Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 2022/ШЦТ/70

 

 

 

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Талгат даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.А,

улсын яллагч: Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Д ,

шүүгдэгчийн өмгөөлөгч: Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн, өмгөөлөгч К.Е,

шүүгдэгч Т.Х, О.Р  нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Д ээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4 дэх заалтад тус тус заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.Х, О.Р  нарт холбогдох эрүүгийн 2213000000068 дугаартай дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Монгол Улсын иргэн, Т.Х, 1988 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Баян-Өлгий аймгийн Ногооннуур суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, яс үндэс Казах, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг, Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын 11 дүгээр багт оршин суух хаягтай, урьд нь ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, РД:БЗ88******.

2. Монгол Улсын иргэн, О.Р , 1987 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Баян-Өлгий аймгийн Ногооннуур суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, яс үндэс Казах, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг эх, эхнэрийн хамт амьдардаг, Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын 11 дүгээр багт оршин суух хаягтай, урьд нь Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 2019/ШЦТ/105 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай, РД:Б387******.

Шүүгдэгч нарын холбогдсон хэргийн талаар.

Шүүгдэгч О.Р , Т.Х  нар нь бүлэглэн 2022 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 14 цагийн үед Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын 03 дугаар багийн нутаг дэвсгэр, “Усан хоолой” гэх газарт бэлчиж байсан иргэн М.Б ы мал сүргээс 2 тооны ямааг машин механизм ашиглан хулгайлж, 240.000 төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4 дэх заалтад хамаарах гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэм буруугийн талаар.

1. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нараас гаргасан мэдүүлэг.

1.1. Шүүгдэгч Т.Х  мэдүүлэхдээ: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж байна гэв.

1.2. Шүүгдэгч О.Р  мэдүүлэхдээ: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байна гэв.

2. Эрүүгийн 2213000000068 дугаартай хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

2.1. Иргэн М.Б аас гаргасан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 1 дүгээр тал/,

2.2. Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 4-5 дугаар тал/,

2.3. Хулгайлагдсан гэх 2 тооны ямаанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 6-8 дугаар тал/,

2.4. Иргэн Е.Б ын 03-67 БӨА улсын дугаартай 3ил-130 загварын тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 10-15 дугаар хуудас/,

2.5. Хохирогч М.Б ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 20-21, 24-25 дугаар тал/,

2.6. Гэрч Е.Б ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 28-29 дүгээр тал/,

2.7. Гэрч К.Ж н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 31 дүгээр тал/,

2.8. Гэрч Б.Б н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 34 дүгээр тал/,

2.9. Гэрч Х.М ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 37 дугаар тал/,

2.10. Шинжээч “Ашид билгүүн” ХХК-ын 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн БӨА-22-099 дугаартай “1990 онд Оросын Холбооны улсад үйлдвэрлэгдсэн, Монгол Улсад 2003 онд импортлогдсон, хуучин, Зил-130 загварын тээврийн хэрэгсэл 2022 оны 02 дугаар сарын байдлаар 5.100.000 төгрөгийн үнэтэй болохыг тогтоосон” дүгнэлт /хавтаст хэргийн 52-58 дугаар тал/, 

2.11. Яллагдагч Т.Х ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 84-85 дугаар тал/,

2.12. Яллагдагч О.Р ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 87-88 дугаар тал/ болон хавтаст хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

3. Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал.

3.1.Прокуророос яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Т.Х, О.Р  нарын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд

3.2. Хэргийн үйл баримтын талаар.

Шүүгдэгч О.Р, Т.Х  нар нь бүлэглэн 2022 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 14 цагийн үед Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын 03 дугаар багийн нутаг дэвсгэр, “Усан хоолой” гэх газарт бэлчиж байсан иргэн М.Б ы мал сүргээс 2 тооны ямааг машин механизм ашиглан хулгайлж, 240.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

3.2.1. 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдөр иргэн М.Б аас гаргасан “...2022 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын 03 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Усан хоолой гэх газарт бэлчээрт байсан бог мал дотроос 2 тооны ямаа хулгайд алдсан” гэх гэмт хэргийн талаар гомдол, мэдээллийг Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газарт хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 1 дүгээр тал/,

3.2.2. Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 4-5 дугаар тал/,

3.2.3. Хулгайлагдсан гэх 2 тооны ямаанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 6-8 дугаар тал/,

3.2.4. Иргэн Е.Б ын 03-67 БӨА улсын дугаартай 3ил-130 загварын тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 10-15 дугаар хуудас/,

3.2.5. Хохирогч М.Б ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 02 дугаар сарын 04-ний өдөр манай өвөлжөөний дээд талд мал сүрэг бэлчээрт явж байхад хажуугаар нь бор өнгийн 3ил-130 загварын машин өнгөрч яваад гэнэт зогсож машинаас хоёр залуу бууж ирээд мал сүрэг дотроос 2 тооны ямаа барьж аваад машины кабинд хийж Ногооннуур сум руу чиглэн явсан.

Тэгээд би бэлчээрт байсан мал сүрэгт хүрч амжаагүй байхад машин хөдлөөд явсан болохоор би араас нь зөндөө хашхирч орилоход миний дууг сонсоогүй яваад өгсөн. Тэгээд уг машиныг сураглахад О ын Р  гэх залуу машин дотор явж байгаа сураг гарсан. Тэгээд уг хүмүүсийг сураглаж байхад орой 19 цаг 30 минутын үед 81-81 БӨҮ улсын дугаартай бор өнгийн Уаз-469 загварын машинаар миний хулгайд алдсан 2 тооны ямааг авч ирсэн. Тухайн үед манай хөрш Х.М  гэх хүний гэрт сумаас ирж өвс буулгасан залуучууд байсныг мэдсэн.

...миний мал сүргээс нийт 2 тооны ямаа хулгайлсан бөгөөд нэг нь хар халзан зүсмийн, зөв талын чихний үзүүрээс ухам имтэй, эвэртэй, эм ямаа байсан. Нөгөө ямаа нь хар зүсмийн, зөв талын чихний урдаас ухам, буруу талын чихний урдаас таримал имтэй, эвэртэй, эм ямаа байсан.

...миний ямааг өдрийн цагаар хулгайлсан болохоор хуулийн дагуу арга хэмжээ авч өгнө үү.

...надад ямар нэгэн нэхэмжлэх зүйл байхгүй. Миний ямааг хулгайлсан залуучууд надаас уучлалт гуйгаад 2 тооны ямааг буцааж өгсөн тул гомдол санал байхгүй. Шүүх хуралдаанд оролцохгүй” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 20-21, 24-25 дугаар тал/,

3.2.6. Гэрч Е.Б ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 02 дугаар сарын 04-ний өдөр өглөө 07 цагийн үед миний эзэмшлийн 3ил-130 загварын 03-67 БӨА улсын дугаартай тээврийн хэрэгслээр Т.Х , О.Р  бид гурав Ногооннуур сумын төвөөс гарч “Усан хоолой” гэх газарт очиж иргэн Х.М ы гэх айлд 205 боодол өвсийг буулгаж өгсөн юм. Уг өвсийг Х.М ы гэрт буулгаж өгсний дараа тэдний гэрээс түлээний бургас мод ачиж өдрийн 13 цагийн үед Ногооннуур сум руу буцаж явсан юм. Бид нар буцаж явж байх замд миний машин гэнэт унтарсан, би тухайн үед бууж машиныг үзэхэд бензиний шаланк тасарсан байсан. Би тухайн газарт 30 минут гаруй зогсож машинаа янзалж байхад Т.Х , О.Р  хоёр тэр газарт байсан зэгсний дотор руу явчихсан байсан. Дараа нь би машинаа янзалж дуусаж байхад Т.Х , О.Р  нар зэгсний дотроос гарч ирсэн, гарч ирэхдээ Т.Х ын гарт нэг ямаа, О.Р ийн гарт нэг ямаа байсан ба уг ямааг машины хажууд авч ирсэн. Тухайн үед би Т.Х , О.Р  хоёроос “энэ ямааг хаанаас авсан юм бэ, наад чинь хэний ямаа юм, хулгайн ямаа биш үү” гэж асуухад бид хоёр мал хариулж байгаа малчнаас худалдаж авсан гэж хэлсэн.

Тэгээд бид гурав уг 2 тооны ямааг машины кабинд ачиж Ногооннуур сумын төв орж ирж байхад миний гар утас руу өвс авсан айлын эзэн Х.М  залгаж О.Р тэй яриулаад өг гэхээр нь би О.Р тэй яриулсан юм. Тэр үед О.Р т Х.М  “та нар М.Б ы бог малаас 2 тооны ямаа хулгайлж авч явсан байна, наад 2 тооны ямаагаа буцааж авч ирж М.Б д өг” гэж хэлсэн. Тэр үед би О.Р , Т.Х  хоёрыг загнаж, тухайн хоёр тооны ямааг Баруун зах гэх газарт байдаг Б.Б  гэх айлд буулгаж явсан юм. Т.Х , О.Р  хоёр сумын төвд ирж буусан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 28-29 дүгээр тал/,

3.2.7. Гэрч К.Ж н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... энэ оны 02 дугаар сарын 04-ний өдөр 16 цагийн үед Ногооннуур сумын төвд байрлах “НИК” ШТС-ийн хажуугаар өөрийн эзэмшлийн Уаз-469 загварын 81-81 БӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй явж байхад намайг тус сумын иргэн Т.Х  зогсоосон. Тухайн үед Т.Х , О.Р  нар байсан ба надад Т.Х  нь хандаж “таны машинаар Усан хоолой гэх газар очоод ирье, яаралтай очиж ирэх ажил гараад байна, танд бензинийг нь хийж өгье” гэж миний машинд 30 литр бензин хийж өгсөн юм. Тэгээд орой 16 цаг 30 минутын үед сумын төвөөс гарч Усан хоолой гэх газар луу явсан. Бид нар замдаа Баруун зах гэх газарт байрлах Б.Б  гэх айлд очиж тухайн айлын малын хашаанаас 2 тооны ямаа авч явсан.          ... Тэрээр бид гурав оройн 19 цагийн үед тус сумын Усан хоолой гэх газарт байрлах М.Б  гэх айлд очиж уг 2 тооны ямааг түүнд хүлээлгэж өгсөн. Бид гурав М.Б ы гэрт очиход тэр гэрээс гарч ирээд миний хажууд явсан Т.Х , О.Р  хоёрт хандаж “та хоёр өдөр бэлчээрт байсан бог мал дотроос 2 тооны ямаа хулгайлж 3ил-130 загварын бор өнгийн машинд ачиж явсан, та хоёр өдрийн цагаар миний мал сүргээс 2 тооны ямаа хулгайлж авч явдаг хэн бэ” гэж загнасан. Дараа нь Т.Х , О.Р  хоёр М.Б тай ярилцаж, учраа олж уг 2 тооны ямааг түүнд хүлээлгэж өгсөн.

... Тухайн 2 тооны ямааны нэг нь хар зүсмийн, харин нөгөө нь хар халзан зүсмийн ямаа байсан, имийг нь анзаараагүй” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 31 дүгээр тал/,

3.2.8. Гэрч Б.Б н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... өдрийн 15 цагийн үед би гэрт байхад манай гэрт О.Р  ирсэн. Тухайн үед О.Р  “танай малын хашаанд 2 тооны ямаа орууллаа, эргэж ирээд авна, та харж байгаарай” гэж хэлээд гэрээс гараад явчихсан. Би тухайн үед гэрээсээ гадаа дагаж гараагүй. Дараа нь оройн 17 цагийн үед О.Р , Т.Х  хоёр бор өнгийн Уаз-469 загварын машинаар ирж уг 2 тооны ямааг авч явсан. Нэг нь хар, нөгөө нь хар халзан зүсмийн ямаа байсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 34 дүгээр тал/,

3.2.9. Гэрч Х.М ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2022 оны 02 дугаар сард байсан байх Р , Хайрат нар нь 202 ширхэг боодол өвс авч ирж буулгаж өгөөд явсан. Тэр үед би өвс зарсан хүний данс руу бэлэн 1.000.000 төгрөг шилжүүлэн өгсөн ба харин өвс ачиж ирсэн жолоочид бэлэн 700.000 төгрөг өгсөн. Тэр залуучууд манайд өвс буулгаж өгч явсны дараа М.Б  над руу залгаж танайд өвс буулгаж явсан машинтай хүмүүс миний бог мал дотроос 2 тооны сэрх ямаа аваад явсан байна гэж хэлсэн. Тэр үед би тэр даруй утасдаж “та нар замдаа сэрх ямаа авч явсан юм уу, тэр ямаагаа хурдан авч ирж өг” гэж хэлсэн. Тэр өдөр нөгөө залуучууд уг хоёр сэрхийг авч ирж өгөөд явсан байна лээ. Тэгээд би орой нь М.Б ы гэрт очиж уулзахад нөгөө залуучууд 2 ямааг авч ирж өгөөд явсан гэж хэлэхээр нь би яваад өгсөн” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 37 дугаар тал/,

3.2.10. Яллагдагч Т.Х ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоолтой танилцлаа, тогтоолтой холбоотой ямар нэгэн гомдол санал байхгүй.

...2022 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Е.Б  /хоч нэр Бахытбек/ гэх залуутай ярилцаж Ногооннуур сумын төвөөс Улаанхаргана хүртэл өвс хүргэж өгөхөөр тохиролцон ба өвсөө Е.Б ын 3ил-130 загварын машинд нь ачиж бэлдээд маргааш нь буюу 2022 оны 02 дугаар сарын 04-ний өглөө эрт 06 цагийн үед Е.Б , О.Р  бид гурав Ногооннуур сумын төвөөс гарч Улаанхаргана багт Х.М ы гэрт очсон. Тэгээд Х.М  бид нарт хараа нэртэй 0,5 литрийн савлагаатай архи хийснийг О.Р  бид хоёр хувааж ууцгаасан. Улмаар тэндээс гараад явж байх замдаа Усан хоолой гэх газар Е.Б ын машины эвдрээд зогсоход О.Р  бид хоёр ч гэсэн машинаас хамт бууцгаасан. Тэгээд Бахытбек машинаа янзалж байх хооронд О.Р  бид хоёр дэрсний дунд бэлчиж байсан бог мал дотроос 2 тооны ямаа барьж аваад Бахытбекийн хажууд хүрээд ирсэн. Тэгээд Е.Б  нь О.Р  бид хоёроос “та хоёр ямар учиртай ямаа аваад ирсэн юм бэ” гэж асуухаар нь О.Р  бид хоёр Е.Б ад “энд мал хариулж яваа хүнээс 2 ямаа худалдаж аваад ирлээ” гэж хариулсан. Тэгээд тухайн 2 тооны ямааг машины кабинд хийж аваад явж байх замд Е.Б  руу нэг хүн залгаад та хажуудаа байгаа хүмүүстэй яриулаад өгөөч гэсэн тул Бахытбек утсаа О.Р т өгсөн. Тэгэхэд “та нар манай гэрт өвс буулгаад буцах замдаа хүний 2 тооны ямааг хулгайлаад аваад явсан юм биш үү, ямаагаа алдсан хүн бид нар луу залгаад байна, та нар авсан бол авч ирж өгөөрэй” гэж хэлсэн.

Тэгээд Е.Б  О.Р  бид хоёрт уурлаж “та нар яагаад худлаа хэлээд хүний малыг хулгайлсан юм бэ, та нар өөрсдөө учраа олцгоо, би энэ ямаануудыг цааш авч явахгүй” гэсэн тул ойролцоо байсан айл болох Б.Б  гэх хүний айлд буулгаад явсан. Тэгээд бид өөрсдөө Ногооннуур сумын төвд ороод Р  бид хоёр нөгөө хоёр ямааг эзэнд нь хүргэж өгөхөөр болж К.Ж  гэх залуугийн Уаз-31512 загварын машинаар буцаж яваад Б.Б н хашаанд буулгаж явсан хоёр ямаагаа авч М.Б  гэх хүний гэрт очиж “бид нар согтуудаа танай малыг хулгайлаад авч явсан байна, бид хоёрыг уучлаарай” гэж хэлээд явцгаасан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 84-85 дугаар тал/,

3.2.11. Яллагдагч О.Р ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоолтой танилцлаа, тогтоолтой холбоотой ямар нэгэн гомдол санал байхгүй.

...Х.М  нэг шил архи задалж хийсэн тул уг архийг Т.Х  бид хоёр уусан. Тэндээс 12 цагийн үед гараад, явж байх замдаа урьд нь өөрсдөө сумаас авч гарсан 0,5 литрийн “хараа” нэртэй архийг мөн ууж дуусгаад цаашаа хөдлөөд явж байтал Х.М ы гэрээс 5 км орчим газар яваад Усан хоолой гэх газарт очиход Е.Б ын машины эвдрээд зогссон. Тэгээд бид нар машинаас буухад Е.Б ын машины банкнаас мотор луу явах бензиний шаланк тасарсан байсан. Тэгээд Е.Б  түүнийг засаж байх хооронд Т.Х  надад хандаад “зэгсний дунд ямар нэгэн зүйл яваад байна, очиж харах уу” гэхээр нь бид хоёр зэгсний дунд яваад очиход тэнд ямаанууд бэлчиж байсан ба ямаанууд бид хоёрыг хараад цаашаа үргээд явахад 2 ямаа зэгсэнд хашигдаж сүүлд нь үлдэхэд бид хоёр нэг нэгээр бариад авсан. Тэгээд бид хоёр тухайн хоёр ямааг чирээд машины хажууд ирэхэд Е.Б  машиныг янзлаад дуусч байсан. Е.Б  нь бид хоёрт хандаад “та хоёр ямар учиртай ямаа аваад ирсэн юм бэ” гэж асуухаар нь О.Р  бид хоёр “мал хариулж явсан хүнээс 2 ямаа худалдаж авлаа” гэж хариулсан. Тэгээд бид нар тухайн 2 ямаагаа Е.Б ын машины кабинд хийж аваад сумын төв рүү хөдлөөд явж байхад Баруун зах гэх газар очиход Е.Б ын утас руу Х.М  залгасан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 87-88 дугаар тал/ зэрэг нотлох баримтууд болно.

4. Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв.

5. Эрх зүйн дүгнэлт.

5.1. Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас “шүүгдэгч Т.Х , О.Р  нарын үйлдсэн гэмт хэрэг нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4 дэх заалтад заасан мал хулгайлах гэмт хэргийг бүлэглэж, машин механизм ашиглаж үйлдсэн гэм буруутайд тооцуулах” дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч нараас “гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа” гэх тайлбарыг, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “шүүгдэгч Т.Х , О.Р  нарын гэм буруугийн талаар маргаантай байхгүй” гэх дүгнэлтийг гаргаж, гэм буруугийн талаар улсын яллагчтай мэтгэлцээгүй болно.

5.2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн тайлбарт “энэ зүйлд заасан “мал” гэдэгт хонь, ямаа, адуу, үхэр, тэмээ хамаарна” гэж заасан байх ба мал хулгайлах гэмт хэргийг “бүлэглэж” үйлдсэн бол Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар,  “машин механизм ашиглаж” үйлдсэн бол Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар тус тус хүндрүүлэн зүйлчлэхээр тогтоожээ.

5.3. Мөн машин механизм гэдэгт хүн, ачаа тээвэрлэхэд зориулсан бүх төрлийн автомашин, мотоцикл, трактор, өөрөө явагч бусад машин болон өргөх, буулгах, ухах, малтах, түрэх, цоолох, зүсэх зэрэг зориулалттай машин механизмуудыг хамааруулан ойлгоно.

5.4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг “Хоёр, түүнээс олон хүн гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцох гэнэ.”, 3 дахь хэсэгт “Гэмт хэргийг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцсоныг, эсхүл урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцсонд тооцно.” гэж заажээ.

5.5. Шүүгдэгч О.Р , Т.Х  нар нь бүлэглэж, 2022 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 14 цагийн үед Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын 03 дугаар багийн нутаг дэвсгэр, “Усан хоолой” гэх газарт бэлчиж байсан иргэн М.Б ы мал сүргээс 2 тооны ямааг машин механизм ашиглан хулгайлж, 240.000 төгрөгийн хохирол учруулсан гэм буруутай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4 дэх заалтад заасан мал хулгайлах гэмт хэргийг бүлэглэж, машин механизм ашиглаж үйлдэх гэмт хэргийн шинжийг хангажээ.

5.6. Иймд улсын яллагчийн шүүх хуралдаанд гэм буруугийн талаар гаргасан дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч  Т.Х , О.Р  нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4 дэх заалтад тус тус заасан мал хулгайлах гэмт хэргийг бүлэглэж, машин механизм ашиглаж үйлдсэн гэм буруутай тооцож шийвэрлэв. 

5.7. Гэмт хэрэг гарахад шүүгдэгч нарын гэм буруугийн санаатай хэлбэр, хялбар аргаар хөрөнгөжих гэсэн шунахайн сэдэлт шууд нөлөөлсөн гэж үндэслэлтэй.

6. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар.

6.1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно” гэж заажээ.

6.2. Шүүгдэгч Т.Х , О.Р  нарын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч М.Б д 240.000 төгрөгийн бодит хохирол учирсан ба шүүгдэгч Т.Х , О.Р  нар нь хохирогч М.Б д 2 тооны ямааг хүлээлгэж өгсөн, хохирогчоос “нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй” гэж мэдүүлсэн нь тус тус мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоогдож байх тул шүүгдэгч Т.Х , О.Р  нарыг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй.  

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.

2.1. Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас “шүүгдэгч Т.Х , О.Р  нарыг шүүхээс гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч О.Р т 2 жил 4 сарын хорих ял, шүүгдэгч Т.Х ад 2 жил 2 сарын хугацаагаар хорих ял шийтгэх, шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг эрэгтэйчүүдийн нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, шүүгдэгч нараас гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийн үнийг тэнцүү хувааж гаргуулах” дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “шүүгдэгч Т.Х , О.Р  нар нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирлыг төлсөн, хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа тул шүүгдэгч тус бүрд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах” дүгнэлтийг гаргаж эрүүгийн хариуцлагын талаар мэтгэлцсэн болно.

2.2. Шүүхээс шүүгдэгч Т.Х , О.Р  нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

2.3. Шүүхээс шүүгдэгч Т.Х , О.Р  нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзлээ.

2.4. Шүүгдэгч Т.Х  урьд нь ял шийтгүүлж байгаагүй болох нь түүний ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар нотлогдож ба харин шүүгдэгч О.Р  нь урьд нь Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 2019/ШЦТ/105 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлж байжээ.

2.5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх ... хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно” хэмээн заасан бөгөөд шүүгдэгч Т.Х , О.Р  нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, тэдний хувийн байдал зэрэг тус бүрт дүгнэлт хийсний үндсэн дээр шүүгдэгчийн өмгөөлөгч К.Е ы эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтийг хэсэгчлэн хүлээн авч шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

2.6. Шүүхээс шүүгдэгч Т.Х , О.Р  нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4 дэх заалтад заасан мал хулгайлах гэмт хэргийг бүлэглэж, машин механизм ашиглаж үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосон учир эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн, тэдэнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал зэрэг тус бүрд нотлох баримтуудын хүрээнд дүгнэлт өгсний үндсэн дээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч Т.Х ыг 1 жил 3 сарын хугацаагаар, шүүгдэгч О.Р ийг 1 жил 5 сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгэж шийдвэрлэв.

2.7. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан хугацаатай хорих ялыг нээлттэй, эсхүл хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтооно.” гэж заасныг үндэслэн шүүгдэгч Т.Х , О.Р  нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

2.8. Энэ хэрэгт шүүгдэгч Т.Х , О.Р  нар нь цагдан хоригдсон хоноггүй, тэднээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн зүйлгүй, иргэний бичиг баримт нь шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдаж, шүүгдэгч Т.Х , О.Р  нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өнөөдрөөс эхлэн өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх хорих ялыг 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдрөөс эхлэн тоолох нь зүйтэй.

2.9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна.”, 2 дахь хэсэгт ““Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого” гэж Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, гадаад улсад бол тухайн улсын хуулиар нэг жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно.”, 3 дахь хэсэгт “Хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ.” гэж тус тус заасан байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шинжээч “Ашид билгүүн” ХХК-ын 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн БӨА-22-099 дугаартай дүгнэлтээр иргэн Е.Б ын нэр дээр бүртгэлтэй, шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан “1990 онд Оросын Холбооны улсад үйлдвэрлэгдсэн, Монгол Улсад 2003 онд импортлогдсон, хуучин, Зил-130 загварын тээврийн хэрэгсэл 2022 оны 02 дугаар сарын байдлаар 5.100.000 төгрөгийн үнэтэй болох”-ыг тогтоосон тул хуулийн дээрх зохицуулалтыг журамлан гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийн үнэ болох 5.100.000 төгрөгийг тэнцүү хувааж, шүүгдэгч Т.Х , О.Р  нарын тус бүрд ногдох хөрөнгө, орлогоос гаргуулан улсын төсөвт шилжүүлэх нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Т.Х, О.Р  нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4 дэх заалтад заасан мал хулгайлах гэмт хэргийг бүлэглэж, машин механизм ашиглаж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч Т.Х ыг 1 жил 3 сарын хугацаагаар, шүүгдэгч О.Р ийг 1 жил 5 сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй. 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Х ад оногдуулсан 1 жил 3 сарын хорих ялыг, шүүгдэгч О.Р т оногдуулсан 1 жил 5 сарын хорих ялыг тус тус эрэгтэйчүүдийн нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Шүүгдэгч Т.Х , О.Р  нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэднээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт нь шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч Т.Х , О.Р  нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, өнөөдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ тус тус авч, шүүгдэгч нарын эдлэх хорих ялыг 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдрөөс эхлэн тоолсугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Т.Х , О.Р  нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 03-67 БӨА улсын дугаартай,  Зил-130 загварын тээврийн хэрэгслийн үнэ болох 5.100.000 (таван сая нэг зуун мянга) төгрөгийг тэнцүү хувааж, шүүгдэгч Т.Х , О.Р  нарын хувьд ногдох хөрөнгө, орлогоос тус тус албадан гаргуулж улсын төсөвт шилжүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсхүл эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл хугацаанд шүүгдэгч Т.Х , О.Р  нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Х.ТАЛГАТ