тэгээд би машнаа аваад явчихлаа” гэж хэлсэн. Над руу дахиад залгаад байсан би машинаа өөр газар янзлуулсан, төлбөр тооцооны зөрүү дээр хэдүүлээ тохирье гэж хэлсэн. Нэг өдөр ...залгаад бид нар машины чинь будгийг хуулж  авлаа, грашшд ирсэн байна гэсэн. Тэгэхээр нь би чаддаг юм бол ир гэсэн чинь бид нар гаршшд чинь байна буугаад ир гэсэн. Би таавчиктайгаа лифтнээс буугаад яваад очсон чинь нэг бүсгүй бичлэг хийгээд, нэг эмэгтэй үзүүртэй зүйл машины будсан кырло руу барьсан байсан. Тэгээд машин зураад байсан, би гүйж очоод гарт нь байсан үзүүртэй зүйлийг барьж аваад гарыг нь эргүүлсэн чинь хөлөөрөө өшиглөсөн. Камерын бичлэг хийж байсан бүсгүй хүрч ирээд миний нүд рүү цохисон. Би цагдаа дуудъя та нар байж байлдаа гэсэн. Би гар хүрсэн нь үнэн, би эд зүйлээ хамгаалсан. 3 жил шүүх дээр явж байна. Давж заалдах шатны шүүхээс 2 удаа буцсан. Давж заалдах шатны шүүхээс яагаад гар хүрэх болсон бэ гэдгийг дүгнэ гэсэн. 3 дахь удаагаа анхан шатны шүүхээр орж ирж байна. Хууль зөрчсөнөө хүлээн зөвшөөрч байна. Маргаад байгаа зүйл нь эмчилгээний зардал. Машины бинзен, хоол идсэн зэрэг баримтууд байгаа 5 сар болсон жилийн дараах баримт, зардлуудыг нэхэмжилж байгаад гомдолтой байгаа. Би Л.М-гийн биед гар хүрээгүй. Би биеэ хамгаалах үүднээс түлхсэн. Хохирлын тоцоо, төлбөр тооцоог зөвшөөрөхгүй байна...” гэв.

Хохирогч Л.М-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Тэрнээс хойш би 2020 оны 5 дугаар сарын 16-ны өдөр хүртэл хүлээсэн. Тэр өдөр би Н- руу залгаад машиныхаа тооцоог хийчих гэж хэлэхэд хэн бэ, нөгөө вьетнамын бүсгүй юу, би машинаа явдаг ломбарданд тавьж мөнгөө өгнө, одоо болтол шилээ янзлуулж чадаагүй л байна гэж хэлсэн. Тэгээд 2020 оны 5 дугаар сарын 16-наас 26-ны хооронд залгахад утсаа авахгүй байсан ба утсаа байн, байн таслаад, унтраагаад байсан. Өмнө нь Өнөр хороололд байдаг гэж хэлснийг нь санаад гарааш дотор хайж очиход машин нь байж байсан. Ингээд мөнгөө төлөхгүй бол би будаг замаскаа хуулж авч болох уу гэж ярихад Б.Н- болно, би одоо буугаад очлоо гэж хэлсэн. Н-ыг бууж иртэл нь би машинд нь огт хүрээгүй. Б.Н-ад тооцоогоо хэзээ хийх вэ, өөрөө будаг, замаскаа хуулаад ав гэж хэлж байсан байхаа гээд би машиныг чинь тойроод зассан юмнуудаа харъя гэж хэлээд мөн эгч Л.М-д утсан дээрээ бичлэгээ сайн хийгээрэй гээд зассан талынхаа хэсгийг очиж хараад Н-тай юм ярих гэтэл ар дагз руу гараараа хүчтэй цохисон. Тэр үед би ухаан алдсан. Намайг машинаас шидэхэд нь ухаан орсон. Камерын бичлэгийг үзэхэд миний ар дагз руу цохиод нүүрээр копуд мөргүүлж, хоолой боогоод, машинаасаа хол шидсэн байсан. Гэтэл манай эгч Л.М- чи хүн зодоод байна гэж хэлээд Н- руу очиход би эгчийгээ бас зодуулчих байх гэж бодоод араас нь татсан. Тухайн үед Н- эгчийн баруун талын шанаа хэсэг рүү хүчтэй цохисон. Тэр үед харуул орж ирсэн. Харуул ах бид нарыг Н-аас холдуулсан. Үүний дараа Н- дахиж ирээд миний хамар тус газарт хүчтэй цохиж би хойш савж унасан, би гомдолтой байна, хоол идэж чадахгүй, дотор муухайрдаг, хамрын таславч өвддөг, хамрын зүүн талын заадсаар цууралттай, хугарсан. Мэдрэлийн эмнэлэгт долоо хоног эмчилгээ хийлгэсэн, мэдрэлийн эмчийн хяналтад байнга байх ёстой гэж хэлсэн. Наймдугаар сард дахин хэвтэх шаардлагатай гэж хэлсэн. Эмчилгээ хийлгэсэн 2.181.235 төгрөгийг нэхэмжилнэ....” гэсэн мэдүүлэг/хх 1-н 20-28/,

Хохирогч Л.М-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2020 оны 5 дугаар сарын 26-ны өдөр манай дүү М- над руу залгаад засварын газраас мөнгөө өгөхгүй зугтаасан хүнээ олчихлоо, тэр хүний машин Өнөр хотхоны машины зогсоолд байна гэж хэлэхээр нь би Өнөр хотхоны гарааш руу ороод автомашины шилэн дээр байсан утасны дугаар руу залгаад дуудтал нэг эрэгтэй хүн гарч ирсэн. Түүнд та машинаа засуулчхаад тооцоогоо хийлгүй зугтаалаа гэж хэлтэл зассан ажлынхаа будгийг хуулаад ав гэж хэлсэн. Тэгэхээр нь манай дүү М- тэгвэл одоо хуулаад авъя гээд машиныг нь зурсан. Гэтэл тэр залуу манай дүүг толгойноос нь барьж байгаад автомашиныхаа копудыг мөргүүлээд боогоод газар унагаасан. Тэгэхээр нь би салгах гээд эмэгтэй хүн зодож болохгүй гээд яваад очиход миний толгой руу 2-3 удаа цохисон. Тэгээд би газар унасан. Би газар уначхаад босоод иртэл тэр хавийн харуул бололтой нэг ах, хоёр эгч ирж тэр залууг надаас салгасан. Би 2.823.000 төгрөг нэхэмжилнэ ...” гэсэн мэдүүлэг /хх 1-н 12-16/,

Гэрч Н.Н-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Би 2020 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 11 цагийн орчим “Өнөр” хотхоны цэцгийг усалж байтал менежер Байгалмаа, лифтчин Баярмаа нар над дээр ирээд гражид зодоон болоод байна гэж хэлэхээр нь граж руу ороход үл таних хоёр эмэгтэй, үл таних эрэгтэй нар хоорондоо маргалдаад орилж байсан. Тэгээд би очоод салгасан. Тэгээд тэр хүмүүс салаад явцгаасан. ...Намайг ирэхэд хоёр эмэгтэй болон манай байранд амьдардаг казак залуу 3 хоорондоо зууралдсан байж байсан. Яг тэгтэл тэнд байсан нэг туранхай шар үстэй эмэгтэй цагаан өнгийн автомашиныг өшиглөтөл ...машин багана хоёрын завсарт байсан эмэгтэйгийн толгой руу гараараа 1 удаа цохисон. Тэгэхээр нь би очоод больцгоо чи эмэгтэй хүн цохиж болохгүй гэж хэлсэн. ...Би тэр хэдийг салгасны дараа дахиж хоорондоо зодолдоогүй” гэсэн мэдүүлэг /хх 1-н 74, 3-н 55-56/,

Гэрч Л.М- мөрдөн байцаалтад өгсөн: “...Б.Н- 2020 оны 4 дүгээр сард дахин машинаа мөргүүлсэн гээд ирж уулзаад засварт оруулсан. Машиныг засчхаад байхад авахгүй байсан ба манайхаас мөнгөө өгөөд машинаа ав, гражаа суллаж авмаар байна гэж хэлэхэд би мөнгөө өгнө, та нар машиныг маань гражнаасаа гаргаад хашаандаа тавьчих гэхээр нь хашаандаа гаргаад тавьсан. Гэтэл манай байгууллагын манаачийг загнасаар байгаад машинаа хашаанаас аваад явсан байсан. Дараа нь машин зассан мөнгөө өг гэж хэлэхээр өөдөөс нь жоохон байж байгаад өгнө гээд маргалдаад байсан. ...би хамт граж руу нь явж орсон. Гэтэл Л.М-, М- хоёр Н-ад зодуулчихсан байсан. Тэгээд бид нар орж маргалдаж байтал М- цагдаа дуудсан. ...Би яг зодуулж байхыг нь хараагүй, намайг граш руу ороход М- зодуулчихсан гээд байж байсан. Орох үед зүүн нүд нь хөхөрч хавдсан 2 нүд нь бүлцийж хавдаад улайсан байдалтай байсан. ...Намайг гарш орох үед Л.М- ил харагдах баруун хацар нь бага зэрэг хавдаж улайсан харагдаж байсан” гэсэн мэдүүлэг /хх 1-н 71-73/,

Гэрч Т.М-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Би 2020 оны 5 дугаар сарын 26-ны өдөр 15 цагийн орчимд Т.М-тэй хамт машинтай явж байсан. ...граж руу ортол Мөнх-Эрдэнийн төрсөн эгч, дүү болох М-, Л.М- нар нэг эрэгтэй, эмэгтэй хоёр хүнтэй маргалдаад зогсож байсан ба эрэгтэй нь машиндаа суучихсан хэрэлдэж байсан. Тухайн үед Т.М- эгч, дүү хоёрыгоо зодуулсан байдалтай байхыг харчхаад уурлаад тэр залуу руу дайрахаар нь боль гэж хориглоод болиулсан. Ингээд хэрэлдээд зогсож байтал М- нь цагдаа дуудсан гээд хүлээж байхад цагдаагийн албаны машин ирээд бид нарыг аваад Цагдаагийн хэлтэс дээр ирсэн. Миний хувьд энэ маргаанд оролцоогүй хөндлөнгийн хүн учир хөндлөнгөөс хараад зогсож байсан. Намайг харж байхад ямар нэгэн зодоон болоогүй...” гэсэн мэдүүлэг /хх 1-н 76-77/,

Гэрч .... мөрдөн байцаалтад өгсөн: “...2020 оны 5 дугаар сарын 26-ны өдөр манай эхнэр 15 цагийн үед над руу залгаад хүнд зодуулчихлаа гэж хэлсэн. ...Тэгээд граж руу ортол хэрүүл болж байсан. Гадаад хүн хэрэггүй гээд манай эхнэр намайг гаргачихсан. Би очоод хэрүүл болж байсныг хараад буцаад гараад явсан. Өөр юу болсныг цааш нь мэдэхгүй...” гэсэн мэдүүлэг /хх 1-н 82-83/,

Гэрч Д.О-ы мөрдөн байцаалтад өгсөн: “...Би тухайн өдөр харуулын өрөөнд СӨХ-н менежер Дариймаагийн хамт сууж байтал 2 эмэгтэй бид 2 дээр та 2 гэрч болоод өг гэхээр нь юу вэ, юу болсон бэ гээд тэр 2 эмэгтэйг дагаад явсан. ...Н-ын 89-11 улсын дугаартай цагаан өнгийн машин дээр очоод энэ машины хүн машинаа засуулчхаад мөнгөө өгөөгүй, мөнгөө нэхсэн будгаа хуулж ава гээд байна, одоо машиныг нь зурна гээд байсан. Нэг эмэгтэй нь гартаа төмөр барьсан байсан. Бид 2 гэрч болохгүй гээд гараад ...өрөөндөө очоод Дариймаатай хамт камер хараад сууж байтал Н- нэг эмэгтэйг нь түлхээд газар унагааж байгаа харагдсан. Тэгээд удалгүй граш руу 2, 3 залуучууд орж ирээд Н- болон нөгөө 3 эмэгтэй дээр очиж байсан. Н-ын эхнэр гарч ирж байхаар нь би Дариймаатй хамт СӨХ-н байр руу явсан. ...2 жил болж байгаа учир зарим зүйлийг санахгүй байна. ...нэг эмэгтэйг нь түлхэж унагаж байгааг харсан, өөр зүйл хараагүй” гэсэн мэдүүлэг /хх 3-н 40-42/,

Шинжээчийн 6376 дугаар дүгнэлтэд: “Л.М-гийн биед баруун хацар, шанаа эрүүний хэсгийн зөөлөн эдийн няцрал, баруун бугалга, шуунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэгээс дээш удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдагдуулахгүй. Дээрх гэмтлүүд шинэ гэмтлүүд байна” гэжээ /хх 1-н 86-87/,

Шинжээчийн 6272 тоот дүгнэлтэд: “...Л.М-ийн биед тархи доргилт, зүүн нүдний доод зовхи, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун шуу, зүүн бугалга, өвдөг, баруун тавхай, зүүн шилбэний цус хуралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэжээ. /хх 1-н 92-93/,

Гар утсаар хийсэн бичлэгтэй сидийнд үзлэг хийсэн тэмдэглэлд: “...Н- нь М-тэй ноцолдох явцдаа М-ийг машины хамар, хана хоёрын дунд шахаж биеэр нь машины хамарт мөргүүлж, үснээс нь татаж, ар дагз хэсэг рүү нь цохиж байгаа байдалтай харагдаж байна” гэжээ /хх 1-н 48-50/,

Өнөр хотхон доторх грашийн камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлд: “...урт үстэй цагаан мэт өнгийн цамц өмссөн эмэгтэйг хар мэт өнгийн подволк өмссөн эрэгтэй нь машины хамар хэсэгт шахаж зогсоод толгойгоор нь ар дагзнаас нь барьж мөргүүлсэн байдалтай харагдаж байна...” гэжээ /хх 1-н 51-53/,

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлд: “...цагаан өнгийн автомашины урд царай зүс нь тодорхой харагдахгүй хоёр эмэгтэй хүн зогсож автомашины копуд хэсгийг цагаан өнгийн цамцтай эмэгтэй ямар нэг зүйлээр үрэх үйлдэл хийж байгааг гэрэл зургаар бэхжүүлэв. Автомашины копуд хэсгийг гараараа үрэх үйлдэл хийж байсан эмэгтэйн хойд талаас ямар нэг хүн дарж автомашины копудыг мөргүүлж ...автомашины урд зогсож байсан эмэгтэй хүн цагаан өнгийн цамцтай эмэгтэй хүнийг машины копуд мөргүүлж байгаа хүн рүү очиж гараараа далайж цохиж байгаа ...копуд мөргүүлсэн эмэгтэйгээ газар түлхэж унагаагаад хажууд байсан эмэгтэй рүү дайрах үйлдэл хийж байгаа ...эмэгтэй хүн рүү дайрсан эрэгтэйгийн нүүрэн тус гараараа цохиход нүүрээ гараараа дарж байх ба хүмүүстэй маргалдаж цохих үйлдэл хийх үед хажууд нь саравчтай малгайтай эрэгтэй хүн зогсож байгаа ...урд зогсож байсан эрэгтэйг эмэгтэй хүн өшиглөх үйлдэл хийж байгаа ...харуулав” гэжээ. /хх 2-н 26-52/,

Гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 1-н 3/, хохирлын баримтууд /хх 1-н 31-34, 37-45, 54-58, 195-206/, Гар утсаар хийсэн бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх 1-н 54-58т/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд /хх 1-н 115-116, 121, 128-156, 3-н 37/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 3-н 6-12/, зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

    1. Шүүхээс тогтоосон үйл баримт

  Шүүгдэгч Б.Н- нь 2020 оны 5 дугаар сарын 26-ны өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Өнөр” хорооллын гарааш дотор хохирогч Л.М-, Л.М- нартай маргалдаж улмаар иргэн Л.М-ийн нүүр рүү цохих, үснээс нь зулгаах зэргээр биед нь халдаж эрүүл мэндэд нь тархи доргилт, зүүн нүдний доод зовхи, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун шуу, зүүн булгалга, өвдөг, баруун тавхай, зүүн шилбэний цус хуралт бүхий гэмтэл, хохирогч Л.М-гийн толгой руу цохих зэргээр биед нь халдаж эрүүл мэндэд нь баруун хацар, шанаа эрүүний хэсгийн зөөлөн эдийн няцрал, баруун бугалга, шуунд цус хуралт бүхий гэмтэл буюу хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

Hохирогч Л.М-, Л.М- нарын мэдүүлэг, гэрч Л.Т.М-, Н.Н-, Д.О- нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүд, камерын бичлэгт үзлэ хийсэн тэмдэглэл болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч нь хохирогч Л.М-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсанаа хүлээн зөвшөөрч байгаа. Харин Л.М-д гэмтэл учруулаагүй гэж мэдүүлсэн, өмгөөлөгч мөн хохирогч Л.М-д гэмтэл учруулаагүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн санал гаргасныг шүүх хүлээн авах боломжгүй гэж үзлээ.

Хохирогч нарын мэдүүлэг, гэрч нарын мэдүүлэг, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, уг бичлэг зэргээр шүүгдэгч нь хохирогч Л.М-д хөнгөн гэмтэл учруулсан болох нь нотлогдон тогтоогдсон. Түүнчлэн, Л.М-д учирсан гэмтэл нь шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтээр давхар нотлогдсон байна.

Шүүгдэгч нь аргагүй хамгаалалт хийсэн гэх боловч хэрэгт авагдсан нотлох баримтуудаар түүний амь нас, эрүүл мэндийн эсрэг чиглэсэн хууль бус ба тулгарсан довтолгоон хийсэн болох нь тогтоогдохгүй байна.

Эрүүгийн хуульд заасан гарцаагүй байдалд хохирол учруулах нөхцөл байдал буюу түүний автомашинд гэмтэл учруулж байгаа үйлдлийг өөр арга хэрэгсэлээр арилгах боломжгүй нөхцөл байдал үүссэн гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй буюу хохирогч нарын хууль бус үйлдлийг зохих журмын дагуу хууль сахиулах байгууллагад мэдэгдэн зогсоох боломжтой байсан гэж үзнэ.  

Хэдийгээр хохирогч нарын хууль бус үйлдэл буюу бусдын автомашинд гэмтэл учруулсан үйлдлийн улмаас тухайн гэмт хэрэг үйлдэгдсэн хэдий ч энэ нь шүүгдэгчийг хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг үйлдэл хийхийг зөвтгөх үндэслэл болохгүй гэж үзлээ.

Хохирогч нарын үйлдлийн улмаас шүүгдэгчийн эд хөрөнгөнд хохирол учирсан талаарх гомдлыг шалгаж хэрэг бүртгэлтийн хэргийг хаасан тухай прокурорын 2021 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 703 дугаар тогтоол хүчин төгөлдөр байна.

Уг хэрэг бүртгэлтийн хэргийг шалгасан талаарх хэргийн материалыг 2-р хавтас хэргийн 195-250, 3-р хавтас хэргийн 01-34 дүгээр хуудсанд хуулбарлан нотлох баримтын шаардлага ханган хавсаргасан байгааг дурдах нь зүйтэй.

    1. Нотлох баримт баримтын үнэлгээ

Хавтаст хэрэгт авагдсан буюу шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтууд нь хуулиар тогтоосон үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн бөгөөд дээрх цугларсан, бэхжүүлсэн нотлох баримтуудыг үгүйсгэсэн баримт байхгүй ба тухайн баримтуудаар шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үзлээ.

    1. Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдахад хэргийн оролцогчийн хууль ёсны эрхийг зөрчсөн, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

    1. Эрх зүйн дүгнэлт

Шүүгдэгч Б.Н- нь хохирогч нартай нартай машин янзлуулсан мөнгө өгөөгүй шалтгаанаар маргалдан, улмаар тэдгээрийг цохиж шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон буюу хөнгөн хохирол тус тус учруулсан нь өөрийн үйлдэлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл болох нь хэрэгт авагдсан болон шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Б.Н-ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг хоёр хүнд учруулж” үйлдсэн гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Шүүгдэгч Б.Н- нь хохирогч нарыг цохисон үйлдэлийн улмаас хохирогч нарт шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон гэмтэл учирсан нь хоорондоо шууд  шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгч Б.Н- болон түүний өмгөөлөгч нь шүүх хуралдаанд хохирогч Л.М-т хөнгөн хохирол учруулсан гэм буруугийн талаар маргаагүй болно. Улсын яллагчийн шүүгдэгчийг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.

    1. Хохирол, хор уршиг

Шүүгдэгч түүний өмгөөлөгч нар нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг бүрэн хүлээн зөвшөөрөхгүй, гэмт хэргийн улмаас учирсан хохирол мөн эсэх нь тодорхойгүй байх тул  нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн санал гаргасныг хүлээн авах боломжгүй байна.

Шүүх хэрэгт авагдсан хохирогч нарын хохирлын баримтуудаас гэмт хэргийн хохиролд хамаарах нотлох баримтын шаардлага хангасан хохирлыг шүүгдэгчээс гаргуулах нь зүйтэй гэж үзсэн болно.

Иймд хохирогч Л.М-т тухайн гэмт хэргийн улмаас баримтаар учирсан /31хх-153300 төгрөг, 32хх-13-20400 төгрөг, 37хх-х-34500 төгрөг, 37хх-4-20000 төгрөг, 37хх-3-35000 төгрөг, 38хх-6-16400 төгрөг, 38хх-7-12850 төгрөг, 38хх-9-69250 төгрөг, 39хх-10-38000 төгрөг, 39хх-11-120000 төгрөг, 40хх-14-30100 төгрөг, 41хх-17-30000 төгрөг, 43хх-25-240000 төгрөг, 43хх-27-381000 төгрөг, 43хх-26-101800 төгрөг, 44хх-110000 төгрөг, 45хх-270000 төгрөг/, нийт 1.703.550 төгргийн хохирол, хохирогч Л.М-д тухайн гэмт хэргийн улмаас баримтаар учирсан хохирол 698.000 төгрөгийг тус тус шүүгдэгч Б.Н-аас гаргуулж хохирогч нарт олгохоор шийдвэрлэв.

Хохирогч нарын өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтэндээ хохирогч Л.М-ийн мэс засал хийлгэх 3.200.000 төгрөгийг нэхэмжлэл болон цаашид  хохирол, хор уршигийн талаар нэхэмжлэл гаргахгүй гэсэн болохыг дурдах нь зүйтэй.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчид 6 сар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах, шүүгдэгчийн өмгөөлөгч шүүгдэгч нь хөдөө орон нутаг руу явж ажил хөдөлмөр хийх тул торгох ял оногдуулах санал гаргасан, хохирогч нарын өмгөөлөгч эрүүгийн хариуцлагын талаар санал гаргаагүй болохыг дурдав.

 

2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүх шүүгдэгч Б.Н-ын үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул түүнийг гэм буруутайд тооцсон бөгөөд түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Б.Н-ад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасан “хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэнийг”-г ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Харин шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал буюу удаа дараа гэмт хэрэг үйлдэн ял шийтгүүлсэн, хохирогч нарын хохирол нөхөн төлөөгүй зэргийг харгалзан  450 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэх цаг хугацаанд хамаарч байгаа тул тус хуулийн 12 дугаар зүйлийн 12.10-т “шүүгдэгч гэм буруугийн талаар маргавал шүүх хэргийг Эрүүгийн хэрэг хянан  шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар хянан хэлэлцэж, гэм буруутай эсэхийг шийдвэрлэсний дараа энэ хуулийг хэрэглэнэ” гэж заасны дагуу хэргийг хэлэлцэн шийдвэрлэв.

2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “... гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн үндэсэн болон нэмэгдэл ялыг өршөөн хэлтрүүлнэ”, 4.2-т “энэ хуулийн 4.1-д заасны дагуу ялаас өршөөн хэлтрүүлэхэд ялтан, энэ хуулийн 5.1-д заасны дагуу эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгоход яллагдагч гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн байна”, 5 дугаар зүйлийн 5.1-д “...гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, энэ хуулийн 4.2-т заасан шаардлагыг хангаж байгаа бол эрүүгийн хэргийн өршөөн хэрэгсэхгүй болгоно” гэж тус тус заажээ.

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа бүрэн хүлээн зөвшөөрөөгүй, хохирол нөхөн төлөөгүй, нөхөн төлөхөө илэрхийлээгүйн гадна хохирлыг бүрэн хүлээн зөвшөөрөхгүй байх тул Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулах хууль зүйн үндэслэлгүй байна гэж шүүх дүгнэлээ.

      

2.3. Бусад асуудал

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 3 ширхэг сидийг хэрэгт хавсаргаж, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болно.

 

Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Секел овогт Бахытжаны Н-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг хоёр хүнд учруулж” үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н-ыг 450 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н- нь шүүхээс оногдуулсан 450 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.

 4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 3 ширхэг сидийг хэрэгт хавсаргаж, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н-аас нийт 2.401.550 төгрөг гаргуулж хохирогч Л.М-т 1.703.550 төгрөг, хохирогч Л.М-д 698.000 төгрөг тус тус олгосугай.

 6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Н-ад хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ч.ОТГОНБАЯР