Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 73

 

 

 

 

 

2018 оны 01 сарын 08 өдөр

Дугаар 183/ШШ2018/00073

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

   Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Хулан даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: нэхэмжлэлтэй,

Нас тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Э.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Цээрүүгүндүү нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Э.О шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

     Миний бие 1991 онд Улаанбаатар хотын 3 дугаар төрөхөд 6 дугаар сарын 10-ны өдөр Энхтөрийн 2 дахь хүү болон төрсөн бөгөөд 1-8 нас хүртэл эцэг эхийн гар дээр бойжиж байсан. Энэ хугацаанд 72 дугаар цэцэрлэгт суралцсан.  1998 онд Хан-Уул дүүргийн 10 жилийн 75 дугаар сургуульд суралцаж байгаад 2017 онд 10 жилийн дунд сургуулийг төгссөн. 2007 оноос 2009 он хүртэл Монгол-Солонгосын техникийн коллежид 2,5 жилээр суралцаж ноос ноолуур боловсруулагч 3 дугаар зэрэг мэргэжил эзэмшин төгссөн. НЦ91061011 гэсэн регистрийн дугаартай боловч улсын иргэний бүртгэл мэдээллийн төвд уг бүртгэл байхгүй гэсэн. Өөрийн төрсөн эмнэлэгт хандсан боловч архив устгалд орсон гэсэн тодорхойлолт гаргаж өгсөн. Төв аймгийн харьяат Багахангайгаас НЦ гэсэн гэж хайсан боловч тус архивт бүртгэлд байхгүй гэсэн хариу өгсөн. Иймд намайг 1991 онд төрсөн болохыг тогтоож өгнө үү.

Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Намайг төрөхөд регистрын дугаарыг буруу бичсэнээс болж иргэний үнэмлэхээ авч чадахгүй, хэзээ төрсөн нь мэдэгдэхгүй нөхцөл байдал үүсчихээд байна. Анх төрсний гэрчилгээ байсан боловч жоохон байхад өвдөөд ээжтэйгээ хамт эмнэлэгт хэвтэхэд алга болчихсон гэдэг. Хайгаад олоогүй, мөн төрөх болон харьяалах бүртгэлийн хэлтсээс шүүлгээд гарч ирээгүй. Сургуульд ороход төрсний гэрчилгээ байсан болохоор бүртгэгдсэн байдаг. Эмнэлэгт алга болсноос хойш л олдоогүй юм. Хүн амын тооллогын архивын лавлагаанд 1991 оны 6 дугаар сарын 10-нд төрсөн гэж бүртгэгдсэн байгаа тул Э.О намайг 1991 оны 6 дугаар сарын 10-ны өдөр төрсөн болохыг тогтоож өгч туслана уу гэв.   

 

     Шүүх хуралдаанаар хүсэлт гаргагчийн тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

              ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Э.О нь нас тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Э.Оын төрсний гэрчилгээ нь үрэгдсэн, уг баримтыг олж авах боломжгүй болох нь түүний шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, Төв аймгийн улсын бүртгэлийн хэлтсийн 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 1459 дугаар  албан тоот, Нийслэлийн эрүүл мэндийн газар, Амгалан амаржих газрын 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 531 дугаар “..1991 оны материал устгагдсан тул төрөлттэй холбогдсон лавлагааг өгөх боломжгүй” гэсэн албан тоотоор тус тус нотлогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.3-д шүүх хянан шийдвэрлэхээр заасан байна.

 

Нэхэмжлэгч Боржигон овогт Энхтөрийн О нь 1991 оны 6 дугаар сарын 10-ны өдөр төрсөн болох нь хэрэгт авагдсан,

Үндэсний төв архивын  2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн №03-2/1953 тоот  “Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны 2010 оны хүн ам, орон сууцны улсын тооллогын бүртгэлийн 21 дүгээр хуудсанд: Өрхийн тэргүүн Аюурзанын Саранчимэг эмэгтэй, 1961 оны 2 сарын 10-нд төрсөн, 49 настай, хүү Энхтөрийн Ууганбаяр 1985 оны 6 сарын 25-нд төрсөн, 25 настай, хүү Энхтөрийн О 1991 оны 6 сарын 10-нд төрсөн” гэж бүртгэсэн лавлагаа /хэргийн 3-р хуудас/,

 Боржигин овогт Энхтөрийн Оын 1998 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр нээсэн Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн 10 жилийн 75 дугаар сургуулийн “төрсөн он, сар, өдөр: 1991-06-10, төрсөн хот, аймаг: Улаанбаатар, төрсний гэрчилгээ: №71, АЦ:91061041”  гэсэн хувийн хэрэг /хэргийн 5-р  хуудас/,

Энхтөрийн Оын Суурь боловсролын БГ200754243 тоот “НЦ91061011 Э.О 75 дугаар сургуулийн төгсөлтийн шалгалтын комиссын 2007 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн шийдвэрийг үндэслэн суурь боловсролын гэрчилгээ олгов” гэх гэрчилгээ /хэргийн 11-р хуудас/,

Мэргэжлийн боловсролын №200928427 дугаартай “регистрын дугаар НЦ91061011, Энхтөрийн О, Монгол-Солонгосын техникийн коллеж, ноос ноолуур боловсруулалт 2,5 жил суралцан ноос ноолуур боловсруулагч 3-р зэрэг мэргэжил эзэмшсэн тул энэхүү үнэмлэхийг олгов” гэсэн үнэмлэх /хэргийн 11-р  хуудас/, 

мөн гэрч Б.Мөнхцацралын “анхнаасаа пасспорт аваагүй бөгөөд 2014 оноос хойш паспорт авах гэж хөөцөлдсөн боловч холбогдох байгууллагаас мэдээлэл нь гарч ирээгүй. О нь одоо 27 настай” гэх мэдүүлэг, түүний иргэний үнэмлэхний хуулбар /хэргийн 20-р хуудас/,

гэрч Э.Ууганбаярын “2006 онд төрсний гэрчилгээг нь хаяад холбогдох байгууллагуудаас тодруулахаар мэдээлэл гарч ирэхгүй байна. О нь 1991 оны 6 сарын 10-ны өдөр төрсөн бөгөөд миний төрсөн дүү болох нь  үнэн. Тиймээс О нь одоо 27 настай” гэх мэдүүлэг болон түүний иргэний үнэмлэхний хуулбар, нэхэмжлэгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тус тус нотлогдож байна гэж үзэв.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэгч Боржигон овогт Энхтөрийн Оыг 1991 оны 6 дугаар сарын 10-ны өдөр төрсөн болохыг тогтоож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.13-д зааснаар нэхэмжлэгч  Боржигон овогт Энхтөрийн Оыг 1991 оны 6 дугаар сарын 10-ны өдөр төрсөн болохыг тогтоосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Э.Оаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах  эрхтэйг болохыг дурдсугай.

 

 

 

 

 

      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Д.ХУЛАН