Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 15 өдөр

Дугаар 2022/ШЦТ/51

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Талгат даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Д,

улсын яллагч: Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Ө,

шүүгдэгчийн өмгөөлөгч: Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн, улсын ахлах өмгөөлөгч С.Т,

шүүгдэгч Х.Е  нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Ө ээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х.Е д холбогдох эрүүгийн 2213000000053 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Х.Е , 1974 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий суманд төрсөн, 47 настай, эрэгтэй, яс үндэс Казах, суурь боловсролтой гэх, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 05 дугаар багт оршин суух хаягтай, урьд нь Баян-Өлгий аймаг дахь Сум дундын шүүхийн: (1) 1999 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар тэнсэх ял, (2) 2000 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 1/18 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял, (3) 2002 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 42 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар: БЭ74******.

Шүүгдэгч Х.Е ы холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Х.Е  нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2022 оны 02 дугаар сарын 06-ны орой 20 цагийн үед Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 05 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах иргэн Я.С  байшинд нэвтэрч, Fashion брэндийн 1 тооны өвлийн хүрэм, халаасанд байсан 2 ширхэг виза карт, 1 ширхэг иргэний үнэмлэх, 1 хос савхин бээлий зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 362.000 төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад хэсэгт хамаарах гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэм буруугийн талаар.

1. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс гаргасан мэдүүлэг.

1.1. Шүүгдэгч Х.Е  мэдүүлэхдээ: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Тухайн үед даарч байсан учир өмсөөд явсан. Маргааш нь буцааж өгье гэж бодож байсан гэв.

2. Эрүүгийн 2213000000053 дугаартай хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

2.1. Иргэн Я.С аас гаргасан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 1 дүгээр тал/,

2.2. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 3-8 дугаар тал/,

2.3. Иргэн Х.Е аас “Fashion брэндийн 1 тооны өвлийн хүрэм, халаасанд байсан 2 ширхэг виза карт, 1 ширхэг иргэний үнэмлэх, 1 хос савхин бээлий” зэрэг эд зүйлийг хураан авсан тэмдэглэл, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 10-24, 26-38 дугаар тал/,

2.4. Мөрдөгчөөс хохирогч Я.С д “Fashion брэндийн 1 тооны өвлийн хүрэм, халаасанд байсан 2 ширхэг виза карт, 1 ширхэг иргэний үнэмлэх, 1 хос савхин бээлий зэрэг эд зүйлийг хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хавтаст хэргийн 25 дугаар тал/,

2.5. Хохирогч Я.С  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 42-49 дүгээр тал/,

2.6. Гэрч С.Б ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 54-55 дугаар тал/,

2.7. Гэрч Я.Ж ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 57 дугаар тал/,

2.8. Шинжээч “Ашид билгүүн” ХХК-ний 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн БӨА-22-46 дугаартай, эд зүйлд үнэлгээ хийсэн тухай дүгнэлт /хавтаст хэргийн 63-66 дугаар тал/,

2.9. Төрийн болон Хаан банкны Баян-Өлгий аймаг дахь салбарын 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 47/212, 5180/155 дугаартай “виза карт 2.000, 5.000 төгрөгийн үнэтэй болохыг тодорхойлсон” албан бичгүүд /хавтаст хэргийн 125, 127 дугаар тал/,

2.10. Засгийн газрын 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 230 дугаартай “Улсын бүртгэлийн үйлчилгээний хөлсний хэмжээг шинэчлэн тогтоох тухай” тогтоолын хавсралтын дагуу “Монгол Улсын иргэний үнэмлэх дахин олгоход 30.000 төгрөгийн хураамжтай” болохыг тогтоосон байдал /хуулбар нь, хавтаст хэргийн 128-131 дүгээр тал/,

2.11. Яллагдагч Х.Е ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 84-85 дугаар тал/,

2.12. Шүүгдэгч Х.Е ы хувийн байдлыг тодорхойлсон нотлох баримтууд болон хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

3. Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал.

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Х.Е ы холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд

3.1. Хэргийн үйл баримтын талаар.

Шүүгдэгч Х.Е  нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2022 оны 02 дугаар сарын 06-ны орой 20 цагийн үед Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 05 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах иргэн Я.С  байшинд нэвтэрч, Fashion брэндийн 1 тооны өвлийн хүрэм, халаасанд байсан 2 ширхэг виза карт, 1 ширхэг иргэний үнэмлэх, 1 хос савхин бээлий зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 362.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

3.1.1. Иргэн Я.С аас гаргасан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 1 дүгээр тал/,

3.1.2. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 3-8 дугаар тал/,

3.1.3. Иргэн Х.Е аас “Fashion брэндийн 1 тооны өвлийн хүрэм, халаасанд байсан 2 ширхэг виза карт, 1 ширхэг иргэний үнэмлэх, 1 хос савхин бээлий” зэрэг эд зүйлийг хураан авсан тэмдэглэл, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 10-24, 26-38 дугаар тал/,

3.1.4. Мөрдөгчөөс хохирогч Я.С д “Fashion брэндийн 1 тооны өвлийн хүрэм, халаасанд байсан 2 ширхэг виза карт, 1 ширхэг иргэний үнэмлэх, 1 хос савхин бээлий зэрэг эд зүйлийг хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хавтаст хэргийн 25 дугаар тал/,

3.1.5. Хохирогч Я.С  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би орой 17 цагийн үед хашааны хаалгаа хааж түгжээд гэртээ орсон. Тэгээд орой гэрээсээ гараагүй, гэр бүлээрээ гэртээ байсан. 21 цагийн үед хажуу айлаас миний охин болох С.А  орж ирээд би охиноо урдаас нь тосоод хүрмийг нь аваад өлгүүрт өлгөх гэж байгаад өөрийн шинээр бэлгэнд авсан хүрэм байхгүй байгааг хараад мэдсэн. Тэгээд эхнэрээс миний шинэ хүрмийг чи аваад дотогшоо оруулж өлгөсөн юм уу гэж асуухад эхнэр “үгүй” гэж хариулахаар нь шатны доод талын хонгил руу гэрэл тусгаж үзэхэд хүрэм байхгүй байсан.

 Тэгээд гадагшаа гарч гэрэл асааж хашааны хаалга руу харахад хашааны хаалга онгорхой байхаар нь дөхөж очоод харахад хашааны түгжээ төмөр нь хашааны гадна газар дээр байсан. Тэгээд миний хүрмийг гаднаас хулгайч ирж авсан юм байна гэж мэдээд цагдаад дуудлага өгсөн.

...Надад яллагдагч Х.Е аас хохиролтой холбоотой нэхэмжлэх зүйл байхгүй болно. Хулгайд алдагдсан хүрмийг цагдаагийн байгууллагаас хүлээж авсан, халаасанд байсан эд зүйлүүдийг бүрэн хүлээж авсан болно. Надад одоо санал гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 42-49 дүгээр тал/,

3.1.6. Гэрч С.Б ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...орой 20 цагийн үед манай гэрт Х.Е  ирээд намайг хоёулаа дээшээ яваад Я.С  гэрт очоод ирье гэхээр нь би зөвшөөрч, бид хоёр Я.С  гэр лүү явсан. Замд явж байхад Х.Е  нь саарал өнгийн цамцтай байсан. Х.Е  Я.С  гэрийн гадна очоод хашааны хаалгыг нь онгойлгож байх хооронд би тамхи асаагаад татаж байсан. Тэр хооронд Х.Е  Я.С  гэр лүү ганцаараа орсон. Тэгээд удалгүй гарч ирэхдээ хар өнгийн хүрэм өмсөөд гарч ирсэн байхаар нь “чи сая цамцтай наашаа ирсэн биз дээ, хаанаас ямар хүрэм өмссөн юм бэ” гэж асуухад “би мэдэж байна” гэж хэлсэн. Тэгээд бид хоёр 2 тийшээ салаад явсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 54-55 дугаар тал/,

3.1.7. Шинжээч “Ашид билгүүн” ХХК-ны 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн БӨА-22-46 дугаартай “...2022 оны 02 дугаар сарын байдлаар Fashion брэндийн өвлийн хүрэм 300.000 төгрөг, савхин бээлий 1 хос 25.000 төгрөг, нийт 325.000 төгрөг байх боломжтойг тодорхойлов” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 63-66 дугаар тал/,

3.1.8. Төрийн болон Хаан банкны Баян-Өлгий аймаг дахь салбарын 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 47/212, 5180/155 дугаартай “виза карт 2.000, 5.000 төгрөгийн үнэтэй болохыг тодорхойлсон” албан бичгүүд /хавтаст хэргийн 125, 127 дугаар тал/,

3.1.9. Засгийн газрын 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 230 дугаартай “Улсын бүртгэлийн үйлчилгээний хөлсний хэмжээг шинэчлэн тогтоох тухай” тогтоолын хавсралтын дагуу “Монгол Улсын иргэний үнэмлэх дахин олгоход 30.000 төгрөгийн хураамж” төлөх ёстой болохыг тогтоосон байдал /хуулбар нь, хавтаст хэргийн 128-131 дүгээр тал/,

3.1.10. Яллагдагч Х.Е ы өгсөн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Би 2022 оны 02 дугаар сарын 06-ны өдөр өдрийн цагаар “Тирлик” зах дээр тэндхийн архичидтай хамт 3 шил архи уугаад орой нь 17 цаг болж байхад гэртээ очсон. Тэр үед гэрт эхнэр байгаагүй цайллага руу явсан байсан ба гэрт хүүхдүүд байсан. Тэгээд гэртээ хэсэг амарч байгаад 20 цагийн үед байх цагийг нь сайн санахгүй байна. Найз болох С ын шинэ ажлыг мялах зорилготой хөрш болох Б ыг дагуулж аваад бид хоёр С ын гэрт очсон. Гэхдээ Б  нь С ын хашааны гадаа үлдсэн. Тэр гэр рүү ороогүй. Харин би хашаагаар нь ороод С ын өвлийн байшин руу орсон. Тухайн үед хаалга нь онгорхой байсан бөгөөд би хаалгаар нь ороод үүдний хэсэгт зогсож байгаад С ыг орилж дуудсан боловч гарч ирэхгүй байхаар нь би тухайн өрөөнд хувцасны өлгүүрт байсан хар өнгийн хүрмийг өмсөөд гараад явчихсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 84-85 дугаар тал/ зэрэг бичгийн нотлох баримтууд болно.

4. Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн шүүх хуралдаанд хавтаст хэрэгт авагдсан хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, шүүгдэгч Х.Е ы согтуурлын хэмжээг шалгасан тухай тэмдэглэлийг нотлох баримтаас хасуулах тухай хүсэлтийг хүлээн авах боломжгүй бөгөөд мөрдөгчөөс эдгээр нотлох баримтуудыг цуглуулж бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчөөгүй гэж үзэх үндэслэлтэй. 

5. Эрх зүйн дүгнэлт.

5.1. Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Х.Е ы үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг,

Шүүгдэгч Х.Е  “гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх тайлбарыг,

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гэм буруугийн талаар маргаан байхгүй гэх дүгнэлтээ гаргаж улсын яллагчтай гэм буруугийн талаар мэтгэлцээгүй болно.

5.2. Бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг гэмт этгээд хувийн ашиг олох, шунахай сэдэлт, зорилгоор хүч, заналхийлэл хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс нууцаар авахыг хэлнэ. Өөрөөр хэлбэл бусдын эд хөрөнгийг нууц далд аргаар авч, өөрийн эзэмшил болгоно.

Харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд хүндрүүлэн зүйлчлэхээр хуульчилсан бөгөөд үүнд хохирлын хэмжээ шаардахгүй болно.  

Тухайн хэргийн хувьд шүүгдэгч Х.Е  нь хохирогч Я.С  өвлийн байшинд  нэвтэрч, эд хөрөнгийг нь хулгайлж өөрийн эзэмшилдээ авсан, хөрөнгийг захиран зарцуулах бололцоо бий болгосноор тус гэмт хэрэг төгссөн байна. Шүүгдэгч Х.Е  нь хулгайлсан эд хөрөнгийг хувийн хэрэглээнд зарцуулахаар гэртээ нуусан байдал зэргээс үзвэл тус гэмт хэрэг үйлдэгдэх болсон шалтгаан нөхцөл нь шунахай сэдэлтээр, амар хялбар аргаар мөнгө олох зорилготой үйлдсэн байна.

5.3. Улсын яллагчийн гэм буруугийн шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Х.Е ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь хууль зүйн үндэслэлтэй байна.

6. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар.

6.1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж хуульчилжээ.

Шүүгдэгч Х.Е  нь хохирогч Я.С  байшингаас Fashion брэндийн 1 тооны өвлийн хүрэм, халаасанд байсан 2 ширхэг виза карт, 1 ширхэг иргэний үнэмлэх, 1 хос савхин бээлий зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хулгайлах гэмт хэрэг үйлдсэний улмаас нийт 362.000 төгрөгийн хохирол учруулсан нь байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад дээрх эд зүйлсийг мөрдөгчийн зүгээс шүүгдэгч Х.Е аас хураан авч, хохирогч Я.С д бүрэн бүтэн хүлээлгэж өгснөөр хохирогчийн зүгээс гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй хэмээн мэдүүлсэн тул шүүгдэгч Х.Е ыг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар.

2.1.Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Х.Е д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулах, уг хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих ангид эдлүүлэх дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шүүгдэгч Х.Е  учруулсан хохирлоо нөхөн төлсөн, мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн шатанд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулах дүгнэлтийг гаргасан болно.

2.2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч Х.Е ы үйлдсэн гэмт хэрэгт нь эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй байна.

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заасныг удирдлага болгов.

2.3. Шүүгдэгч Х.Е д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж дүгнэлээ.

2.4. Шүүгдэгч Х.Е  хувийн байдлын урьд нь хулгайн гэмт хэрэг үйлдэж шүүхээр ял шийтгүүлж байсан, эрхэлсэн тодорхой ажилгүй, согтууруулах ундааны хамааралтай болох нь түүний хувийн байдлыг тогтоосон нотлох баримтуудаар тогтоогдож байна.  

2.5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх ... хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно” хэмээн заасан бөгөөд шүүгдэгч Х.Е ы гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдалгүй зэрэг нөхцөл байдал тус бүрт дүгнэлт хийж, шүүгдэгчийн өмгөөлөгчийн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг журамлан шүүгдэгч Х.Е д хорих ял оногдуулах нь үндэслэлтэй гэж дүгнэлээ.

2.6. Шүүгдэгч Х.Е  нь хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон учир эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар зэрэг нөхцөл байдал тус бүрд нотлох баримтуудын хүрээнд дүгнэлт өгч, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1  жил 4 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, түүнд оногдуулсан 1 жил 4 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

2.7. Шүүгдэгч Х.Е  нь 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 15 цагт товлосон шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул түүнийг шүүхэд албадан ирүүлж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэсэн бөгөөд шүүгчийн захирамжийн дагуу Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газраас шүүгдэгч Х.Е ыг 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын цагдан хорих байранд хүлээлгэн өгсөн байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх баривчлагдсан, цагдан хоригдсон хугацааг ялтны эдлэх ялд оруулан тооцно”, 2 дахь хэсэгт “Баривчлагдсан, цагдан хоригдсон нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож эдлэх ялаас хасна” гэж заасныг үндэслэн шүүгдэгч Х.Е ы цагдан хоригдсон 2 хоногийг түүний эдлэх хорих ялаас хасаж тооцох нь зүйтэй.

2.8. Шүүгдэгч Х.Е аас гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн зүйлгүй, иргэний бичиг баримт нь шүүхэд шилжиж ирээгүй зэргийг дурдав.

Шүүгдэгч Х.Е д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр нь үлдээж, түүний эдлэх хорих ялыг 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн тоолох нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Х.Е ыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Х.Е ыг 1 (нэг) жил 4 (дөрөв) сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй. 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Е д оногдуулсан 1 (нэг) жил 4 (дөрөв) сарын хорих ялыг эрэгтэйчүүдийн нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Е ы цагдан хоригдсон 2 (хоёр) хоногийг түүний эдлэх хорих ялаас хасаж тооцсугай.

5. Шүүгдэгч Х.Е  нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн зүйлгүй, иргэний бичиг баримт нь шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч Х.Е д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр нь үлдээж,  түүний эдлэх хорих ялыг 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн тоолсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсхүл эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл хугацаанд шүүгдэгч Х.Е д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Х.ТАЛГАТ