Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Хажекберийн Талгат |
Хэргийн индекс | 161/2022/0063/Э |
Дугаар | 2022/ШЦТ/65 |
Огноо | 2022-05-24 |
Зүйл хэсэг | 27.10.2.1., |
Улсын яллагч | А.Д |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 05 сарын 24 өдөр
Дугаар 2022/ШЦТ/65
Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Талгат даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.А,
улсын яллагч: Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын ахлах прокурор А.Д ,
шүүгдэгчийн өмгөөлөгч: Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн, өмгөөлөгч С.А,
шүүгдэгч Х.Е нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Я.Динагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х.Е д холбогдох эрүүгийн 2213000000080 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Х.Е , 1975 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Баян-Өлгий аймгийн Дэлүүн суманд төрсөн, 47 настай, эрэгтэй, яс үндэс Казах, дээд боловсролтой, казах хэл уран зохиолын багш мэргэжилтэй, Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн захирал ажилтай, ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг, Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын 09 дүгээр багт оршин суух хаягтай, урьд нь ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, РД:БЖ75******.
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.
Шүүгдэгч Х.Е нь 2021 оны 03 дугаар сарын 14-ний орой 18 цагийн үед согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын 09 дүгээр багийн нутаг дэвсгэрт өөрийнхөө эзэмшлийн 00-00 БӨТ улсын дугаартай “Toyota corolla” загварын тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 а/, 10.1 дэх заалтыг тус тус зөрчиж, иргэн Х.Ж ын жолоодож явсан 00-00 БӨЗ улсын дугаартай, “Hensim” загварын мотоциклийг мөргөж, зам тээврийн осол гаргасны улмаас хохирогч Х.Ж ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад хамаарах гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэм буруугийн талаар.
1. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс гаргасан мэдүүлэг.
1.1.Шүүгдэгч Х.Е мэдүүлэхдээ: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж байна. Хохирлыг бүрэн төлж барагдуулсан болно гэв.
2. Эрүүгийн 2213000000080 дугаартай хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
2.1. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 4-9 дүгээр тал/,
2.2. 00-00 БӨТ улсын дугаартай “Toyota corolla” загварын автомашин, 00-00 БӨЗ улсын дугаартай, “Hensim” загварын мотоциклд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 10-15 дугаар тал/,
2.3. Хохирогч Х.Ж ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 18-20, 23 дугаар тал/,
2.4. Гэрч Х.Ж ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 26 дугаар тал/,
2.5. Гэрч Н.А ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 28 дугаар тал/,
2.6. Гэрч М.А ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 34-35 дугаар тал/,
2.7. Шинжээч Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны хүний их эмч ажилтай К.Х ын 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 52 дугаартай Шүүх химийн шинжилгээний дүгнэлт /хавтаст хэргийн 51-52 дугаар тал/,
2.8. Шинжээч Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны хүний эмч ажилтай Х.Е ын 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 281 дугаартай иргэн Б.Ж ын эрүүл мэндэд учирсан хохирол гэмтлийн зэрэг тогтоосон тухай дүгнэлт /хавтаст хэргийн 65-66 дугаар тал/,
2.9. Шинжээч Ашид билгүүн ХХК-ны 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн БӨА-22-0111 дугаартай 00-00 БӨЗ улсын дугаартай, “Hensim” загварын мотоциклийн хамгаалалтын төмөрт үнэлгээ тогтоосон дүгнэлт /хавтаст хэргийн 113-116 дугаар тал/,
2.10. Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн мөрдөгчийн 2022 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн зам тээврийн ослын шалтгаан нөхцөлийг тогтоосон магадлагаа /хавтаст хэргийн 120-121 дүгээр тал/,
2.11. Яллагдагч Х.Е гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 133-134 дүгээр тал/,
2.12. Яллагдагч Х.Е гийн хувийн байдлыг тодорхойлсон нотлох баримтууд болон хавтаст хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
3. Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал.
3.1. Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Х.Е н холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд
Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Х.Е н үйлдсэн гэмт хэрэг нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах тухай дүгнэлтийг гаргасан байх ба шүүгдэгч Х.Е гаас “гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх тайлбарыг, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “гэм буруугийн талаар маргаантай асуудал байхгүй” гэх дүгнэлтийг гаргасан болно.
3.2. Хэргийн үйл баримтын талаар.
Шүүгдэгч Х.Е нь 2021 оны 03 дугаар сарын 14-ний орой 18 цагийн үед согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын 09 дүгээр багийн нутаг дэвсгэрт өөрийнхөө эзэмшлийн 00-00 БӨТ улсын дугаартай “Toyota corolla” загварын тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 а/, 10.1 дэх заалтыг тус тус зөрчиж, иргэн Х.Ж ын жолоодож явсан 00-00 БӨЗ улсын дугаартай, “Hensim” загварын мотоциклийг мөргөж, зам тээврийн осол гаргасны улмаас хохирогч Х.Ж ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
3.2.1. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 4-9 дүгээр тал/,
3.2.2. 00-00 БӨТ улсын дугаартай “Toyota corolla” загварын автомашин, 00-00 БӨЗ улсын дугаартай, “Hensim” загварын мотоциклд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 10-15 дугаар тал/,
3.2.3. Хохирогч Х.Ж ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 03 дугаар сарын 14-ний орой дэлгүүрээс нэгж худалдаж аваад мотоциклээрээ гэр лүгээ буцаж явах замд Дэлүүн сумын 09 дүгээр багийн нутаг дэвсгэрт М.А гэх хүний гэрийн хашааны гадна саарал өнгийн королла загварын суудлын машин зогсож байсан ба би дөхөж очих үед уг машин хөдөлж зам руу орох үеэрээ намайг баруун хөлний шилбэ хэсэгт мөргөж зогссон. Тэр үед би уг машины хөдөлж зам руу орох гэхэд нь дуут дохио өгөөд хурдаа сааруулсан боловч тэрээр намайг хараагүй. Тэгэхээр нь би түүнээс зугтаж замаас гарсан боловч зогсохгүй ирж мөргөсөн.
...Зам дээр ямар нэгэн хөдөлгөөн саад байгаагүй, шороон зам, зам хуурай байсан. ...Х.Е тухайн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн юм шиг байсан бөгөөд түүнээс архи үнэртэж байсан.
...Уг зам тээврийн улмаас миний баруун хөлний шилбэ хэсэг хугарсан, өөр гэмтэл илрээгүй.
...Миний жолоодож явсан мотоциклийг хадам дүү М.А надад 2020 оны намар надад бэлэглэсэн.
...Зам тээврийн ослын улмаас миний жолоодож явсан 00-00 БӨЗ улсын дугаартай мотоциклийн баруун талын хамгаалалтын төмөр нь муруйсан байна. Өөр эвдрэл гэмтэл байхгүй. Миний мотоциклийн гэмтсэн хамгаалалтын төмөр нь 35.000 төгрөгийн үнэтэй байдаг юм байна. Х.Е надад уг хамгаалалтын төмрийн үнэ болох 35.000 төгрөгийг бэлэн төлж өгсөн.
Миний бие аймгийн Нэгдсэн эмнэлэгт 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрөөс 15-нд шилжих шөнө ирж хэвтэн эмчлүүлж, 2022 оны 03 дугаар сарын 16-ны орой Улаанбаатар хот руу машинаар гарч хотод очиж Гэмтлийн эмнэлэгт хэвтэж, улмаар хагалгаанд ороод 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдөр ирсэн.
Х.Е нь анхнаасаа намайг Дэлүүн сумаас аймаг руу авч ирж эмнэлэгт хэвтүүлсэн, дараа нь хот руу өөрийн зардлаараа авч очиж хагалгаанд оруулж эмчлүүлж ирсэн. Миний эмчилгээнд нийт хэдэн төгрөгийн зардал гарсныг мэдэхгүй, гарсан бүх зардлыг Х.Е тухай бүр төлөөд явж байсан. Надад Х.Е гаас нэхэмжлэх зүйл байхгүй, бид хоёрын хооронд хохирлын талаар ямар нэгэн маргаан байхгүй. Надад гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 18-20, 23 дугаар тал/,
3.2.4. Гэрч Х.Ж ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2022 оны 03 дугаар сарын 14-ний орой 18 цагийн үед ажлаас тараад өөрийнхөө приус 20 загварын 98-76 БӨТ улсын дугаартай тээврийн хэрэгслээр гэр лүү явах замд миний хажуугаар нэг мотоциклтэй хүн гүйцэж түрүүлж хажуугаар өнгөрсөн. Уг мотоцикл миний урд явж байхад замын баруун талд байх Айбат гэх хүний гэрийн хашааны гадна зогсож байсан суудлын машин хөдөлж зам руу орохоор байрандаа дохио өгөөд зогсож байсан. Нэг харахад уг машин хөдлөөд зам руу орж замаар явж байсан нөгөө мотоциклийг мөргөж зогсох үед мотоциклийн жолооч замын нөгөө талд байсан жалга руу унаж, мотоцикл нь зам дээр унасан.
...машинаа зогсоож бууж, мотоциклийн жолооч руу гүйж очиход тэрээр “хөл, хөл” гээд баруун хөлөө барин сууж байсан.
...тухайн үед гадаа шороон шуургатай байсан ба зам шороон зам бөгөөд ямар нэгэн хөдөлгөөн, саад байгаагүй хуурай байсан. Королла загварын тээврийн хэрэгслийн жолооч болох Х.Е мотоциклийг ирж байгааг анзаараагүй юм болов уу гэж бодсон” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 26 дугаар тал/,
3.2.5. Шинжээч Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны хүний их эмч ажилтай К.Х ын 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 52 дугаартай Шүүх химийн шинжилгээний “1. Иргэн Х.Е гийн биенээс авсан гэх цус нь шинжилгээнд тэнцэнэ.
2. Иргэн Х.Е гийн биенээс авсан гэх цусанд 0.6% промилли спирт илрэв.
3. Иргэн Х.Е нь хөнгөн зэргийн согтолттой байжээ” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 51-52 дугаар тал/,
3.2.6. Шинжээч Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны хүний эмч ажилтай Х.Е ын 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 281 дугаартай “1.Иргэн Х.Ж ын биед Баруун шаант ясны дунд хэсгээр ташуу зөрөөтэй далд хугарал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой шинэ гэмтэл байна.
3. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөх эсэх нь эмчилгээний үр дүн болон эдгэрэлтээс хамаарна.
4. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна” гэх 281 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 65-66 дугаар тал/,
3.2.7. Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн мөрдөгчийн 2022 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн “...Жолооч Х.Е нь 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдөр 00-00 БӨТ улсын дугаартай, Corolla маркийн тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-гийн а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй /жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/, эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох гэснийг, 10.1. Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана гэснийг зөрчсөн нь хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, схем зураг, хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон бусад байдлаар тогтоогдож байгаа бөгөөд энэ нь зам тээврийн осол гарах гол шалтгаан нөхцөл болсон байна” гэх магадлагаа /хавтаст хэргийн 120-121 дүгээр тал/,
3.2.8. Яллагдагч Х.Е гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Миний бие хяналтын прокурор Я.Динагийн надад холбогдуулж эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолтой танилцсан. Би уг тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Миний бие 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдөр орой 18 цагийн орчимд эхнэр А ийн хамт өөрийн эзэмшлийн 00-00 БӨТ улсын дугаартай, Toyota Corolla маркийн тээврийн хэрэгслээр Дэлүүн сумын 9 дүгээр багт байрлах танил болох Айбатын гэрт очиход Айбатын гэрт хүн байгаагүй. Би Айбатын гэрт очих үед машинаа тэдний гэрийн хашааны гадаа тавьсан ба буцаж явахаар болж машиндаа сууж байрнаас хөдөлж зүүн тийш эргэж зам руу орох үед уг замаар ирж байсан 00-00 БӨЗ улсын дугаартай мотоциклийг жолоодож явсан иргэн Х.Ж ыг мөргөж зогссон. Би машинаасаа буугаад Х.Ж руу очиход тэрээр баруун хөлөө барин хөл маш их өвдөөд байна, хөл маань гэмтэх шиг боллоо гэж орилж байсан. Тэгж байтал тэр замаар явж байсан Приус машины жолооч болох Ж хүрээд ирсэн. Х.Ж миний хөл хугарах шиг боллоо намайг гэрт хүргээд өгөөч гээд байхаар нь Ж , мөн манай эхнэр бид гурав түүнийг манай машинаар гэрт нь хүргэж очсон. Түүнийг гэрт нь хүргэж очсоны дараа түүний хувцас хунарыг тайлахад баруун хөл нь шаант яс хэсгээр хугарсан байсан. Тэгээд аймаг руу нэгдсэн эмнэлэгт үзүүлэхээр авч ирсэн. Аймгийн нэгдсэн эмнэлэгт хэд хоног хэвтэн эмчлүүлж, миний бие Х.Ж ыг Жанибек гэх залуугийн Апьфард машинаар Улаанбаатар хот руу авч очиж Гэмтэл согогын эмнэлэгт хэвтүүлэн хагалгаанд оруулж, буцаж Дэлүүн суманд 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдөр ирсэн. Айбатын гэр уг авто замд ойрхон байдаг. Зам шороон зам байсан. Хэрэг учрал болох үед шороон шуургатай байсан, мөн гадаа харанхуй болж байсан тул замын үзэгдэх орчин хязгаарлагдмал байсан. Замд ямар нэгэн хөдөлгөөн байгаагүй. Би уг мотоциклийг ирж байхыг хараагүй. Айбатын гэр уг авто замд ойрхон. Би зогсож байсан байрнаасаа шууд зүүн тийш, буюу туслах тал руугаа эргэж зам руу орсон. Энэ үед зүүн тийш эргэхээр дохио өгсөн. Зам, орчны байдлыг шалгаж, эргэх гэж байсан чиг рүүгээ харж ажиглахад гадаа шороон шуургатай байсан учраас дээрх мотоцикл харагдаагүй. Тухайн үед би мотоциклийг ирж байхыг хараагүй учир зогсоох арга хэмжээ авч амжаагүй. Миний бие согтууруулах ундааны зүйл хэрэглэхгүй арваад жил болж байна. Тухайн өдөр би айраг уусан байсан. Уг зам тээврийн осол болохыг Ж , манай эхнэр А харсан. Өөр хүн хараагүй. Зам тээврийн осол гарах үед миний жолоодож явсан 00-00 БӨТ улсын дугаартай, Toyota Corolla маркийн тээврийн хэрэгсэл миний өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгсэл юм. Миний бие тээврийн хэрэгсэл жолоодох “ВС” ангилалтай. Миний бие зам тээврийн осол гарсан өдрөөс эхлэн Х.Ж ын бүх эмчилгээнд гарсан зардлыг өөрөө хариуцан төлөөд явж байсан. Тухайн өдөр Дэлүүн сумаас аймаг руу хүргэж ирсэн, аймгаас Улаанбаатар хот руу очиж, буцаж ирсэн зардал, мөн түүний эмчилгээний бүх зардал, идэж уусан хоол унд зэрэг зардлыг тухай бүр төлөөд явж байсан. Нийтдээ 2.246.000 гаруй төгрөгийн зардал гарсан. Мөн Х.Ж ад өөрт нь ойр зуурын юманд хэрэглээрэй гээд 200.000 төгрөг өгсөн. Зам тээврийн осол гарах үед Х.Ж ын жолоодож явсан мотоциклийн нэг талын хамгаалалтын төмөр нь тахийж, гэмтсэн байсан. Би уг хамгаалалтын төмөрний үнэ болох 35.000 төгрөгийг төлж өгсөн. Надад НӨАТ төлсөн баримтууд байгаа. Дээр нь хот руу явж ирсэн машины жолооч Жанибект 500.000 төгрөг өгсөн, мөн НӨАТ-ын баримт авалгүйгээр 736.000 төгрөгөөр бензин авсан. Бүгд нийлээд 2.246.000 төгрөг гарах байх” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 133-134 дүгээр тал/ зэрэг нотлох баримтууд болно.
3.3. Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авч, шинжээчийн дүгнэлт гаргуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
4. Эрх зүйн дүгнэлт.
4.1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүй болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно гэж хуульчилжээ.
5.2. Шүүгдэгч Х.Е нь 2021 оны 03 дугаар сарын 14-ний орой 18 цагийн үед согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын 09 дүгээр багийн нутаг дэвсгэрт өөрийнхөө эзэмшлийн 00-00 БӨТ улсын дугаартай “Toyota corolla” загварын тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 а/-д заасан “...эсхүл согтууруулах ундаа ... хэрэглэсэн ...үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” 10.1 дүгээр зүйлийн “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана” гэж заасныг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, замын хөдөлгөөнд унаж явсан иргэн Х.Ж ын 00-00 БӨЗ улсын дугаартай, “Hensim” загварын мотоциклийг мөргөж, эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан нөхцөл байдал нотлох баримтуудын хүрээнд тогтоогдсон байна.
4.3. Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг нь автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, техник ашиглалтын журам, хүний амьд явах эрх, эрүүл мэндийн халдашгүй байдал, бусдын өмчлөх эрхэд гэм буруугийн холимог хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүй юм. Уг гэмт хэргийн нийгмийн аюулын шинж, түүний хэр хэмжээг харгалзан үндсэн болон хүндрүүлэх шинжид ангилдаг.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан “захиргааны хэм хэмжээний акт” нь замын хөдөлгөөний дүрэм мөн болох нь дараах байдлаар нотлогдож байна. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт “Монгол Улсын нутаг дэвсгэрт бүх нийтээр дагаж мөрдөх замын хөдөлгөөний нэгдсэн журмыг Замын хөдөлгөөний дүрмээр тогтооно”, 4.2 дахь хэсэгт “Замын хөдөлгөөний дүрмийг Засгийн газар батална” гэж заасан байна. Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 239 дугаартай “Дүрэм шинэчлэн батлах тухай” тогтоолын хавсралтаар “Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм”-ийг хуульд нийцүүлэн шинэчлэн баталсан байх тул Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм нь бүх нийтээр дагаж мөрдөх захиргааны хэм хэмжээний акт буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэргийн халдлагын зүйл болох бөгөөд шүүгдэгч Х.Е нь автотээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг чанд баримтлах үүрэгтэй байна.
4.4. Шүүгдэгч Х.Е нь тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн үйлдэлдээ санаатай, идэвхтэй үйлдлээр хандсан байх бөгөөд харин Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хохирогч Х.Ж ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол болгоомжгүйгээр учруулсан байна. Өөрөөр хэлбэл шүүгдэгч Х.Е гийн Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн идэвхтэй үйлдэл, хохирогч Х.Ж ын эрүүл мэндэд учирсан хүндэвтэр хохирол хоорондоо шалтгаант холбоотой байна.
4.5. Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “автотээврийн хэрэгслийн жолооч согтуурсан үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах” гэмт хэргийн обьектив, субьектив шинжийг бүрэн хангаж байх тул прокуророос шүүгдэгч Х.Е д холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол, яллах дүгнэлт үндэслэлтэй, хэргийн бүрдэл хангагдаж, зүйлчлэл тохирчээ.
4.6. Иймд гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас гаргасан дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Х.Е г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан Авто тээврийн хэрэгслийн жолооч согтуурсан үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
4.7. Энэ гэмт хэрэг гарахад шүүгдэгч Х.Е гийн согтууруулах ундаа хэрэглэсэн байдал, хариуцлагагүй байдал шууд нөлөөлсөн байна.
5. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.
5.1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж хуульчилжээ.
5.2. Шүүгдэгч Х.Е замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 а/, 10.1 дэх заалтыг тус тус зөрчиж зам тээврийн осол гаргасны улмаас иргэн Х.Ж ын эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан нь мөрдөн шалгах ажиллагааны явцад шинжээч томилж, гэмтлийн зэрэг тогтоосон тухай дүгнэлтээр тогтоогджээ.
5.3. Хохирогч Х.Ж ад шүүгдэгч Х.Е нь гэмт хэргийн хор уршигт нийт 2.481.776 төгрөг төлж өгсөн байх ба хохирогч Х.Ж мөрдөн шалгах ажиллагаанд “Х.Е гаас нэхэмжлэх зүйл байхгүй, бид хоёрын хооронд хохирлын талаар ямар нэгэн маргаан байхгүй. Надад гомдол санал байхгүй” гэж мэдүүлжээ.
5.4. Иймд шүүгдэгч Х.Е г энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэж, хохирогч Х.Ж нь энэ шийтгэх тогтоолоор тогтоогдсон эрүүл мэндэд учирсан хүндэвтэр хохирлыг эмчлүүлэхтэй холбоотой шүүгдэгч Х.Е гаас цаашид нэхэмжлэх зүйл байгаа гэж үзвэл нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар дахин нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар.
2.1. Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Х.Е д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэх дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “шүүгдэгч Х.Е н хувийн байдал, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэрэг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр заасныг журамлан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгөх” дүгнэлтийг тус тус гаргаж, эрүүгийн хариуцлагын талаар мэтгэлцэв.
2.2. Шүүхээс шүүгдэгч Х.Е д эрүүгийн хариуцлага хүлээлгэх буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.
2.3. Шүүхээс шүүгдэгч Х.Е д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, “бусад туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирлыг төлсөн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзлээ.
2.4. Шүүгдэгч Х.Е нь урьд ял шийтгүүлж байгаагүй болох нь түүний ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар нотлогдож байна. Мөн шүүгдэгч Х.Е нь хувийн байдлын хувьд 1975 онд төрсөн, ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг, Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр бүрэн дунд сургуулийн захирал ажилтай, боловсролын байгууллагад он удаан жил үр бүтээлтэй ажилласан болох нь шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон нотлох баримтуудаар тогтоогдож байна.
2.5. Шүүхээс шүүгдэгч Х.Е г автотээврийн хэрэгслийн жолооч согтуурсан үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосон учир эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалтай, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалгүй зэрэг тус бүрд нотлох баримтуудын хүрээнд дүгнэлт өгсний үндсэн дээр шүүгдэгч Х.Е д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 5 сарын хугацаагаар тэнсэж, түүнд оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг тэнссэн 1 жил 5 сарын хугацаанд авч, түүнд хяналт тавихыг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.
2.6. Шүүгдэгч Х.Е нь тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, эсхүл санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдэж, шүүгдэгч Х.Е гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 (хоёр) жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолох нь зүйтэй байна.
2.7. Энэ хэрэгт шүүгдэгч Х.Е нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн зүйлгүй, иргэний бичиг баримт нь шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдаж, шүүгдэгч Х.Е д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Х.Е г тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 5 сарын хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч Х.Е д оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг тэнссэн 1 жил 5 сарын хугацаанд авч, түүнд хяналт тавихыг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Е нь тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, эсхүл санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Е гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 (хоёр) жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолсугай.
6. Шүүгдэгч Х.Е нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн зүйлгүй, иргэний бичиг баримт нь шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Х.Ж нь энэ шийтгэх тогтоолоор тогтоогдсон эрүүл мэндэд учирсан хүндэвтэр хохирлыг эмчлүүлэхтэй холбоотой шүүгдэгч Х.Е гаас цаашид нэхэмжлэх зүйл байгаа гэж үзвэл нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар дахин нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч Х.Е д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч өөрөө гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
10. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч Х.Е д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ТАЛГАТ