| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Хажекберийн Талгат |
| Хэргийн индекс | 161/2022/0062/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/63 |
| Огноо | 2022-05-19 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Х.Ө |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 05 сарын 19 өдөр
Дугаар 2022/ШЦТ/63
Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Талгат даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.А,
улсын яллагч: Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Ө,
шүүгдэгч С.Х нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Х ад холбогдох эрүүгийн 2213000770101 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.
Шүүгдэгч С.Х нь 2022 оны 03 дугаар сарын 17-ны орой 21 цагийн үед Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 04 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах өөрийнхөө хашаанд нөхөр Т.А ийг ахуйн шинжтэй маргааны улмаас зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт хамаарах гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэм буруугийн талаар.
1. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс гаргасан мэдүүлэг.
1.1. Шүүгдэгч С.Х мэдүүлэхдээ: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж байна гэв.
2. Эрүүгийн 2213000770101 дугаартай хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
2.1. Хохирогч Т.А ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 34-35, 39 дүгээр тал/,
2.2. Гэрч Х.Х ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 46 дугаар тал/,
2.3. Гэрч Д.А ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 52 дугаар тал/,
2.4. Шинжээч Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны их эмч К.Х ын 2022 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн гэмтлийн зэрэг тогтоосон тухай 273 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 55-56 дугаар тал/,
2.5. Яллагдагч С.Х ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 74 дүгээр тал/ болон хавтаст хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
3. Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал.
Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч С.Х ын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд
3.1. Хэргийн үйл баримтын талаар.
Шүүгдэгч С.Х нь 2022 оны 03 дугаар сарын 17-ны орой 21 цагийн үед Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 04 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах өөрийнхөө хашаанд нөхөр Т.А ийг ахуйн шинжтэй маргааны улмаас зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:
3.1.1. Хохирогч Т.А ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тэгээд би хашааныхаа хаалганы үүдэнд зогсож байхад эхнэр Х гэрч ирээд газраас нэг чулуу аваад над руу шидэхэд нь намайг оноогүй, тэгэхэд би хашаанаас гараад зугтаахад эхнэр миний араас гүйж ирээд чи яах гээд байгаа юм бэ, гэрт орооч дээ, ирсэн зочид хүлээгээд байна гээд намайг хүчээр дагуулаад гэрийн хаалганы үүдэнд ирэхэд би гэрт орохгүй гээд зогсож байхад Х газарт байсан хагархай тоосгыг гартаа барьж байгаад миний дагз тус газарт нэг удаа цохиод авахад миний толгой эргээд хэсэг хугацаанд манарч сууж байгаад босоод гэрт орох гэж байхад дахиад зүүн талын завжанд нөгөө тоосгоороо дахиад нэг удаа цохиод, дахиж гэрт ороод гэрээс галын хайчийг барьж гарч ирээд миний толгой руу цохих гэж байхад нь баруун гараараа хоёр удаа өөрийгөө хамгаалахад галын хайчаар миний баруун гарын шуу, бугалга тус газарт бас хоёр удаа цохиод өөрөө гэрт буцаад орчихсон.
Тэр үед би өөрийн гар утсаа аваад цагдаа дуудчихаад хашааны үүдэнд зогсож байхад Х гэрт ороод хувцас хунараа өмсөөд хүүхдүүдийг бас хувцаслуулаад гэрийг цоожлоод хадам аав ээж хоёртой хамт гараад ирсэн. Тэр үед Х гэрийг цоожилж байх хооронд хадам аав, хадам ээж хоёр хүүхдүүдийг дагуулаад түрүүлээд явчихсан. Ингээд Х хашааны хаалгаар гарах гэж байгаад миний дагз тус газарт гартаа чулуу барьж байгаад дахиад нэг удаа цохиод авахад нь би хоёр гараараа газар тулаад урагшаа бараг ухаан алдах шиг унаад газраас босох гэж байхад миний араас дахиад хэд хэдэн чулуу шидээд “Төлеухан /миний аав/ та хоёр надаас олж долоохгүй, цагдаагаа дуудаад шалгуулаарай” гэж хэлчхээд аав ээжтэйгээ хамт миний хүүхдүүдийг дагуулаад яваад өгсөн.
Х нь хамгийн эхэнд гартаа хагас тоосго барьж байгаад миний дагз хэсэгт нэг удаа, мөн тэр тоосгоор зүүн талын нүүр, завж тус газрыг хавсаргаад дахин нэг удаа, үүний дараа гэрт ороод гэрээс галын хайч авч гараад миний толгой руу дахин цохих гэж байхад би гараараа хамгаалсан. Тэгэхэд миний гарны бугалга тус газарт галын хайчаар 2 удаа, хамгийн сүүлд нь хашааны хаалганы үүдэнд гартаа чулуу барьж байгаад миний толгойн дагз тус газарт дахин нэг удаа цохисон.
...Тухайн үед би өөрийгөө цохиж зодсон асуудал болоогүй, Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 34-35, 39 дүгээр тал/,
3.1.2. Гэрч Х.Х ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тус өдөр А нь “миний хүүхдийн 1 нас хүрсэн төрсөн өдөр нь болж байгаа, би хүүхдийнхээ төрсөн өдрийг нь тэмдэглэх гэж байна, та нар манайд 20 цаг гээд хүрээд ирээрэй” гэсэн. Тэгээд орой 20 цагийн үед эхнэр С /хоч нэр С/ бид хоёр А ийн гэрт очсон. Бид нар очиход хадам аав, хадам ээж хоёр нь ирсэн байсан. Бид нарын араас Х ын хамаатанууд болох 4-5 хүн ирсэн. Тэгээд бид нар цай уугаад сууж байхад Х , А хоёр гадаа гарч яваад эргэж гэрт орж ирэхгүй байхаар нь тэнд байсан хүмүүс нэг, нэг аяга цайгаа уугаад буцаад гараад явцгаасан.
Сүүлд нь А ийн хадам аав, хадам ээж болон би эхнэртэйгээ үлдээд А нар орж ирэх байх гэж хүлээсэн боловч тэд нар орж ирээгүй тул эхнэр бид хоёр ч гэсэн 22 цаг өнгөрсөн үед гараад явсан. Бид нар явахад гэрт нь хадам аав, ээж хоёр үлдсэн.
...Тухайн үед бид нар гэрээс гарахад А , Х хоёр гэрийнхээ гадаа хаалганыхаа үүдэнд зогсож байсан. Тэгээд эхнэр бид хоёр машинд суугаад явах гэж байтал А миний хажууд хүрч ирээд “та харсан уу, Х миний толгой руу тоосгоор цохиод авлаа” гэж хэлээд толгойноосоо цус гарч чихнийхээ ард талаар гоожиж байсан цусаа харуулсан. Тэгэхэд би А т ч, Х ад ч юу ч дугараагүй, эхнэр бид хоёр шууд л яваад өгсөн” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 46 дугаар тал/,
3.1.3. Гэрч Д.А ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...22 цагийн орчимд байсан байх манай байшингийн цонх нь онгорхой байхад А ийн хашаанд хүмүүсийн орилж хашхирсан дуу чимээ сонсогдохоор нь би цонхоороо харахад А болон Х хоёр хоорондоо чанга дуугаар хэрэлдэж маргалдаж байсан. Мөн тухайн үед Х ын аав ээж хоёр нь бас байсан. Тэд нар хашаанаас гараад явж байсан ба араас нь Х ч гэсэн яваад өгсөн, А хашаандаа ганцаараа үлдсэн. Тухайн үед миний үзэж харсан зүйл энэ. Тэд нар нэг нэгийгээ цохиж зодохыг нь бол хараагүй, Харин А хэлэхдээ “чи муу авгай миний толгойг маань хагалчихлаа шүү” гэж орилж байсан. Тухайн үед гадаа харанхуй байсан учраас тэдний царай зүсийг нь ч тод хараагүй, ямар ч байсан Х , А хоёр хоорондоо маргалдаж муудалцаж байгаа юм байна гэж л бодсон” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 52 дугаар тал/,
3.1.4. Шинжээч Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны их эмч ажилтай К.Х ын 2022 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 273 дугаартай “1. Иргэн Т.А ийн биед тархины доргилттой, духны зүүн талд битүү зүүн хэсгийг бүхэлдээ хамаарсан хавдартай, дунд хэсэгт цус хуралттай, тархмал 2 ширхэг шархтай, зүүн талын завжинд хавдартай цус хуралттай, дагзны хэсэгт цус хуралттай, хавдартай, баруун бугалганд цус хуралттай гэмтлүүд тогтоогдлоо.
2. Иргэн Т.А ийн дээрх гэмтэл хатуу мохоо зүйлийн 2-оос дээш удаагийн үйлчлэлээр үүссэн, гэмтлүүд нь 1-10 хоногт үүсэн цөм нэг хугацаанд үүссэн шинэ гэмтлүүд.
3. Ерөнхий хөдөлмөрлөх чадварт нөлөөлөхгүй.
4. Иргэн Т.А ийн биед үүссэн гэмтлүүд нь эрүүл мэндийг түр сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 55-56 дугаар тал/
3.1.5. Яллагдагч С.Х ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Тухайн өдөр миний бага охины 1 нас хүрсэн төрсөн өдөр болсон. Улмаар нөхөр бид хоёр хоорондоо ярилцаад гэртээ хоёр талын хамаатнуудаа дуудаж, тэмдэглэн өнгөрүүлэхээр болсон байсан. Тэгээд манай дуудсан хүмүүсээс миний аав ээж хоёр эрт 17 цагийн үед манай гэрт ирж надад туслаад хоол, салат бэлдэхэд тусалсан байсан. Улмаар А ийн хамаатан ах нь болох Х , түүний эхнэр С нар түрүүлж 20 цагийн үед ирсэн, тэд нар ирэх үед миний нөхөр А , Д ах нартай хамт ярилцахад цай уугаад сууж байсан.
Тэгээд миний хамаатангууд ирэхгүй байхаар нь А гэрээс гарч яваад гэрт орж ирэхгүй байсан. А гадуур явж байх хугацаанд миний хамаатангууд болох Е түүний эхнэр А , М , Т түүний эхнэр А нар нэг машинаар бүгдээрээ хамт ирсэн. Тэгээд тэр хүмүүс гэрт орж ирээд сууж байх хооронд нь би гадаа гарч А ийг хэд хэдэн удаа дуудаж “чи гэрт ороод ирээч дээ, яах гээд байгаа юм бэ” гэхэд “би гэрт орохгүй, чи өөрөө орж хүмүүстэй цай ундыг нь өг” гэж хэлээд шинээр барьж байгаа том байшингийн хойд талд нь ороод сууж байсан. Тэгээд би дахиж гэрт ороод сууж байхад ирсэн хүмүүс болох Е , А , М , Т , А нар “за, за бид нар ингээд явлаа” гээд 22 цагийн үед манай хүүхдэд авч ирсэн бэлгээ өгөөд л яваад өгсөн. Тэдний араас Д , С хоёр ч бас гараад явсан. Тэгээд хүмүүс явсны дараа би А т очиж “чи тэнэг юм уу, гэртээ баахан хүмүүсийг дуудчихаад яах гэж ийм ичгэвтэр байдалд оруулж байгаа юм бэ, зайл” гэж хэлээд газраас тоосго юм уу, том чулуу юм уу нэг зүйл аваад А руу шидэхэд миний шидсэн зүйл маань А ийн толгойн дагз хэсэгт оносон. Тэр үед А тэр чулууг аваад миний хажууд хүрч ирж намайг барьж аваад чи намайг аллаа шүү дээ, нэг мөсөн алчхаад яв гээд нөгөө чулууг барьж байгаад өөрийнхөө нүүр хэсгийг хэд хэдэн удаа үрж нүүрнээсээ цус гаргасан. Тэгээд би дахиж гэртээ орж аав ээжтэйгээ хамт тэдний гэрт нь очихоор болж хүүхдүүдээ хувцаслуулаад гараад явах гэж байхад А нэг хүний гар утсыг авч ирээд цагдаа дуудаж байсан. Тэгээд би хүүхдүүдээ аваад аавынхаа гэрт яваад өгсөн, тухайн үед болсон асуудал энэ” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 74 дүгээр тал/ зэрэг нотлох баримтууд болно.
4. Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, хэргийн үйл баримтын хүрээнд хуульд заасан нотолбол зохих нөхцөл байдлуудыг бүрэн гүйцэд тогтоосон гэж үзлээ.
5. Эрх зүйн дүгнэлт.
5.1. Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч С.Х ын үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч С.Х “гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Гэм буруугийн талаар маргаантай асуудал байхгүй” хэмээн тайлбараа гаргаж, гэм буруугийн талаар мэтгэлцээгүй болно.
5.2. Шүүгдэгч С.Х нь хохирогч Т.А ийн эрүүл мэндэд “тархины доргилттой, духны зүүн талд битүү зүүн хэсгийг бүхэлдээ хамаарсан хавдартай, дунд хэсэгт цус хуралттай, тархмал 2 ширхэг шархтай, зүүн талын завжинд хавдартай цус хуралттай, дагзны хэсэгт цус хуралттай, хавдартай, баруун бугалганд цус хуралт” бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан иргэний халдашгүй, чөлөөтэй байх эрхийг нь зөрчсөн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл буюу гэмт хэрэгт хамаарах бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Иймд улсын яллагчийн гэм буруугийн талаар гаргасан дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч С.Х ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь хууль зүйн үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.
Гэмт хэрэг цаг хугацаанд хохирогч Т.А нь эхнэр хүүхдээ хүндлэхгүй, дуудсан зочдоо үл хүндэтгэж, гэртээ орохгүй, үл ялих зүйлээр маргаан үүсгэсэн нь энэ гэмт хэрэг гарахад шууд нөлөөлсөн гэж дүгнэлээ.
6. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.
6.1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж хуульчилжээ.
6.2. Шүүгдэгч С.Х ын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Т.А ийн эрүүл мэндэд учирсан хохирол нь Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн А/216/422 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар баталсан “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1 дэх заалтад заасан хөнгөн зэргийн гэмтэлд хамаарах нь мөрдөн шалгах ажиллагааны явцад шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд хохирогч Т.А аас мөрдөн шалгах ажиллагаанд “эхнэр бид хоёр учраа олж сайн дураараа эвлэрсэн. Тийм учраас ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэж мэдүүлсэн тул шүүгдэгч С.Х ыг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар.
2.1. Шүүхээс шүүгдэгч С.Х ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
2.2. Шүүгдэгч С.Х ад холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулан хэргийг прокурорт шилжүүлсний дараа шүүгдэгч С.Х нь хохирогч Т.А тэй сайн дураар эвлэрсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэж өгөх талаар хүсэлтээ бичгээр гаргасан байна.
Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн саналд яллагдагч С.Х ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг яллагдагч С.Х нь хүлээн зөвшөөрч гарын үсгээ зуржээ /хавтаст хэргийн 104-105 дугаар тал/.
2.3. Прокуророос хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа хяналтаа хуульд заасан журмаар хэрэгжүүлсэн бөгөөд шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг хянаад шүүгдэгч С.Х ад холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
2.4. Шүүгдэгч С.Х нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтад зааснаар эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд шүүгдэгч С.Хызыхат урьд нь ял шийтгүүлж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар нотлогдож байна.
2.5. Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч С.Х ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэрэгт нь цээрлүүлэх, ахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдалгүй, хөнгөрүүлэх нөхцөл байдалтай зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял шийтгэж, оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 6 сарын дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч С.Х нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.
2.6. Энэ хэрэгт шүүгдэгч С.Х нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгө үгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт нь шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдав.
2.7. Хэргийн хамт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн галын хайч 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Баян-Өлгий аймгийг дахь Шүүхийн тамгын газрын эд мөрийн баримт устгах комисст даалгав.
Шүүгдэгч С.Х д урьд нь хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан бөгөөд түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Х ыг 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Х ад оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 6 сарын дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Х нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Энэ хэрэгт шүүгдэгч С.Х нь цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгө үгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт нь шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасныг баримтлан хэргийн хамт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн галын хайч 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Баян-Өлгий аймгийг дахь Шүүхийн тамгын газрын эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч С.Х ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч өөрөө гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч С.Х ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ТАЛГАТ