Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 26 өдөр

Дугаар 2022/ШЦТ/54

 

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Талгат даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ж.А,

улсын яллагч: Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Д ,

шүүгдэгчийн өмгөөлөгч: Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн, улсын ахлах өмгөөлөгч С.Т ,

шүүгдэгч С.Н  нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Д ээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Н  д холбогдох эрүүгийн 2213000000078 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, С.Н  , 1975 оны 02 дугаар сарын 19-ний өдөр Баян-Өлгий аймгийн Ногооннуур суманд төрсөн, 47 настай, эрэгтэй, яс үндэс Казах, суурь боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 10 дугаар багт оршин суух хаягтай, урьд нь ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар: Б375******.

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч С.Н  нь 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдөр 16 цагийн үед Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах өөрийнхөө гэрт согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ ахуйн шинжтэй хэрүүл маргаан үүсгэж, улмаар эхнэр А.К ийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт хамаарах гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэм буруугийн талаар.

  1. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс гаргасан мэдүүлэг.

1.1. Шүүгдэгч С.Н  мэдүүлэхдээ: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж  байна гэв.

2. Эрүүгийн 2213000000078 дугаартай хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

2.1. Иргэн А.К ийн 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдөр гаргасан гэмт хэргийн талаарх гомдлыг Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газарт хүлээн авсан тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 1 дүгээр тал/,

2.2. Хохирогч А.К ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 4-7 дугаар тал/,

2.3. Гэрч Н.А ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 14 дүгээр тал/,

2.4. Шинжээч Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны их эмч ажилтай Х.Е ын 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 279 дугаартай “иргэн А.К ийн эрүүл мэндэд учирсан гэмтлийн зэргийг тогтоосон тухай”дүгнэлт /хавтаст хэргийн 27-28 дугаар тал/,

2.5. Хохирогч А.К ийн амбулаториор эмчлүүлэгсдийн картын хуулбар /хавтаст хэргийн 42-44 дүгээр тал/,

2.6. Яллагдагч С.Н ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 53 дугаар тал/ болон хавтаст хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

3. Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал.

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч С.Н ы холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд

3.1. Хэргийн үйл баримтын талаар:

Шүүгдэгч С.Н  нь 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдөр 16 цагийн үед Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах өөрийнхөө гэрт согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ ахуйн шинжтэй хэрүүл маргаан үүсгэж, улмаар эхнэр А.К ийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:

3.1.1. Иргэн А.К ийн 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдөр гаргасан гэмт хэргийн талаарх гомдлыг Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газарт хүлээн авсан тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 1 дүгээр тал/,

3.1.2. Хохирогч А.К ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай нөхөр болох С.Н  нь байнга архи уудаг бөгөөд архи уух болгондоо гэр бүлийн амгалан тайван байдал алдагдуулдаг юм. Өнөөдөр гэхэд 16 цагийн орчимд гэрт согтуу ирэхээр нь түүнд “яагаад архи ууж ирсэн юм бэ” гэхэд тэрээр “архи уухаар яадаг юм” гэж хэрэлдэн намайг хамар, толгой руу цохиж зодсон. Хамар луу цохих үед миний хамрын дээд хэсэг шалбарч, хамарнаас цус гараад тогтохгүй байхаар нь аймгийн Нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн тасагт дуудлага өгч түргэний машинаар эмнэлэгт очсон. Эмнэлэгт үзүүлэхэд эмч хамар чинь мурийсан байна гэж цус тогтоох арга хэмжээ авч өгөөд явуулсан.

... С.Н  намайг урд өмнө нь зодож байгаагүй, харин ууж ирэх болгондоо надад “чи ямар хүнтэй унтсан юм бэ” гэх мэтээр хэрүүл маргаан үүсгэж, гэрт ирсэн хүнд цай өгөхөд “чи тэрэнтэй ямар холбоотой юм бэ” гэж хардаг сэрддэг.

...М.Н  намайг зодсоны улмаас надад учирсан материаллаг хохирол байхгүй, мөн түүнээс нэхэмжлэх зүйл байхгүй, гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 4-7 дугаар тал/,

3.1.3. Гэрч Н.А ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 03 дугаар сарын 23-ны өдөр 16 цагийн үед би гэртээ цонхны хөшгийг өлгөж байхад аав гэрт согтуу ирсэн. Тэгээд гэрт ирээд ээжид “би гэрт нэг архичин хүнийг дагуулаад ирнэ, чи хоол бэлдээдэх” гэхэд ээж түүнд “чи яагаад архи ууж ирсэн юм бэ, танай архичингуудын архи уудаг гэр нь манай гэр юм уу” гэж хэлэхэд аав ээжтэй хэрэлдэж эхэлсэн, нэг мэдэхэд ээж “намайг аллаа шүү дээ” гэж орилоход би тэдэн рүү харахад аав ээжийг толгой руу нь цохиж байсан. Тэгэхээр нь би аавыг очиж болиулахад тэрээр гэрээс гэрч явсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 14 дүгээр тал/,

3.1.4. Шинжээч Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны их эмч ажилтай Х.Е ын 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 279 дугаартай “Иргэн 1. А.К ийн биед хамрын нуруунд шарх, хамрын таславчийн мурийлттай гэмтлүүд тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн 1-2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой шинэ гэмтлүүд байна.

3. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй.

4. Дээрх гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна" гэх дүгнэлт /хавтаст хэргийн 27-28 дугаар тал/,

3.1.5. Хохирогч А.К ийн амбулаториор эмчлүүлэгсдийн картны хуулбар /хавтаст хэргийн 42-44 дүгээр тал/ зэрэг нотлох баримтууд болно.

4.  Эрх зүйн дүгнэлт.

4.1 .Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч С.Н ы үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгчээс шүүх хуралдаанд “гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх тайлбарыг,

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “Шүүгдэгч С.Н ы гэм буруугийн талаар маргаантай асуудал байхгүй” гэх дүгнэлтээ гаргаж улсын яллагчтай гэм буруугийн талаар мэтгэлцээгүй болно.

4.2. Шүүгдэгч С.Н , хохирогч А.К  нар нь 2003 оны 03 дугаар сарын 31-ний өдөр гэр бүл болж, гэрлэлтээ батлуулж гэр бүлийн харилцаа үүсгэн амьдарч байгаа гэрлэгчид байх ба Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 10 дугаар багт оршин суудаг байна.

Гэр бүлийн тухай хуульд зааснаар гэрлэлтээ бүртгүүлсэн эхнэр, нөхрийг гэрлэгчид гэж тодорхойлсон байдаг.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд гэр бүлийн хамаарал бүхий этгээдэд эхнэр, нөхөр, гэр бүлийн гишүүн, хамтран амьдрагч нарыг гэр бүлийн хамаарал бүхий этгээдэд ойлгохоор, гэр бүлийн хүчирхийлэл гэж “...гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодох, харгис хэрцгий харьцах, догшин авирлах, тарчлаах, эд хөрөнгө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд нь халдах, сэтгэл санаанд нь дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг” ойлгохоор тус тус хуульчилсан байна. Дээрх хуульд зааснаар шүүгдэгч С.Н , хохирогч А.К  нар нь гэр бүлийн хамаарал бүхий этгээдүүд байна.

4.3. Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг харьцуулан судалж үзвэл тухайн гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл нь шүүгдэгч С.Н ы зүгээс үүсгэсэн ахуйн шинжтэй хэрүүл маргааны улмаас хохирогч А.К ийн амгалан тайван байдлыг алдагдуулж, улмаар зодсон шүүгдэгчийн архидан согтуурсан болон зүй бус харилцаа зэргээс болсон байна.

4.4. Шүүгдэгч С.Н ы гэм буруутай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.

Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч С.Н ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.

5. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

5.1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж хуульчилжээ.

5.2. Шүүгдэгч С.Н ы гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч А.К ийн эрүүл мэндэд учирсан хохирол нь Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн А/216/422 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар баталсан “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1 дэх хэсэгт заасан хөнгөн зэргийн гэмтэлд хамаарах нь мөрдөн шалгах ажиллагааны явцад шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд шүүгдэгч, хохирогч нар нь сайн дураараа эвлэрч, хохирогчийн зүгээс гэмт хэргийн хор уршигт хохирол төлбөр нэхэмжлээгүй тул шүүгдэгч С.Н ыг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй.

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар.

2.1. Шүүгдэгч С.Н д холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулан хэргийг прокурорт шилжүүлсний дараа шүүгдэгч С.Н  нь хохирогч А.К тэй сайн дураараа эвлэрч, хэргийг хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэж өгөх талаар хүсэлтээ бичгээр гаргасан байна.

Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн саналд яллагдагч С.Н д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах санал гаргасныг яллагдагч С.Н  хүлээн зөвшөөрч гарын үсгээ зуржээ /хавтаст хэргийн 123-124 дугаар тал/.

2.2. Прокуророос хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа хяналтаа хуульд заасан журмаар хэрэгжүүлсэн бөгөөд шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг хянаад шүүгдэгч С.Н д холбогдох эрүүгийн хэргийг мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

2.3. Шүүгдэгч С.Н д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд урьд нь ял шийтгүүлж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар нотлогдож байна.

2.4. Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч С.Н д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэрэгт нь цээрлүүлэх, ахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдалгүй зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Н ыг 3 (гурав) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэж шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Н д оногдуулсан 3 (гурав) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг эдлүүлэхдээ Баян-Өлгий аймгийн Өлгий сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглож, ялын биелэлтийг хангуулж, хяналт тавьж ажиллахыг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Н  нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй байна.

2.5. Энэ хэрэгт шүүгдэгч С.Н  нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгө үгүй, хэргийн хамт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт нь шүүхэд шилжиж ирээгүй зэргийг шийтгэх тогтоолд дурдах нь зүйтэй. .

Шүүгдэгч С.Н д урьд нь хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан бөгөөд түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч С.Н  ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Н ыг 3 (гурав) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Н д оногдуулсан 3 (гурав) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг эдлүүлэхдээ Баян-Өлгий аймгийн Өлгий сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглож, ялын биелэлтийг хангуулж, хяналт тавьж ажиллахыг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Н  нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Энэ хэрэгт шүүгдэгч С.Н  нь цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгө үгүй, хэргийн хамт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт нь шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч С.Н д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг,  38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч өөрөө гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч С.Н д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Х.ТАЛГАТ